Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/31

 

     Г.Отгонпүрэвт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                        Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                  

                                                                              Д.Буянжаргал

                        Оролцогчид

                         Прокурор                                     Т.Нансалмаа

                          Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/160 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цороос овогт Гэжээгийн Отгонпүрэвт холбогдох эрүүгийн 1931004210065 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектур инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр гурван хүүхэд, ээжийн хамт Сэлэнгэ аймаг, Шаамар сум. 2 дугаар баг, Охиндий 1 дүгээр гудамжны 3-02 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар багийн засаг дарга ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цорос овогт Гэжээгийн Отгонпүрэв. /РД.7М089041319/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Отгонпүрэв нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Охиндий” 2-р багийн Засаг даргаар ажилладаг бөгөөд 2019 оны 11-р сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Цөх” 3-р багийн нутаг “Аргуут” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 59 ширхэг, 3.6 метр куб хуурай нарс мод бэлтгэж, иргэн П.Энхбатын эзэмшлийн 98-92 СБА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1.659.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.Отгонпүрэвт холбогдох хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/160 дугаартай шүүгчийн захирамжаар:  

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цороос овогт Гэжээгийн Отгонпүрэвт холбогдох 1931004210065 тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Яллагдагч Г.Буяндэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар хөрөөг хэргийн хамт Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж, 38-92 СБА “Портер” маркийн тээврийн хэрэгсэл, 59 ширхэг 4.64м3 хуурай нарс мод зэргийг битүүмжилсэн тогтоол хэвээр болохыг дурдсугай...” гээд, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцэлдээ: ... хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

...Г.Отгонпүрэвт холбогдох эрүүгийн 1931004210065 дугаартай хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтууд гэж үзэж байна.

Тодруулбал мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасны дагуу шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна. Нөгөөтэйгүүр ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн байх тул заавал Ойн тухай хуульд зааснаар Ойн ангиар дахин дүгнэлт гаргуулах гэсэн нь ойлгомжгүй байна. Хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөгч П.Энхбат гэх хүнийг холбогдуулан шалгаж байсан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлгүй байсан бөгөөд Г.Отгонпүрэвт холбогдох хэргийг шийдвэрлэхэд П.Энхбат гэх хүнд нөхөн төлбөр тогтоосон акт ач холбогдолгүй болно. Мөн захирамжид “...шинжээчийн дүгнэлтийг яллагдагчид танилцуулалгүй. мөрдөн байцаагч танилцаад хүлээн авсан нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2. 1.3-т заасан заалтыг зөрчин Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолгүйгээр мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, мөн 27.7 дугаар зүйлийн 3-т заасан “Шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг оролцогч нарт танилцуулж, энэ тухай оролцогчоос тавьсан хүсэлт, асуулт хариултын талаар тэмдэглэлд тусгана” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчмйн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулж, оролцогч нар нь санал хүсэлт байхгүй талаар танилцуулсан тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг танилцуулах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн бөгөөд ямар нэг байдлаар оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл байхгүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх. үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын тогтоох хэсэгт Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг прокуророос даалгасны дагуу мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гал-Эрдэнэ нь мөодөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Иймд шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. хуулийн зуйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1 3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/160 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хянаагүй, яллах дүгнэлтийг хууль зөрчиж үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс маргалдаж байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.Отгонпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу Г.Отгонпүрэвт холбогдох эрүүгийн 1931004230034 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

  Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол болон 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын М.Ганболд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №18-04-015/11 тоот /хх-ийн 59-60-р ху/, 2020 оны 01 дүгээр сарын 06 ны өдөр 18-04-015/06 тоот /хх-ийн 65-66-р ху/ дүгнэлтүүдийг, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №06 дугаартай Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор Г.Цэнгэлзаяа, Э.Энхтулга, Н.Эрдэнэцогт нарын бүрэлдэхүүнтэй  шинжээч нарын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр №18-04-003/10 дугаартай дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1-д ....Шүүх, прокурор, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно... гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганболдыг шинжээчээр томилж Төрийн хяналт хяналт шалгалтын тухай хуулинд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй холбоогүйгээр,  түүний эзэмшсэн  тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь  хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэвч Монгол улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх,  үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-д ...ойг нөхөн сэргээх,...ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох...” гэж  байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагч нь шинжээч М.Ганболдын гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №18-04-015/11, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №18-04-015/06 тоот дүгнэлтүүдийг  үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18-04-003/50 тоот Модны нөхөн төлбөрийн акт, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №18-04-003/05 тоот Модны нөхөн төлбөрийн актаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6...байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах..., Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 ...хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх...,

10.12.2 .аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх; гэсэн заалтуудыг удирдлага болгон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 .Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно...,1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр..., гэсэн заалтыг баримтлан нөхөн төлбөр оногдуулж, актыг шүүгдэгчид танилцуулалгүйгээр цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн нь шүүгдэгчийн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 ”Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана”, 14.2 “Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэсэн  шүүгдэгчийн хяналт шалгалтын талаар гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл болсон байна. 

Харин Г.Отгонпүрэвт холбогдох эрүүгийн хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эрүүгийн ахлах мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээж улмаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3-д заасныг баримтлан хэргийг өөр мөрдөгчид шилжүүлж улмаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын  прокурорын 2020 оны 03 дугаар сарын 12 ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт даалгаж, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн заалтыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/160  дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/160  дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосгай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

      

                          ДАРГАЛАГЧ                      Г.ДАВААРЕНЧИН

                              ШҮҮГЧИД                     Ц.АМАРЖАРГАЛ                                                                                                             Д.БУЯНЖАРГАЛ