| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0022/ |
| Дугаар | 2025/ШЦТ/37 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ганулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Д.Д,
хохирогч Ж.С нарыг оролцуулан,
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай, 312/2025/00**/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** овогт ************гийн ***********, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, *******, ******** боловсролтой, ******* мэргэжилтэй, Орхон аймгийн ** дугаар ********** ******** ажилтай, ам бүл *, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн ************* сумын ************* баг **-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:**************/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Д нь **** оны ** дүгээр сарын **-ны өдөр хохирогч Ж.С-тай утсаар “эмээгээ Булган аймаг руу хүргэж өгөх талаар" маргалдаж улмаар Орхон аймгийн ********** сумын ********* багийн нутаг *-** дугаар байранд байрлах Ж.С-ын ажлын байран дээр очиж дахин хэрүүл маргаан үүсгэж Ж.С-ын бие эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас тархи доргилт, баруун нүдний зовхи, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д, Ж.С нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000000785 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ж.С-тай утсаар “ээж /эмээ/ Булган аймаг руу явах, явахгүйг та нар шийдэхгүй" гэх шалтгаанаар маргалдаж улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн нутаг *-** дугаар байранд байрлах хохирогч Ж.С-ын ажлын байран дээр нь очиж дахин хэрүүл маргаан үүсгэж, Ж.С-ын бие эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас түүнд тархи доргилт, баруун нүдний зовхи, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-ийн өгсөн: Нэгэнт тодорхой учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.С-ын өгсөн: Шүүхийн өмнө юуг нь нуух вэ, олон жил амьдралаа алдаж, архины хамааралтай явсан. Хамгийн хайртай хүмүүсээ алдаж, салсан. Харин одоо архи уруулдаа хүргэхгүйгээр 6 жил эрүүл саруул явж байна. АА уулзалт, цуглаанд яваад алдаа бүхнээ засах гээд өдөр болгон хичээж явж байгаа. Ингээд явж байх хугацаандаа 70 хувийн группэд орсон. Унаж татдаг, тархины хүнд гэмтэлтэй болсон. 2017 билүү 2016 оны үед энэ ахдаа аймаар зодуулж байсан. Тухайн үед өөрийгөө буруутгаад би архи уудаг юм чинь, би архичин юм чинь, миний буруу, олигтой үг хэлээгүй байлгүй, хүнийг ийм байдалд оруулсан хохино гээд өнгөрсөн. Сорви нь уруулын маань доод хэсэгт байгаа, зодож байхад нь ч хэлж байсан. Би 2020 онд зүрхний шигдээс гэдэг оношоор хойд эмнэлэгт сэхээн амьдруулах хүлээн авах тасагт хэвтэж байсан. Өнгөрсөн амьдралынхаа хар муу муухай болгоноос болж биегүй болсон гэж боддог. Гэхдээ өөрийнхөө зан чанар, бүх зүйлийг засах гээд Орхон аймгийн АА-д уулзалт, цуглаанд яваад 9 жил гаран болж байна. Эрүүл саруул өөртөө үнэнчээр 6 жил явж байгаа. Буцаад маш олон жил завсардсан байсан ажилдаа орсон, надад итгэл үзүүлсэн. Тэр үүднээсээ ч би эмээгээ асар олон жил зовоосон гэж боддог. Ээжийгээ ч гэсэн олон хоног нойргүй хонуулсан байх гэж бодож явдаг. Амьд байгаа хугацаанд нь чадлынхаа чинээгээр баярлуулж чадахгүй юм аа гэхэд тусалчих юм сан гэсэн үүднээс аяга цайных нь сүүг дөхүүлээд өгье гэсэн сэдлээр ярьсан. Би үнэнээс холдохгүй гэдгийг өнгөрсөн амьдралынхаа турш ойлгосон. Энэ хүн намайг ажлын байран дээр чинь очиж ална гэхээр нь хүрээд ир, би ажлын байрандаа байна гэсэн. Ирж намайг зодоход нь Монгол улс хууль, шүүхтэй шүү гэж хэлсэн. Миний эмээ 90 нас гарсан хэвтэрт байдаг хөгшин. Би тэтгэврийг нь булаацалдаж байгаа юм биш, эмээ тэтгэврээ аваад үр хүүхдүүд, ач, зээ нартаа нэг удаа таван чихэр тарааж байсныг нь санадаггүй. Яагаад ч юм энэ хүнд гомдож явдаг, улсаас насаараа ажилласан тэтгэврээ тэр хүн өөрөө авах ёстой. Би тэр хөгшний тэтгэврийг булаацалдаагүй. Энэ дээр гомдож асар олон жил сэтгэлдээ тээж явсан. Хүн чанар хаана байдаг гэдгийг өөрөөс нь асуумаар байна. Миний өвчин эдгээгүй, би өвчтэй байна. Тухайн үйл явдал болсноос хойш 10 хоног эмнэлэгт хэвтсэн. 5 хоног хоёр хөл маань янгинаад мэдээгүй болоод байсан, хөл байнгын өвчтэй байгаа. Эмчлэгч эмч маань таны нуруу гэмтэлтэй байна гэсэн. Зодуулснаас хойш нуруун дээр хөх няц болсон байсан. Би компьютер засдаг, энэ хүн намайг цохиход би хүний янзлах гэж байсан процессор дээр нуруугаараа унасан. Нуруу, хөл маань байнгын янгинаж өвдөж байгаа. Өнөөдөр ч гэсэн халаасандаа өвчин намдаах эм аваад явж байна. Имрайд харуул гэхээр нь Медипас эмнэлгийн имрайд харуулах гэхэд 600,000- 700.000 төгрөг нэхсэн. Би энэ үйл явдлаас болж ганцхан бие эрхтнээрээ хохироогүй. 14, 15 хоног цалин аваагүй, ипотекийн зээлээр байр авсан байгаа. Миний эхнэр гээд байгаа хүн надтай сүүлд суусан. Эхнэр, хүүхэд хоёр маань намайг архичин байхад салаад явсан. Амьдралыг шинээр эхлүүлж яваа залуу байгаа юм. Би хэзээ ч худлаа байж болохгүй гэдгийг өнгөрсөн амьдралынхаа турш ойлгосон. Хорвоо дээр үнэн л үлддэг юм билээ. Үүнийг арьс, цус, мах биеэрээ ойлгосон. Би гудамжинд явсан, нийгэмшүүлэхээс нийгэмшүүлэх дамжиж явдаг байсан. Шүүх танхимд хамгийн сүүлд би архи уухгүй гэж хэлээд андгай тангараг өргөөд 6 жилийн өмнө гарч байсан. Буцаад 6 жилийн дараа эрүүл орж ирж байна. Би хэн нэгнээр өрөвдүүлэх гэж ийм зүйл яриагүй. Энэ хүнийг ойлгосон, дээрэлхүү юм билээ, ганцаараа юм уу ядарсан хүнийг их дээрэлхдэг юм билээ. Сүүлийн 9 жил гаран оюун санааны хөтөлбөр гэдэг зүйлээр явж байгаа хүний хувьд үүнийг ойлгосон. Би Монгол улс хуультай, шүүхтэй шүү гэж зодуулж байхдаа хэлсэн. Энэ хүн эмнэлгээс авсан магадалгаан дээр намайг худлаа юм гаргаж өглөө гэж байх шиг байна. Би үнэн амьдрахыг хичээж яваа. Ажлаа арваад хоног алдсан байсан учраас сарын сүүлээр цалин орохоор нь аптекаас эмчийн хэрэглэ гэсэн бүх эм тариаг авч хэрэглэсэн. Баримтуудыг аптек гаргаж өгсөн. Эрүүл мэнд маань зүгээр болоогүй. Ах дүүсийн холбоотой учраас хот явж сэтгэл санааны хохирлоо тодорхойлоогүйн үүднээс ийм зүйл ярих шиг боллоо. Хоёр хөл маань байнгын өвчтэй янгинаад байгаа, нурууны гэмтлийг имрайгаар тодруулах боломжтой гэж эмч хэлсэн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хяналтын камерт үзлэг хийсэн “...Бичлэгийн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18:53:22 цагт саарал цамцтай, хар өмдтэй хүн саарал цамцтай саарал өмдтэй хүнийг 7 удаа толгой хэсэг рүү нь цохиход тухайн залуу газар хэвтсэн болохыг харуулав. Бичлэгийн 18:54:27 цагт тээврийн хэрэгслээс хар куртиктэй хар өмдтэй саарал малгайтай цамцтай эрэгтэй хүн тээврийн хэрэгслээс бууж ирээд саарал өмдтэй саарал цамцтай залуугийн нүүр рүү нэг удаа цохиж байгааг харуулж байв. Бичлэгийн 19:00:35 цагт ногоон куртиктэй хар өмдтэй эрэгтэй хүн сууж байгаа саарал өнгийн өмд, цамцтай залууг 1 удаа өшиглөж, нэг удаа цохиж байгааг харуулж байв..." гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /Хавтаст хэргийн 15-16 дугаар дахь тал/,
2. Хохирогч Ж.С-ын “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед бэр эгч **********тай утсаар ярихдаа эмээ хаана байгаа вэ танайд байгаа юу Булганд байгаа юу би 10 литр сүү өгөх гэсэн юм аа гэсэн чинь эмээ манайд байна чи ярих юм уу гэхээр нь би эмээтэй ярьсан. Эмээтэй утсаар ярихдаа та Булган явах юм уу эндээ байж байх юм уу явахгүй гэвэл би танд 10 литр сүү аваачиж өгье гэхэд ойрын хэд хоног явахгүй эндээ эмнэлэгт үзүүлнэ гэхээр нь утсаа салгасан. Тэгтэл Болормаа эгчийн утаснаас ээжийн дүү болох Д залгаад энэ хөгшин явах явахгүйг та нар шийднэ гэж байхгүй шүү гээд уурласан... чи их бензин тостой, мөнгө төгрөгтэй болохоороо хүргэж өгөх гээд байгаа юм уу гээд хэл амаар доромжлоод эхлэхээр нь би биеэ барьж дийлэлгүй чи яасан их хүн доромжилдог юм би чамайг хутга шаана гээд хэлчихсэн. Тэгсэн Д ах чи хүнд хутга шаадаг, ах захгүй, чи хаана байгаа юм гэхээр нь ажил дээр орж ирээд алахгүй юу гээд хэлчихсэн юм. Ингээд удалгүй Д ах ажил дээр орж ирээд нүүр рүү цохих үед би газарт унасан чинь дээр дарж сууж байгаад гараараа багалзуурдаж байгаад толгой руу 3-4 удаа гараараа хүчтэй цохиж авсан. Тэгэхээр нь би дотор зодуулж байгаад үхчхэж магадгүй гэж бодоод Д ахыг зуураад намайг ч бас зуураад гадаа гарсан чинь дахин шанаа, дагз хэрэг рүү гараараа цохиод өмссөн байсан цамцаар боож ухаан алдуулж унагаасан. Тэгээд сэрээд босоод ирсэн чинь Д ахын хүү Тэлмэн миний баруун чихний дээд хэсэгт гараараа цохиод наадахыг чинь алчихъя гээд дайрсан чинь Б дундуур ороод салгасан чинь Төгөлдөр гээд том хүү нь хажуу талаас зүүн талын шанаа хэсэгт цохих үед толгой эргээд газарт өвдөглөөд суусан чинь Төгөлдөр дахиж ирээд цамцаар боож дахин толгой руу цохиод авахаар нь гараараа нүүрээ хамгаалсан чинь гаран дээр нэлээн хэдэн удаа цохиод байсан... Миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 21-22, 25 дахь тал/,
3. Гэрч Д.Б-ийн “... 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед бид нар байж байтал манай аав Д өөрийн дүү С-тай гар утсаар яриад маргалдаж байгаад гэрээс гараад машинаа унаад яваад өгсөн. Манай ээж аавынхаа араас яв, янз бүрийн юм болчих вий дээ гэхээр нь би Тэлмэн дүүтэйгээ аавын араас Уурхайчин багт байрлах 3-13 дугаар байранд байдаг С-ын ажлын гадаа очтол С замын хажууд бордюрэн дээр суусан аав, Төгөлдөр ах хоёр хажууд нь зогсож байсан. Аавын нүүрнээс маажсан цус гоожиж байтал Тэлмэн уурлаад чи муу аавыг яаж байгаа юм гээд С-ыг цохих гэтэл аав урдуур нь орж салгаж түлхээд би татаж машин руу холдуулсан юм. Тэгээд тэр хавиар чамайг ална гээд орилж хашхираад байсан. Тэлмэн дэлгүүр рүү явж салфетка аваад иртэл С аав руу үр хүүхдүүдээр чинь оролдоно, чамайг ална гээд орилоод байхаар нь Төгөлдөр ах уурлаад өшиглөх гэтэл аав бид хоёр урдуур нь орж салгасан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 31 дэх тал/,
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1029 дугаартай “...Ж.С-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх тархи доргилт, баруун нүдний зовхи, нуруунд цус хуралт гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Толгойн КТГ шинжилгээгээр хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний ухархайн ханын хугарал гэмтэл оношлогдсон гэмтлүүд хуучин гэмтэл байхаар байна. Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний зовхи, нуруунд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 48-50 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.С, гэрч Д.Б нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1029 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч Д.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ж.С-тай утсаар “ээж /эмээ/ Булган аймаг руу явах, явахгүйг та нар шийдэхгүй" гэх шалтгаанаар маргалдаж улмаар Орхон аймгийн ******* сумын ********* багийн нутаг *-** дугаар байранд байрлах Ж.С-ын ажлын байран дээр очиж дахин хэрүүл маргаан үүсгэж Ж.С-ын бие эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхи, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.С-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний зовхи, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 1029 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Д.Д нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, цохисон үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.Д-ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь Ж.С-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол уршгийг арилгуулахаар хохирогч Ж.С нь эмнэлгийн төлбөр, эм тариа худалдан авсан зардалд 1,311,799 төгрөг, нурууны имерайд харуулах төлбөрт 620.000 төгрөг нийт 1,911,780 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаж, 1,311,780 төгрөгийн нотлох баримтыг хавтаст хэргийн 56-92 дахь талд ирүүлж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас эмнэлэгт хэвтсэний төлбөр, үзлэгийн төлбөр, эм тариа худалдан авсан төлбөр болох 1,311,780 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ж.С-т олгож, нэхэмжлэлээс үлдэх нуруу имерайд харуулах 620.000 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, хохирогч өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч Д.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.Д-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн “...хутга шаана...” гэж хэлсэн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан уурлаж бухимдан бусдын биед халдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.
Хавтаст хэргийн 69-74, 76-79 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа, Булган аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Д нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Д.Д-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-ээс 1,311,780 /нэг сая гурван зуун арван нэг мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогч Орхон аймгийн *********** сумын ****** багийн ********-ын **-** тоотод оршин суух Ж.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй үндэслэлээр нурууны имерайд харуулах 620,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Д-ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт хавсаргагдсан бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********гийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дээс 1,311,780 /нэг сая гурван зуун арван нэг мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогч Орхон аймгийн ************ сумын ******** багийн ***********ын **-** тоотод оршин суух Ж.С РД/*************/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй үндэслэлээр нурууны имерайд харуулах 620,000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Д.Д-ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдсан бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ