Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0963/З |
Дугаар | 128/ШШ2022/0815 |
Огноо | 2022-11-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2022/0815
Хариуцагч прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.А*******ийн дүгнэлттэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц*******ад холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.А*******ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Прокурорын дүгнэлтийн дагуу төрийн сангийн данс бичиж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах боломжтой” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...” гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц******* нь “...2022 оны 08 дүгээр сарын 02-ны өдрийн 0069035 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц*******ын 2022 оны 08 дүгээр сарын 02-ны өдрийн 0069035 дугаартай шийтгэлийн хуудаст прокурорын дүгнэлтэд бичсэний дагуу өөрчлөлт орсон гэж ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.А*******ийн гаргасан “Шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ