Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/01167

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/01167

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 байр, 226 тоот хаягт оршин суух, Жалайр овогт Дондовын Туулмаа /регистрийн дугаар ДС72021104/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 63-1935 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Пүрэвийн Агиймаа /регистрийн дугаар ДК82022705/-д холбогдох,

 

2,304,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь Нарантуул зах дээр бүх төрлийн жимс, жимсгэнэ худалдаалан хувийн бизнес эрхэлдэг.

Хариуцагч*******нь манайд худалдагчаар жил гаруй хугацаанд ажилласан. Энэ ажиллаж байх хугацаандаа тооллого хийх үед 1,920,000 төгрөгийн өрөнд орсон. Уг мөнгөө төлүүлэхийн тулд би П.Агиймааг сар гаруй цэвэрлэгчээр ажиллуулсан. Тэгтэл*******нь өөр сайн цалинтай ажил олж хийгээд мөнгийг маань төлнө гээд ажлаас гарсан.

2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сар болгоны 10-наас 20-ны өдрүүдийн хооронд 80,000 төгрөг өгч 24 сарын хугацаанд төлж дуусгана гэсэн баталгаа гараар бичиж өгсөн. Гэтэл өнөөг хүртэл огтхон ч мөнгөө өгөхгүй байгаа бөгөөд олон удаа шаардлага тавьж*******болон нөхөрт нь хэлж байна.

Гэрээ болон хэлцэл хийгч талууд гагцхүү тухайн гэрээ болон хэлцэл байгуулагдсан тохиолдолд л нэг нэгэндээ гэрээ байгуулагдсан болохыг нотолсон тасалбар, төлбөрийн баримт болон бусад бичиг баримтыг гаргаж өгдөг.*******нь надад гараар бичсэн баталгаа хийж өгсөн бөгөөд өөрөө ч төлөх ёстой мөнгөө сайн мэдэж байгаа.

Мөн энэ хэрэг дээр нэхэмжлэгч ******* өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахын тулд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөллийн үйлчилгээ авч байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмгөөллийн хөлсөнд үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 20 хувь 384,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Хариуцагч*******нь удаа дараа шаардлага тавьж байхад мөнгийг маань өгөөгүй үйлдлээс болж нэхэмжлэгч ******* би шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр болсон. Хариуцагч*******нь хугацаандаа мөнгөө төлөөд явсан бол надад хууль шүүхийн байгууллагад хандаж өмгөөлөгч аван өөрөөсөө нэмэгдэл зардал гаргах шаардлага байхгүй тул өмгөөллийн хөлс 384,000 төгрөгийг*******мөнгөө төлөөгүй буруутай үйлдлээс болж надад хохирол учирсан гэж үзэж байна.

Иймд П.Агиймаагаас 1,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 384,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би уг дэлгүүрт 2 жил шахуу ажилласан, туршлагатай ажилчин нь байсан. Уг хугацаанд надад өр бараг гардаггүй байсан. Харин сүүлийн 1 сарын хугацаанд энэ өр гарсан энэ их хэмжээгээр өр гарах ёсгүй. Тухайн үед миний сүүлийн сарын цалинг өгөөгүй. Мөн дахин тооллого хийгээгүй. Намайг Нарантуул зах дээр гутал авах гээд явж байхад Туулмаа таарч өөрийн лангуун дээрээ аваачин олон хүний дэргэд загнаж уурлаж, өр зээлээ өг гэж тулгасан. Би тэр үед олон хүнээс санаа зовоод, хэл ам хэрүүл хийгээд яахав гээд хэлснийх нь дагуу гараар баримт бичиж өгсөн. Би одоо сургуулийн насны дөрвөн хүүхэдтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй амьдарч байна. Туулмаа надад ажилдаа эргэн орж өр зээлээ төл гэж санал өгч байсан. Би дахин өр гархаас айгаад ажилдаа ороогүй. Би, Туулмаатай ойлголцон нэхэмжилсэн мөнгөнөөс нь хасуулах, мөн сүүлийн сарын цалингаа хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг нь хариуцагч П.Агиймаад холбогдуулан, 2,304,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч ******* нь жимс, жимсгэнэ худалдаалах хувийн бизнес эрхэлдэг гэх бөгөөд уг бизнестээ хариуцагч П.Агиймааг худалдагчаар ажиллуулж байсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Гэвч хариуцагч П.Агиймааг худалдагчаар ажиллаж байх хугацаанд тооллого хийхэд*******1,920,000 төгрөгийн өрөнд орсон хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч ямар хугацаанд хамаарах, ямар хэмжээ, нэр төрлийн жимс, жимсгэнэ дутсанаас 1,920,000 төгрөгийн төлбөрийг*******хариуцах болсон нь тодорхойгүйн дээр тооллого хийгдсэн эсэх нь тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр, 2015.11.01 огноотой Сар болгоны 10-20-ны хооронд 80,000 төгрөг төлж, 24 сар хугацаанд төлж дуусгъя. /ДК82022705/ 88141744-Агий, 99234094-Дээмээ гэх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргасан боловч хэнээс, хэнд, ямар төлбөр төлөхөөр үүрэг хүлээсэн бичиг болох нь тодорхойгүй байх тул уг нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Хариуцагч*******нь олон хүний дэргэд хэрүүл хийлгүй, хэлснийх нь дагуу гараар баримт бичиж өгсөн, Д.Туултай ойлголцож нэхэмжлэлийн шаардлагаас хасуулна, ажилласан цалингаа тооцуулна хэмээн тайлбар гаргасан боловч дээрх 2015.11.01 огноотой баримтад тусгагдсан 24 сарын хугацаанд сар бүр төлөх 80,000 төгрөг буюу нийт 1,920,000 төгрөгийн тооцоог хөдөлбөргүй тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 492.1.1.-д тус тус зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь шилжүүлсэн хөрөнгөө үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Зохигч талуудын хооронд гүйцэтгэгдвэл зохих үүрэг үүсээгүй байх тул тооллогоор дутсан гэх жимс, жимсгэний үнэ 1,920,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн дүн болох 1,920,000 төгрөгийн 20 хувь болох 384,000 төгрөгийг эрх зүйн туслалцаа авахад зарцуулсан хэмжээн хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч ийм зардлыг гаргасан гэдэг нь нотлогдсонгүй.

 

Иймд хариуцагч*******нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эсхүл, нэхэмжлэгч *******гийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч П.Агиймаагаас 2,304,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 51,814 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА