Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Э.Мөнхсаруул,

шүүгдэгч Л.Батболд, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Лхамсүрэнгийн Батболд-д холбогдох эрүүгийн 201726010516 дугаартай, 188/2017/0278/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 3-85 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхамсүрэнгийн Батболд /РД:УП98020217/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг : Яллах талын нотлох баримтууд

 

1.1. Хохирогч Э.Мөнхсаруулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр дүүгийнхээ гэрээс орой 00 цаг өнгөрч байхад гараад гудамжинд алхаж явтал нэг залуу өөдөөс дөхөж ирээд ах хүү та хаачих нь вэ гэсэн, ах нь такси барих гээд буудал руу алхаж явна гэхэд тэр залуу ах араас дагаад яв гэхээр нь юу болсон талаар ойлгоогүй, уг залууг танихгүй яагаад ингэж хэлж байгаа юм бол, хүн андуураад байгаа юм болов уу гээд бодож байтал тэр залуу түрүүлээд урд гараад алхаад явахаар нь надад нэг л эвгүй санагдаад санаа зовоод дүү чи ахыгаа яах гээд байна гэсэн тэр залуу над руу эргэж хараад өөд өөдөөсөө харц тулгараад хэсэг зогсох үедээ би тэр залуугийн царайг нь маш сайн харж авсан.  Тэр залуу дээгүүрээ хар бараан өнгийн ар талын далны хэсэгтээ бичиглэлтэй цамц мөн тэгшхэн саравчтай малгайтай байсан. Уг малгайн саравч нь их содон мөнгөлөг саарал өнгийн гялалзсан харагдаж байсан. Уг залууд хандаж ахынх нь дээрээс нисдэг камер ажиллаж байгаа шүү дээ гэсэн чинь тэр залуу ах хүү наад камераа унтраачих гээд өмсөж байсан малгайныхаа саравчыг доошлуулаад царайгаа нуугаад ярьж байснаа гэнэт л намайг хөлөөрөө хавсарч газар унагасан. Миний дээрээс цохиж зодсон үйлдэл хийгээгүй, би босоод шууд л гудамж өгсөөд засмал зам руугаа зугтаасан, би эргээд харсан чинь миний араас нөгөө залуу хөөж байгаа харагдсан, би цаашаа гудамж дагуу хамаг хурдаараа гүйж байтал миний өөдөөс буюу урд талаас араас хөөгөөд гүйгээд байсан залуу гарч ирээд “өст хүн өлийн даваан дээр” гэж хэлээд миний нүүрэн тус баруун нүдний хөмсөгний дээд талд баруун гараараа нэг удаа цохисон. Миний нүд манас гээд явчихсан тэгээд би доошоо тонгойгоод нүдээ бариад хэсэг зогсоод гараа харсан чинь миний гар нил цус болчихсон байсан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэрэг гарсан гудамжны ойролцоо хэсэг залуучуудтай байхад нь өөрөө түрүүлээд эхнэртэйгээ хамт явж байхдаа харсан байсан юм. Намайг харахад миний нүүрэн тус газар цохисон залуу хэрэг гарах үедээ өмсөж байсан хувцастайгаа нөгөө тэгшхэн саравчтай малгайтайгаа мөн байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж, дагуулж ирсэн. Одоо нэхэмжлэх зүйл гэвэл зураг авхуулсан болон бусад эм авсан зардал зэрэг 100,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 х/

 

1.2.Хохирогч Э.Мөнхсаруулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагаан сарын дараа 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр шөнийн 02 цагийн үед шүүгдэгчээс “такси бариад өгөөч” гэж тусламж гуйхад “за ахаа” гэж хэлснээ намайг худагтай гудамж руу дагуулаад явахаар нь айсандаа “миний дээр нисдэг камер ажиллаж байгаа шүү” гэж хэлсэн чинь шүүгдэгч өмсөж явсан малгайгаа доош нь дараад “ахаа нисдэг камераа унтраачих” гэсэн. Би шүүгдэгчид гар хүрээгүй. Шүүгдэгчийг би эхэлж хавсарч унагаагаад транспорматортай гудамжаар зам руу зугтаагаад гүйхэд гудамж тойрч гарч ирээд “өст хүн өлийн даваан дээр” гэсэн. Хэргийн дараа чамайг хайж зөндөө хэрэг гардаг газраар их явсан. Хохиролд их мөнгө гаргасан. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.3. Гэрч Э.Анар-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай төрсөн ах Мөнхсаруул 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн үед манай гэрт ирээд манай нөхөр Мачайчамтай хамт 0.5 гр архи хамт хувааж уусан. Гэхдээ дуустал нь уугаагүй, 2-3 хундага архи ууж харагдсан. Тэгээд ах гэрлүүгээ харилаа гээд 02 цаг өнгөрч байхад манай гэрээс гарч явсан. Би ахыг таныг хүргээд өгөх үү хоноод яв гэхэд би гэртээ харина гээд байсан, тэгэхэд нь таксины мөнгө байгаа юу гэхэд 5000 төгрөг байгаа гээд харуулахаар нь за за насанд хүрсэн хүнтэй зууралдаад яахав гээд явуулсан. 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед манай ах Мөнхсаруул ах нь өчигдөр орой танайхаас гарч яваад худагтай гудамжинд танихгүй хүнд нүүрэндээ цохиулчихлаа гэж хэлж манай гэрт орж ирсэн. Надад хэлэхдээ ахынх нь нүднээс цус гараад цохиулсан газар болон хөтөлийн автобусны буудал дээр гоожоод хатсан ул мөр байна, тэр оройдоо гэртээ харих гээд такси барих гэхэд такси зогсохгүй, алхаж явсаар байгаад гэртээ харисан гэж хэлсэн. Орой 20 цагийн үед хүүхдээ авах гээд буцаж манайд ирэхдээ манай гэрийн ойролцоо явж байгаад манай ах над руу залгаад намайг цохисон залууг харчихлаа энд гудамжинд байна, чи гэрээсээ гараад ир гэхэд нь би гараад Овоотын 5 дугаар гудамжинд очоод ах Мөнхсаруултай уулзаад машинд суугаад цаашаа гудамжаар тойроод улаан худгийн хажуухан талд очоод харахад нилээн хэдэн хүүхдүүд хоорондоо тоглож гүйгээд, миний зүс таних Шунхлай гэх залууг шууд заагаад намайг өчигдөр гудамжинд нүүрэнд цохиод зугтаасан залуу энэ байхгүй юу, чи энэ залууг таних уу харж байсан уу гэхээр нь харж байсан манай гудамжны үзүүрт байдаг Чандмань дэлгүүрт байнга таардаг хүүхэд байна гэж ахдаа хэлсэн. Би жинхэнэ нэрийг нь мэдэхгүй, Чандмань дэлгүүрийн худалдагч эгч тэгж нэрээр нь дуудаж байхад нь сонсож байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 х/

 

1.4. Гэрч О.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн өдөр манай нөхөр дүү Анар-Эрдэнэ-н гэрт байж байгаад шөнө ирсэн. Өглөө нөхөр Мөнхсаруулын нүүрийг харсан чинь баруун талын хөмсөг нь язраад сөхөгдсөн байдалтай харагдахаар нь юу болсон гэж асуусан чинь гудамжинд араас нэг залуу дагаад явж байгаад хажуу талд нь ирээд ахаа хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь автобусны буудал орж такси барих гэж байна гэж хэлсэн юм байна лээ.  Нөгөө залуу араас дагаад яв гэж хэлэхээр нь манай нөхөр дүү яах гэж байна ахынх нь дээрээс камер харж байдаг юм шүү гэж хэлсэн чинь нөгөө залуу нь ахаа та наад камераа унтраачих гээд манай нөхрийг хавираад газар унагаасан гэсэн. Манай нөхөр босоод буудал руугаа зугтаасан чинь газар унагаасан залуу араас нь хэсэг хөөж байсанаа гудамжны үзүүрт очиход хөөхөө больчихсон гэсэн. Тэгээд гудамжны урдаас нөгөө залуу гарч ирээд өст хүн өлийн даваан дээр гэж хэлээд манай нөхрийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод зугтаасан гэж надад өөрөө хэлсэн. Манай нөхөр өөрөө 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр цохиулсан газраа мэдэх гээд цус гоожсон газрынхаа цусыг харчихаад ирье гээд ганцаараа явсан. Мөн тэр өдрөө гэмтэл явж хөмсгөндөө оёдол тавиулсан. …Орой нь энэ гудамжуудаар хэд хэд тойроод яваад үзье гээд машинтайгаа явж байтал хэсэг хүүхдүүд бөөгнөрсөн худгийн ойролцоо зогсож байхад манай нөхөр машиныхаа цонхийг онгойлгоод намайг цохисон залуу тэр дунд зогсож байна, тэр өмссөн малгай нь тэгшхэн саравчтай урд саравч нь сааных шиг гялалзсан байдалтай байсан гэж надад хэлэхээр нь машинтайгаа дөхөж очоод сайн хараад ав хүн гүтгэх юм болно шүү гэсэн чинь манай нөхөр царай нь шөвгөр ясархаг нүүртэй банди байсан гэж хэлсэн. Тэр үед нөхрийнхөө дүү Анар-Эрдэнэ гэрээсээ гараад ирэхээр нь машиндаа суулгаад нөгөө хүүхдүүд бужигнаад байсан гудамжинд очоод дүү Анар-Эрдэнэд намайг цохисон залуу тэр зогсож байна гэж заагаад царайг нь харуулахад Анар-Эрдэнэ энэ залуу манай Чандмань дэлгүүрээр байнга орж гараад байдаг хүүхэд байна, царайг нь танина, нэрийг нь мэдэхгүй гэж хэлж байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 х/

 

1.5. Шинжээчийн ¹3475 тоот дүгнэлт:

            1.Э.Мөнхсаруулын биед баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсгөнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Ш.Цэцэгмаа /хх-ийн 34 х/

 

1.6. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 х/

1.7. Эд зүйлийг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15 х/

1.8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18 х/

1.9. Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20 х/

1.10. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-22 х/

 

Хоёр : Хувийн байдлын талаарх нотлох баримтууд :

 

2.1. Гэрч Б.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2 хүүтэй, том хүү одоо 29 настай, удаах хүү Батболд 1998 оны 02 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, сургуулийн өмнөх боловсрол эзэмшээгүй, 2006 онд найман настайдаа Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд элсэн орж суралцаад 8 дугаар анги төгссөн. 2014 онд Төв аймгийн заамар суманд мэргэжил сургалт үйлдвэрийн төвд гагнуурчин мэргэжлээр 2 жил суралцаж төгссөн. Миний хүү Батболд хүнд тусархаг өөрийн гэсэн бодолтой, өөрөө ямар нэгэн муу зуршил байхгүй архи тамхи хэрэглээд байдаггүй, харин их түргэн зантай хүүхэд. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 х/

2.2. Оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 46 х/

2.3. Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 х/

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 х/

2.5. Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 69-70 х/

 

Гурав. Хохирлын талаарх нотлох баримт :

3.1. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн кассын орлогын ордер /хх-ийн 44 х/

 

Дөрөв : Бусад нотлох баримтууд

4.1. Шүүгдэгч Л.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр 01 цагийн үед 10 дугаар хороололд найз Ганбаагийнд очих гээд гэрээсээ гараад автобусны буудал руу ороод доошоо клонк уруудаад алхаад явж байхад 3 дугаар гудамжны үзүүр дээр нэг согтуу ах надтай таараад ах нь гандан орно 500 төгрөг өгье ахдаа такси зогсоогоод өгөөч гэж надад хэлсэн. Би гараа өргөөд такси зогсоогоод хороолол явах уу гэсэн чинь нөгөө согтуу ахыг хараад зогсохгүй байсан, цаашаа алхаад доошоо уруудаад нөгөө согтуу ах намайг сугадаад зам дагуу алхаад явж байхдаа танайх хаана байдаг юм, чи гэртээ байхгүй юу хийж байгаа юм гэхэд нь би найзындаа очих гээд явж байна гэтэл тэр согтуу ах хоёулаа нэг шил архи авч ууя, надад 10,000 төгрөг байна чамд мөнгө байна уу мөнгөө нийлүүлээд архи авч ууя гэхээр нь би архи уудаггүй ээ, тэглээ ч дэлгүүр хаасан байгаа гэж хэлсэн. Буурал ээжийн гэх автобусны буудлын наад талд байдаг худгийн овгор дээр тэр согтуу ах суугаад би согтоод байна явж чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би согтоод явж чадахгүй байна гэж хэлсэн. Тэр согтуу ах хоёулаа ингэж алхаж явж байхаар танайд очиж хоноё ах нь 5000 төгрөг өгье гэхээр нь би за за гээд зөвшөөрөөд тэр ахыг дагуулаад буцаад гэрлүүгээ алхаж явсан. Тэр ах намайг гэнэт чи яагаад намайг гудамж тойруулаад сүлбүүлээд яваад байна миний дээрээс нисдэг камер харж байгаа шүү гээд байн байн куртикныхээ захын ирмэг хэсгийг эргүүлээд камераа явуул гээд хүнтэй яриад байгаа юм шиг байсан. Алхаж явж байхдаа гэнэт уурлаад намайг заамдаад авсан, ахаа та яагаад байгаа юм бэ гэсэн чинь өө за за ах нь согтсон байна гэж хэлээд тэгээд гэнэт надаас 5000 төгрөг нэхээд байхаар нь би та юун мөнгө нэхээд байгаа юм бэ гэсэн чинь намайг газар хавсарч унагачихаад цаашаа гудамж руу ороод бие засаад зогсож байсан. Би дөнгөж газраас босч ирсэн чинь намайг гартаа чулуу барисан гэж бодсон байх цаашаа гэнэт зугтаагаад явсан. Би араас нь гүйгээд ядраад тамхи татаад гэрлүүгээ харих гээд алхаад булан эргээд гараад иртэл нөгөө согтуу зугтаасан ах өөдөөс гарч ирээд миний өөдөөс харж зогсоод зангаж зангаж байгаад миний цээжин тус газар жийгээд би газар унасан. Тэгээд тэр ах өөрөө цаашаа зугтааж байхдаа газар нүүрээрээ унасан. Би яаж хүнд зүгээр зодуулах вэ гээд араас нь очоод өшиглөх гэтэл дээшээ зам руу цагдаа гээд орилоод зугтсан. Зугтааж байхдаа газар бүдэрч унаад нүдээ бариад цаашаа гүйгээд явсан. Тухайн өдөр би хар өнгийн ардаа бичигтэй цамц, доогуураа жинсэн өмдтэй байсан. Дээгүүрээ танд хураалгасан саравчтай малгайгаа өмссөн байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж, хүлээн зөвшөөрч байна. Би уг хүнд учруулсан хохирлоо барагдуулнаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 х/

 

4.2. Шүүгдэгч Л.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр шиг санагдаж байна. Шөнийн 00 цагийн үед найзынхаа ээж аавтай нь золгохоор явж байсан. Хохирогч хашаа түшээд зогсож байсан. Намайг такси бариад өг гэхээр нь би нэг такси зогсоосон чинь таксины жолооч хохирогч ахыг харж байснаа авахгүйгээр хөдлөөд явсан. Хохирогч ах бид хоёр гудамж уруудаад алхаж байхад “намайг хаана байдаг юм бэ?” гэж асуухаар нь би “манайх Баянхошуунд байдаг” гэж хэлсэн. Хохирогч надаас “мөнгө байна уу?, нийлээд архи авч ууя” гэсэн “надад мөнгө байхгүй” гэхэд хохирогч ах гудамж сүлжээд, нисдэг камер яриад намайг хавсарч унагаасан. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглээс/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

            Л.Батболд нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Овоотын 1 дүгээр гудамжинд 2017 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд архидан согтуурсан явсан иргэн Э.Мөнхсаруултай гудамжинд тааралдаж ямар ч шалтаг шалтгаангүйгээр түүнийг хавсран унагааж улмаар гудамж тойроод зугтаад явахаар нь гудамжны үзүүрт зогсож байгаад нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 

Хохирогч Э.Мөнхсаруулын : “...Тухайн өдөр дүүгийнхээ гэрээс орой 00 цаг өнгөрч байхад гараад гудамжинд алхаж явтал нэг залуу өөдөөс дөхөж ирээд ах хүү та хаачих нь вэ гэсэн, ах нь такси барих гээд буудал руу алхаж явна гэхэд тэр залуу ах араас дагаад яв гэхээр нь юу болсон талаар ойлгоогүй, уг залууг танихгүй яагаад ингэж хэлж байгаа юм бол, хүн андуураад байгаа юм болов уу гээд бодож байтал тэр залуу түрүүлээд урд гараад алхаад явахаар нь надад нэг л эвгүй санагдаад санаа зовоод дүү чи ахыгаа яах гээд байна гэсэн тэр залуу над руу эргэж хараад өөд өөдөөсөө харц тулгараад хэсэг зогсох үедээ би тэр залуугийн царайг нь маш сайн харж авсан.  ... Уг залууд хандаж ахынх нь дээрээс нисдэг камер ажиллаж байгаа шүү дээ гэсэн чинь тэр залуу ах хүү наад камераа унтраачих гээд өмсөж байсан малгайныхаа саравчыг доошлуулаад царайгаа нуугаад ярьж байснаа гэнэт л намайг хөлөөрөө хавсарч газар унагасан. ... би босоод шууд л гудамж өгсөөд засмал зам руугаа зугтаасан, би эргээд харсан чинь миний араас нөгөө залуу хөөж байгаа харагдсан, би цаашаа гудамж дагуу хамаг хурдаараа гүйж байтал миний өөдөөс буюу урд талаас араас хөөгөөд гүйгээд байсан залуу гарч ирээд “өст хүн өлийн даваан дээр” гэж хэлээд миний нүүрэн тус баруун нүдний хөмсөгний дээд талд баруун гараараа нэг удаа цохисон. Миний нүд манас гээд явчихсан тэгээд би доошоо тонгойгоод нүдээ бариад хэсэг зогсоод гараа харсан чинь миний гар нил цус болчихсон байсан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэрэг гарсан гудамжны ойролцоо хэсэг залуучуудтай байхад нь өөрөө түрүүлээд эхнэртэйгээ хамт явж байхдаа харсан байсан юм. Намайг харахад миний нүүрэн тус газар цохисон залуу хэрэг гарах үедээ өмсөж байсан хувцастайгаа нөгөө тэгшхэн саравчтай малгайтайгаа мөн байсан. Тэгээд цагдаад мэдэгдэж, дагуулж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Э.Анар-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… ах гэрлүүгээ харилаа гээд 02 цаг өнгөрч байхад манай гэрээс гарч явсан. ... 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Мөнхсаруул ах нь өчигдөр орой танайхаас гарч яваад худагтай гудамжинд танихгүй хүнд нүүрэндээ цохиулчихлаа гэж хэлж манай гэрт орж ирсэн. ... ах Мөнхсаруултай уулзаад машинд суугаад цашаа гудамжаар тойроод улаан худгийн хажуухан талд очоод харахад нилээн хэдэн хүүхдүүд хоорондоо тоглож гүйгээд, миний зүс таних Шунхлай /Л.Батболд/ гэх залууг шууд заагаад намайг өчигдөр гудамжинд нүүрэнд цохиод зугтаасан залуу энэ байхгүй юу, …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 х/

 

Гэрч О.Өлзий-Оршихын : “… Нөгөө залуу араас дагаад яв гэж хэлэхээр нь манай нөхөр дүү яах гэж байна ахынх нь дээрээс камер харж байдаг юм шүү гэж хэлсэн чинь нөгөө залуу нь ахаа та наад камераа унтраачих гээд манай нөхрийг хавираад газар унагаасан гэсэн. Манай нөхөр босоод буудал руугаа зугтаасан чинь газар унагаасан залуу араас нь хэсэг хөөж байсанаа гудамжны үзүүрт очиход хөөхөө больчихсон гэсэн. Тэгээд гудамжны урдаас нөгөө залуу гарч ирээд өст хүн өлийн даваан дээр гэж хэлээд манай нөхрийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод зугтаасан гэж надад өөрөө хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 х/

 

Шинжээчийн ¹3475 тоот дүгнэлт:

            1.Э.Мөнхсаруулын биед баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсгөнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Ш.Цэцэгмаа /хх-ийн 34 х/

 

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-22 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хохирогчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон гэрч Э.Анар-Эрдэнэ, О.Өлзий-Орших нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэргээр няцаагдаж байгаа буюу хохирогчийн өгсөн мэдүүлэг дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байгаа болно.

 

Шүүгдэгч Л.Батболд урьд нь таньж мэдэхгүй хүнтэй шөнө гудамжинд таараад ямар ч шалтаг, шалтгаангүйгээр түүнийг хавсарч унагаах, нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулах зэргээр авирласан үйлдэл нь хүний амар тайван, халдашгүй чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн зэрэг нь танхайрах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг болон тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан тул шүүхээс Л.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 х/-аар шүүгдэгч Л.Батболд урьд өмнө гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.

 

            Л.Батболд нь иргэний үнэмлэх аваагүй, төрсний гэрчилгээ шатсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 9/006316 тоот төрсний бүртгэлийн лавлагаагаар түүний эхийн ургийн овог Боржигон, овог Бямбасүрэн, нэр Лхамсүрэн, өөрийн овог Лхамсүрэн, нэр Батболд, регистр УП98020217 гэсэн бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан, шүүхэд хэрэгжүүлж байгаа Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс түүний регистрийн дугаараар шалгахад Лхамсүрэнгийн Батболдын ургийн овог “Боржигон” гэсэн лавлагаа гарч байгаа тул түүний ургийн овгийг дээрх баримтуудыг үндэслэн “Боржигон” гэдгээр шийтгэх тогтоолд бичсэн болно.

 

Хохирлын талаар :

 

Хохирогч Э.Мөнхсаруул “...Одоо нэхэмжлэх зүйл гэвэл толгойны зураг авхуулсан болон бусад эмчилгээний зардлуудаа нэхэмжилж байна. ... ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр шүүгдэгч Л.Батболд нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулаагүй болох нь тогтоогдож байгаа.

Хохирогч компьютер томографийн шинжилгээ хийлгэсний зардалд 80,000 төгрөг зарцуулсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн кассын орлогын ордер /хх-ийн 44 х/-р нотлогдож байгаа тул уг зардлыг Л.Батболдоос гаргуулж, бусад зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэхийг тогтоолд нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

            Бусад асуудлын талаар :

 

Л.Батболдын үйлдэлд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Л.Батболдын урьдчилан цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Л.Батболдын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Лхамсүрэнгийн Батболдыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Л.Батболдыг 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Л.Батболд-д оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Л.Батболдын цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Л.Батболдын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Батболдоос 80,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 13-222 тоотод оршин суух Лувсан овогт Эрдэнэ-Очирын Мөнхсаруул /РД:ЧЙ83081971/-д олгож, хохирогч бусад зардлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Л.Батболд-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ