| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/512 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/512
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Т.Баянмөнх,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.,
шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Т.Ганзориг,
шинжээч Б.Амартүвшин /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******, ******* ******* овогт *******ын ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402000812073 дугаартай 2 хавтаст хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 23-д Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч ажилтай, ам бүл 8, эцэг, эх, 5 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******,*******ын ны од оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:УП/, ******* овогт *******ийн *******.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 07-нд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн , ийн ны 481 од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн , ллын 43-129 од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ИТ/, ******* ******* овогт *******ын *******.
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.******* нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчээр ажиллах явцдаа, өвчтөнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн холбогдох заалтад хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтөнг тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас, тусламж үйлчилгээний хожимдол гаргаж, тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэлзүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн 24 настай, эмэгтэй Б.-ийг дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйн улмаас, өвчтөн Б.-э нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламжаар хүргэгдэн, эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан,
мөн шүүгдэгч Г.******* нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмчээр ажиллах явцдаа, өвчтөнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн холбогдох заалтад хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтөнг тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас, тусламж үйлчилгээний хожимдол гаргаж, тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэлзүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн, 24 настай, эмэгтэй, Б.-ийг дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй ба зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйн улмаас, өвчтөн Б.-э нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламжаар хүргэгдэн, эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2023 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 03 цаг 30 минут орчимд очиж үзлэг хийсэн эмч байна. Анх очиж өвчтөний биед үзлэг хийхэд биеийн байдал нь дунд, амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан бөгөөд миний асууж байсан бүх асуултад хариулсан. Үзлэг хийх явцад чөлөөтэй хөдөлж байсан. Биеийн ерөнхий байдлыг харгалзан үзэж тогтвортой гэж үнэлсэн. Даралт, амин үзүүлэлтийг нь үзэхэд даралт нь 110/70-тай, зүрхний пульс 92-той, хүчилтөрөгчийн хэмжээ зэрэг бүгд хэвийн байсан. Тухайн хүний хувьд асуултад чөлөөтэй хариулж байсан болохоор ногоон өнгөөр эрэмбэлсэн. Ногоон эрэмбэ нь эмнэлэгт өөрөө очих чадвартай, яаралтай тусламж шаардлагагүй гэж үзсэн. Тухайн өдрийн хувьд дуудлага ачаалал нэлээд их байсан. Би анх очиж өвчтөнд үзлэг хийгээд биеийн байдлыг нь дунд гэж үнэлж, дараагийн шат руу өөрсдөө явах боломжтой талаар нь хэлсэн. Тэр үед ээж, ах хоёр нь гээд 2 хүн цуг байсан. Анх очих үед бие нь шардуу туяатай байсан болохоор элэгний архаг хууч өвчин, цусны архаг хууч өвчин байгаа юу гэж асуухад “байхгүй, ямар нэгэн өвчин байхгүй” гэж хариулсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэхэд “үгүй гэсэн” тийм болохоор элэгний шарлалт байх боломжтой учир “Халдвар судлал үндэсний төв” эсвэл “Харьяа дүүргийн эмнэлэг орж яаралтай шинжилгээ өгөх хэрэгтэй” гэж зөвлөсөн. Ээж нь болон ах нь өөрсдөө эмнэлэг явах боломжтой гэж хэлсэн. Эмнэлэг хүргэж өгөх ёстой ч ногооноор эрэмбэлээд биеийн байдал нь тогтвортой байсан болохоор үлдээгээд би дараагийн дуудлагадаа явсан. Ногооноор эрэмбэлсэн байгаа, биеийн ерөнхий байдал болон зөвлөмж, дараагийн шатны арга хэмжээ зэргийг дэлгэрэнгүй бичсэн байгаа байх гэж бодож байна. Тухайн үед өвчтөнийг ногооноор эрэмбэлсэн бөгөөд яаралтай тусламжийн эмч ачаалал маш ихтэй байдаг тул маргааш өглөө нь дуудлагын хуудсаа бөглөсөн асуудал байгаа.” гэв.
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны цагт очсон. Дуудлагаар “Эрэн лолд” очих үед 20 орчим насны эмэгтэй, жижигхэн шар охин байсан. Уг эмэгтэй намайг очиход цаашаа хараад хэвтэж байсан бөгөөд ээж нь гэх эмэгтэй өвчтөнийг 2 өдөр халуурсан, халуун буулгах эм уусан гэж хэлсэн. Тэгээд биеийг нь үзэхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн даралт нь 110/70-тай, пульс нь 78-тай байсан. Арьс бол шарлаагүй байсан. Зовуурь гэвэл халуурч, хэвлий хэсгээр өвдөж байгаа гэсэн. Эмчилгээ хийгээд, хоолойг нь харахад жаахан улайсан байсан тул хоолойны салст улайсан байна, г*******р иймэрхүү ханиад байгаа гэж хэлээд, зөвлөөд үлдээсэн. Эмчилгээ үр дүнгүй эсвэл биеийн байдал нь дордвол харьяа дүүргийн эрүүл мэндийн газарт хандаарай гэж хэлэхэд ээж нь харьяа дүүргийн эмнэлэг хаана байдаг билээ гэж асуусан. Тэгэхэд нь би Модны хоёрт байдаг. Насанд хүрэгчдийнх нь замынхаа хойно, хүүхдийнх нь замынхаа урд байдаг. Та хоёр насанд хүрсэн учир замынхаа хойд талын эмнэлэгт үзүүлнэ шүү, биеийн байдал бүр дордвол яаралтай тусламж дуудаарай” гэж хэлээд өвчтөнийг цагаанаар эрэмбэлсэн. Энэ нь биеийн байдал хэвийн, орчиндоо харилцаатай, тээвэрлэх шаардлагагүй, амин үзүүлэлтүүд нь хэвийн гэсэн үг. Бөөлжөөд гэх дуудлага өгсөн хэр нь намайг очиход халуурсан гэж ээж нь хэлсэн. Тийм учраас би газар дээр нь эрэмбэлсэн. Элэгний эсийн задралын шинж байгаагүй. Бид оношилгооны байгууллага биш, асуумжаар онош тавьж байгаа. Цусаар бөөлжих, хэвлий хүчтэй өвдөх гэх мэт элэгний эсийн задралын шинж байгаагүй. Шингэн алдах хэмжээний халуурсан бол зогсоо зайгүй бөөлжиж, гүйлгэсэн бол гэдэсний үрэвсэл яваад өндөр халуурч болно. Гэвч гүйлгэж, бөөлжсөн гэх зовуурь байгаагүй. Анх 1 удаа бөөлжсөн, одоогоор дахиж бөөлжөөгүй, бие нь сул байгаа гэсэн учир анхаарч үнэлсэн. Миний санаж байгаагаар бүртгэлдээ бичсэн. Гэхдээ регистрийн дугаар зөрсөн байж болно. Манайх 12 дугаар сард байсан программ 01 дүгээр сард өөрчлөгдсөн. Ийм учраас программ хоорондоо шилжихэд алдаа гарсан байж болзошгүй. Дараагийн дуудлага хооронд бичдэг тул тэр өдөр бичиж амжаагүй маргааш өглөө нь бичсэн. Тэгэхдээ алдсан байж магадгүй. Тухайн өдрийн бүх дуудлагыг шүүвэл өндөр настай, артерийн даралт ихэссэн гэх дуудлага дээр бичсэн байж магадгүй. Хэдий цаасан дээр бөглөсөн ч систем дээр шивэхдээ өөр хүний регистрийн дугаар дээр бичсэн байж болзошгүй энэ нь миний алдаа. Одоо би өөрийгөө зөвтгөх нотлох баримтгүй байгаа ч ямар нэгэн өндөр настны нэр дээр талийгаачийн оношийг тавьсан байж болзошгүй юм.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Талийгаач бол миний төрсөн дүү юм. Тус өглөө манай эрэгтэй дүү, ээж 2 эмнэлэгт хүргэж очсон. Тэгээд эрэгтэй дүү маань ажилдаа явсан учир намайг очоорой гэхээр нь би яваад очсон. Тэр үед шинжилгээ оношилгоо авч байгаа гээд ээж үүдэнд нь сууж байсан. Тэгэхээр нь би эмнэлгийн хонх дарж дүүгийнхээ биеийн байдлыг асуухад одоо дахиад 1 шинжилгээ авч байна, үүний дараа онош нь тодорхой болно гэж эмнэлгийн ажилтан хэлсэн. Тэгээд би ээжийг эмнэлэг дээр үлдээгээд өөрөө ажилдаа явсан. Өдөр 12 цагийн үед ээж залгаад “чи ирэх үү, дүүгийн чинь бие муудаад байна” гэсэн тэгээд ирэхэд рентгенд зургийг нь авхуулах шаардлагатай гэхээр нь бид хоёр наад талын хаалгаар нь ороход цаад талын хаалгаар сувилагч нар манай дүүг тэргэнцэр дээр суулгаад түрээд ороод ирсэн. Тэгээд шатаар гарах үед нь хажуугаас нь түшиж өгөхөд бие нь нэлээд муудсан, гар нь хөхөрсөн байхаар нь яагаад ийм болсон талаар нь асуухад сувилагч нар тариа хийх гэхээр судас нь хагараад байсан гэж хариулсан. Төд удалгүй дүү маань эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн. Манай дүү ямар нэгэн хууч өвчингүй. Дүү нар маань ахтайгаа хамт шинэ жилд орсон, шинэ жил учир тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл уусан байх. Бусдаар бол байнга тэгж уудаг архины хамааралтай хүн биш. Манай зүгээс бол тэр эмч буруутай, буруугүй гэж эмч цохож гомдол гаргаагүй. Эмнэлэгт тариа л хийлгээд гарах байх гэсэн чинь маргааш өглөө нь дүүгийнхээ шарилыг нь эмнэлгээс аваад гарсандаа гомдолтой байгаа юм. Түргэн тусламжийн эмчийн зааврын талаар мэдэхгүй, хавтаст хэрэгтэй танилцаад мэдсэн. Би эмнэлгийн салбарын хүн биш. Нэхэмжлэх зүйл байхгүй, дүү минь эргээд босоод ирэх биш. Харин гомдолтой байна. Хавтаст хэрэгтэй танилцаад явж байхад эмнэлгийн стандартыг мэдэхгүй учир дахиад хэн нэгний аавын хүү, ээжийн охиныг хэн нэгэн эмч ажлын ачааллаасаа болоод ажилдаа түүртэж явж байгаад дахин битгий хүний амь нас хохироогоосой гэж хүсэж байна. Гэм буруутай бол зохих хариуцлагыг нь тооцоосой л гэж бодож байна.” гэв.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Амартүвшин цахимаар мэдүүлэхдээ “талийгаачийн нас барсан шалтгаан нь хордлогын шалтгаант элэгний цочмог дутагдал. Яаралтай тусламжийн хоёр эмч үйлчлүүлэгчид эмнэлзүйн шинж тэмдгийг үндэслэн эрэмбэлж, амин үзүүлэлтийг нь харж нарийн мэргэжлийн эмч шаардлагатайг тогтоож, эмнэлэгт хүргэж өгөх ёстой байсан. Яаралтай тусламжийн хоёр эмч тухайн үед эрт эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн бол амь насыг нь аврах боломжтой байсан. Яаралтай тусламжийн хоёр эмч хоёулаа өвчтөнд үзлэг хийсэн боловч дараагийн шатанд шилжүүлж оношийг бүрэн тогтоолгох боломжтой байсан байна. Шинжээчдийн дүгнэлтээр MNS:5095 стандартыг барьж ажиллаагүй, “Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журмын” 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн 3.3.4 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Эмнэлгийн бичиг баримт өвчтөний түүх, яаралтай тусламжийн карт зэргийг үндэслэж бид дүгнэлтээ гаргасан. Өвчтөн эмнэлэгт ирэхэд бүх шинжилгээг аваад онош нь гараад эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн боловч хийсэн эмчилгээ үр дүнгүй байсан учир нас барсан байна. Өвчтөний биеийн байдал хүндэрсний дараа эмнэлэгт ирсэн байна гэж ойлгож болно. Баянгол дүүргийн эмч нар өвчтөнд хийх ёстой эмчилгээг зохих ёсны дагуу бүрэн хийсэн байсан.” гэв.
Хоёр. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Б.-э нь халуурах шинж тэмдэгтэй байсан учир 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 45 минутад түүний эх Нийслэлийн түргэн тусламжид “дотор муухай оргих, огиж бөөлжөөд унах гээд байна” гэсэн дуудлага өгсөн байна. Уг дуудлагын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн эмч Г.******* тус өдрийн цаг 39 минутад очиж өвчний түүх дээр “2 цагийн өмнөөс толгой өвдөж дотор муухайрч эхэлсэн. Гэрээс т.лоримта 100мг уусан боловч толгой эргээд шилэн хүзүү хөшөөд нүд бүрэлзээд байхаар нь 103-т дуудлага өгсөн гэнэ. Эмч ирэхээс өмнө аспирин 1 удаа уусан. Гэрээр тогтмол валсартан 80мг уудаг. Архаг хууч өвчин, артерийн даралт харшилгүй, архи /-/, тамхи /-/, осол гэмтэл мэс засалд орж байгаагүй” гэж тэмдэглэж, цагаанаар эрэмбэлэн ангилж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн цаг 59 минутад явсан байна.
Үүний дараа 2023 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 01 цаг 32 минутад Б.-ийн эх дахин Нийслэлийн түргэн тусламжид “бөөлжөөд таталт өгөөд байна” гэсэн дуудлага өгсөн байна. Уг дуудлагаар Нийслэлийн түргэн тусламжийн эмч Э.******* шөнийн 03 цаг 27 минутад очиж өвчний түүх дээр “өнөөдөр өглөөнөөс эхлээд дээрх зовуурь илэрсэн. Гэрээр авсан арга хэмжээ байхгүй. Дээрх зовуурьтай холбоотойгоор эмчид үзүүлээгүй гэнэ. Архаг хууч өвчин үгүй. Гэрээр тогтмол хэрэглэдэг эм тараи үгүй. Харшилдаг эм тариа үгүй, хэвийн артерийн даралт 120’80мм муб. Мэс засалд орж байгаагүй. Бэртэл гэмтэл үгүйсгэнэ. Эпид анамнез үгүйсгэнэ. Архи тамхи хэрэглэдэггүй.” гэж тэмдэглэж, ногооноор эрэмбэлэн ангилж 03 цаг 42 минутад явсан байна.
2023 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 08 цаг 54 минутад Б.-ийг ар гэрийнхэн нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв дээр очиж яаралтай тусламжаар /бөөлжих, халуурах, цээжээр хатгуулж өвдөх/ гэсэн зовуурьтайгаар улаанаар эрэмбэлэгдэж, эмчлүүлэгчийн анамнезд хэвтэх үеийн зовуурь нь “бөөлжинө, идсэн уусан зүйлээрээ бөөлжинө, 4 мөч чангарч татсан, халуурна, шээсний гарц багассан, өтгөн шар шээс гарна, хоолой өвдөнө.” гэсэн, өвчний түүхэнд “12 дугаар сарын 18-ны өдрөөс 3 өдөр дараалан шинэ жилийн баярт оролцоод 12 дугаар сарын 21-ний үүрээр 4 цагийн үед гэртээ ирсэн. Өглөө босоод цээж хэвлийгээр өвдөөд байна гэсэн зовуурь хэлсэн, дараа нь бөөлжиж эхэлсэн, бөөлжилтийн тоо олон байсан тул 12 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед 103 дуудаж үзүүлэхэд хоолой өвдөж ханиад хүрсэн байна гээд эмчилгээ зөвлөөд буцсан. 12 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн үед таталт өгч дахин 103 дуудан үзүүлэхэд бөөлжилтийн эсрэг тариа хийгээд буцсан. Зовуурь дээрдэхгүй, биеийн байдал муудаад байсан тул өөрсдөө БДЭМТ-н ЯТТ-т ирсэн. Сүрьеэгээр өвчилж байгаагүй. Гэр бүлд нь сүрьеэгээр өвдсөн хүн үгүй.” гэснээр тус эмнэлэгт хэвтсэн байна.
Клиникийн урьдчилсан онош: Үндсэн оношоор Т51.0IЭтанол гэх, Дагалдах онош: В вирусийн шалтгаант элэгний архаг үрэвсэл, Хүндрэл: Бөөрний цочмог дутагдал. Бодисын солилцооны хэт хүчилшил хүнд зэрэг. Хордлогын шалтгаант элэгний цочмог дутагдал. Цус бүлэгнэлтийн алдагдал хүнд зэрэг.” гэсэн оноштойгоор эрчимт эмчилгээ үргэлжилж биеийн байдал хүндэрч улмаар элэгний хордлогот өвчний улмаас элэгний дутагдал давамгайлсан олон эрхтний дутагдлаар Б.-э нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 10 цаг 48 минутад нас барсан хэргийн үйл баримт авагджээ.
Шүүх хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн бодитой тогтоох шаардлагыг хангах хүрээнд хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан ач холбогдол бүхий хүсэлтийг зохих журмын дагуу хангаж тусгай мэдлэг шаардагдах нөхцөл байдлыг тогтоох үүднээс Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Амартүвшинг шүүх хуралдаанд цахимаар оролцуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчдийн гаргасан дүгнэлт, мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн Э.*******, Г.******* нар нь Нийслэлийн түргэн тусламжийн эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж дүгнэв. Үүнд:
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас, шинжилгээний хүснэгт, клиникийн оношийн үндэслэл, үзлэгийн тэмдэглэл, цус цусан бүтээгдэхүүн сэлбэсэн протокол, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, биеийн байдлыг үнэлэх хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилгааны тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 53-72 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтулгын өгсөн: “Манай дүү бид хоёр цуг амьдардаггүй, манай ээжтэй цуг амьдардаг. Дүү Б.-э нь манай компанид ажилладаг юм. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өглөө манай ээж над руу утсаар залгаад “дүү Б.-э чинь ханиад хүрчихсэн халуураад байна 2 хоногийн чөлөө өгчих эм уугаад гэртээ хэвтэх гэсэн юм” гэж ээжээр хэлүүлсэн. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ээж над руу залгаад “дүү чинь халуураад байна түргэн дуудах гэсэн юм яаж дууддаг билээ” гэж асуухаар нь 103 руу залга гэж хэлсэн. Тэгээд өдөр нь түргэн тусламжийн эмч гэрт нь очиж үзлэг хийсэн байсан. Үзлэг хийхдээ утасны гэрлээр хоолой руу тусгаж хараад г*******р бөөлждөг халуурдаг шинж тэмдэгтэй ханиад байгаа, хоолой нь өвдсөн байна гээд эм бичиж өгчхөөд яваад өгсөн. Шөнө над руу 02 цагийн үед ээж утсаар залгаад “дүүгийн чинь бие халуураад татаад байна, түргэн тусламж дуудсан чинь ирэхгүй удаад байна чи хүрээд ир” гэхээр нь би яваад очиход дүүгийн биеийн байдал ядруу орон дээрээ хэвтэж байсан. Ээж “дүү чинь бөөлжөөд байна” гээд бөөлжсийг нь надад харуулсан. Би түргэний эмч рүү яриад “хол явж байгаа бол бид нар өөрсдөө эмнэлэг рүү аваад явчихъя” гэж хэлсэн чинь түргэний эмч нь “ойрхон 5 шар дээр явж байна, одоо танайх руу шууд очно” гээд шөнийн 03 цаг өнгөрч байхад ирсэн. Түргэний эмч ирэхээр халуураад таталт өгөөд бөөлжөөд байгаа өдөр бас түргэний эмч ирж үзсэн гэж хэлсэн. Эмч даралт, судасны цохилт зэргийг нь үзээд бөөлжиж байгаа гэсэн чинь бөөлжихийн эсрэг тариа судсаар нь тариа хийж өгсөн. Тэр ирсэн эмч нь “урьд шарлаж байсан уу” гэж асуухаар шарлаж байгаагүй гэж хэлэхэд “та нар өглөө Халдварт эмнэлэг ороод үзүүл шарлачихсан байж магадгүй, мөн ханиадтай байна” гэж хэлсэн. Тариа тарьчихсан учраас одоо бөөлжихгүй гэж хэлсэн. Тариа тариулснаас хойш дахиж бөөлжөөгүй. Өглөө бид нар 07 цагт босоод 08 цагт Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод би ээжтэй цуг дүүг үлдээгээд гайгүй байх гэж бодоод ажил руугаа явсан. Би эмнэлэг дээр бараг 30-40 минут байж байгаад явсан. Дүүг эмнэлэг рүү оруулаад 3 цаг гаруй ямар нэгэн эмчилгээ хийгээгүй байлгасан. Цээжний зураг авхуулсан, дусал хийх гэсэн чинь судас нь олдохгүй байна гээд баахан хатгачихсан байсан. Намайг ажил дээрээ 12 цагийн үед байж байхад ээж над руу утсаар яриад “дүү чинь ухаан алдаад эрчимт эмчилгээний тасаг руу орчихлоо” гэхээр нь би эмнэлэг рүү явж байсан. Эмч нар нь болохоор “бие нь муу байна шүү ар гэр нь ойрхон байж бай” гэж хэлж байсан. Мөн шээс нь гарахгүй болохоор катитар тавьсан гэсэн. Орой 18-19 цагийн үед байх бөөрний дутагдалд орчихлоо эмч нараа цуглуулж байна гэж хэлсэн. Эмч нар нь ирээд бөөрний аппаратад оруулсан. Эмчид нь энд тодорхой арга хэмжээ авч чадахгүй бол гуравдугаар эмнэлэг рүү явъя гэж хүсэлт тавихад гуравдугаар эмнэлгийн эмч нь “тээвэрлэлт даахгүй хүлээн авах боломжгүй, наанаа эмчилгээгээ хийлгэ” гэж хэлсэн. Шөнөжингөө бие нь их зовуурьтай яраглаж хоноод маргааш нь 10 цагийн үед нэг удаа зогсоод дахиад зүрх нь зогсоод нас барсан. Амьсгалын аппарат бол залгаагүй, амьсгалын аппарат залгах процессын үед нас барсан. Ар гэрийн зүгээс нь эмнэлгийн ажилтнуудын буруу үйл ажиллагаа байж магадгүй гэж Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан юм. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүү бид хоёр шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Тэгээд нэг дэх өдөр буюу 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирээгүй. 2023 оны 12 дугаар сарын 19, 20-нд ажилдаа ирсэн. Тэгээд 12 дугаар сарын 21-ний өдөр халуураад байна гэж чөлөө авсан. Манай ээж 61 настай, дүүг өнгөрснөөс хойш биеийн байдал муу, 3 удаа эмнэлэгт хэвтээд байна. Мэдүүлэг өгөх боломжгүй байгаа.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 96-98 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн өгсөн: “Би амь хохирогч Б.-ийн төрсөн эгч...Би Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт дүүг ирээд хэвтчихлээ гэж мэдээд эмнэлэг дээр очсон. Миний дүүгийн нас барсан шалтгааныг тогтоосон шинжээч нарын дүгнэлттэй танилцсан. Шинжээч нарын гаргасан дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Эмч нарыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 105-106 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар А.ын өгсөн: “Би бол чанарын албаны даргын ажлыг 2023 оны 01 дүгээр сард авсан. Энэ асуудал 2023 оны 12 дугаар сард болсон байсан. Тухайн үед нь бол манай байгууллагын удирдлага бид нар мэдээгүй. Харин 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаагаас “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” албан шаардлагыг манай байгууллагад ирүүлсэн. Үүнтэй бид нар танилцаад мэдсэн. Дуудлагын эмч Г.*******, Э.******* нар нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас сахилгын арга хэмжээ аваагүй. Нийслэлийн хэмжээний 6 дүүргийн 5 салбарт 3 ээлжээр 24 цагаар ажилдаг. Хууль зүйн яамны харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар салбар төвүүд рүү дуудлага нь цахимаар шилжиж явдаг. Анхны дуудлага мэдээллийн эрэмбэлэн ангиллыг бол Мэдээлэл шуурхай удирдлагын 103-ын ажилтан бүртгэн авдаг. Тус дуудлагыг хүлээн авч газар дээр очсон эмч тухайн өвчтөний эмнэл зүй дээр суурилж эрэмбэлэн ангиллыг хийдэг.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 119-120 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.гийн гэрчээр өгсөн: “...Эмч Г.Наранжаргал тухайн өдөр хувийн ажил гараад ажлаас чөлөө авсан юм. Би тэгээд энэ өдөр 24 цагаар ээлжийн ахлахаар оронд нь ажилласан. 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 45 минутад Баянгол дүүргийн 20 дугаар Хархорин ллын 55/13-1-1-1 оос “дотор муухайраад огиод бөөлжөөд унах гээд байна” гэсэн дуудлагыг хүлээн аваад, цаг 39 минутад эмч Г.******* эмчид хуваарилсан. Эмч нар бол шаардлагатай тохиолдолд утсаар залгаж ээлжийн ахлахаасаа зөвлөгөө авч ажилладаг. Г.******* эмчийн хувьд бол над руу буцааж залгаж зөвлөгөө аваагүй. Өөр надад хэлэх зүйл алга. Энэ хаягаас дахин дуудлага орж ирсэн гэдэг мэдэгдэхгүй, харин Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 103-с давтан дуудлага гэж тодорхойлоогүй. Ээлжийн ахлахад давтан орж ирсэн гэж анхааруулж хэлээгүй. Шуурхай удирдлагын төвөөс давтан дуудлага гэж орж ирэхдээ тухайн хаягийн ар талд хаалт хийгээд давтан гэж бичигдэж орж ирдэг юм. Энэ дуудлага бол тэгж орж ирээгүй. Эмч Э.*******д тухайн шөнө 1 дуудлага хуваарилж өгсөн нь энэ дуудлага юм. Э.******* эмчийн хувьд бол над руу дуудлага дээрээ очоод өвчтөний биеийн байдлын талаар эргэж мэдэгдэж зөвлөгөө авсан зүйл байхгүй. Ийм учраас би эмч *******ийг дуудлагыг бүрэн шийдвэрлэсэн гэж ойлгосон. Ээлжийн ахлах эмчийн хувьд түргэний эмч нарыг мэргэжил арга зүйгээр ханган, дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэй. Эмч Г.*******, Э.******* нар дуудлагад дээрээ очоод надад өвчтөний биеийн байдал, оношийн талаар эргэж мэдэгдээгүй. Шаардлагатай тохиолдолд түргэний эмч нар өөрсдөө утсаар зөвлөгөө авах учиртай. Тэрнээс ээлжийн ахлах эмчийн хувьд дуудлага болгоны араас айл руу орчихсон байхад нь ярихаар эмчийн шийдвэр гаргах үйл явцад нь эргэлзээ төрүүлчихдэг юм. Тухайн дуудлагад очсон эмч өвчтөний биеийн байдлыг үзээд, эрэмбэлж шийдвэр гаргана. Түргэн тусламжийн хуудсыг эмч өөрөө бөглөдөг. Үнэн зөв бөглөсөн эсэхэд нь ээлжийн ахлах, чанарын алба хяналт тавьдаг. Ер нь дуудлага бол өдөрт 300-380 хооронд ирдэг. Ялангуяа өвлийн улиралд буюу 12 сараас эхлэн дуудлага ихэсдэг. Хоногийн хугацаанд ирсэн дуудлагаар түргэн тусламжийн хуудсыг үнэн зөв бөглөсөн эсэхийг маргааш өглөө нь шалгах боломжгүй. Харин 7-30 хоногийн хугацаанд ижил мэргэжлийн үзлэг гээд эмч нар хоорондоо түргэний тусламжийн хуудсаа шалгадаг юм. Би Г.******* эмчийн түргэний тусламжийн хуудсыг үзэхэд буруу бөглөсөн байна. ******* эмчийн түргэн тусламжийн үзлэгийн хуудсыг үзэхэд ар гэр болон өөрөө архи уусан асуумжаа нуун дарагдуулсан, эмчийг үнэн зөв дүгнэлтэд хүргэхэд нөлөөлж үүнээс болж гэрт эмчилгээ хийж үлдээсэн байна гэж би үзэж байна. гэдэг хүн хоёр удаа дуудлага өгсөн байна. Урд дуудлага өгсөн, зовуурь нь намдахгүй байгаа талаараа хэлээгүй нуусан байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 130-132 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 691 дугаартай “Амь хохирогч Б.-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогч нь тодорхойгүй шалтгаант элэгний хордлогот өвчний улмаас элэгний дутагдал давамгайлсан олон эрхтний дутагдлаар нас баржээ. Амь хохирогч нь элэгний архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхлийн шалтгаанд нөлөөлнө. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн өвчний түүхэд нэгдүгээр бүлгийн цустай гэж тэмдэглэгджээ. Нийслэлийн түргэн тусламжийн эмч Г.*******ы 2023.12.22-ны өдрийн Б.-ийн биед үзлэг хийсэн түргэн тусламжийн хуудаст бичигдсэн үзлэг болон онош нь өөрийн мэдүүлэгтэй зөрж байгаа тул үнэлэх боломжгүй байна. Нийслэлийн түргэн тусламжийн эмч Э.******* нь 2023.12.23-ны өдөр Б.-ийн биед үзлэг хийж эрэмбэлэн, онош тавьж, эмчилгээ зөвлөсөн боловч оношийг бүрэн батлахын тулд дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байжээ. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар нь шаардлагатай үзлэг, оношилгоо, эмчилгээг үзүүлсэн байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний А/294 дугаарт түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журмын 3.3.4 дэх хэсэгт заасан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учрах эрсдэлтэй тохиолдолд холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэх явцад мэдэгдэн, бэлэн байдлыг хангуулж, гараас гарт хүлээлгэн өгнө гэсэн заалтыг баримтлаагүй байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 166-178 дахь тал)
2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн чанарын хяналтын улсын байцаагчийн:
“Түргэн тусламжийн хуудас №2023531312-оос харахад Нийслэлийн яаралтай тусламжийн дуудлагын их эмч Х.******* нь түргэн тусламжийн хуудасны үйлчлүүлэгчийн зовиур хэсэгт зовиурыг, өвчтөний түүхийг андуурч бичсэн буруу тэмдэглэсэн гэх /Холбогдогчийн мэдүүлэг/, үзүүлсэн тусламж хэсэгт үзлэг хийгээгүй байж анхны үзлэгийг хийсэн мэтээр тэмдэглэсэн, үзлэг, оношилгоо эмчилгээг үзлэгийн хуудсанд стандартын дагуу бичиж тэмдэглээгүй, яаралтай тусламжийн эрэмбэллийг зааврын дагуу гүйцэтгээгүй, өвчтөний эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн эмнэлэгт хүргээгүй байна.
Түргэн тусламжийн хуудас № 2023532701-ээс харахад Нийслэлийн яаралтай тусламжийн дуудлагын их эмч Э.******* нь иргэнд дуудлагаар очиж тусламж үйлчилгээ үзүүлэхдээ анхны үзлэг хийж тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч үйлчлүүлэгчийн эмнэлзүйн байдлыг гүйцэт үнэлж, эрэмбэллийг зааврын дагуу гүйцэтгээгүй, өвчтөний биеийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн эмнэлэг болон лавлагаа шатлалын эмнэлэгт хүргээгүй байна.
Эндээс харахад: Нийслэлийн яаралтай тусламжийн дуудлагын их эмч Х.*******, Э.******* нар нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг хэсгийн 28.4.3 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах гэж заасан;
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Журам батлах тухай А/294 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.3.3 дахь хэсэг / Дуудлагын багийн үндсэн үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчид шаардлагатай тусламжийг газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад багийн зохион байгуулалтаар үзүүлэн яаралтай тусламжийн нэгжид хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно/, 3.3.4 дахь хэсэгт /Үйлчлүүлэгчийн амь нас.эрүүл мэндэд шууд аюул учрах эрсдэлтэй тохиолдолд холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн нэгжид тээвэрлэх явцад мэдэгдэн, бэлэн байдлыг хангуулж, гараас гарт хүлээлгэн өгнө/, 3.3.6 дахь хэсэг /Дуудлагын баг нь түргэн тусламжийн үйлчилгээнд холбогдох баримт бичиг, зөвшөөрөгдсөн бүртгэл, хяналтын хуудаснуудыг бүрэн хөтөлсөн байна./-ийг;
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар нь үзлэгийг дутуу хийж, өвчтөний биеийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, эрэмбэлэн ангилалтыг дутуу хийсэн, эрсдэлийг бүрэн гүйцэт тооцоогүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгөөгүйн улмаас тусламж үйлчилгээний хожимдол үүссэн байна.
Түргэн тусламжийн хуудас №2023532701-т Дуудлага хүлээн авсан цаг 2023 оны 12 дугаар сарын 23-ны 01:32 дуудлага хуваарилсан цаг 2023 оны 12 дугаар сарын 23-ны 03:27 гэсэн, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Журам батлах тухай” А/294 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 5.2 дахь хэсэгт заасан /Хүлээгдэлтэй дуудлага үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул занал учруулахуйц шинж тэмдэггүй бол 20-60 минутад тусламж үйлчилгээг үзүүлэх зохицуулалтыг хийнэ./ гэсэн заалтыг зөрчсөн.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн №5992 дугаартай өвчний түүхтэй танилцахад өвчтөн Б.-э нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг 54 минутад ар гэр авчирч хэвтүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 48 минутад нас барсан байна. Энэ хугацаанд нийт 11 удаагийн үзлэг тэмдэглэл хөтлөгдсөн байна.
Өвчний түүхээс харахад: Яаралтай тусламжийн эмч, эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасгийн эмч нар үйлчлүүлэгчийн онош, оношилгоо эмчилгээ, эрсдэл, хүндрэл, үзүүлж буй тусламж үйлчилгээний явцын талаар ар гэрт нь тайлбарлан мэдээлээгүй, жижүүрийн эмчийг дуудаж хамтарсан үзлэг зөвлөгөөн хийж шийдвэр гаргаагүй, эмч, мэргэжилтэн нар анхан шатны бүртгэл маягтыг бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм батлах тухай” А/406 тушаалын 1 дүгээр хавсралтын 5.4 дахь хэсэг “ Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилан, шалтгаан оношилгоо, эмчилгээний арга, үр дүн, эрсдэл, хүндрэл өөрийн болон байгууллагын бодит чадавх өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн ойлгомжтой үгээр тайлбарлан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ”, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/319 тушаалын 1 дүгээр хавсралтын 5.5 дахь заалт (Сувилахуйн мэргэжилтэн үйлчлүүлэгчийнхээ сувилахуйн тусламж үйлчилгээний талаар ярилцан, түүнд ойлгомжтой байдлаар тайлбарлана,...Шаардлагатай тохиолдолд гэр бүл, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс туслалцаа авна), 5.6 дахь заалт (Сувилахуйн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн зовуурь шаналгаа, зовлон, уй гашууг хуваалцах, өрөвч сэтгэлтэй, ухаалаг зан чанартай байж, гэр бүл асран хамгаалагч харгалзан дэмжигч, төрөл төрөгсөдтэй харилцааны хэм хэмжээнд ойлголцож ажиллана)-ыг, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/814 тушаалын 1 дүгээр хавсралтын 4.10 заалт (ажлын цагаар төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч, зөвлөх эмч,эмч нарын багийг, ажлын бус цагаар жижүүр эмч дуудаж зөвлөгөө авах болон хамтарсан зөвлөгөөн хийж шийдвэрлэнэ)-ыг, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS35095:2017 стандарт зааснаар тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь хэсэг “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэл маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.8 дахь хэсэг “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчийн үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж заасныг тус тус мөрдөж ажиллаагүй.
Эндээс харахад: Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Г.*******, Э.******* нар нь үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас тусламж үйлчилгээний хожимдол гарсан. Мөн эмч нар тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэлзүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах дээрх стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүй байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 187-190 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******, ******* ******* овогт *******ын ******* нарыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.*******, Э.******* нарт оногдуулсан торгох ялыг тус бүр гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.*******, Г.******* нарын эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Э.*******, Г.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт Э.*******, Г.******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ