Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00768

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00768

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар , Пийс товер 7 давхар, 703, 705 тоот хаягт байрлах, Вишн фанд ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Тарвалин хотхон 48 Б байр 108 тоот хаягт байрлах*******ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Тарвалин хотхон 48 Б байр 108 тоот хаягт оршин суух, Мянган овогт Мягмаржавын Мөнхзаяа /регистрийн дугаар ПН84092814/-д холбогдох,

 

6,600,000 ргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.Мөнхзаяа, гэрч Ж.Аянагүл, Г.Сугар, Д.Цэрэндэжид, Г.Очирсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Вишн фанд ББСБ ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Вишн фанд ББСБ ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээг*******ХХК-тай байгуулсан. Энэхүүгээр гэрээгээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15-18 хороодын иргэдийг хөнгөлөлттэй зээлд хамруулахын тулд 26 ширхэг хүлэмж бэлтгэн нийлүүлэх үүргийг*******ХХК хүлээсэн. Вишн фанд ББСБ нь 26 хүлэмжийн үнэ 34,320,000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 21 гэхэд бүгдийг шилжүүлсэн.*******ХХК нь барааны төлбөрийг хүлээн авснаас хойш 7-10 хоногийн дотор барааг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл 26 ширхэг хүлэмжнээс 5 хүлэмжийг хүлээлгэн өгөөгүй байна. Вишн фанд ББСБ ХХК нь гүйцэтгэгчийг цаг тухайд нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариу өгөхгүй байх ба одоо хүлэмж ашиглах шаардлага байхгүй болсон.

Ах мянган ХХК-ийг төлөөлж М.Мөнхзаяа гэрээ байгуулсан. Компанийг шүүхэд хариуцагчаар татсаны дараа М.Мөнхзаяа компани дампуурч байгаа тухай тайлбар өгсөн байна. Компанийн нэрийг ашиглан хувьдаа мөнгийг авсан байх боломжтой тул бидэнд төлөх ёстой төлбөрийг компанитайгаа хамтран хариуцах ёстой гэж үзэж байна.

Иймд дутуу нийлүүлсэн 5 ширхэг хүлэмжийн үнэ болох 6,600,000 төгрөгийг*******ХХК, М.Мөнхзаяа нараас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч*******ХХК, хариуцагч М.Мөнхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Вишн фанд ББСБ ХХК, Дэлхийн зөн ОУБ-д 26 ширхэг хүлэмж нийлүүлэхээр тохиролцож, бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Гэрээг бүтээгдэхүүн нийлүүлж дууссан хойно байгуулсан. Гэрээний дагуу бол бид 1 загвар хүлэмж барьж өгөх байсан. Гэхдээ харилцан тохиролцож 24 ширхэг хүлэмжийг нийлүүлсэн бөгөөд бүх айлд нь барьж өгөхөөр тохиролцсоны дагуу бид ажлаа гүйцэтгэсэн болно.

Бүтээгдэхүүний үнэд байцааны үрслэгээ, тээврийн зардал, усалгааны системийн үнэ орсон бөгөөд хүлэмжийн цэвэр үнэ 900,000 төгрөг болно.

Гэрээнд Солонгос болон түүнтэй адилхан хүлэмж нийлүүлнэ гэж заасан. Дан солонгос хүлэмж гэж тохироогүй. Хүлэмж хүлээж авах 5 айлаас 3 хүн аваагүй. 3 нь шилжиж ирсэн айл байдаг. Миний хувьд тэр хүмүүстэй гэрээ хийгээгүй, бид Вишн фанд ХХК-тай гэрээ хийсэн. Манай хүлэмж бусад хүлэмжээс илүү давуу талтай 2,70 метр өндөр, төмрөөр хийсэн байдаг. Мөн манайх хүлэмжээ өөрдсөө барьж өгсөн. Манай зүгээс авахгүй бол албан бичгээр мэдэгдэж, авахгүй бол буцааж өг гэж мэдэгдэж байсан. Хүлэмжийг бид тохирсон хугацаанд айлуудад буулгаж өгсөн. Айлууд нь авахгүй гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг яагаад авахгүй гэснийг сайн мэдэхгүй байна. Бид нар зөвхөн Солонгос хүлэмж авна гэж хэлсэн. Би баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт дээр тодорхой бичсэн байгаа. Уг асуудлаас болж манай байгууллагын нэр хүнд, мөн миний нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Миний хувьд Вишн фанд ХХК-тай гэрээ байгуулсан. Би бүтээгдэхүүнээ нийлүүлсэн.

Дэлхийн зөн ОУБ, Вишн фанд ББСБ гэсэн энэ хоёр байгууллагын асуудлаас болж гуравдагч компанийг хохироож байна гэж үзэж байна. Манай компани иргэдтэй гэрээ хийгээгүй, иргэдийн өмнө хариуцлага хүлээхгүй. Мөн*******ХХК нь гэрээний үүргийн дагуу зөвхөн 1 хүлэмжийг загвар болгож барьж өгөх ёстой байсан боловч 22 айлд нь хүлэмж барьж өгсөн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбарт байдаг гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Вишн фанд ББСБ ХХК нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан, Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөөс 6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Талууд 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, захиалагч Вишн фанд ББСБ ХХК нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15-18 дугаар хороодын иргэдийг хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр айл өрхийн хүлэмжийн хэрэгцээг хангахад зуучлах, бэлтгэн нийлүүлэгч*******ХХК нь гэрээний нөхцлийн дагуу Солонгос хүлэмж болон түүнтэй адилтгах хүлэмж-ийг худалдан авагчид нийлүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд дээрх гэрээнээс үзэхэд Вишн фанд ББСБ ХХК-ийг захиалагч тал буюу худалдан авагч тал,*******ХХК-ийг бэлтгэн нийлүүлэгч буюу худалдагч тал гэж үзэхээр байна.

 

Талуудын байгуулсан Бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 1.2. дахь заалтаас үзэхэд, бэлтгэн нийлүүлэгч нь гэрээний нөхцлийн дагуу худалдан авагчид ширхэг тус бүр нь 1,320,000 төгрөг буюу нийт 34,320,000 төгрөгийн үнэтэй 26 ширхэг иж бүрэн хүлэмж, дагалдах хэрэгслийн хамт, барааны үнийг гэрээний хугацаанд өөрчлөхгүй, барааг өдөрт портер машинаар 6 өрхөд хүргэж өгөх нөхцлөөр Солонгос хүлэмж болон түүнтэй адилтгах хүлэмж-ийг нийлүүлэх үүрэг хүлээжээ.

 

Харин дээрх гэрээний 1.1-д дурдагдсан, хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр ахуйн хэрэгцээнд хүлэмж авах Налайх дүүргийн 5 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15-18 дугаар хороодын иргэд нь энэхүү Бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний аль нэг тал биш байх бөгөөд бэлтгэн нийлүүлэгч*******ХХК нь дээрх иргэдийн өмнө хүлээх хариуцлага гэрээнд тусгагдаагүй байна.

 

Улмаар хүлэмжийг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүйн дээр хариуцагч*******ХХК нь Бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж Солонгос хүлэмж болон түүнтэй адилтгах хүлэмж-ийг гэрээний дагуу захиалагчид нийлүүлсэн үйл баримт тогтоогдлоо.

 

Өөрөөр хэлбэл, гэрээнд Солонгос хүлэмж болон түүнтэй адилтгах хүлэмж хэмээн тухайлан заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэх, түүний нийлүүлсэн хүлэмж нь уг шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөөс 6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч*******ХХК болон М.Мөнхзаяа нарт холбогдох Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөөс 6,600,000 төгрөг гаргуулах тухай Вишн фанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА