Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

 

2025      01        23                                            2025/ШЦТ/43

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оад холбогдох эрүүгийн 2425003560778 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.О

Холбогдсон хэргийн талаар:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, шүүгдэгч Э.О нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol / -ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 9,0802 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн улмаар уг ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын З багийн 0-0-0 тоотын тагт дээр, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн 0-0-0 тоотод тус тус 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан/яллах дүгнэлтэд бичснээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Э.Оын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

            -Эрүүгийн 2425003560778 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

ансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 11-14-р тал/   

-“... 2 дахь тавцан дээр цагаан өнгийн ууттай өвс мэт ногоон өнгийн ургамал байсныг “4” гэсэн дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав... Шкафны доод талын хар өнгийн adidas гэсэн бичигтэй цүнхний ёроолоос шороо мэт зүйл тэмтрэгдэх үед бичгийн цаасан дээр гаргахад өвс шороо мэт зүйл байв.№5.уг шороо өвсийг хураан авав...гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-29-р тал/

-...хэргийн газрын үзлэгээр хураан авсан гялгар ууттай мөнгөлөг цаас 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, гялгар ууттай 8,8 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар ууттай 0,0569 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33-р тал/

-гэрч Р.Огийн мэдүүлсэн...2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед би Оын гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн 3-24- 39 тоотод очиход тус газар цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тухайн үзлэг дууссаны дараа би Оаас юу болоод байгаа талаар асуухад маргааш хэлье ээж та машин тэрэг барьж байж өнөөдөр битгий стресст маргааш хэлье гэж хэлсэн. Маргааш нь би ахиж Оын гэрт очоод юу болсон талаар асуухад би цагдаа дээр шалгагдаж байгаа намайг өвс, хар тамхи хэрэглэсэн гэж шалгаж байгаа гэж хэлсэн. Би уйлаад чи ийм юм хийх шаардлага байгаа юм уу? юу дутлаа гэж ингэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд уйлж байтал миний төрсөн охин Э орж ирсэн. Ээжийг яагаад уйлуулсан талаар асуухад нь би охиндоо миний толгой, шүд өвдөөд байна гэж худлаа хэлсэн. Э нь Оын гэрээс үлдээсэн байсан хувцасаа аваад гараад явсан. Тэгээд би битгий буруу зүйл хийгээрэй гэж хэлээд гэрээс нь гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/

- гэрч Д.Өын мэдүүлсэн...Манай гэр бүл 2024 оны 06 дугаар сарын сүүлээр гэр бүлийн хамт аялалаар явахаар болоод гэрийнхээ түлхүүрийг Оад өгсөн. Оыг Хт гэрийн түлхүүр өгөөрэй гэж өгсөн. 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр аялалаар явж байгаад буцаад Орхон аймагт ирсэн. Түлхүүрээ Хаас авсан. Гэрт ороод гэрийн зарим зүйлс хөдөлчихсөн юм шиг санагдаад Хаас юу болсон талаар асуухад Х нь та Отай уулзаарай гэсэн. Би Оыг дуудаж уулзаад юу болсон талаар асуухад дүү нь баларсан, би Хт түлхүүр өгөөгүй байж байгаад саяхан өгсөн, танай гэрт архи дарс ууж өвс татаад баригдсан гэсэн. Би Оыг загнаад гэр эзгүйчлээд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2024 оны 08 таар сарын 16-ны өдрийн №4453 дугаартай: ... Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Э.О ФА910...1011 гэж хаягласан шээснээс Метамфетамин /Methaamphetamine/ болон Тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ын II жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх- ийн 52-54-р тал/,

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №4454 дугаартай: “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “4” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 Тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “1” гэж дугаарласан мөнгөлөг цаас, “2” гэж дугаарласан мөнгөлөг цаас, “3” гэж дугаарласан хуванцар савалгаатай шингэн зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “3” гэж дугаарласан хуванцар савлагаатай шингэн зүйл нь 2 мл хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 6,9г, “4” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гаялгар ууттай жин 13,0 г, цэвэр жин 9,0г, шинжилгээнд дээж зарцуулагдсаны дараах цэвэр жин 8,8г, “5” гэж дугаарласан гялгар ууттай ногоон ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 7,4401 г, цэвэр жин 0,0802г, шинжилгээнд дээж зарцуулагдсаны дараахь цэвэр жин 0,0569г байна...” гэх дүгнэлт /хх-ийн 58-62-р тал/,

- Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын... магадлуулагч Э.О нь сэтгэцийн хувьд удамшлын болон ямар нэгэн өвчингүй болно. Э.О нь хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Мөн хэрэг хариуцах чадвартай. Эмнэлэгийн арга хэмжээ авах шаардлаггүй... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68-р тал/

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 06-р сарын 12-ны 722 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 106-111-р тал/

-шүүгдэгч Э.Оын яллагдагчаар мэдүүлсэн:.. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би Булган аймгийн Х орохоос наана Х сумандаа орох байх, яг тодорхой хаана гэдгийг мэдэхгүй байна би ганцаараа дугуй унаад тийшээ салхинд гарах зорилготой явсан юм. Тэр үед зам дагуу явж байх үед интернэт дээрээс харж байсан марихуан нэртэй өвс айлын малын хашааны хажууд ургаж байсан. Би тухайн өвснөөс сонирхож үзье гээд нэг атгыг аваад хар цүнхэндээ хийгээд Ингэт гэх газар орж хоол идээд буцаад гэр лүүгээ явсан. Эрдэнэтийн төв рүү ороод өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн 0-0-0 тоотод очоод марихуан нэртэй өвсөө тагтан дээр тавиад унтсан. Тухайн марихуан нэртэй өвсөө тагтан дээрээ хадгалж байгаад ээж О мэдчихэж магадгүй гэж бодоод 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр З багийн 0-0-0 тоотод аваачиж мөн байрны тагтан дээрх шкаф руу хийсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 93-95-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.О нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 9,0802 грамм ургамлыг түүж бэлтгэн, улмаар уг ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын З багийн 0-0-0 тоотын тагт дээр, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн 0-0-0 тоотод тус тус 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  Хттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Э.О нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан ”дельта-9 тетрагидроканнабинолын” агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох өвсийг бэлтгэсэн, хадгалсан болох нь  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Э.О нь мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

             Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

           2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан. 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорь дугаар бүлэгт “ Олон нийтийн аюулгүй байдал,ашиг сонирхолын эсрэг” гэмт хэргүүдийн шинжүүдийн зааж тодорхойлсон ба 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм,сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинжийг “хориглосон мансууруулах эм,  сэтгэцэд нөлөөт бодис,тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,хадгалсан,бусдад өгсөн,олж авсан бол ...ял шийтгэнэ” гэж тодорхойлсон.

                  “Сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эд” гэдгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид,

 “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV  жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэж тодорхойлсон. Монгол Улс уг конвенцэд 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцэд 1991 онд нэгдсэн байна.

Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг,

 3.1.2-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг,

3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий  ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 13.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн, эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх;

13.1.8-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно” гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2024 оны 08 таар сарын 16-ны өдрийн №4453 дугаартай: ... Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Э.О ФА910... 1011” гэж хаягласан шээснээс Метамфетамин /Methaamphetamine/ болон Тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ын II жагсаалтад хамаарна ...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №4454 дугаартай: “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “4” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 Тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлтүүдээр Э.Оын шээснээс авсан дээжинд хийсэн шинжилгээгээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн,хэргийн газрын үзлэгээр хураан авсан өвс мэт зүйлүүдээс хориглосон дельта 9 Тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol/ гэх бодис илэрсэн болох нь тогтоогдсон.

   Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар...бэлтгэсэн, хадгалсан ... бол... ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй болохыг бүрэн нотлож байх бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулиар хамгаалсан, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдлийг санаатай үйлджээ.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт зааснаар” Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”.  Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн бөгөөд уг гэмт хэрэг нь “бэлтгэсэн”, ”хадгалсан” үйлдэл хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.                    

      Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч хуулиар хориглосон “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг бэлтгэж, хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,”    

          -шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Түүний хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулна уу. Эрхэлсэн ажилтай, бие сэтгэхүй эрүүл, донтсон байдал тогтоогдоогүй, спортын хүн, ОУБХМ, төрийн бус байгууллага тэргүүлж, нийгэмд нөлөөллийн ажил хийдэг, инженерээр суралцаж байгаа зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял тохирно гэж үзэж байна. Энэ байдлаараа өөр бусад хүмүүст нөлөөлсөн зүйл тогтоогдоогүй гэж дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.       

           Шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.          

 

             2.Эрүүгийн хариуцлагын талаар

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж

           2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

        -шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд тохирно гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.О: Гэм буруугаа маш их ухамсарлаж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу гэжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нийгэм, олон нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй, урт хугацааны хор уршигтай байдлаараа онцлог бөгөөд энэ онцлог байдал нь шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан ял эдлүүлэх нь “....гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэсэн.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.

 

3.Хохирол төлбөр,бусад асуудлын талаар:

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0000000, 0000000, 0000000, 0000000 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, 0000000 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1ш, 00000000 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 0000000, 0000000 дугаарын симний үүр, 00000000 гэсэн серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1  ширхэг зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шороотой ургамал 0,0569 гр, 2 ширхэг мөнгөлөг цаас, тунгалаг савтай шингэн зүйл 1 ширхэг, цагаан ууттай ногоон өнгийн ургамал 8,8 гр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О ургийн овогт Э-ы Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар...бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Оын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 000000,00000,000000,000000 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, 0000000 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1ш, 00000000 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 0000000, 000000 дугаарын симний үүр, 00000000 гэсэн серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1  ширхэг зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шороотой ургамал 0,0569 гр, 2 ширхэг мөнгөлөг цаас, тунгалаг савтай шингэн зүйл 1 ширхэг, цагаан ууттай ногоон өнгийн ургамал 8,8гр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ