Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/03261

 

 

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/03261

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э С Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө.М -д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 7,187,501 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч иргэн Ө.М нь нэхэмжлэгч Э С Э ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ-г бичгээр байгуулж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1-р хороо, ******* гудамжинд байрлалтай *******-р байр, ******* тауэр үйлчилгээний төвийн 01 дүгээр давхарт байрлах үйлчилгээний зориулалттай талбайгаас хэсэгчлэн 150 м.кв талбайг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэсэн юм. Гэвч Ө.М нь тус гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүргээ удаа дараа биелүүлэхгүй байсан учир манай компани 2018.11.26 болон 2018.12.14-ний өдөр тус тус түрээсийн төлбөрөө яаралтай төлөхийг шаардсан албан тоот хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй учир бид 2019.01.04-ний өдөр 1/004 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотоор тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.5-д заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мэдэгдэл өгсөн бөгөөд түрээслэгч Ө.М нь цаашид мөн түрээслэх боломжгүйгээ албан тоотоор мэдэгдэж тус өдрөөр тасалбар болгон түрээсийн хугацаагаа дуусган түрээсийн байрыг хүлээлцсэн. Ийнхүү түрээсийн гэрээг цуцалснаас хойш түрээслэсэн хугацааны түрээсийн телбөрийг Ө.М нь албан бичгээр 2019 оны 03 дугаар сараас эхлэн 3 сард хувааж төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул бид түүнд хугацаа олгон хүлээсэн боловч хэлсэн хугацаандаа төлбөрөө төлөхгүй, манай компанийн зүгээс түүнээс түрээсийн төлбөр төлөхийг шаардан утасдах зэрэг боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч утсаа авахгүй алга болж, эсвэл авахаараа удахгүй төлнө гэх боловч дахин алга болсоор өнөөдрийг хүргэсэн. Иймд хариуцагч Ө.Маас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан түрээсийн үндсэн төлбөрт 2018.10.15-нд төлөх 1,250,000 төгрөг, 2018.11.15-нд төлөх 1,875,000 төгрөг, 2018.12.15-наас гэрээ цуцлах хүртэл өдөр хүртэлх буюу 2019.01.04-нд төлөх 1,666,667 төгрөг нийт 4,*******1,667 төгрөг, Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулсан хоног тутамд түрээсийн төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувьтай тэнцэх алдангийг Түрээслэгч Түрээслүүлэгчид төлнө гэж тохирсоны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцүүлэн алдангид 2,395,834 нийт 7,187,501 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ө овогтой М миний бие 2018.08.15-нд Э С Э ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, *******-р байрны 1 давхарт байрлах 150 м2 талбайг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зорилгоор тохижуулсан. Тухайн обьектод 1 цэцэрлэг байрлана гэснээ хажуу хаалганд цэцэрлэг оруулж орлого үйл ажиллагаа жигдрээгүй улмаар түрээсийн төлбөрөө төлж чадаагүй. Мөн тухайн байрны бохироо соруулах боломжгүйн улмаас бохир үнэртэж үйл ажиллагаа ер нь доголдож эхэлсэн. Мөн Э С Э ХХК-тай байгуулсан гэрээ албан ёсны хүчин төгөлдөр гэрээ биш учир алданги төлөхгүй ба гэрээг хүчингүй гэж үзэж байна. Мөн тухайн байранд байгаа өөрсдийн босгосон хана тохижуулсан тохижилтынхоо зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Доторх эд зүйлээ авах талаар хэлсэн ч өртэй учраас өгөхгүй шүүхээр шийдүүл гэсэн учраас сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э С Э ХХК нь хариуцагч Ө.Мд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 7,187,501 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, түрээслэгч Э С Э ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамжинд байрлалтай *******-р байр, ******* тауэр үйлчилгээний төвийн 01 дүгээр давхрын нийт 150 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг түрээслэгч Ө.Мд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлэхээр тохиролцсон байна. /хх-6-12 тал/

Уг гэрээний дөрөвдүгээр зүйлд түрээсийн төлбөр, тооцоо хийх журмыг тусгаж, түрээсийн байрны нэг сарын түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг байхаар тохирч, 2018.08.15-2018.09.15-нд түрээсийн төлбөргүй, 2018.09.15-2018.10.15-нд сарын түрээсийн 50% 1,250,000 төгрөг, 2018.10.15-2018.11.15-нд 50%, 1,250,000 төгрөг, 2018.11.15-2018.12.15-нд 75% 1,875,000 төгрөг, 2018.12.15-2019.01.15-нд 100% 2,500,000 төгрөг байхаар тохирч уг мөнгийг түрээсийн хугацааны тухайн сар бүрийн 15-ны өдөр төлж байхаар тохирсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээ байна.

Хариуцагч гэрээг хүчин төгөлдөр гэрээ биш гэсэн тайлбар гаргасан боловч үндэслэлээ тайлбарлаагүй, түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч түрээсийн төлбөр төлөх үүргээ биелээгүй тул нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 21, 2018 оны 12 сарын 04, 2019 оны 01 сарын 04-ний өдрүүдэд түрээсийн төлбөр төлөхийг шаардаж, төлөөгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мэдэгдлийг өгсөн байна. /хх-13-16 тал/

Хариуцагч өөрийн нэрээр бус ******* ******* ******* ХХК-ийн нэрээр түрээсийн төлбөрийг хувааж төлөх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байна.

Хариуцагч түрээсийн төлбөр төлөөгүй тул нэхэмжлэгч түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, түрэээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

Түрээсийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 3 сар 20 хоногийн төлбөр 4,*******1,667 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 2,395,834 төгрөг, нийт 7,187,501 төгрөгийн тооцоолол нь үндэслэлтэй тул хариуцагч Ө.Маас түрээсийн төлбөр 4,*******1,667 төгрөг, алданги 2,395,834 төгрөг, нийт 7,187,501 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э С Э ХХК-д олгож шийдвэрлэв.

Хариуцагч Ө.Мд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний эзэмшлийн утсаар руу залгахад холбогдох боломжгүй байгаа ба шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлэхэд оршин суух хаягтаа бүртгэлтэй боловч, оршин суудаггүй гэсэн Засаг даргын тодорхойлолт, шуудангийн магадлагаа ирсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хариуцагчид хүргүүлсэн тооцон хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагч нь түрээсийн байр тохижуулсан зардлаа гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргана гэсэн боловч гаргаагүй, өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ө.Маас түрээсийн төлбөр 4,*******1,667 төгрөг, алданги 2,395,834 төгрөг, нийт 7,187,501 /долоон сая нэг зуун наян долоон мянга таван зуун нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э С Э ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,950.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129,950.02 /нэг зуун хорин есөн мянга есөн зуун тавин төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ