| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/33 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/33
2025 01 22 2025/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд
Иргэний нэхэмжлэгч Б.Ч
Шүүгдэгч Н.Анарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ад холбогдох эрүүгийн 2425000000762 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ань тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Ч багийн нутаг дэвсгэрт байрлах “Г” байрны эсрэг талын зам дээр “Тоёота приус-20” маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,69 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Н.А мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
-иргэний хариуцагч Б.Чын мэдүүлсэн: Хохирлыг минь барагдуулна уу. Төлнө, машинаа зараад төлнө л гэдэг. 2 сар болж байна. Шинжээчийн тогтоосноор 7,895,000 төгрөгийн хохирол учирсан. Нэмээд оношилгоо, үнэлгээний хөлс, 2 удаагийн ачилтын хөлс зэрэг нэмэгдээд 8,665,000 төгрөг болсон гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2425000000762 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р тал/
-Эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-13-р тал/
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16-р тал/
-Хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-р тал/
-гэрч Б.Мы мэдүүлсэн:..2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18 цаг 40 минутын үед би томилгоот хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байх үед цагдаагийн тусгай 102 дугаарын утсанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ч багийн Г байрны замын эсрэг талд 2 тээврийн хэрэгсэл мөргөлдчихлөө гэх дуудлага мэдээлэл ирсэн, дуудлага мэдээллийн дагуу хэрэг учрал болсон гэх явж очиход Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ч багийн Г байрны урд талын асфальтан зам дээр Тоёота приус 20 маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Тоёота корола аксио маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдсөн байсан. Тээврийн хэрэгслийн жолооч нарын бичиг баримтыг шалгах үед 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н А /................../ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сард хасуулсан байх ба уг Н.А согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир согтолтын зэрэг хэмжих Аlkotest 7510 драгер багажаар Н.А үлээлгэхэд 2.69 хувийн согтголтой байсан учир уг тээврийн хэрэгслийг журмын хашаанд түр саатуулж, мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид Н.А хүлээлгэж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/
-гэрч Н.Б мэдүүлсэн:...Н.Ань 2024 оны 07 дугаар сард байхаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад жолоодох эрхээ хасуулчихсан, одоо жолоодох эрх байхгүй. Өнөөдөр миний бие өвдөөд байсан учир А тээврийн хэрэгслээ жолоодоод хүүхдүүдээ хичээл сургуульд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/
-иргэний нэхэмжлэгч Б.Чын гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын .......... тоотод идэш идээд 16 цагийн үед өөрийн охин С идэшний гуя аваачиж өгөх зорилготой өөрийн гэрээс өөрийн эзэмшлийн Тоёота корола аксио маркийн тээврийн хэрэгслээ унаад ганцаараа У хотхон луу явж байгаад Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн урд талын асфальтан зам дээр баруунаас зүүний чиглэлд явж байтал урдаас Тоёота приус 20 маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж миний урдаас гараад ирсэн, би сигнал дээр дарахад тухайн тээврийн хэрэгсэл зогсохгүй байсан учир жолооны хүрдээ баруунаас зүүн чиглэлт дарсан тухайн приур-20 маркийн хэрэгсэл миний машиныг мөргөөд зогссон. Би тээврийн хэрэгслээсээ буугаад 00-00 .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очтол тухайн тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж ирэхгүй, явах гээд байсан. Би тээврийн хэрэгслийн урд нь очиж замын хааж зогссон, нэг үл таних залуу хүрч ирээд машиныг нь унтраа гээд унтрааж өгсөн, тухайн залуу ахаа энэ 00-00 ... улсын дагууртай тээврийн хэрэгслийн жолооч шал согтуу байна яах уу? гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Тухайн жолооч ганцаараа явж байсан..., хэрэг учралаас болоод би өөрийн 00-00 ... улсын дугаартай Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгслээ ачуулахад 120,000 төгрөгийн зардал, оношлуулахад 100,000 төгрөг, шинжээчийн зардал 550,000 төгрөг, Ашид билгүүн ХХК-н шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1206 дугаартай дүгнэлтэд заасан 7,895,000 төгрөг, нийт 8,665,000 төгрөгийн нэхэмжилж байна” гэх мэдүүлэг хх-ийн 20-21, 29-30-р тал/
- гэрч Д.Ш ...А уулзаад юу хийж байгаа гээд мэнд мэдээд гар барьтал А архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан мөн нүд нь улаан болчихсон байсан. Тэгэхээр нь би чи архи уучихсан юм уу? Архи уучихаад машин тэрэг бариад байгаа юм биш биз дээ гэсэн чинь А харин эхнэр хүрч ирж машин авна гэсэн би машин барьж чадахгүй согтчихсон байна гэж хэлсэн. Би 2-25 байрны дэлгүүр ороод Агар нэртэй 0,5 литрийн 1 шил архи аваад дугуй засварын гадаа А бид хоёр уусан. А 2-3 удаа татаад эхнэр ирж байгаа одоо болно гэсэн. Тэгэхээр нь би тэнд байсан хуурай ах Батбаяр гэх ахын машинд суугаад гэр лүүгээ хүргүүлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-33-р тал/
-гэрч Г.Бийн мэдүүлсэн:..Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, би өөрийн дугуй засвар болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Хурд авто засварын хажууд байрлах дугуй засварт байж байх үед А хүрч ирсэн, надад машины дугуй тайлж өгөөд тусалсан, би ажлаа хийж байсан чинь А алга болчихсон байсан. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би хөдөөнөөс ирээд гэртээ байж байтал А утсаар залгаад би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр чиний ажил дээр очоод Шинэбаяртай архи уугаад тээврийн хэрэгсэл жолоодоод цагдаад баригдчихсан гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/
-“А”ХХК-ний 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн №1206 дугаартай: ....Б.Чын эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 7,520,000 төгрөг... гэх шинжээчийн тайлан /хх-ийн 54-59-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1051 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 65-67-р тал/
-шүүгдэгч Н.А согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 68-р тал/
-Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Болд-Эрдэнийн 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн №16 дугаартай: Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);
3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батхуягийн Чинбат /ФМ69112997/нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн зүйл байхгүй байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь: Н.Ань Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1А, 3.7А, 11.3 дугаар заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна... гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 72-75-р тал/
- Б.Чын эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 80-р тал/
-Н.Б эзэмшлийн 00-00 ..... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-ийн 81-р тал/
-шүүгдэгч Н.А яллагдагчаар мэдүүлсэн:. Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн гэрээсээ тээврийн хэрэгслээ унаж гараад Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хурд авто засварын хажууд байрлах дугуй засвар дээр очоод Бт тусалж байгаад Ш архи уугаад тухайн газраас харих гээд 00-00 ... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодож яваад урд байгаа машинаа гүйцэж түрүүлэх зорилготой эсрэг урсгал руугаа орж тээврийн хэрэгсэл мөргөсөн, цагдаа нар ирээд намайг драгер багажаар шалгаж үзэхэд 2.69 хувийн согтолттой байсан, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөргөсөн тээврийн хэрэгслийнхээ хохирлыг барагдуулна, дахиж ийм үйлдэл хийхгүй, уучлаарай...гэх мэдпүүлэг /хх-ийн 87-88-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Ань Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1051 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Ч багийн нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны урд талын замаар “Тоёота приус-20” маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,69 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1А, 3.7А, 11.3 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас Б.Чын эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 7,520,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Н.Ань нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу эрх хассан хугацааны дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, осол гаргасан болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, драгерын заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангиийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж, эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж хуульчлан эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.
Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэр нь, болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.
Шүүгдэгч Н.Атээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, осол гаргаж бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж, түүний улмаас гарах үр дагавар, нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэв.
Хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэмт үйлдлийн шинж нь, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох хор уршгийн талаар урьдаас мэдэх, ухамсарлан болгоомжлох үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч олон нийтийн эрх ашигт хэнэггүй, үл хэрэгсэж, үл тоомсорлон хандаж, мэдэлгүй үйлдсэн сэтгэхүйн хандлагаар илэрдэг.
Шүүгдэгч Н.АЭрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Ань эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай, иргэний хариуцагчийн эд хөрөнгөд учирсан хохирол 8,665,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Гэм буруугаа хүлээж байна, иргэний хариуцагчийн төлбөрийг төлөх болно гэж тус тус дүгнэлт гаргасан
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: надад өөр санал байхгүй гэж тус тус санал гаргасан.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Иргэний нэхэмжлэгч Б.Чын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлөгдөөгүй бөгөөд, шинжээчийн дүгнэлтээр тогтоосноор 7,895,000 төгрөг, баримтаар оношилгооны хөлс, үнэлгээний хөлс, 2 удаагийн ачилтын хөлсийг нэмж нийт 8,665,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгуулах үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.Ад шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж,1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А 8,665,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Чад /Орхон аймаг Баян-Өндөр сум .................... тоотод оршин суух, /РД: /-т олгуулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ