Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

              Улсын яллагч  Э.Гэрэлтуяа,

             Хохирогч Д.У,

             Хохирогчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буяндалай,

Шүүгдэгч Ё.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ё.М-д холбогдох эрүүгийн  ******** дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн,  

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Ё.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *******дүгээр багийн нутаг дэвсгэр ********хүнсний дэлгүүрийн урд талын уулзварт 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ниссан ваннет загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрсөний улмаас Марк X загварын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Д.У-ын эрүүл мэндэд хүзүүний нугалмын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн  ******** дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч  Ё.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр ******хүнсний дэлгүүрийн урд талын уулзварт 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ниссан ваннет загварын ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Марк X загварын *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Д.У эрүүл мэндэд хүзүүний нугалмын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ё.Мийн өгсөн: “... мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.У өгсөн:“... : Миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Миний хүүхдээс ялгаа юу байх уу гэж бодоод хэд хэдэн удаа ирж уулзаач гэж хэлсэн. Над руу ээж нь хоёр удаа ярьсан. Хохирол төлбөр дээр тохиролцсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч   Д.У өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Мөрөн сумын 2 дугаар хороонд айлд очоод буцаад гэртээ харих гээд 9 дүгээр хорооны гэрлэн дохиотой уулзвараар хойшоо  эргээд явж байхад корнор заалны ар талын замаас нэг тээврийн хэрэгсэлтэй хурдтай ирж намайг өгсөөд явж байхад яг уулзвар дээр миний машины баруун тал руу хүчтэй мөргөсөн. Тэгэхэд би машиндаа хүү 5 настай Т.Н хамт явж байсан. Тэгээд осол болсны дараагаар машинаасаа буух гэтэл машины хаалга онгойхгүй байхаар нь нөгөө машины жолооч залууг чи ирээд  энэ хаалгыг онгойлгоод өгөөч гэхэд тэр залуу ирж онгойлгож өгсөн. Тэгээд машинаас буугаад харахад нөгөө  намайг баруун талаас ирж мөргөсөн тээврийн хэрэгсэл замын зүүн талд гарч ирсэн зогсож байсан. Тэгээд байж байтал тэрүүгээр явж байсан нэг иргэн бичлэг хийгээд байх шиг байсан тэр хүн л цагдаа дуудсан байх тэгээд удалгүй  цагдаа нэг цагдаагийн хамт ирж бичиг баримт үзээд болсон ослын талаарх гэрэл зургийг авсан. Нөгөө намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолоочийг архи уусан эсэхийг үлээлгэж шалгаж байсан. Тэгэхэд миний хүзүү хажуу тийшээ эргэж харж чадахгүй байсан учир 103 дуудаж эмнэлэгт үзүүл гэж цагдаа хэлэхээр нь би 103 дуудаж нөгөө жолоочийн хамтаар хүү Тэмүүлэн 3- лаа очиж үзүүлсэн. Тэгэхэд миний даралт ихсэж шокын байдалд орсон байсан. Тэгээд 103 дээр очиж өвчин намдаах тариа хийлгэсэн. Даралт буулгах эм уусан пүлсс ихэссэн байсан учир зүрхний эм уусан. Тэгээд 30 минутын дараагаар өвчин намдахгүй  болохоор нь булчиндаа дарамдол гэдэг тариа хийлгэсэн. Бид хоёр хамгаалах бүсээ 2-лаа хэрэглэсэн байсан. Замын цагдаа үлээлгэж үзэхэд архи уугаагүй эрүүл байсан тэр залуу тухайн үед  сандраад гүйгээд байсан. Нилээн хурдтай орж ирж хүчтэй мөргөсөн яг хэдэн км цагийн хурдтай явсанг мэдэхгүй байна. Гэмтэл хойч үедээ илэрдэг учир дахин үзүүлж эмчлүүлж оношлуулах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр дүгнэлттэй холбоотойгоор асуух зүйлгүй. Би эд хөрөнгө, эдийн засаг, бие эрхтэн сэтгэл санаа зэргээрээ энэ ослоос болж хохирол авсан тул энэ хугацаанд хохирсон бүхий л хохирлоо нөхөн төлүүлж  авмаар байна. Гомдолтой байна. Тээврийн хэрэгслээ бүтнээр үнэлүүлж төлүүлж авмаар  байна. Тэр залуу дахин надтай уулзаагүй харин ээж гээд эмэгтэй намайг эмнэлэгт хэвтэж байхад хоёр удаа ирж уулзсан. Цириксон гээд 5 ширхэг тариа эмийн сангаас  авчирч өгсөн өөрөөр ямар нэгэн хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Би тухайн М.Ж гээд залууг залуу хүн болохоор нь шүүх цагдаа гээд яах уу гэж бодоод хараад ирж уулзахгүй болохоор нь би 3 дахь хоног дээр нь өргөдөл бичиж эгчээрээ цагдаагийн байгууллагад хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.А-ын өгсөн: “... Д.У нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 174532 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Дээрх төлбөрийг төрийн сан Эрүүл мэндийн даатгалын сангийн ***** тоот дансанд буруутай этгээдээс буцаан төлүүлж санг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Гэрч Д.Н өгсөн: “..Хэдэн сарын өмнөөс манай компанид агуулахын ажилтан бараа гаргагчаар ажилд орсон хүн байгаа юм. Тэрнээс өмнө нь бол таньдаггүй байсан. Осол хэрэг болох үед Ё.Мийн жолоодож явсан ниссан ваннет загварын ******* хөа улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь компаний ойр зуурын бараа захиалгын ажилд явдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн өдөр манай байгууллагын шинэ жил болох гээд баярын  арга хэмжээний шагнал урамшууллын зүйлс хүргүүлэх зорилгоор өгсөн. Тэгэхэд өөрийн гэрлүүгээ унаад явсан байсан. М.Ж нь өөрөө тухайн жолоодож явсан тээврийн хэрэгслийнхээ засвар хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн байгаа. Эхний мөргөсөн гэдэг машиныхаа асуудлыг шийдчих дараагаар нь миний тээврийн хэрэгслийг засуулахаар харилцан ярилцаад тохиролцсон байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68 тал/,

Хэргийн газрын  үзлэг хийсэн:  “..:Осол болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *****багийн нутаг ертөнцийн зүгээр урдаас хойшоо зүүнээс баруун тийш явсан авто замын уулзвар байна. Тухайн газарт очиход ********улсын дугаартай марк х загварын тээврийн хэрэгсэл ниссан ваннет загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байдалтай байна. Осол гарсан шалтгааныг тогтоож ослын газарт хэмжилт хийхээр анх мөргөлдсөн цэг А үсгээр тэмдэглэж түүнээс мөргүүлсэн гэх марк х тээврийн хэрэгсэл рүү хэмжилт хийж үзэхэд 4.8 м зайтай Анх мөргөлдсөн цэгээс ниссан ваннет загварын тээврийн хэрэгсэл хүртэл 7.5 м зайтай. 2 тээврийн хэрэгслийн хоорон дахь зай 12.0 метрийн зайтай байна. .. Анх мөргөлдсөн цэгээс үл хөдлөх цэг хүртэл хэмжилт хийж үзэхэд 9.7 метрийн зайтай байв... гэрэл зургийн үзүүлэлт..” /хх-ийн 10-11 тал/,

           Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаартай: “..Н.Т биед гэмтэл тогтоогдсонгүй..” гэх  дүгнэлт /хх-ийн  42 тал/,

           Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай: “..Д.У биед хүзүүний нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Д.У биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдагдуулахгүй...” гэх  дүгнэлт /хх-ийн  48 тал/,

           Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн толгойн  тодосгогчгүй КТГ-ын дүгнэлт /хх-ийн 49 тал/,

Зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/,

Хохирогч Д.Уянгын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 10 тал/,

Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн: “..Хэрэг болох үед Ниссан ваннет *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ё.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” энэ дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “15.9.Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус  тус зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Марк Икс Зио маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна... гэх магадлагаа /хх-ийн 63-64 тал/,

 Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар  хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл  тогтоосныг  хүлээн зөвшөөрсөн: “...Д.У сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг тогтоов...” гэх маягтын загвар /хх-ийн 67 тал/,

Ниссан ваннет маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 88 тал/,

 Хохиролын үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг 281 дугаартай шинжээчийн:  ... тээврийн хэрэгсэлд 1.577.500 төгрөгийн хохирол үнэлгээг тогтоов.. гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-56 тал /,

Шүүгдэгч Ё.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 08-ны орой 17 цагийн орчимд Мөрөн сумын ****Мөрөн сумын *******байдаг *******буудалд ажпын шинэ жил болох байсан юм. Тэр газар руу байгууллагын ниссан ваннет маркийн ********улсын дугаартай тээврийн хэрэгслээр ажлын Б.Н гээд залуутай корнор заалны ар талын замаар явж байгаад 9 дүгээр хорооны ******** дэлгүүрийн цаад талын гурван замын уулзвар дээр урдаас хойшоо чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгслийн хажуу талаас очиж мөргөсөн асуудал гарсан. Би уулзвар дөхсөн байсан учир хурдаа хасч 20 км цагийн хурдтай тухайн уулзвар руу нэвтэрсэн. Би тэр мөргөсөн гээд байгаа тээврийн хэрэгслийг хараагүй учраас  очиж мөргөж осол гаргасан. Архи  согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй замын цагдаа драгер багажаар шалгаж үзсэн. Би хохирогч Д.У эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зардалд нэхэгдсэн төлбөр мөнгийг өгөх гэсэн боловч хүүхдийнхээ дансыг өгөөд байсан учир тухайн  эмчилгээний зардлын мөнгийг өгөөгүй. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн  хохирол болох 1,577,500 төгрөгийг Д.У дансанд өнөөдөр шилжүүлсэн байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/ зэрэг нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан санал, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ё.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *******багийн нутаг дэвсгэр ****** хүнсний дэлгүүрийн урд талын уулзварт 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ниссан ваннет загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Марк X загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Д.У эрүүл мэндэд хүзүүний нугалмын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан зөрчлийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч Д.У өгсөн мэдүүлэг, гэрч Д.Н мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36, 37 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 281 дугаартай автомашин техник эвдрэл гэмтлийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, иргэний нэхэмжлэгч Г.А мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд Ё.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэсэн дүгнэлт,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гаргасан санал, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ё.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *******багийн нутаг дэвсгэр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрсний улмаас Д.У эрүүл мэндэд хүзүүний нугалмын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрөө барагдуул, залуу хүүхэд учир гомдол саналгүй гэсэн талаар хандаж байсан. Шүүхийн шатанд шүүгдэгч өөрийн санаачилгаараа ээжийнхээ тусламжтай 5,000,000 төгрөг төлсөн учир хохирол төлбөр төлсөн байна. Үлдэх 5 сая төгрөг дээр эвлэрсэн..” гэх санал дүгнэлт,

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч   Н.Буяндалай гаргасан санал, дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч 2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж хохирогч Д.У биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хохирогчид учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ё.М болон түүний өмгөөлөгч Н.Буяндалай нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  хохирогч Д.У-ын хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг,  шүүгдэгч  Ё.Мийн жолоодож явсан ниссан ваннет загварын *******улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  иргэн Д.Н эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл болохыг гэрчилсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрч Д.Н өгсөн мэдүүлэг, хохирогч Д.У эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч   Д.У нь ослын улмаас түргэн тусламжийн үйлчилгээ авсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн мэдүүлэг, хохирогч  Д.У биед  хүндэвтэр гэмтэл үүссэн болохыг тогтоосон  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт,  Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар  хавсралтаар баталсан хохирогчийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл  тогтоосныг  хүлээн зөвшөөрсөн маягт, эд хөрөнгөнд эвдрэл гэмтэл учирсныг тогтоосон Ашид билгүүн ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг 281 дугаартай шинжээчийн дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн магадлагаа зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч  Ё.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” хүнсний дэлгүүрийн урд талын уулзварт 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ниссан ваннет загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг  зөрсөний улмаас Марк X загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Д.У эрүүл мэндэд хүзүүний нугалмын сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.У  биед хүзүүний нугалмын сэртэнгийн хугарал бүхий гэмтэл үүссэн болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ё.Мийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Тодруулбал: тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ё.М нь  Ниссан ваннет загварын ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

         Шүүгдэгч  Ё.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ё.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ё.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           Шүүгдэгч Ё.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.У эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай  дүгнэлтээр, эд хөрөнгөнд 1.577.500  төгрөгийн хохирол учирсан болох нь  Ашид билгүүн ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг 281 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

            Шүүгдэгч Ё.М нь эд хөрөнгөнд учирсан 1.577.500  төгрөгийн хохирол төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн: “хохирогч Д.У Хас банкны  ********дугаартай дансанд “М.Жоос машин засварын хохирол төлөв” гэх утга бүхий 1.580.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.У нь  эм, эмчилгээ, тээврийн  зардалд 6,945,114 төгрөг болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөрийг мөн нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж  хэрэгт /хх-ийн  92-126 / талд авагдсан баримт, мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 67/-д зэрэг нотлох баримтыг тус тус  хавсарган ирүүлсэн байх ба шүүгдэгч Ё.М, хохирогч Д.У нар нь шүүхийн шатанд эвлэрэн хэлэлцэж хохирогч Д.У болон түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр, шүүгдэгч Ё.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай нар нь:  “..10,000,000 төгрөгөөр тохиролцоод 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг 5 дугаар сард багтаан өгөхөөр тохиролцон. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэх байдлаар тохиролцсон...” гэх мэдүүлэг тайлбарыг тус тус өгч байх тул шүүгдэгч  Ё.Моос 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5.000.000 төгрөгийг гаргуулж  хохирогч  Д.Уд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  Г.А тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  174.532 төгрөгийг шүүгдэгч  Ё.Моос нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч  Ё.М нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  нийт 174.532   төгрөгийг шүүгдэгч Ё.М нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны  өдөр төлсөн Хаан банкны  мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч  Ё.Мийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ё.Мийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Улсын яллагч Э.Гэрэлтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ё.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал болохыг дурдаж, шүүгдэгч Ё.М нь хэрэг хариуцах чадвартай, эрхэлсэн тодорхой ажилтай, мөрдөн байцаах шат болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Г.А учирсан хохирлыг бүрэн барагдуулсан хохирогч Д.Уд 6,580,000 төгрөгийн хохиролд нөхөн төлсөн цаашид 5,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөөр тохиролцсон зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолох, хохирогч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт 10,000,000 төгрөг авахаар хохирогчтой тохиролцсон гэх тул сэтгэцэд учирсан хор уршгийн болон хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж шүүгдэгч Ё.Моос 5,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэх санал дүгнэлт,

             Хохирогчийн өмгөөлөгч  Л.Цогтбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 3,600,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Шүүгдэгч нь 21 настай залуу байсан байна. Санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. Хохирол төлөх талаар санаачилга гаргаад өнөөдрийн шүүх хуралдаанд төлж байгаа зүйлийг харгалзан үзэж ялын доод хэмжээ 2,700,000 төгрөгөөр торгоход хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол санал байхгүй. Гурван төрлийн ялын санкцитай.  Торгох ял, зорчих эрх хязгаарлах ял, нийтэд тустай амжил хийлгэх ял гэсэн санкцитай. Ё.М нь ажил хөдөлмөр эрхэлдэг учир нийтэд тустай ял, 6 сараас 3 жил хүртэл зорчих эрх хязгаарлах ял тохирохгүй гэж үзээд торгуулийн доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж санал болгож байна. Хохирогчид 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө 5,000,000 төгрөг төлөхөөр болсон гэв....” гэх санал дүгнэлтийг гаргажээ.

               Шүүгдэгчийн өмгөөлөгч  Н.Буяндалай эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гурван төрлийн ялын санкцитай. Хөх толгой гэдэг нь ***нутагт байрлалтай ажлын байр нь Мөрөн сумын нутагт байрлалтай. Түгээлтийн ажилтан гэдэг утгаараа явна. Ийм учир зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахгүй байгаа ч гэсэн хүсэж байна. Торгох ялыг оногдуулж өгөөч. Хохирол төлбөртэй асуудал яригдаж байгаа учир торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгөөч. Торгох ялын доод хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл ногдуулж  өгөөч..” гэсэн санал дүгнэлтийг  тус тус гаргажээ.

              Шүүгдэгч Ё.Мийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч Ё.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ё.Мийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 1 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүгдэгч Ё.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Ё.М-д тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

           Шүүгдэгч Ё.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид  төлөх төлбөргүй,  хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.  Шүүгдэгч Ё.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.   Шүүгдэгч Ё.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2  (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 ( хоёр сая найман зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М-д оногдуулсан 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 ( хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 5.   Шүүгдэгч Ё.М-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ё.М-оос 5.000.000 (таван сая) төгрөгийг 2025 оны 06 дугаар  сарын 01-ний өдрийн дотор гаргуулж хохирогч  Д.Уд олгосугай.

 7.  Энэ хэрэгт шүүгдэгч Ё.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичигггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ДӨЛГӨӨН