Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/49

 

2025       01         24                                            2025/ШЦТ/49

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Э.Г

Хохирогч О.Э

Шүүгдэгч У.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Нт холбогдох эрүүгийн 2425000000739 дугаартай хэргийг тус шүүхийн 103 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У.Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн Эко хорооллын 80-16 тоотын гадаа хохирогч О.Эыг “намайг зодох гэж ирээ юу, чи хэн юм” гэж хэлж маргалдаж, улмаар гараараа цохиж, газар унаган хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, баруун чамархай, дух, баруун хацар, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

      Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч У.Нын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

         -хохирогч О.Эын мэдүүлсэн: Хохирлоо нэхэмжилнэ. Би 12 цагаар ээлжинд гардаг. 4 өдөр ажилд гараагүй. Эмнэлэг сувилалд 8 хоног хэвтэж 510,000 төгрөг төлсөн. 12 сард листээр 1,037,143 төгрөг орсон, цалингийн зөрүүгээ нэхэмжилнэ. Нүүрэндээ сорвитой болсон, сорвио л эмчлүүлмээр байна гэх мэдүүлэг,

          эрүүгийн 2425000000739 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

          -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-17-р тал/

          -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-р тал/

-хохирогч О.Эын мэдүүлсэн“...Би 2024 оны 11 дүгээр сарын 02-ны орой У багийн 3-12-р байранд О нэг шил архи уугаад сууж байхад Оын эгч нь залгаад “нөхөртөө зодуулаад байна чи ирээч” гээд залгаад байна гэхээр нь би Отай Эд очиход Н гэх залуу*******ээ зодсон байдалтай байсан. О Н руу хандаж “та яагаад*******ээ зодож байгаа юм вэ” гэхэд Оыг зодохоор нь болиулах гэхэд намайг бас зодоод байж байхад цагдаагийн алба хаагчид ирээд цагдаагийн төв газар очиж өргөдлөө бичсэн. Миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний шанаа дух хэсэгт зулгарсан баруун нүд хөхрөлтэй, толгой их өвдөж байна. Би Н гэх хүнийг танихгүй, Оыг л танина. Би тухайн архи согтууруулах ундаа хэрэглэсэн ч өөрийгөө удирдах чадвартай болсон асуудлын талаар мэдэж байгаа, Оыг зодоод байхаар нь салгах гэхэд намайг бас зодсон. Миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй. Миний зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-р тал/,

эрч Н.Оын: ...2024 оны 11 дүгээр сарын 02-ны шөнийн 05 цагийн орчим Б эгчийн охин А над руу фейсбүүк чатаар залгаад агаа манайд хүрээд ир аав архи уугаад ээж бид нарыг алах гээд байна хурдан хүрээд ир гэхээр нь Э ахын хамт Н ахынд очсон. Н нь гэрийнхээ үүдэнд суусан байдалтай, цааш гэр лүү нь ороход хүүхдүүд нь уйлсан байхаар нь аргадаад байж байхад гаднаас Н чанга хашхираад намайг “гараад ирээч” гэхээр нь гэрээс гарахад Н Э ахыг зодоод нүүр нь шалбарсан байхаар нь салгах гэхэд намайг чирж унагаад цамцны малгайнаас татаад миний хоолой боогдоход Э Б хоёр салгаад байж байхад цагдаа нар ирсэн. Би шууд ирээд Н ахын гэрт нь орсон, Э гэрийн гадаа байсан. Тэгээд Н ах чанга орилоод намайг гэрээс гараад ир гээд орилоод байхаар нь гараад очиход Э ахыг зодсон байдалтай. Би тухайн үед гэмтэл бэртэл аваагүй, шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэхгүй....”гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

-гэрч Н.Бийн мэдүүлсэн: ...2024 оны 11 дүгээр сарын 02-ны орой гадуур нөхрийн хамт найзуудтайгаа ууж байгаад шөнийн 02 цагийн орчим гэртээ хоёр найзын хамт хариад пиво ууж сууж байгаад манай хоёр найз явсан. Явахаар нь би 2-р давхартаа унтаж байхад нөхөр доод давхарт чанга яриад байхаар нь 2-р давхраас буугаад очиход нөхөр, хүү Ттай маргалдаад зогсож байсан ба цаг харахад шөнийн 04 цаг болж байсан. Нөхөр хүүг “хаагуур яваад байгаа юм” гээд зодох гээд байхаар нь салгах гэхэд салахгүй хүүг цохиод байхаар нь арай гэж тайвшруулаад салгаад нөхрийг үүдний өрөөнд суулгаж байхад, манай дүү гэрт найз залуутайгаа орж ирээд эгчийг яаж байгаа юм гээд нөхөртэй маргалдаад байсан. Би тэгэхээр нь Отай цуг явж байсан залууг нь гаргаад байж байхад нөхөр араас нь гараад нөгөө залууг зодсон байхаар нь салгаад гэрт оруулахад гэрт байсан дүү Оыг бас хэд цохиод байсан болохоор дийлэхгүй юм байна гэж бодоод цагдаагийн газар луу залга гээд хүүхдүүд рүү орилсон. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд бүгдийг маань аваад явсан. Манай нөхөр Э гэх залууг гараараа цохиж, газар унгаж өшиглөөд байсан. Түргэн ууртай зөрүүд зан авиртай, та нар намайг зодох гэж ирлээ гээд уурлаад л уурандаа цохиод Э гэх хүнийг танихгүй болохоор чи хэн юм гээд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 985 дугаартай “...О.Эын биед баруун завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, баруун чамархай, дух, баруун хацар, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дангаараа, бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р тал/

 -шүүгдэгч У.Нын яллагдагчаар мэдүүлсэн:..Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ О.Эын биед гэмтэл учруулсандаа харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй. Би О.Эийн эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

           Шүүгдэгч У.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн орчим Орхон аймгийн Б сумын Ч багийн Э хорооллын 00-00 гадаа О.Эыг “намайг зодох гэж ирээ юу, чи хэн юм” гэж хэлж маргалдаж, гараараа цохиж, газар унаган хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “баруун завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, баруун чамархай, дух, баруун хацар, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулжээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч У.Нын үйлдлийн улмаас О.Эын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.     

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.    

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.        

       Шүүгдэгч У.Нын хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.       

           Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

           Шүүгдэгч У.Ныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.          

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгчээс хохирогчид учирсан хохиролд баримтаар нийт 510.000  төгрөг гаргуулж  олгуулах, цалингийн зөрүү цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заах үндэслэлтэй гэж,

-шүүгдэгч У.Н өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч У.Нт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 900 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналтай гэж,

-шүүгдэгч:өөр саналгүй гэж тус тус санал гаргасан.

3. Хохирол төлбөрийн тухайд: 

Хохирогч О.Э өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, түүнийг эмчлүүлэхэд гарсан зардалд баримтаар 510,000 төгрөг, цалингийн зөрүү нэхэмжилсэн.

Хохирогчийн шүүхэд баримтаар гаргасан эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн баримт, гар утсаар авсан гэмтлийн зураг, Эт ажилладаг гэх тодорхойлолт, сарын дундаж цалингийн тодорхойлолт, 11, 12 сарын цалин, нэмэгдлийн мэдээлэл, НДШ төлөлтийн мэдээлэл зэрэг баримтуудаас дүгнэхэд, “Э” .....-д белазын жолоочоор ажилладаг хохирогч О.Эын сарын дундаж цалин /санхүүгийн тодорхойлсноор/ 7,944,405 төгрөг байна. 11 сард дутуу ажиллаж 5,621,087 төгрөг авсан, 12 дугаар сард хэвтэж эмчлүүлсэн хугацааны листийн мөнгө орж нийт 10,347,052 төгрөгийн цалин бодогдсон байх ба дундаж цалингаас 2,402,647 төгрөг илүү авсан байна. Үүнээс листээр авсан 1,037,143 төгрөгийг хасвал 1,365,504 төгрөгийн зөрүү гарч байна. Өөрөөр хэлбэл,11 сард гэмтлийн улмаас бүтэн ажиллаагүй, 1,365,504 төгрөгийн цалин дутуу авсан байна. Иймд баримтаар эмчилгээний зардал 510,000 төгрөг, цалингийн зөрүү 1,365,504 төгрөг, нийт 1,875,504 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгуулах үндэстэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирогч гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ургийн овогт У-ын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ныг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Наас нийт 1,857,504 төгрөг гаргуулж, хохирогч О.Э /Орхон аймаг Баян-Өндөр сум Х баг У хороолол ............. тоотод оршин суух, /РД:0000000/-т олгуулж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ