| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0034/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
2025 01 27 2025/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 2425003050757 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 0............сарын 05-наас 06-нд шилжих шөнө Б.Галсүхийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сум, Б баг хуучин хороо ............гудамжинд замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. а/, б/, г/, 10, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчин гэр хороолол дундах замд бусдад зодуулан хэвтэж байсан хохирогч З.Эгийн дээгүүр дайрч зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд нь “зүүн эгэм ясны далд хугарал, баруун шуунд шарх, нуруу, хоёр гарын бугалга, баруун мөр, шуу, гуя, шилбэнд зулгарсан шарх” бүхий хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичснээр/ холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1, 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Г.Б мэдүүлсэн: Тухайн үед зодоон болоод “цагдаа” гээд орилохоор нь явах гээд хамт ирсэн найз маань зодуулж байсан болохоор авах гэтэл цонхоор намайг цохисон. Тэгээд машинаараа зугатсан. Өвсөн дунд хүн хэвтэж байсныг хараагүй дайрсан байсан. 7 сард хүн дайрснаа мэдсэн. Гэм буруугаа хүлээж байна, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. 8,500,000 төгрөг хохирогчид төлсөн гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2425003050757 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:
-Хэргийн газар үзлэг хийсэн тухай... хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Б багийн нутаг дэвсгэрт байх ба хэрэг учрал болсон гэх газрын гудамжны зүүн талын ногоон өнгийн төмөр хашааны дээр Хуучин хороо 6, 1-31 гэсэн бичиглэл байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Үүний дараа гэрч Е хохирогч газарт хэвтэж байхад нь хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч дээгүүр нь гарсан гэх газрыг заалган гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-р тал/
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 11-13-р тал/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд:...хохирогч З.Эгийн “намайг тухайн үед газар унасан байхад нуруу руу тэлээний төмрөөр хэд хэдэн удаа ороолгосон, бас гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Удалгүй намайг өшиглөж, тэлээгээр ороолгосон хүмүүс зугтаачихсан. Энэ үед газраас босох гэж байтал хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл намайг мөргөж, дээгүүр гарч явсан. Бас би арын дугуйнд нь хэсэг газар ар нуруугаараа чирэгдсэн..." гэх мэдүүлгийг газар дээр нь шалгахаар тогтов. ..Б багийн хуучин хороо ............гудамжинд хохирогчоор заалган очив. Хохирогч З.Э "энд хэвтэж байхад миний дээрээс хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл миний дээгүүр гарч эхний дугуйгаараа даваад зогсож дараа нь би хэсэг газар арын дугуйнд нь газарт ар нуруугаараа чирэгдсэн гэснийг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р тал/
-хохирогч З.Эгийн мэдүүлсэн:...2024 оны 0............сарын 05-ны шөнө 23 цагийн орчим гэртээ харихаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Б баг хуучин хороо ............гудамжны орчлонгийн зүүн талд алхаж явтал ............гудамжны дунд хэсэгт нилээн хэд хэдэн машинтай хүмүүс бөөгнөрчихсөн байсан ба манай хорооны Д, Ж, Г нар намайг хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь би явж очоод энд юу болоод байгаа юм бэ гэж асуутал тэр хэд М нэг асуудал болсон, тэгсэн чинь баахан хүмүүс дагуулаад ирлээ гэж хэлсэн. Үүний дараа би Мын дагуулж ирсэн гэх хүмүүс рүү чиглээд алхаж очсон. Тэр үед миний танидаг манай хорооны Ш, М, Ж, Д нар болон өөр танихгүй нилээн хэдэн хүүхдүүд байсан. Би тэр хэдэд хандаж одоо надуулаа дагуулаад яв гэж хэлсэн чинь цаанаас нэг хүн машинаас бууж ирчихээд наадах чинь юу гээд байгаа юм бэ гэж хашхирахаар нь тэр орилсон хүнтэй нь уулзахаар урдаас нь алхаж очсон. Дараа нь би тэр залууд би энэ хүүхдүүдийн ах нь байна, одоо та нар явчих гэж хэлсэн чинь намайг нэг нь хавсарч унагасан. Газар унасныхаа дараа би босож зугтаасан чинь араас нэг нь дахин намайг хавсарч унагасан. Би газар унаад доошоо харчихсан байсан ба газар хэвтэж байхад хар өнгийн машин миний цээжин дээгүүр дайраад зугтаачихсан. Бас арын дугуй хэсгээрээ хэсэг газар намайг чирсэн. Үүнээс хойш юу болсон талаар би сайн санахгүй байна. ...Намайг тухайн үед газар унасан байхад нуруу руу тэлээний төмрөөр хэд хэдэн удаа ороолгосон бас гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Удалгүй намайг өшиглөж, тэлээгээр ороолгосон хүмүүс зугтаачихсан. Энэ үед газраас босох гэж байтал хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл намайг мөргөж, дээгүүр гарч явсан. Бас би арын дугуйнд нь хэсэг газар нуруугаараа чирэгдсэн. Би зодуулж байхдаа ухаан алдаагүй. Хүмүүс зугтаачихаар нь газраас босох гэж байтал надаас 10-20 метрийн зайтай гэрлээ асаагаад зогсож байсан хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл над руу хүрч ирээд намайг мөргөж, дээгүүр гарсан. Намайг газар унаад зодуулж байхад тэр залуучууд наад писдаг чинь ер нь алчихъя гэж хэлж байсан. Харин машинаар мөргөж, дээгүүр гарч явахдаа машин дотор байсан хүмүүс юм хэлээгүй. Би газар унаад доошоо харчихсан байсан учраас царайг нь хараагүй. Яг хэдэн хүн байсан гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ тэр үед надад гэмтэл учраагүй. Хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл эхлээд урд дугуйгаараа миний зүүн эгэм дээгүүр гарахад эгэм хугарсан, бас арын дугуйнд нь чирэгдэх үед нуруу, гар, хөл зулгарсан. Хэрэв тэр үед намайг машинаар дайрч, чирээгүй бол би ийм байдалд орохгүй байх байсан. Мөн энэ оны 06-р сард миний бие дээгүүр тээврийн хэрэгсэл гарсны улмаас унаж татах явдал маань ихэссэн. Цаашид энэ ослын улмаас эмнэлгийн байгууллагаар эмчлүүлэх хойч үеийн эрсдэл үүсэх юм бол эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх болно. Б надад эмчилгээний зардалд 8,500,000 төгрөг өгөхөөр болсон бөгөөд үлдэдэл 2,500,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Би шүүх хуралд суухгүй. Б надаас өөрийн биеэр уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-25-р тал/
-гэрч О.Бын мэдүүлсэн:... Ингээд найз залуу бид хоёрыг машинтай уруудаад Тосгоны хуучин эцсийн засмал зам руу орж байтал цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хажуугаар зөрөх үедээ цонхоо онгойлгож дотор талаас нь******* хүн “яагаад байгаа юм, юу болоод байгаа юм бэ буугаад ир” гэх зэргээр сүрдүүлээд зогссон. Энэ үед манай найз залуу тэд нарын машины дэргэд очоод зогсож байтал, зодоон болсон гудамжнаас хар өнгөтэй приус 20 маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай гарч ирээд найз залуугийн юм яриад зогсож байсан приус 30 маркийн тээврийн хэрэгслийн харалдаа зогсоод “хүн дайрчихлаа” гэж хашгирчихаад засмал зам руу ороод давхисан. Араас нь маркийг нь мэдэхгүй 2 цайвар өнгийн машинтай хүмүүс дагаж явсан. Үүний дараа найз залуу бид хоёр зодоон болсон гудамж руу ортол 25 орчим насны цээж нүцгэн, хар өнгийн өмд өмссөн******* газар шороон дээр хэвтэж байсан. ...Мөн хажууд нь эхнэр нь гэх нэг эмэгтэй баруун гарнаас нь атгаад толгойг нь дээш нь өндийлгөсөн маягтай сууж байсан. Бас дэргэд нь 2 -3 залуу хараад зогсож байсан хоёр залуугийн хамт байсан. Үүний дараа газар цээж нүцгэн хэвтэж байсан*******н биеийн байдлыг үзэхэд зүүн эгэм хугарч, яс нь наашаа овойж гарч ирсэн, хүүхэн хараа өргөссөн, амьсгал удааширсан, хагас ухаантай, асуусан асуултад биеийн хөдөлгөөнөөр хариулж байсан. Намайг тусламж үзүүлж байхад найз эмэгтэй нь надад “М манай нөхрийг мөргөсөн, би харсан, дээгүүр нь хоёр ч удаа гараад явчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад мөргөчихсөн юм бол гэхэд найз эмэгтэй нь Мын машины урд газарт хэвтэж байсан залуу байсан гэсэн утгатай зүйл ярьсан...Намайг Ж “та нар яагаад зодолдох гээд байгаа юм” гэж асуухад нөхөр бид хоёрт “одоо алнаа, эд нарыг” гэж хэлээд нэг гараараа нөгөө гараа цохиод байсан. Эг ална гэж хэлээгүй, зүгээр л нөхөр бид хоёрт тэгж хариулсан. Ж нөхөр бид гурвыг юм ярьж байхад нэлээн цаана Э зөндөө олон залуучуудтай хамт зогсож байсан. Сүүлд Эг газар цээж нүцгэн хэвтэж байхад Ж байгаагүй. Буцаад очиход гудамжинд Э бэртсэн байдалтай, дээшээ харчихсан хэвтэж байсан. Бас хажууд нь эхнэр, хоёр залуугийн хамт байсан...Шууд хэлж мэдэхгүй байна, нэлээн хурдтай явж байсан. Хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгслийн араас цагаан өнгийн жижиг тэрэг явж байсан. Гудамжинд шороон замын хажуугийн өвсөн дээр дээшээ харчихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р тал/
-гэрч Х.Еийн мэдүүлсэн: ...Тэгээд бид дөрвийг харж байхад тэд нар хоёр талаасаа маргалдаж зодолдож эхэлсэн. Удалгүй Э ах газар уначихсан дэргэд нь 3-4 залуучууд дэргэд нь зогсоод өшиглөөд байхаар нь бид дөрөв очиж салгая гээд гүйж очоод Э ахыг зодож байгаа залуучуудыг боль гээд салгасан. Тэгтэл нөгөө маргалдаж байсан залуучууд нь зугтаасан. Мөн яг зодоон эхлэх үед Э ахтай хамт зогсож байсан 10 гаран залуучууд шууд зугтаачихсан. Уг гудамжинд М гэдэг зүс таних дүү цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос харж байсан. Бас цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн яг ард нь дээрээ улаан өнгийн 2 ширхэг эвэртэй, улсын дугаараа тайлаад авчихсан, хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ асаагаад зогсож байсан. Бид нарыг салгах гээд гүйгээд очиход Э ах газар хэвтэж байсан бөгөөд тэнд байсан нэг залууг явуулахгүй гээд зогсож байсан чинь дээрээ улаан өнгийн эвэртэй, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинтайгаа дэргэд ирж зогсоод “найзыгаа авъя” гэхээр нь бид нар “үгүй та нарыг одоо цагдаад өгнө” гэж хэлсэн чинь нөгөө хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урагшаа хөдлөөд замын хажууд жижиг өвсөн дунд хэвтэж байсан Э ахын дээгүүр гарч явсан. Эхлээд уг тээврийн хэрэгслийн урд дугуй нь Э ахын дээгүүр гарч зогссон бөгөөд энэ үед О бид хоёр “чи хүн дайрчихлаа байж бай” гэж хэлээд машин руу гүйсэн чинь нөгөө машин чигээрээ хөдлөөд арын дугуйгаараа Э ахыг 1 метр орчим газар ар нуруугаар нь чирч, арын дугуйгаараа цээжин дээгүүр нь гараад тэр чигтээ яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 34,36-р тал/
-гэрч Б.Мын ...Намайг Э хорооллын тэнд сагс тоглож байхад танихгүй дугаараас******* хүн залгаад хурдан тосгонд хүрээд ир, чамайг зодчихоод баар ормоор байна гэж хэлсэн... Ингээд шөнө нь зодоон болсон. Зодоон болох үед бүгд нийлээд 10 орчим машин байсан. Гэхдээ хар өнгийн машин ганцхан приус 20 л байсан. Бусад машин нь дандаа цагаан, саарал өнгөтэй байсан. Намайг машин дотроо сууж байсан чинь Эгийн найз охин хүрч ирж машины хаалга онгойлгоод буугаад ир, хурдан буугаад ир чи гэж орилоод байхаар нь би жолоочийн суудал руу очиж хаалгыг нь дотроос түгжээд тэндээс хөдлөөд явчихсан. Би тэндээс хөдлөөд эцсийн буудлын ойролцоо зогстол удалгүй зодоон болдог газар, дээрээ эвэртэй, хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн танихгүй нэг******* миний жолоодож явсан машины арын суудал руу орж ирж суугаад “Б сая арын дугуйгаараа хүний дээгүүр давчих шиг болсон” гэж надтай хамт машин дотор байсан хүмүүст хэлсэн. Үүнээс хойш удалгүй бид нар тараад явчихсан. Энэ явдлаас хойш зодоон дунд байсан Мөнхжин гэдэг охинтой утсаар ярьж хэн Эг дайрчихсан юм бэ, хүмүүс намайг андуураад байна гэхэд “би харсан, дээрээ эвэртэй, хар өнгийн приус 20 Эг дайрчихсан” гэж надад хэлсэн. Тэр үед дээрээ эвэртэй, хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Б ах жолоодож байсан..." гэх мэдүүлэг / хх-ийн 39, 42-р тал/
-гэрч Б.Угийн ...очиход гудамжинд замын хажууд Э цээж нүцгэн дээшээ хараад хэвтэж байсан. Намайг дэргэд нь очиход Эгаас 10 орчим метр зайд хүн байгаагүй. Тэрнээс холгүй газарт хүмүүс хоорондоо зодолдож байсан. Э газар хэвтэж байхаар нь эргээд хартал М ...нэг машин дотор сууж байхаар нь би явж очоод чи буугаад энэ хүмүүсээ болиулаач ээ, чамаас болоод хүмүүс хоорондоо зодолдоод байна гэхэд М машинаа түгжээд яваад өгсөн. Намайг тэгж хэлэхэд жолоочийн суудал дээр хүн байгаагүй бөгөөд М арын суудлаас шууд урд суудал руу үсэрч ороод жолоочийн суудал дээр суугаад хөдлөөд явсан. Мыг хөдлөөд удаагүй байхад хүмүүс хүн дайрчихлаа шүү дээ гэж хашгирсан. Би тухайн үед Мыг Эг дайрсан юм болов уу гэж бодсон. Гэхдээ Эг яг ямар машин газар хэвтэж байхад нь дээгүүр нь дайрсан гэдгийг хараагүй. Тэгээд Э дээр буцаад очсон чинь Э амьсгаа авч чадахгүй дээшээ хараад хэвтэж байсан. Энэ үед танихгүй нэг эмэгтэй хүрч ирээд “би сувилагч аа битгий гар хүрээ, би түргэн дуудчихья” гээд түргэн дуудсан. Удалгүй түргэний машин ирээд Эг авч явсан. Харин би араас нь машинтайгаа дагаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 581 дугаартай “...З.Эгийн биед зүүн эгэм ясны далд хугарал, баруун шуунд шарх, нуруу, хоёр гарын бугалга, баруун мөр, шуу, гуя, шилбэнд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Зүүн эгэм ясны далд хугарал, баруун шуунд шарх, нуруу, хоёр гарын бугалга, баруун мөр, шуу, гуя, шилбэнд зулгарсан шарх нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг топгоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдууллахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 51-53-р тал/
-Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай хохирогч З.Эгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 56-87-р тал/
-Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад П.Б-н 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “...Г-н Б /РД:00000000/ нь В ангиллын 0000000 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:
3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрпаз асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хеделгехгүй байх,
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тзэврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыгтэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мерийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нехцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
10.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмне зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
Хохирогч З.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудаас зөрчөөгүй болно. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь сэжигтэн Г-н Б /РД:00000000/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн А, Б, Г. 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна...” гэх магадлагаа /хх-ийн 90-93-р тал/
-Шүүгдэгч Г.Б-н яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч залуутай холбогдож болсон явдалд уучлалт гуйсан. Мөн эмчилгээний зардал болгож 5,000,000 төгрөг өгсөн. Боломжтой болохоороо нэмж мөнгө өгөх болно. Миний хувьд зодоон болж байхад бараг оролцоогүй харж байгаад сүүлд нь явахдаа газар хэвтэж байсан хохирогчийг хараагүй дээгүүр нь гарчихсан байна. Ийм явдал болсонд харамсаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 109-р тал/
-Хохирогч З.Эгийн гаргаж өгсөн хохирлын баримтууд, гэмтэл бэртлийг харуулсан гэрэл зураг /хх-ийн 136-142-р тал/
-00-00 ... улсын дугаартай Тоёота Приус -20 тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 145-р тал/
-Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 155-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 0............сарын 05-наас 06-нд шилжих шөнө Б.Г-н эзэмшлийн Тоёота приус 20 загварын 00-00 ... улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сум, Б баг хуучин хорооны ............гудамжинд зодолдохоор цугларсан залуус дээр очиж машинтайгаа зогсож байгаад хөдлөхдөө уг гудамжинд замын хажууд бусдад зодуулан хэвтэж байсан хохирогч З.Эгийн дээгүүр дайрч гараад уг газрыг орхиж давхиж явсан ба З.Эгийн биед “..зүүн эгэм ясны далд хугарал, баруун шуунд шарх, нуруу, хоёр гарын бугалга, баруун мөр, шуу, гуя, шилбэнд зулгарсан шарх” бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, сэжигтний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Г.Б үйлдлийн улмаас хохирогч З.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлд хохирогч З.Эгийн....Газар унасныхаа дараа би босож зугтаасан чинь араас нэг нь дахин намайг хавсарч унагасан. Би газар унаад доошоо харчихсан байсан ба газар хэвтэж байхад хар өнгийн машин миний цээжин дээгүүр дайраад зугтаачихсан. Бас арын дугуй хэсгээрээ хэсэг газар намайг чирсэн. Үүнээс хойш юу болсон талаар би сайн санахгүй байна....гэх мэдүүлэг, гэрч О.Бын: ...Энэ үед манай найз залуу тэд нарын машины дэргэд очоод зогсож байтал зодоон болсон гудамжнаас хар өнгөтэй приус 20 маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай гарч ирээд найз залуугийн юм яриад зогсож байсан приус 30 маркийн тээврийн хэрэгслийн харалдаа зогсоод “хүн дайрчихлаа” гэж хашгирчихаад засмал зам руу ороод давхисан. Араас нь маркийг нь мэдэхгүй 2 цайвар өнгийн машинтай хүмүүс дагаж явсан. Үүний дараа найз залуу бид хоёр зодоон болсон гудамж руу ортол 25 орчим насны цээж нүцгэн, хар өнгийн өмд өмссөн******* газар шороон дээр хэвтэж байсан… гэх мэдүүлэг, гэрч Х.Еийн:… Бид нарыг салгах гээд гүйгээд очиход Э ах газар хэвтэж байсан бөгөөд тэнд байсан нэг залууг явуулахгүй гээд зогсож байсан чинь дээрээ улаан өнгийн эвэртэй, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинтайгаа дэргэд ирж зогсоод “найзыгаа авъяа” гэхээр нь бид нар “үгүй та нарыг одоо цагдаад өгнө” гэж хэлсэн чинь нөгөө хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урагшаа хөдлөөд замын хажууд жижиг өвсөн дунд хэвтэж байсан Э ахын дээгүүр гарч явсан. Эхлээд уг тээврийн хэрэгслийн урд дугуй нь Э ахын дээгүүр гарч зогссон бөгөөд энэ үед О бид хоёр” чи хүн дайрчихлаа байж бай” гэж хэлээд машин руу гүйсэн чинь нөгөө машин чигээрээ хөдлөөд арын дугуйгаараа Э ахыг 1 метр орчим газар ар нуруугаар нь чирч, арын дугуйгаараа цээжин дээгүүр нь гараад тэр чигтээ яваад өгсөн.. гэх мэдүүлэг, гэрч Б.Мын мэдүүлсэн:...Энэ явдлаас хойш зодоон дунд байсан Мөнхжин гэдэг охинтой утсаар ярьж хэн Эг дайрчихсан юм бэ, хүмүүс намайг андуураад байна гэхэд “би харсан, дээрээ эвэртэй, хар өнгийн приус 20 Эг дайрчихсан” гэж надад хэлсэн. Тэр үед дээрээ эвэртэй, хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Б ах жолоодож байсан..гэх мэдүүлэг, гэрч Б.Угийн мэдүүлсэн:.. Гэхдээ Эг яг ямар машин газар хэвтэж байхад нь дээгүүр нь дайрсан гэдгийг хараагүй. Тэгээд Э дээр буцаад очсон чинь Э амьсгаа авч чадахгүй дээшээ хараад хэвтэж байсан. Энэ үед танихгүй нэг эмэгтэй хүрч ирээд би сувилагч аа битгий гар хүрээ, би түргэн дуудчихья гээд түргэн дуудсан. Удалгүй түргэний машин ирээд Эг авч явсан… гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-н гаргасан: 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 581 дугаартай “...З.Эгийн биед зүүн эгэм ясны далд хугарал, баруун шуунд шарх, нуруу, хоёр гарын бугалга, баруун мөр, шуу, гуя, шилбэнд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Зүүн эгэм ясны далд хугарал, баруун шуунд шарх, нуруу, хоёр гарын бугалга, баруун мөр, шуу, гуя, шилбэнд зулгарсан шарх нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг топгоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдууллахгүй” гэх дүгнэлт, Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад П.Б-н 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “...Гантөмөрийн Б /РД:00000000/ нь В ангиллын 0000000 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. ... Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь сэжигтэн Гантөмөрийн Б /РД:00000000/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн А, Б, Г. 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна...” гэх магадлагаа, Эрх бүхий албан тушаалтны Зам тээрийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Б нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн А, Б, Г. 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаатай танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,
2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тогтоосон ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.
Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэм буруутай үйлдэл нь, буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Г.Б тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн үйлдлийн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч тухайн нөхцөл байдалд хайхрамжгүй хандсаны улмаас бусдад зодуулсны улмаас босож чадахгүй газарт хэвтэж байсан З.Эгийн дээгүүр дайрч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг санаатай орхиж зугатаасан байна.
Хэргийн газрыг орхин зугатаасан үйлдэл нь гэрч О.Бын: ...Энэ үед манай найз залуу тэд нарын машины дэргэд очоод зогсож байтал зодоон болсон гудамжнаас хар өнгөтэй приус 20 маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай гарч ирээд найз залуугийн юм яриад зогсож байсан приус 30 маркийн тээврийн хэрэгслийн харалдаа зогсоод “хүн дайрчихлаа” гэж хашгирчихаад засмал зам руу ороод давхисан... гэх мэдүүлэг, гэрч Х.Еийн:… нөгөө хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урагшаа хөдлөөд замын хажууд жижиг өвсөн дунд хэвтэж байсан Э ахын дээгүүр гарч явсан. Эхлээд уг тээврийн хэрэгслийн урд дугуй нь Э ахын дээгүүр гарч зогссон бөгөөд энэ үед О бид хоёр” чи хүн дайрчихлаа байж бай” гэж хэлээд машин руу гүйсэн чинь нөгөө машин чигээрээ хөдлөөд арын дугуйгаараа Э ахыг 1 метр орчим газар ар нуруугаар нь чирч, арын дугуйгаараа цээжин дээгүүр нь гараад тэр чигтээ яваад өгсөн.. гэх мэдүүлэгүүдээр тогтоогджээ.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хор уршиг учирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 0............сарын 05-наас 06-нд шилжих шөнө Б.Г-н эзэмшлийн Тоёота приус 20 загварын 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сум, Б баг хуучин хороо ............гудамжинд замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. а/, б/, г/, 10, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчин гэр хороолол дундах замд бусдад зодуулан хэвтэж байсан хохирогч З.Эгийн дээгүүр дайрч хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар Г.Б нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч нь хохирогчид учирсан эрүүл мэндийн зардалд 8,500,000 төгрөг төлсөн,хохирогч нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал зэргийг иргэний нэхэмжлэл гаргах замаар нэхэмжлэх эрхтэйг заах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т: Шүүгдэгч хохирогчийг дайрснаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэл болоод гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Хэргийн газрыг орхин зугатаасан тухайд, хүн дайрснаа мэдээгүй давхиад явсан. Хэргийг дутуу шалгасан. Шүүгдэгч хохирогчид 8,5 сая төгрөг төлсөн, шүүхээс тогтоосон зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
-шүүгдэгч Г.Б нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг төлсөн, цаашид гарсан зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар дүгнэлт үндэслэлгүй. Хэргийн газрыг орхин зугатаасан болохыг нотолсон хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэгт эргэлзэх үндэслэл, няцаах нотолгоо тогтоогдоогүй.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 6.............зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлаас нөхөн төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх саналтай. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч:Шүүгдэгч гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Өөрийн боломж чадлын хэмжээнд хохирол төлсөн, цаашид шүүхийн тогтоосон хэмжээгээр төлөхөө илэрхийлсэн. Анх удаа болгоомжгүй хэрэгт холбогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэж тус тус санал гаргасан.
3.Хохирол төлбөр,бусад асуудлын талаар:
Хохирогч З.Эгийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд нийт 8,500,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн ба хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д ургийн овогт Г-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга доллон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 –д зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Бд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ