| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
2025 01 31 2025/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Төд холбогдох эрүүгийн 2425002580033 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С ургийн овогт М.Т /РД:00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Я баг Оын 00-00 тоот гэртээ хохирогч С.Бын нуруу хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь нуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч М.Тийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Архи хэтрүүлэн хэрэглэж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425002580033 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч С.Бын мэдүүлсэн:...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө би Орхон аймаг Я багт байх М.Тийн гэрт нь орсон чинь ахтайгаа цуг гэртээ байсан. Тэгээд бид 3 гэрт нь юм ярьж сууж байгаад орой 19 цагийн үед Б дэлгүүрээс 2 шил 0,5 литрийн архи авч гэрт нь очиж гурвуулаа хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад ахиад М.Т дэлгүүр рүү явж 0,75 литрийн архи авч ирээд ууж байхад над руу шууд “пизда гөлөг минь” гээд хэл амаар доромжлоод зодох гээд байхаар нь би түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд би одоо боль хөгшөөн гээд татаад босгох гэтэл миний зүүн талын бөөр рүү цохих шиг болсон. Тэгсэн чинь М.Тийн ах нь наадах чинь чамайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь харсан чинь М.Тийн гарт нь хутга байхаар нь гялс аваад гаргаад шидчихсэн. Тэгээд л миний бөөрний хэсгээс халуу дүүгээд байхаар нь гараараа барьтал цус гоожиж байсан. Тэгээд М.Тийн ах нь түргэн тусламж дуудсан. Тэгээд нээх удалгүй түргэний машин ирээд эмч нь намайг үзчихээд чамайг хутгалсан хүн чинь хаана байгаа юм бэ гэж асуухад манай дүү хутгалчихсан юм гэж хэлсэн. Тэгээд намайг түргэний машинаар эмнэлэг авч явсан. Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Би шинжээч томилуулахгүй. Өндөр Энхээ гэж Машлайн Тийг хэлдэг юм. М.Т надад учруулсан бэртэл гэмтэлдээ эмчилгээний зардал өгөөгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 12, 14-р тал/
-гэрч Ж.Сын мэдүүлсэн: ... 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай бэр над руу утсаар залгаад С. Б манай гэрт ирчихлээ та хүрээд ир бие нэлээн муу байх шиг байна гэж хэлэхээр нь шууд гэрээсээ гараад очсон. Тэгсэн чинь С.Быг гэртээ авч ирээд юу болсон талаар асуухад юу ч хэлээгүй бөөрөн тус газар нь идээлж бугалсан шархтай, халуураад байхаар нь гэртээ эм уулгаж хонуулаад маргааш өглөө нь Э медикал эмнэлэгт үзүүлэхэд шарх нь нэлээн бугалчихсан яаралтай нэгдсэн эмнэлэгт үзүүлж арга хэмжээ ав гэхээр нь би шууд С.Быг авч яваад нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж хагалгаанд орсон…гэх мэдүүлэг/хх-ийн 16-р тал/
-гэрч Г.У мэдүүлсэн:...Тухайн өдөр би 16 цагт ээлжээ хүлээж авч ажилдаа гарсан. Тухайн өдөр би тухайн хаягт дуудлагаар очиход нэг******* хүн хэвлийн доод хэсэгт иртэй зүйлээр зүсэгдсэн шархтай уг шархнаас цус гоожиж байхаар нь боолт хийж онош тодруулахаар яаралтай тусламжийн хүлээн авах руу тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 512 дугаартай “....С.Бын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/
-шүүгдэгч М.Тийн яллагдагчаар мэдүүлсэн:... Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн хэрэг гардаг өдөр С.Б архи уучихаад намайг цохиж зодох гээд байхаар нь миний уур хүрээд хутгаар нуруу хэсэг рүү хатгачихсан юм. С.Б намайг цохиж зодох гэж дайраагүй бол ийм зүйл болохгүй байх байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06-р сарын 19-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-50-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 24-ний өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-54-р тал/
-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/4 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 56-р тал/
-С овогтой Б /000000000/-ын эмчилгээнд Эрүүл мэндийн сангаас шилжүүлсэн тусламж үйлчилгээний зардлын жагсаалт /хх-ийн 68-р тал/
- Орхон аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн дуудлагын хуудасны хуулбар, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 72-106-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Я баг Оын 00-00 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа шалтгаангүйгээр хамт байсан С.Бын нуруу бөөр хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нуруунд шарх” бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,бусад бичмэл нотолгоо зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч М.Тийн үйлдлийн улмаас С.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,эмнэлгийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч М.Тийн хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд шилжүүлсэн 3,412,968 төгрөгийг төлнө гэж,
-шүүгдэгч М.Т өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, ЭМДС-д 3,412,968 төгрөг төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал,хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Төд 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдсэн хэргийн шинж байдал, хувийн байдалд тохирно, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоолгүй,240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэжээ.Шүүгдэгч өөр санал гаргаагүй.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч С.Б нь өгсөн мэдүүлэгтээ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад; ...гэж заасны дагуу хохирогчийн даатгалын сангаас эмчлүүлсэн зардал 3,412,968 төгрөгийг шүүгдэгч эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөх үүрэгтэй тул гаргуулан олгуулахаар зааж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ургийн овогт М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тус тус мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 162 дугаар зүйлд зааснаар ялын биелэлтийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Төөс 3,412,968 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 дугаарын дансанд олгуулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ