| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/34 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/34
2025 01 22 2025/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгч Б.Ц, М.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц, М.М нарт холбогдох эрүүгийн 2425000000779 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, Б.Ц
*******, М.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 00- 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын .............. баг .............. тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цуг архи ууж байсан М.Мтэй маргалдаж, зодолдох явцдаа түүний зүүн хөлийн тавхай, нуруу, зүүн шуу хэсэгт хутгалж, нүүр хэсэг рүү нь гараараа цохисны улмаас нуруу, зүүн хөмсөг, зүүн шуунд шарх, зүүн тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.М нь 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 00-с 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын .............. баг .............. тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цуг архи ууж байсан Б.Цтой маргалдаж, улмаар түүний цээж, нуруу, гар хэсэг рүү нь гараараа цохиж цээж, нуруу, хоёр гарын бугалганд олон тооны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Цийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-шүүгдэгч М.М мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425000000779 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-17-р тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-р тал/
-хохирогч М.М мэдүүлсэн...2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн орчим Ц бид хоёр манай гэрээс гараад Цийн гэр болох .............. баг .............. тоотод очсон. Гэрт нь ороход дүү О нь байсан. 18 цаг өнгөрч байх үед дүү нь найранд явлаа гээд гэрээсээ гараад явсан. Ц бид хоёр гэрт нь хоол хийж идчихээд 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Дахиад Ц дэлгүүр рүү явж 0,5 литрийн архи авч ирсэн. Тухайн архийг хоёулаа хувааж уугаад жижиг өрөөнд орон дээр унтсан. Тэгтэл гэнэт нүүр рүү юм цохисон. Би согтуу байсан учраас сэрж чадахгүй байхад үргэлжлүүлэн миний зүүн талын хөлийн тавхай хэсэг халуу дүүгээд час гээд маш хүчтэй өвдөхөөр нь орноосоо өндийтөл Ц миний өмнө зогсож байсан. Миний хөлөөс цус олгойдоод гарч эхэлсэн. Би Цийг цааш нь түлхтэл миний нүүр рүү цохисон, тэгээд л хамаг юм цус болоод босох гэтэл босож чадахгүй шалан дээр сууж байтал гаднаас дүү О орж ирээд эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн хөлийн тавхайн дээд хэсэг, зүүн гарын шуу, зүүн талын нүдний хөмсөг, зүүн талын бөөр тус газар хутгаар зүсэж исгэсэн. Зүүн талын нүд хөхөрсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р тал/
-гэрч Б.Оийн мэдүүлсэн...2024 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагт ажлаа тарж гэртээ ирсэн чинь ах Б.Ц найз М.М хамт манай гэрт байж байсан. Тэгээд би хувцсаа сольчихоод 19 цагийн үед найзынхаа хуримд яваад шөнө 01 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрээр дүүрэн цус болчихсон Ц ах, М нар согтуу жижиг өрөөний орон дээр унтаж байсан. Тэгээд би нөгөө 2-г сэрээсэн чинь М.М хөлөөс маш их хэмжээний цус гоожиж байсан. Тэгээд шууд цагдаа болон түргэн тусламж дуудсан. Мөн том өрөөний ногоон өнгийн сейф дээр шар иштэй хутга цус болчихсон байж байхаар нь би гар хүрэлгүй цагдаа нар ирэхийг хүлээсэн. М.М хөлийг манай ах Б.Ц хутгаар зүсэж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р тал/
-хохирогч Б.Цийн ...2024 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 21 цаг 30 минутын орчимд .............. багийн .............. тоотод М бид хоёр манай дүүгийнд орсон. Манай дүү найзых нь хурим болох гэж байна гээд яваад өгсөн. Тэгээд бид дэлгүүр ороод би нэг шил 0.75 литрийн хараа архи авсан. Гэрт ороод хоёулаа уусан. Тэгээд яриад ууж байхдаа хоорондоо маргалдаж М миний толгой, цээж хэсэгт цохиод байсан. Би боль гээд болихгүй байхаар нь зөрүүлээд нүүр хэсэгт нь гараараа цохисон. 00 цагийн орчимд дүү орж ирээд цагдаа дуудаж М эмнэлэгт өгч явуулсан... Би 2 сарын өмнө буюу 10 сард тархины баруун талдаа хагалгаа хийлгэж, төмөр тавиулсан. Гэтэл М миний цээж хэсэгт, мөр, нуруу хэсэгт 4-5 удаа цохисон санагдаж байг яг хэдэн удаа цохисон талаар би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгэрэ сарын 27-ны өдрийн №9 дугаартай: Б.Цийн биед цээж, нуруу, хоёр гарын бугалгад олон тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгэрэ сарын 29-ний өдрийн №2 дугаартай: М.М биед нуруу, зүүн хөмсөг, зүүн шуун шарх, зүүн тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, хүзүү, духанд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх нуруу, зүүн хөмсөг, зүүн шуун шарх, зүүн тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-59-р тал/
-шүүгдэгч Б.Цийн яллагдагчаар мэдүүлсэн....Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Би тархины хагалгаатай төмөр тавиулсан, Намайг толгой хэсэгт маань цохиод байсан болохоор би цохиж, хутгаар хатгасан, намайг цохисон тэр үед нь боль, би үхлээ шүү дээ гэж хэлсэн, сонсохгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/
-шүүгдэгч М.М яллагдагчаар мэдүүлсэн:. Би хоёр 0,75г шилтэй, хараа нэрийн архи хувааж уусан, бас хоол хийж идсэн, архи дуусаад дэлгүүр хаахаас өмнө Б.Ц дахин нэг шил архи авахаар дэлгүүр гарсан.тэгээд 0,5г хараа авч орж ирээд ор дээрээ засаад архинаасаа уугаад хэвтэж байсан, Ц утсаар яриад хэн нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийгээд байсан, би тэр үед нэлээн муудаад архич дуусаж байсан болохоор унтаад өгсөн,гэтэл миний хөл рүү өвдөөд босоод ирсэн Ц зогсож байсан. Би тэгээд Цийг түлхсэн, тэгтэл нүүр гар хоёроос цус гарч байсан, тэгээд удалгүй хаалга дуугарч дүү нь орж ирсэн тэгээд түргэн дуудсан. Би нэг удаа түлхсэн, түлхэх үед хөхөрч гэмтэл гарсан талаар бол мэдэхгүй байна. 2024.11.18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэн бүст багийн .............. тоотод болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-106-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Ц, М.М нар 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын .............. баг .............. тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, маргалдаж харилцан зодолдож Б.Ц нь М.М зүүн хөлийн тавхай, нуруу, зүүн шуу хэсэгт хутгаар хатгаж, нүүр хэсэг рүү нь гараараа цохисны улмаас нуруу, зүүн хөмсөг, зүүн шуунд шарх, зүүн тавхайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол, М.М нь Б.Цийн цээж, нуруу, гар хэсэг рүү нь гараараа цохиж цээж, нуруу, хоёр гарын бугалганд олон тооны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.Цийн үйлдлийн улмаас М.М биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан, шүүгдэгч М.М үйлдлийн улмаас Б.Цийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч нарын хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Ц, М.М нар харилцан бие биенийхээ эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн сэтгэхүйн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Б.Ц, М.М нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгч М.М өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож байна гэж,
-шүүгдэгч Б.Ц өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолууд зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Цид 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
шүүгдэгч Б.Ц тус шүүхийн 2023 оны 03-р сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 09 дүгээр 05-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгчийн захирамжийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар хүчингүй болгож 11 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 480,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон 32 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 05 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ц нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03-р сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,тус шүүхийн 2024 оны 09 дүгээр 05-ны өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, 437 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолт зэргээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг үндэслэл болголоо.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгч М.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Цид 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Б.Цид оногдуулсан торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын нэг хоногоор сольж 32 хоногийн хорих ялыг, урьд шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлж хугацааны өмнө тэнсэн сулласан 11 сар 03 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн 1 жил 2 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч М.Мд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг сайн дураар төлөх 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналтай гэж,
Шүүгдэгч М.М: өөр саналгүй гэж,
Шүүгдэгч Б.Ц: үлдсэн тэнссэн хугацааг хэвээр нь үлдээнэ үү гэж тус тус санал гаргасан.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч нар нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн шатанд хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөргийн баримт хариуцсан комисст даалгаж,шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, шүүгдэгч Б.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар заалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогтой Б Ц, Б овогтой М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Ц 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар төлөх 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Цид тус шүүхийн 2023 оны 03-р сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 03 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамжийг хүчингүй болгож, 11 сар 03 хоногийн ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 480,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон 32 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 05 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар шаргал өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөргийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй,хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ