| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/09486/И |
| Дугаар | 101/ШШ2017/00652 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2017/00652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Хас банк ХХК / 2578697/-ийн ,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Их Монгол хороолол, 905 дугаар байр, 1-2 тоотод оршин суух, Боржигин овогт Адъяагийн Гэрэлт-Од /РД:ЮЖ69120314/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Их Монгол хороолол, 905 дугаар байр, 1-2 тоотод оршин суух, Боржигин овогт Баярхүүгийн Эрдэнэчимэг /РД:НШ75031361/ нарт холбогдох,
200,902,647 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ؿ : ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туул, Б.Гантөгс, хариуцагч А.Гэрэлт-Од, хариуцагч Б.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, М.Золзаяа .
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Гэрэлт-Од нь Хас банктай 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5000896193 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 64,285 ам. долларын зээлийг 360 хоногт 15,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан.
Зээлийн гэрээнд Б.Эрдэнэчимэг нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.
Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:
1. 5000420095-1 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2204009779 дугаартай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 дугаар байрны 56 тоот хаягт байх 42,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц;
2. 5000896193 дугаартай Фидуцийн гэрээгээр 60-80УНИ улсын дугаартай, Мөнгөлөг саарал өнгийн Tundra маркийн автомашин;
3. 5000896163 зээлийн шугамын гэрээгээр 21,000,000 төгрөгийн хөшиг, тюль, түүний дагалдах хэрэгсэл бүхий бараа материал;
Зээлдэгч А.Гэрэлт-Од нь зээлийн шугамын гэрээний хавсралт буюу зээлийн шугамын хумих, тэлэх нөхцлийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна.
Өнгөрсөн хугацаанд банкны зүгээс зээлдэгчийн хүсэлт, бизнесийн нөхцөл байдлыг харгалзан санал хүсэлтийг шийдвэрлэж хамтран ажиллаж байсан. Үүний илрэл нь зээлдэгчийн хүсэлтийг харгалзан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг сунган, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээл хэвийн төлөх боломж олгосон боловч зээлдэгч нь шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүрэг зөрчиж байна.
Иймд зээлийн шугамын гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн банкны санаачлагаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр гэрээг цуцалж байна.
2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар А.Гэрэлт-Одын зээлийн шугамын гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр нь үндсэн зээл 51,285 ам. доллар, зээлийн хүү 32,204 ам. доллар, нэмэгдүүлсэн хүү 2,043 ам. доллар, нийт 85,532 ам. доллар болно.
85,532 ам. долларыг Монголбанкны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 ам. долларын ханш 2,3448.86 төгрөгтэй харьцах албан ханшаар тооцож хөрвүүлбэл 200,902,647 төгрөг болж байна.
Иймд гэрээний дагуу төлөх зээлийн нийт төлбөр 200,902,647 төгрөгийг А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэчимэг нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд зээлийн шугамын гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч А.Гэрэлт-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банктай 2013 онд хийсэн гэрээгээр 64,000 доллар авсан, хүүгээ хугацаандаа төлж байсан. Сүүлд долларын ханшийн өсөлтөөс болж хүсэлт өгсөн боловч Хас банк хариу өгөөгүй. Үүнээс болоод хүү эргэн төлөлтийг төлөхгүй байгаад байхад Хас банк эргэж 2 жилийн хугацаанд явуулж сүүлд нь 200,926,447 нэхэмжилж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон байр машин бүх юмаараа хохирсон анх гэрээ хийхдээ Хас банк манайх доллараар 1.5 хувийн хүүтэй хямдхан зээл олгодог дээрээс нь долларын ханш өсвөл уян хатан хандаж төгрөг рүү шилжүүлж болно гэсэн. Би доллар 1400 байхад зээл авсан 1600 болохоор нь би зээлээ төгрөг рүү шилжүүлэх хүсэлт өгсөн боловч хариу өгөөгүй. Иймээс би 200.902.647 төгрөгийг төлөх боломжгүй гэв.
иуцагч Б.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкнаас 64.285 долларын зээл авч 2014 оны 3 дугаар сарын 20-ыг хүртэл нийтдээ 29.000 долларын эргэн төлөлт хийсэн. Долларын ханш өссөнөөс болоод 200 гаруй сая төгрөг нэхэмжилж байна. Хас банк нь 2015 оны 12 сард гэрээгээ цуцална гэсэн шаардах хуудас өгхөд нь бид төлөх боломжгүй гэхэд бид 1 сарын дараа гэрээ цуцаллаа гээд шаардах хуудас өгсөн байгаа. Үүнээс хойш дахин 1 жил Хас банк хүүг нэмэгдүүлж үндсэн зээл хүүг өндөр болгож нэхэж байгаа нь хууль зүйг үндэслэлгүй юм. Хас банктай барьцаа хөрөнгөөр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж гэрээ хийсэн. Түүнээс биш бусад эд хөрөнгөөр гаргуулна гэсэн гэрээ байхгүй. Банк бол байр машин хямдхан болсон тул шунахайн сэдлээр өөр юм авах зорилго агуулж байна. Долларын ханшны өсөлт нь энэ хүнийг хохироож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэчимэг нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 200,902,647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туул нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдааны үед татгалзсан тул зээлийн гэрээний үүрэгт 200,902,647 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Хас банк ХХК болон А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэчимэг нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5000896193 дугаартай, Зээлийн шугамын гэрээ байгуулагдаж, банк нь зээлдэгч нарт 64,285 ам. долларын зээлийг 360 хоногт 15,60 хувийн хүүтэй, /ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 0,1 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй/ 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 5000896193 дугаартай харилцах дансанд нээж, зээлдэгч нар нь зээлийн шугамын гэрээний хавсралт буюу зээлийн шугамын хумих, тэлэх нөхцлийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээжээ.
Зээлийн барьцаанд 5000420095-1 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2204009779 дугаартай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38 дугаар байрны 56 тоот хаягт байх 42,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 5000896193 дугаартай Фидуцийн гэрээгээр 60-80УНИ улсын дугаартай, Мөнгөлөг саарал өнгийн Tundra маркийн автомашин, 5000896163 зээлийн шугамын гэрээгээр 21,000,000 төгрөгийн хөшиг, тюль, түүний дагалдах хэрэгсэл бүхий бараа материал зэргийг барьцаалуулсан байна.
Зээлэгч нар нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг, хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд банк шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 51,285 ам. доллар, зээлийн хүү 32,204 ам. доллар, нэмэгдүүлсэн хүү 2,043 ам. доллар, нийт 85,532 ам. доллар буюу 200,902,647 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан 5000896193 дугаартай харилцах дансны хуулга, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1 ам. долларын ханш 2,348.86 төгрөгтэй тэнцүү гэх Монголбанкны ханшийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д тухайлан зааснаар, зээлдэгч А.Гэрэлт-Од зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон тул гэрээнд заасны дагуу төлбөр төлөх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь долларын ханш өсч байгаагаас шалтгаалж, долларын зээлийг төгрөг рүү шилжүүлэх хүсэлтийг банкинд гаргаж байсан боловч банк хариу өгөөгүй, зээлийн гэрээг цуцлах мэдэгдлээ өгснөөс хойш удаан хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэмэгдүүлсэн хүүг өндөр дүнгээр гарган нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч ам. долларын зээлийг төгрөг рүү шилжүүлэх хүсэлтийг хариуцагч нар гаргаж байсан гэх үйл баримт нотлогдож тогтоогдоогүй, зээлийн гэрээний Дөрөвдүгээр зүйлд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөл байдлыг зээлдэгч өөрөө бий болгосон, зээлийн төлөлт хийгдээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийг шүүх буруутгах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 д хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар, хариуцагч А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэчимэг нараас 209,902,647 гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,232,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гэрэлт-Од, Б.Эрдэнэчимэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,162,463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА