Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

2025       01         24                                            2025/ШЦТ/50

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Э.Г

Шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Дд холбогдох эрүүгийн 2425000000670 дугаартай хэргийг тус шүүхийн 103 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Д багийн З 0-00 тоотод хохирогч Н.Бтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, нуруу, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шуу, дагзанд зулгаралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар

      Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Ө.Дгийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Гудамжинд таараад гэрт нь очиж архи уусан. Маргалдаад эхнэрээ зодох гээд байхаар нь  зодсон гэх мэдүүлэг,

          эрүүгийн 2425000000670 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:        

          -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-17-р тал/         

         -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-р тал/

-хохирогч Н.Бы мэдүүлсэн... Би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Д баг зураа 0-00 тоотод ганцаараа амьдардаг. Хүүхдүүд маань тусдаа гарчихсан. Өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед гэртээ харихаар Н баг ахмадын буудлын ойролцоо алхаж яваад зүс таних нэрийг нь мэдэхгүй 50 гаран настай,*******тэй таарсан. Энэ үед тэр******* ганцаараа жаахан архи уучихсан, халамцуу явж байсан. Мөн тэр*******тэй таарахдаа миний хувьд архи уугаагүй байсан. Гудамжинд юм яриад зогсож байтал зүс таних*******

“андаа хоёулаа ганц юм уух уу” гэхээр нь би зөвшөөрч за тэгье гээд дэлгүүрээс 1 шил архи худалдаж аваад манайх руу хамт алхаж очсон. Бид хоёр гэрт орох үед хэдэн цаг болж байсан гэдгийг мэдэхгүй байна, үдээс хойш л болж байсан. Би байшинд амьдардаг бөгөөд зүс таних******* бид хоёр манайд ороод дэлгүүрээс худалдаж авсан архиа уусан. Сүүлдээ нэг мэдсэн чинь би тасарчихсан, сандал дээр сууж байсан. Гэтэл энэ үед яагаад гэдгийг мэдэхгүй байна, зүс таних залуу над руу уурлаж газар унагааж, цээжин дээр дэвсэж, толгойн тус газарт цохисон. Намайг зодож байхдаа чамайг алчихъя гэж хэлж байсан. Хэдэн минутын дараа би зодуулж дуусаад охин М руу залгаж зүс таних залуутай хамт байхдаа аав нь хүнд зодуулчихлаа, хүрээд ир гэж дуудсан. Ингээд бид хоёрыг хамт байхад гаднаас охин хүрч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу гаднаас цагдаа нар манай гэрт ирээд намайг зодсон залуу, охин бид гурвыг гэр хорооллын цагдаагийн хэсэг дээр аваачсан...Миний сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.Шүүх хуралдаанд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 14-р тал/,

эрч Б.Мгийн мэдүүлсэн: ... 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед гэртээ амарч байтал миний төрсөн дүү О над руу өөрийн 0000000 дугаарын утаснаас залгаж “аав хүнд зодуулчихлаа гэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч ойролцоогоор 10 орчим минутын дараа Д баг З 0-00 тоотод очиход аавын хөмсөг нь сэтэрчихсэн, нүүр, нүд нь хавдсан байдалтай, согтуу танихгүй нэг залуугийн хамт сууж байсан. Бас аавын хамтран амьдрагч Н гэх эмэгтэй гаднаас ирээд тэр хоёрыг салгасан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

-гэрч Ч.Нын мэдүүлсэн: ...2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Шанд багийн 9 гудамжны үзүүрт Б таарсан, тэгээд бид хоёр явж байтал Б найз Д гэх хүнтэй таараад Д нь дэлгүүрээс 0,75 литрийн хар чингис аваад Б гэр рүү орж уусан. Тэгээд архиа ууж байгаад гэнэт учиргүй Б, Д хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд би айсандаа болоод Б охиныг дуудсан, тэгээд цагдаагийн алба хаагч нар ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 928 дугаартай: “... Н.Бы биед баруун хөмсөгт шарх, нуруу, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шуу, дагзанд зулгаралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун хөмсөгт шарх, нуруу, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шуу, дагзанд зулгаралт гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх баруун хөмсөгт шарх гэмтэл нь дангаараа, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шуу, дагзанд зулгаралт гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/

 -шүүгдэгч Ө.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн:...Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д багийн 9 гудамжны ойролцоо Б болон Н нартай таарсан. Тухайн үед Б, Н нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан. Тэгээд надтай тараад том бандийгаа алдчихаад үхмээр байна амьдрах сонирхол алга гээд байхаар нь би дэлгүүрээс нь 0,75 литрийн Хар чингис архи 1 ширхэг, кола ундаа, нэг хайрцаг тамхи аваад Б гэр лүү бид гурав орсон. Тэгээд авсан архиа задалж цуг уусан, архи уух хугацаанд Б нь өмнөх амьдралаа яриад уйлаад эхэлсэн. Тэгээд гэнэтхэн Б, Н хоёр нь хэрэлдээд, маргалдаад эхэлсэн. Б нь Ныгаа зодох гээд байхаар нь би эмэгтэй хүнийг зодож байгаа хүнд би дургүй шүү гэж хэлээд Бг цохих гэтэл Н нь чи Бг зодож болохгүй шүү наадхаа зодвол намайг бас наадах чинь зодно шүү гээд Н нь учиргүй над руу дайраад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би Бг Нтай маргалдаад байхаар нь Б толгой тус газарт нь нэг удаа тохойгоороо цохисон, хүзүүн дээр нь хөлөө тавих гэж байснаа больсон. Тэгээд удалгүй Б нь охин руугаа залгаад цагдаа дуудаарай аавыг нь хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би Н.Быг цохисон асуудлаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

       Шүүгдэгч Ө.Д 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Д багийн З 0-00 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан Н.Бтай үл ялих зүйлээр шалтгаалан маргалдаж, зодон эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, нуруу, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун шуу, дагзанд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулжээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ө.Дгийн үйлдлийн улмаас Н.Баатрчулууны биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь  хохирогч,гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.     

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.        

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

       Шүүгдэгч Ө.Д хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.      

          Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

           Шүүгдэгч Ө.Дг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.          

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

-шүүгдэгч Ө.Д өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж тус тус дүгнэлт гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

3. Хохирол төлбөрийн тухайд: 

Хохирогч Н.Б нь өгсөн мэдүүлэгтээ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Ө-ын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ