2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/504

 

 

 

.

 

 

 

 

 

  2025      02          13                                    2025/ШЦТ/504

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,

улсын яллагч Б.Өнөбат,

шүүгдэгч Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 2309 02954 0047 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 25/, “... ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/0501 дугаартай Э.Э-ийн ажилд томилох тухай тушаал /хх-ийн 23/, шүүгдэгч Э.Э ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37, 49-50/, Хохирол төлбөр төлж барагдуулсан баримтууд /хх-ийн 38-40/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан гаргасан гэх хүсэлт /хх-ийн 42/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 73/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/,

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 76/,

Э.Э-ийн хүү Э.Б-ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Э.Э ийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Э.Э  нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... ” ХХК-д маркетингийн менежерээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 4 ширхэг хөнжлийн үнийг худалдан авагчаас авч хувьдаа завшиж 2,430,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие “... ” ХХК-ний хүний нөөц, бизнес борлуулалт хариуцсан менежерээр 2022 оны 09 дүгээр сараас хойш ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр маркетингийн менежерээр ажилд орохоор Э.Э  нь ажлын ярилцлагад орсон. Э.Э  нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагад маркетингийн менежерээр томилогдож 2 төсөл дээр ажилласан. Э.Э  нь ганцаараа харилцаж, хариуцаж ажилладаг төсөл нь “... ” брэндийн борлуулалт маркетингийн төсөл бөгөөд Э.Э  нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлээд хэл чимээгүй 7 хоног алга болчихоор нь залгаж юу болсон талаар асуухад Э.Э  нь “манай ээж өнөөдөр маргаашгүй болчихсон, бие нь муу байгаа болохоор 1 сарын чөлөө авмаар байна” гэж хэлэхээр нь байгууллагын зүгээс 1 сарын чөлөө өгсөн. Э.Э ийг чөлөө авсан хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “...” брэндийн захирал нь манай “... ” ХХК-ний захирал Ч-тэйхолбогдож “танай ажилтан Э.Э  2,430,000 төгрөгийг хийлгүйгээр алга болчихлоо, шийдэж өгөөч” гэж холбогдсон. Ингээд шалгаад үзэхэд Э.Э  нь нийт 2,430,000 төгрөгийн бараа материалыг агуулахаас авчихаад захиалагчид хүргэж өгөөгүй эсвэл захиалагчид хүргэж өгөөд мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна. Манай байгууллагын зүгээс Э.Э тэй холбогдож тодруулж асуухад “за ойлголоо, би уг нь энэ асуудлын талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж шалгуулж байгаа, цагдаагаас шийдвэр нь гарахаар би төлбөр тооцоог нь аваад компанид тушаанаа” гэж хэлсэн. Манай “... ” ХХК нь маркетингийн зөвөлгөө үзүүлдэг бөгөөд үүний дагуу брэндүүд манайхтай хамтарч ажиллаж маркетингийн ажлыг нь хийж өгдөг. Манай компани “... " ХХК-тай маркетинг болон борлуулалтын гэрээтэй хамтарч ажилладаг.., Тухайн бараа авдаг агуулах нь ... -т байдаг бараа нь бол эрүүл мэндийн хөнжил 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ... гэх дугаараас захиалсан 390,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаараас захиалсан 390,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ...  гэх дугаараас захиалсан 950,000 төгрөгийн хөнжил мөн тухайн үед Д гэх ажилтны авсан 700,000 төгрөг зэргийг авсан. Одоо манайх ...  ХХК-тай хамтран ажиллахаа больсон ба тухайн үед ... -г Э.Э  дангаараа хариуцаж байсан учраас бид агуулахаас хэн нь хэнд барааг өгч байгаа талаар мэддэггүй юм. Дараа нь ... -ийн захирал Ө нь Э.Э  ажлаасаа гарч байгааг мэдээд надад ийм тийм төгрөгийн өглөгтэй асуудал байгаа талаар хэлээд тухайн хөнжлийн мөнгийг манай байгууллага ... -д өгсөн. Одоо манай байгууллага хохирч байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 25/, “... ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/0501 дугаартай Э.Э ий ажилд томилох тухай тушаал /хх-ийн 23/, шүүгдэгч Э.Э ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...  бренд хөгжүүлэлт борлуулалт маркетинг хариуцдаг байсан. Манай компани нь хүндрүүлдэг хөнжлийг компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан борлуулдаг бөгөөд нэг хөнжил нь 450,000 төгрөг, 750,000 төгрөг, 950,000 төгрөгийн үнэтэй хөнжлүүд зардаг байсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын сүүлээр манай ээжийн бие их муу байсан. Тэгээд тэр үеэр 450,000 төгрөгийн хөнжлийг борлуулан тооцоог нь захирлын данс руу хийх байсан боловч би хийгээгүй. Тэгээд өөрийн хувийнхаа ..  гэх хаан банкны данс руугаа аваад 7 хоногийн дараа буцаан шилжүүлэх байсан боловч шилжүүлж чадаагүй. Мөн 2023 оны 07 дугаар сард 750,000 төгрөгийн хөнжил зарж мөнгийг нь мөн өөрийн данс руу авсан, 07 дугаар сард 950,000 төгрөгийн хөнжил зараад төлбөрийг өөрийн данс руу 450,000 төгрөг, 500,000 төгрөгөөр 2 хувааж авсан. Эдгээр мөнгөнүүдийг өөрийн хувьдаа ашиглаад буцааж хийх боломжгүй болсон байсан. Тэгээд чадаагүй. Би З  явж ээжийгээ ээжид нь хүргэж өгөөд эргэж ирээд ажилдаа буцаж ороод цалингаасаа төлөх бодолтой байсан боловч шүүхийн шийдвэрээс болоод чадаагүй ажлын 5 хоног нийтэд тустай ажил хийхээр болсон юм. Эхний мөнгөө бол ээжийн эмчилгээнд зарцуулсан бөгөөд үлдэгдэл мөнгөө лизингийн мөнгөө болон байшингийн засвар гэх мэт зүйлд зарцуулсан. Мөн уг мөнгөнөөс 600,000 төгрөгийг нь манай хуучин найз задуу болох Ш.Б  гэх залуу намайг унтаж байх хойгуур юунд ашигласан нь мэдэгдэхгүй тэр мөнгө алга болсон.., Хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 49-50/, Хохирол төлбөр төлж барагдуулсан баримтууд /хх-ийн 38-40/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан гаргасан “Б.З миний бие Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт Э.Э д өргөдөл гомдол гаргасан ба 2309 02954 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн ба Э.Э өөс 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,150,000 төгрөг авсан бөгөөд хохирол мөнгөө барагдуулсан тул одоо надад ямар нэгэн гомдол байхгүй..” гэх хүсэлт /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.Э ий үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч “... ” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

   Шүүгдэгч Э.Э  нь “... ” ХХК-д маркетингийн менежерээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 4 ширхэг хөнжлийг худалдан борлуулсаны төлбөрийг байгууллагын дансанд хийлгэхгүйгээр өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус заасан.

 

Уг гэмт хэргийн улмаас “... ” ХХК-д 2,430,000 төгрөгийн хохирол учирчээ. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З ийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаарын данс руу 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 900,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,550,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Э ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрсөн байр суурийг илэрхийлсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Э д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Э.Э  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Э.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Э.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Э д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Э.Э  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э д 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э д оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО