| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Л.Төвхүү |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
2025 01 22 2025/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Л.Төвхүү,
шүүгдэгч С.П нарыг оролцуулан,
Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.П-д холбогдох эрүүгийн 2425000000755 дугаартай, 312/2025/0028/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.П, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “****” ХХК-д механик засварчин ажилтай, ам бүл * ээж, эгч, дүү нарын хамт ******** ****** ****** ** дүгээр хороо **-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, РД/**********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 05 цаг 57 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах "*****" зочид буудлын урд Хьюндай ******** * маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.71 промил согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П-ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000000755 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.П нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 05 цаг 57 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах "*****" зочид буудлын урд Хьюндай ********* маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.71 промил согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож, бетон хавтан мөргөж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П-ын өгсөн: Би ажлаасаа буугаад, хүргэн ахтайгаа наашаа ирж байгаад маргалдсан. Тэгээд өөрийн мэдэлгүй ийм үйлдэл гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэрнээс хойш зөндөө юм ойлгож ухаарсан. Найзынхаа машины сэлбэгийг нь аваад засаад өгсөн. 1.500.000 төгрөг болсон байх гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. С.П нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргаж бетонон шат мөргөсөн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
2. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурлын хэмжээ шалгасан баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /Хавтаст хэргийн 7-13 дахь тал/
3. Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн "**************" гэсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "...Бичлэгийн 05 цаг 55 минут 10 секундэд буудлаас гарч ирж байгаа бололтой 2 эрэгтэй хүн алхаж ирээд зогсоолд байсан мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлд сууж байлаа. Уг 2 хүний ардаа цагаан канттай куртиктэй эрэгтэй нь уг тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгаар сууж байлаа. Мөн уг 2 хүний араас ахин 1 эрэгтэй хүн алхаж ирээд тээврийн хэрэгслийн арын суудалд сууж байлаа. Бичлэгийн 05 цаг 56 минут 10 секундэд мөнгөлөг саарал өнгийн тээврийн нь зогсоолоос ухарч авто зам руу гараад урагшаа чигээрээ явж байлаа. Мөн "Хангайн бүс" худалдааны төвийн урд талын авто замыг харж буй камерыг шүүхэд бичлэгийн 05 цаг 57 минут 28 секундэд мөнгөлөг саарал өнгийн суудлын зүүн тийш салах уулзвараар эргэж чигээрээ яваад юм мөргөөд зогсож байлаа. Уг тээврийн хэрэгсэл нь хурдтай явах ба зогсоох арга хэмжээ авагдахгүй байлаа..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /Хавтаст хэргийн 17-20 дахь тал/
4. Гэрч **********-ны "... Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагаас 11 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг хүртэл Орхон аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнт эргүүлээр олон нийтийн цагдаа **********-ийн хамт үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгтэл 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цаг 01 минутад жижүүрээс "*****” төвийн урд машин шон мөргөчихсөн байна" гэдэг дуудлагыг дамжуулсан юм. Дуудлагын дагуу Уурхайчин багийн нутаг ***** төвийн урд очиход Хюндай ******** загварын саарал өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь бетонон шат маягийн зүйл мөргөчихсөн байдалтай, хажууд нь хүнгүй байсан. Ингээд тус машиныг журмын хашаа руу ачуулж байтал машины эзэн гээд хүн ирчихлээ гэхээр нь би буцаж очтол машины эзэн гэх Э гэдэг залуу байсан. Машины цонхоор харахад Дотор нь **-** УЕК улсын дугаарыг тайлаад хийчихсэн байсан. Би **********-аас хэн машин барьж явсан юм бэ гэхэд манай найзын найз охин нь барьж явсан, найзын маань нуруу хугараад эмнэлэг дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би *********-ыг дагуулаад камерын төв орж бичлэг шүүж үзэхэд жолооч нуруу нь хугарсан гэх С.П гэгч нь жолоо барьж хөдөлж байгаа бичлэг байсан юм. Тэгээд эмнэлэг орж С.П-ын найз охин гэгчтэй уулзахад эхлээд би машин барьсан гэснээ сүүлдээ за ахаа уучлаарай миний найз залуу С.П барьсан юм аа, тэрээр эрхээ хасуулчихсан учраас айсан юм аа гэж хэлсэн. Мөн С.П-тай уулзахад тэрээр жолоо барьснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг согтолтыг драйгер багажаар шалгахад 0,71 хувийн согтолттой гарсан юм. С.П нь жолоо барьж, түүний хажууд найз эмэгтэй нь сууж, мөн ард нь ********** болон бас нэг залуу нар сууж явсан гэж хэлсэн юм..." гэсэн мэдүүлэг, /Хавтаст хэргийн 31-32 дахь тал/
5. Гэрч *********-ын "...Буудалд орохоос өмнө ************-ийг гэрт нь хүргэж өгсөн бөгөөд буудал руу *********, ********, ********* бид 4 орж 2,5 литрийн Сэнгүр пиво хоёрыг хувааж уусан. Мөн 0,75 литрийн 1 шил архийг задалж уусан бөгөөд эхний нэг нэг хундага ууж байтал ********* нь санамсаргүй хажуугаар нь гарахдаа унагаад хагалчихсан юм. .... Тэгээд ********* жолоо барьж, би жолоочийн яг ард, ********** нь *********-ийн яг ард арын суудал дээр сууж Бараан захын урд зогсоол буюу ***********-ын машин руу явсан. ************ жолооны ард суугаад л аймар ухарч гараад дэвсчихсэн бөгөөд тэгээд аюулгүйн тойргоор зүүн тийшээгээ эргэж явж байгаад юм мөргөөд зогсчихсон юм. Тухайн үед тэрээр их хурдтай явсан бөгөөд моторын заалт нь 4-5-ын хооронд байсан. Түүнийг аяар яваач гэж хэлсэн боловч тэрээр тоохгүй байсан юм. Юм мөргөөд зогссоны дараа бид нар машинаас буусан бөгөөд ******** нь нуруу өвдөөд байна гээд газар суусан. Тэгээд ******* нь **********ыг аваад эмнэлэг руу явсан. ..." гэсэн мэдүүлэг, /Хавтаст хэргийн 34-35 дахь тал/
6. Гэрч Д.Б-ын"...Тус буудлын 3 давхарт нэг өрөөг П авсан бөгөөд бид 4 буудалд 2,5 литрийн 2 ширхэг пиво, 0,75 литрийн 1 шил архийг хувааж уусан. Архи талдаа явж байтал П санамсаргүй архийг унагаад асгачихсан юм. Мөн нэг пиво нь дуусаад нөгөө пиво нь талдаа орж байсан юм. Тэгээд байж байтал П, М нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Яг юунаас болсныг нь мэдээгүй юм. Тэгээд П нь машиндаа очиж амаръя гээд бид нар бүгдээрээ буудлаас гарсан. Ингээд Э-ын машиныг П жолоодоод, түүний хажуу талын урд суудалд М суугаад, арын суудал дээр Э бид 2 суугаад явсан. Би яг М-ийн ард сууж явсан юм. Тухайн үед П нь хурдтай явж байсан бөгөөд би Э-тай юм яриад явж байтал нэг мэдсэн чинь тус тас болоод зогсчихсон юм. Тэгээд машинаас буутал бараан захын зүүн талд байх Ц төвийн урд нэг цементэн юм мөргөөд зогсчихсон, хамар нь жаахан дээр нь гарчихсан байсан юм. Машинаас буутал зам дээр байсан хүүхдүүд ирээд цагдаа дууд гэхээр нь бид нар өөрсдөө мэдье гэж хэлсэн. ..." гэсэн мэдүүлэг, /Хавтаст хэргийн 36-37 дох тал/
7. Гэрч Б.М-ийн "...П нь Э-ын машиныг жолоодоод, би түүний хажуу талын урд суудалд суугаад, нөгөө 2 ард суугаад бид нар бараан зах руу П-ын машин руу явсан юм. Тэгээд явж байгаад нэг мэдсэн чинь бараан зах руу эргээд юм мөргөөд зогссон юм. Тухайн үед ер нь хурдтай явсан бөгөөд км цагийг нь хараагүй юм. Би архи пивоноос уугаагүй бөгөөд тэр 3 л хувааж уусан, П согтолтын хувьд гайгүй байсан юм. Осол болох үед би хамгаалах бүс хэрэглэсэн, П хэрэглээгүй байсан юм. ...” гэсэн мэдүүлэг, /Хавтаст хэргийн 38-39 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Б.М, Х.Э, Д.Б, Б.М, шүүгдэгч С.П нарын өгсөн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/1020 дугаартай шийтгэвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч С.П нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1020 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” зочид буудлын урд Хьюндай ********** маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, бетонон хавтанг мөргөж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.П нь 0,71% промиль согтолттой байсан нь Alcotest 7510 загварын багажаар шалгасан баримтаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар С.П-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.П-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч С.П-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж,
шүүгдэгч С.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч С.П нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.П-ын согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Х.Э-ын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь “шүүгдэгчтэй найз нөхдийн холбоотой тул үнэлгээ гаргуулахгүй, тохиролцсон тул гомдол, саналгүй” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Х.Э-ын тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгөөр сэлбэгийг нь аваад засаж өгсөн” гэдгээ тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.П-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.П-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд иргэний нэхэмжлэгч Х.Э-т учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч С.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч С.П нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт С-ын П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П нь шүүхээс оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.П-д сануулсугай.
5. Шүүгдэгч С.П нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч С.П нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Х.Э нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ