Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/136

 

 

А.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/2069 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Дийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2002004360289 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.............................., 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 08-1907 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

А.Д нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр Түнхэл гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужир булангийн 5 дугаар хэсэг, 81 дүгээр гудамжны 2509 тоот хашаанд байрлах Монгол гэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай хар өнгийн хайрцагтай, хайрцгийн хамт 606 грамм /цэвэр 469 грамм/ жинтэй, улаан цагаан өнгийн гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.8409 грамм /цэвэр жин 4.9704/ жинтэй, мөн өнгөгүй гялгар уутанд хийсэн уутны хамт 11.9349 грамм /10.2208 грамм/ жинтэй, мөн өнгийн гялгар уутанд хийсэн, гялгар уутны хамт 33.4711 грамм /цэвэр 25.8739 грамм/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ........................ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дид оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн цаасан хайрцагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл /469 грамм цэвэр жинтэй/, гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /11.8409 грамм цэвэр жинтэй/, гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /10.2208 грамм цэвэр жинтэй/, гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /25.8739 грамм цэвэр жинтэй/, гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг цаас, тал претка зэрэг эд зүйлсийг устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, хуйлсан NJ3623233 сери дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан АО0845642 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад хүргүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. 2014 онд Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөн. Одоо Улаанбаатар их сургуулийн ай ти инженерийн ангийн 3 дугаар курст сурдаг. Ар гэрийн шалтгаанаас болж 1 жилийн чөлөө авч барилгын компанид ажиллаж байгаа. Миний ээж 2013 онд тархины цус харвалт гэсэн оноштой нас барсан. 2013 оноос хойш эмээгийн хамт амьдарч байгаа. Би эмээгийнхээ тэжээгч, асран хамгаалагч гэж явдаг. Эмээ маань 87 настай, хэвтрийн байдалд байдаг. Биеийн байдал их муу, уушигны сүрье өвчний шинж тэмдэг илэрсэн астматай. Ийм асаргааны хөгшинтэй хамт амьдардаг. Өөрийн хийсэн гэм буруутай талаар ямар нэг маргах зүйл байхгүй бөгөөд эхний байцаалт дээрээс л гэм буруугаа ойлгож, өөрт байсан хууль бус зүйлийг өөрийн хүсэлтээр зааж өгсөн. Миний бие урд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд одоо хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Иймд миний ар гэрийн болон хувийн байдлыг минь харгалзан үзэж тэнсэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Д болон түүний өмгөөлөгч бидний зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй. А.Д нь анх тоглоомын талбай дээр түүсэн өвсөө татаад сууж байхад нь цагдаа нар ирж шалгасан. Цагдаа нарт өөрийн хийсэн үйлдлийг үнэн зөв хэлж, өөрийн гэрт дагуулан очиж түүсэн өвсөө хураалгаж, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Мөн анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй. Хувийн байдлын хувьд эцэг, эх нь нас барсан, 90 настай байнгын асаргаанд байдаг эмээтэйгээ амьдардаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг тэнсэж, эсхүл зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, худалдан борлуулах зорилгогүй, өөрөө татаж үзэх гэсэн зорилгоор түүсэн нөхцөл байдал, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлах ял болгож өөрчлөх нь түүний хувийн байдалд тохирно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. А.Дийн давж заалдах гомдлыг дэмжиж байгаа тул түүний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

А.Д нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр Түнхэл гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужир булангийн 5 дугаар хэсэг, 81 дүгээр гудамжны 2509 тоот хашаанд байрлах Монгол гэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай хар өнгийн хайрцагтай, хайрцгийн хамт 606 грамм /цэвэр 469 грамм/ жинтэй, улаан цагаан өнгийн гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.8409 грамм /цэвэр жин 4.9704/ жинтэй, мөн өнгөгүй гялгар уутанд хийсэн уутны хамт 11.9349 грамм /10.2208 грамм/ жинтэй, мөн өнгийн гялгар уутанд хийсэн, гялгар уутны хамт 33.4711 грамм /цэвэр 25.8739 грамм/ жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Т.Нямжаргалын “...2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз Дашдоржтой уулзахаар гэрт нь очсон. Дашдорж надад “хөдөөнөөс өвс түүж ирээд гэртээ хатааж байгаа” гэж хэлээд харуулсан. Бид хоёр гялгар торонд бага зэргийн өвс хийж аваад гэрээс гарч тоглоомын талбайн хажуугийн гудамжинд очоод тамхинд хийж байгаад татаж хэрэглэсэн. Гялгар тороо гудамжинд хаялгүйгээр хогийн саванд хийсэн гэж бодоод өмднийхөө арын халаасанд хийсэн байсан. Тэнд өвс гэх зүйл байхгүй, иш мөчир нь үлдсэн байсан. Бид хоёр тоглоомын талбай дээр сагс тоглох гээд хүлээгээд сууж байтал цагдаа нар ирээд “мансуурсан шинж байдалтай байна, шалгана” гэж хэлсэн. Тэгтэл Дашдорж болсон бүх асуудлаа үнэнээр хэлээд гэртээ байсан өвсийг хэлж хураалгасан. ...” /хх 21/,

шүүгдэгч А.Дийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 17-ны орой гэртээ байх үедээ Сэлэнгэ аймгийн Түнхэл гэх газрын яг хаана мансууруулах ургамал ургаж байгааг тодорхой заасан бичлэг интернэтээр үзсэн юм. Тэгээд сонирхоод түүхээр 2020 оны 8 дугаар сарын 18-ны өглөө ганцаараа вагоноор Сэлэнгэ аймгийн Түнхэл сум руу явсан. Тухайн газраа очоод бичлэгт гарсан мансууруулах бодисыг түүж аваад хар өнгийн гялгар уутанд хийгээд буцаж Улаанбаатар хот руу гэртээ ирсэн. Түүсэн мансууруулах ургамлаа хашаандаа байдаг илүү гэртээ оруулж хадгалсан. 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цагдаа нарт шалгуулах үедээ биедээ авч явсан мансууруулах өвсөө гаргаж өгсөн. Би уг мансууруулах ургамлыг зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор түүж ирээд гэртээ хадгалж байсан. Надад ямар нэгэн өөр санаа зорилго агуулаагүй. ...” /хх 57-58/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4607 дугаартай дүгнэлт /хх 26-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4608 дугаартай дүгнэлт /хх 37-39/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Дийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч А.Дийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс А.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Гэхдээ, анхан шатны шүүх шүүгдэгч А.Дийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “олж авсан” гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Дийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Шүүгдэгч А.Д “...Өөрийн хийсэн гэм буруутай талаар ямар нэг маргах зүйл байхгүй бөгөөд эхний байцаалт дээрээс л гэм буруугаа ойлгож өөрт байсан хууль бус зүйлийг өөрийн хүсэлтээр зааж өгсөн. Миний бие урд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд одоо хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Иймд миний ар гэрийн болон хувийн байдлыг минь харгалзан үзэж тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Шүүгдэгч А.Д нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/2069 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/2069 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Шүүгдэгч Боржигон овгийн Амарсайханы Дашдоржийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Боржигон овгийн Амарсайханы Дашдоржийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

 

 ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

              ШҮҮГЧ                                                       Д.МЯГМАРЖАВ