Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Д.Наранбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дуламдоржийн Наранбат-д холбогдох 201726010544 дугаартай, 188/2017/0255/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14-79 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дуламдоржийн Наранбат /РД:УУ90050251/

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.Наранбат нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг” хотхоны автозам дээр С.Төгсбаярыг “олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэчихээд автомашинаа унаж зугтах гэлээ” гэсэн шалтгааны улмаас эхнэр Б.Ариунцэцэгийнх нь эзэмшлийн 81-27 УНД улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины жолооч талын урд крыло, урд, ард хаалгыг санаатайгаар өшиглөж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах талын нотлох баримтууд :

 

- Шүүгдэгч Д.Наранбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 02 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчим төрсөн ах Батзоригийн хар хөх өнгийн жижиг суудлын автомашинд ах Батзориг түүний эхнэр Өсөхбаяр, тэдний 2 хүүхэд, манай эхнэр Нандинцэцэг, хамаатны ах Эрдэнэбат нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо чухаг хотхоны замд явж байтал урдаас нэг машин урсгал сөрж гарч ирээд түгжрээд зогсож байтал хойно явж байсан приус 11 маркийн автомашины жолооч уурлаад яваач пизда нар минь гэж орилоод байсан. Урд байсан машин холдоод манай ах хөдлөөд  цааш явахад хойно явж байсан машин хажуугаар өнгөрөхдөө замаас зайлаач ээ гэж орилсон тэгэхээр нь би цонхоо онгойлгоод урд машин байсан одоо тэгээд яваач гээд орилох үед  тэр машины жолооч манай ахын машины урдуур хааж зогсоод бууж ирээд буугаад ир гэж орилсон. Ах буугаад урд машин зогсож байлаа гэхэд ахыг заамдаад боогоод нэгэнтэйгээ цохилцоод байсан. Би машинаас буугаад салгах үед тэр хүний эхнэр нь гэх эмэгтэй манай ахыг хажуугаас нь салгаж байгаа мэтээр гартаа барьсан байсан алчуураар цохиод татаад байсан. Салгах үед тэр хүний амнаас архи үнэртэж байсан. Би согтуу машин барьж байгаа юм байна гэж бодоод зам дээр хөдөлгөөн зохицуулж байсан цагдаа дуудаад буцаад очих үед тэр машин хөдлөх гэж байсан. Би тэр машиныг зогсоох гээд урдуур нь очиж хааж зогсох гэхэд урагшаа хөдлөөд намайг мөргөх шахсан, би хажуу тийшээ зайлсхийгээд тэр хүний машины баруун талын хойд хаалга руу баруун хөлөөрөө өшиглөсөн. ... Цагдаа ирэх хооронд хохирогч зугтах гэж байхад нь зогсоох зорилготой урд крыло, урд хаалгыг нь өшиглөсөн, хохирлыг бүрэн төлсөн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Хохирогч Б.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 02 дугаар сарын 27-ны 17-18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чухаг хотхон болон гэгээн манал эмнэлэг хоёрын дундуур явах нарийн автозам дээр би нөхөр 2 хүүхдийн хамт явж байтал урд эвгүй байрлалтай зогсоод гацчихсан 2 талын урсгалыг түгжрэлд оруулчихаад зогсож байгаад хөдлөөд цаашаа явж байгаад дахиад хашаанд тулж зогсоод түгжрэл үүсгэсэн. Манай нөхөр Төгсбаяр холдооч гэхэд цаанаас нь хуц гөлөг өө гэж хэлэх шиг болсон. Манай нөхөр машинаасаа буугаад тэр машины залууг юу гээд байгаа юм чи гэхэд нөгөө залуу манай нөхрөөс бариад зууралдаад заамдалцсан. Тэгэхэд тэр машины арын суудлаас 2 залуу 2 эмэгтэй бууж ирээд бужигнахаар нь би бууж очиж салгаад нөхөр Төгсбаярыг машиндаа суулгасан. Манай нөхөр машинаа унаад урагш хөдлөх гэхэд урд нэг залуу нь нэг хүүхэнтэй хамт, машины хойно 1 залуу зогсчихоод хөдөлгөхгүй байж байсанаа хойно зогсож байсан туранхай залуу машины хаалга, урд крыло зэрэг рүү өшиглөсөн. Тэгээд замын цагдаа  ирээд юу болсон талаар асуугаад замаа чөлөөл гэж хэлээд байж байтал бүдүүн цариатай махлаг залуу нь манай нөхрийн толгойн ар хэсгээс нь цохисон. Тэгэхэд манай нөхөр гуйвж босч ирээд машиндаа орж ирэхдээ миний гар эвгүй болчихлоо гэж хэлж байсан. 81-27 УНД улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 11 маркийн автомашин нь миний өөрийн эзэмшлийнх. Автомашинд учирсан хохирлыг бүрэн барагдуулахад болно. Өөр гомдоод байх зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

 

- Гэрч Х.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчим манай нөхөр Батзоригийн 01-55 УББ улсын дугаартай саарал өнгийн Галлант нэртэй машинаар хадам дүү Наранбат, түүний эхнэр Нандинцэцэг, нөхрийн хамаатан Эрдэнэбат нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол Чухаг хотхоны урд авто нарийн замд явж байтал урдаас урсгал сөрөөд цагаан өнгийн Харьер машин гарч ирээд түгжирсэн. Тэр машинтай зөрөхөөр хүлээж байтал хойно байсан автомашин тасралтгүй сигнал дараад байсан. Урдаас тулсан байсан цагаан өнгийн  Харьер машин хөдлөөд явах гэтэл хойно явж байсан саарал өнгийн приус 11 маркийн автомашин урдуур дайрч хөндлөн зогсоод  машиныхаа цонхийг буулгаад буугаад ир  пизда минь чи гэсэн. Манай нөхөр Батзориг машинаасаа буухад тэр хүн шууд манай нөхрийн хоолойг боогоод 3-4 удаа шанаа дух хэсэг рүү цохиж байгаа харагдсан. Жолоочоос архи үнэртээд согтуу гэдгийг нь мэдээд Наранбат замын цагдаа дуудаад цагдаагаас түрүүлээд ирсэн. Цагдаа дуудсан гэдгийг мэдээд тэр хүний эхнэр нөхрөө машиндаа суулгаад явах гэхэд Наранбат тэр хүний машины урдуур нь очиж зогсохгүй дайрах шахаад өнгөрөх үед бултаад машиных нь хаалга, крыло руу 1 удаа өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 х/

 

- Гэрч Н.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ …Төгсбаяр гэж залуугийн баруун хойд хаалга руу энэ хүмүүс өшиглөсөн гэж хэлж байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х/                             

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “…Уг тээврийн хэрэгслийн баруун талын урд кырлон дээр хонхойсон байх ба баруун талын урд хойд хаалга хонхойсон байсныг тэмдэглэлд тусгав. …” /хх-ийн 21-22 х/

 

Хохирлын талаар :

  • Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-56 х/

- Хохирогч Б.Ариунцэцэгийн шүүхэд гаргасан “... хохиролд 250,000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ...” гэсэн хүсэлт /хх-ийн 172 х/

 

Хувийн байдлын талаар :

- Гэрч Н.Чимгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай төрсөн дүү Саранчимэг нь Дуламдорж гэх хүнтэй эхнэр, нөхөр болж Наранбатыг төрүүлсэн. Наранбат их дөлгөөхөн, архи тамхи хэрэглэдэггүй, төлөв томоотой хүмүүжилтэй, ээждээ энэрэлтэй сайн хүүхдүүд. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 х/

 

          - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 93 х/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Д.Наранбат нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чухаг” хотхоны автозам дээр иргэн Б.Ариунцэцэгийн эзэмшлийн 81-27 УНД улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашины жолооч талын урд крыло, хойд, урд хаалганууд руу санаатайгаар өшиглөж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь :

           

  Шүүгдэгч Д.Наранбатын хэргээ хүлээн мэдүүлсэн : “…Цагдаа ирэх хооронд хохирогч зугтах гэж байхад нь зогсоох зорилготой урд крыло, урд, хойд хаалгыг нь өшиглөсөн, хохирлыг бүрэн төлсөн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Б.Ариунцэцэгийн :  “... Манай нөхөр машинаа унаад урагш хөдлөх гэхэд урд нэг залуу нь нэг хүүхэнтэй хамт, машины хойно 1 залуу зогсчихоод хөдөлгөхгүй байж байснаа хойно зогсож байсан туранхай залуу машины хаалга, урд крыло зэрэг рүү өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

 

Гэрч Х.Өсөхбаярын : “... Цагдаа дуудсан гэдгийг мэдээд тэр хүний эхнэр нөхрөө машиндаа суулгаад явах гэхэд Наранбат тэр хүний машины урдуур нь очиж зогсохгүй дайрах шахаад өнгөрөх үед бултаад машиных нь хаалга, крыло руу 1 удаа өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 х/

 

Гэрч Н.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ …Төгсбаяр гэж залуугийн баруун хойд хаалга руу энэ хүмүүс өшиглөсөн гэж хэлж байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х/                              

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “…Уг тээврийн хэрэгслийн баруун талын урд крыло дээр хонхойсон байх ба баруун талын урд хойд хаалга хонхойсон байсныг тэмдэглэлд тусгав. …” /хх-ийн 21-22 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Шүүгдэгч Д.Наранбатыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Д.Наранбат урьд өмнө шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 93 х/-аар тогтоогдсон.

 

Хохирогч Б.Ариунцэцэг автомашин техникийн үнэлгээ /хх-ийн 55-56 х/-ээр тогтоогдсон 255,000 төгрөг, мөн ажлын хөлс болох 23,000 төгрөгийг нэхэмжилсэн, шүүгдэгчийн зүгээс хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Ариунцэцэгийн гаргасан “…Бат-Эрдэнэ овогтой Ариунцэцэг би Дуламдорж овогтой Наранбатаас бэлнээр 250,000 төгрөг авсан нь үнэн болно. Надад гомдол, санал байхгүй. …” /хх-ийн 172 х/ баримтаар тогтоогдож байгаа тул түүнийг бусдад учруулсан хохирлоо өөрийн сайн дураар бүрэн төлж барагдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Д.Наранбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Д.Наранбатын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Наранбат нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт заасан түүний эрхийн асуудал бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн шаардлагад хамаарахгүй тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Д.Наранбат нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Дуламдоржийн Наранбатыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранбатыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Наранбатын эдлэх 01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Д.Наранбат-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 250,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Наранбат-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Наранбат-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ