| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/08939/И |
| Дугаар | 101/ШШ2017/00363 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2017/00363
2017 оны 01 сарын 26 өдөр Дугаар 101/ШШ2017/00363 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххх тоотод оршин суух, Бямбаагийн Хгийн /РД: .........../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ххххххххххххххххххххххххххххх давхарт байрлах, Н.К ХХК-д холбогдох
281.940.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат,
Хариуцагч Н.К ХХК-ийн захирал С.Билэгт,
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Х нь Ххххххххххххххххххххххххххххххххх талбай бүхий байрыг 545.160.000 төгрөгөөр Н.К ХХК-д худалдахаар харилцан тохирч 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах Н/88 тоот гэрээг байгуулсан.
Н.К ХХК нь орон сууцны төлбөрөөс 357.200.000 төгрөгийг төлсөн ч үлдэх төлбөр 187.960.000 төгрөгийг төлөхгүй 3 жил гаруй хугацаа өнгөрлөө. Иймд Н.К ХХК-иас гэрээний төлбөр 187.960.000 төгрөг, гэрээний 6.3-т зааснаар тооцсон алданги 93.980.000 төгрөг, нийт 281.940.000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан.
Валютын ханш суларсан, 3 жил гаруйн хугацаанд мөнгөө хэрэглэж чадаагүй тул алдангийг бүхэлд нь хасах боломжгүй, харин нэгэн цагт хамтран ажиллаж байсны хувьд алдангиас 40.000.000 төгрөгийг хасч 241.940.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Н.К ХХК-ийн захирал С.Билэгт шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2012 оны 6 дугаар сард ххххххххххххххххххххххххххххы А блок барилгад Б.Х нь хөрөнгө оруулахаар болон би түүнд оруулсан хөрөнгө 643.500.000 төгрөгөнд нь нийт 990 м.кв талбайтай, 27 ширхэг байрыг, 1 м.кв талбайг нь 650.000 төгрөгөнд бодож 27 ширхэг байрыг 1 жилийн дараа Б.Хд ашиглалтанд оруулж өгөхөөр тохирч гэрээг байгуулсан.
1 жилийн дараа буюу 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр би 27 ширхэг байрыг Б.Хд хүлээлгэн өгсөн. Б.Х байраа хүлээж аваад 1 м.кв талбайг нь 1.650.000 төгрөгөөр борлуулж эхэлсэн. Тухайн үед буюу 2013 оны 4 дүгээр сард манайх 1 м.кв орон сууцаа 1.700.000-1.800.000 төгрөгөөр борлуулж байсан ба Б.Х манай барьсан байрыг бидний худалдаж байгаа үнээс хямдаар борлуулж эхэлсэн нь манай компанийн борлуулалтанд нөлөөлөх болсон.
Би Б.Хд манайхаас худалдан авсан байраа 1 м.кв талбайг нь 1.750.000-1.850.000 төгрөгөөр зар, тэгэхгүй бол манай борлуулалтанд нөлөөлж байна гэхэд надад өөрийнхөө байрыг худалдах санал тавихад бид дуртай зөвшөөрөн түүнээс 10 айлын 330.4 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.650.000 төгрөгөөр, нийт 545.160.000 төгрөгөөр худалдан авсан.
Манай компани Б.Хгийн 10 байрны 7 байрыг нь зарсан ба 3 байрыг зарж чадаагүй нь үнэн. Үүнд зах зээлийн хямрал нөлөөлсөн бөгөөд иргэдийн худалдан авах чадвар эрс буурч орон сууцны зээл олголт зогссонтой холбоотой. Үүнийг Б.Х маш сайн мэдэж байгаа.
Б.Х нь надаас 1 м.кв талбайг нь 650.000 төгрөгт бодож аваад 1.650.000 төгрөгөөр зарж их хэмжээний ашиг олсон.
Б.Х нь 357.200.000 төгрөг байрны үнэд авсан гэж тайлбарлаж байх ба миний тооцоогоор манай компани түүнд байрны үнэд 397.200.000 төгрөг өгсөн. Тухайн үед манай компанийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан Б.Б нь Б.Хд байрны төлбөрт 40.000.000 төгрөг өгсөн гэдэг ба Б.Х аваагүй гэдэг. Б.Х, Б.Б хоёрын хооронд 40.000.000 төгрөгийн асуудал байгаа. Тэр ч утгаараараа 40.000.000 төгрөгөөр нэхэмжлэлээ багасгаж байх шиг байна.
2014 оны 9 дүгээр сард Б.Х нь 3 байрны мөнгө 187.200.000 төгрөгөө авья гэж ирсэн бөгөөд бид ярилцаад түүнд нийт 114.1 мм.кв талбай бүхий 3 байр өгөхөөр ярилцсан бөгөөд би Б.Хг цаг сайжрахаар мөнгөө эсвэл байраа авья гээд ирэх байх гэж бодож байсан.
Миний харамсаж байгаа шалтгаан бол өөрийн дүү мэт хандаж байраа барьсан үнэд нь 650.000 төгрөгт бодож өгсөн, тэрээр байрыг бусдад борлуулж хэд дахин илүү ашиг олсон, мөн үл хөдлөх хөрөнгө борлуулах 2 хувийн татвараас чөлөөлөгдсөн, иргэн н.Сайнбатад манай байрыг зуучлан худалдаж өдөртөө 129.600.000 төгрөгийн ашиг олсон зэргээ умартаж энэ хүн надаас 93.980.000 төгрөгийн алданги нэхэмжилсэнд байгаа юм.
Нэгэнт Б.Х бодит байдлыг гуйвуулан үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж эв зүйгээр биш хуулийн байгууллагаар шийдүүлж байх тул би энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж шийдвэрлүүлэх нь үнэнд нийцнэ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Би Б.Хг үл хөдлөх эд хөрөнгө худалдсан татвараа төлөөгүй талаар нь татварын албанд гомдол гаргана.
С.Билэгт миний бие Н.К ХХК-ийг н.Буяндоржоос худалдан авсантай холбоотой 2012010026 тоот эрүүгийн хэрэг 2012 оноос хойш өнөөг хүртэл шалгагдаж байгаа бөгөөд энэ эрүүгийн хэрэгт би хохирогчоор тогтоогдсон. Энэ хэрэгт Б.Х асуугдсан бөгөөд Б.Б, Б.Х хоёрыг компанид 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан талаар нь гомдол гаргаж энэ эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгуулна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Н.К ХХК-д холбогдуулан 281.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Үндсэн төлбөр 187.960.000 төгрөг, алданги 93.980.000 төгрөг, нийт 281.940.000 төгрөг/
Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Чинбат нь алдангиас 40.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн ба үндсэн төлбөр 187.960.000 төгрөг, алданги 53.980.000 төгрөг, нийт 241.940.000 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Н.К ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч Н.К ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Маахуур гудамжинд баригдаж буй 12 давхар, 5 блок, 540 айлын орон сууцны барилгад 27 айлын 990 м.кв талбай бүхий орон сууцуудыг 2012 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд өгөхөөр, худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Х орон сууцны үнэд нийт 643.500.000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байгаа болохыг дурьдлаа.
Талууд 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төлбөр тооцоо дууссан тухай акт үйлдэн дээрхи худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн ба гүйцэтгэгч Н.К ХХК нь захиалагч Б.Хд захиалсан 27 байрыг нь 2013 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгсөн талаар талууд мөн маргаагүй болно.
Дээрх баримтуудад талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Захиалагч Б.Х нь гүйцэтгэгч буюу хариуцагч Н.К ХХК-иас 990 м.кв талбай бүхий 27 айлын орон сууцыг хүлээн авсны дараагаар бусдад 1 м.кв талбайг нь 1.650.000 төгрөгөөр худалдаж эхэлмэгц хариуцагч Н.К ХХК-ийн захирал С.Билэгт нь орон сууцны 1 м.кв талбайг нь 1.750.000-1.850.000 төгрөгөөр худалдах шаардлагыг Б.Хд тавьсан талаараа тайлбарлаж байна.
Хариуцагч Н.К ХХК нь нэхэмжлэгч Б.Хтэй 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Н/88 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба худалдагч Б.Х нь нийт 330.4 м.кв талбай бүхий 10 айлын орон сууцыг нь 1 м.кв талбайг нь 1.650.000 төгрөгөөр, бүгд 545.160.000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч Н.К ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны дотор 163.548.000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 10-ны дотор 218.064.000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 9-ний дотор 163.548.000 төгрөг, нийт 545.160.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн нь талуудын тайлбар болон гэрээний хуулбараар тогтоогдлоо.
Уг гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.
/ХХ-ийн 3-6, 19, 36-62 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Н.К ХХК-ийн захирал С.Билэгт нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Н/88 тоот гэрээний төлбөрт нийт 397.200.000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 357.200.000 төгрөгийн хэмжээнд гэрээний үүргийг дүгнэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Худалдан авагч буюу хариуцагч Н.К ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Н/88 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3-т худалдан авагч гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөглөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэж,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ,
232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй худалдан авагч Н.К ХХК-иас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч Н.К ХХК-ийг худалдан авсан 330 м.кв талбай бүхий 10 айлын орон сууцны үнэд нийт 545.160.000 төгрөгийг төлж дуусах 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс хойш үүргээ хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн болно.
Хариуцагч Н.К ХХК-ийн захирал С.Билэгт нь худалдагч Б.Хтэй 2014 оны 9 дүгээр сард дээрхи төлбөрийн үлдэгдэл 187.960.000 төгрөгт 114.1 мм.кв талбай бүхий 3 орон сууц өгөхөөр ярилцсан гэх ба худалдан авагч гэрээгээр тохирсон төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч буюу худалдагч Б.Х нь гэрээний үлдэх төлбөр 187.960.000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч Н.К ХХК-ийн гүйцэтгэх ёстой үүрэг 187.960.000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 53.980.000 төгрөг, нийт 241.940.000 төгрөг байх тул хариуцагч Н.К ХХК-иас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т гэрээний үүрэгтэй холбоотой ..шаардлага гаргах хугацаа хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш уг гэрээний төлбөрийг төлөхтэй холбоотой талууд 2014 оны 9 дүгээр сард харилцан ярилцаж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзсэн болохыг дурьдлаа.
Б.Х нь үл хөдлөх эд хөрөнгө худалдсан албан татвар төлөөгүйтэй холбоотой болон мөн Н.К ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан Б.Б, Б.Х нар компанид 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гомдол Б.Хгийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт хамааралгүй.
Иймд хариуцагч Н.К ХХК-ийн захирлын энэ хэргийг иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй гэх хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэн С.Сайнбатын Н.К ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ нь энэ хэрэгт хамааралгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйг дурьдав.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Н.К ХХК-иас 241.940.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.567.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.К ХХК-иас 1.367.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН