Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/32

 

Р.Баярбаясгаланд холбогдох  

    эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                       Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                  

                                                                             Д.Буянжаргал                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Нансалмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/161 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гурван яргайт овогт Рагчаагийн Баярбаясгаланд холбогдох эрүүгийн 1931004240033 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Охиндий 2 дугаар баг “Нарсан сүүл” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагналгүй, ял шийтгэлгүй, Гурван яргайт овогт Рагчаагийн Баярбаясгалан РД:/М080120917/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р Баярбаясгалан нь Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 55 ширхэг, 3.96 метр куб хуурай нарс модыг бэлтгэж, 25-10 СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээврэлэж байгаль экологид 2.566.080 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Р.Баярбаясгаланд холбогдох хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/161 дугаартай шүүгчийн захирамжаар:  

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гурван яргайт овогт Рагчаагийн Баярбаясгаланд холбогдох эрүүгийн 1931004240033 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Шүүгдэгч Р.Баярбаясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр хэрэглэсүгэй...” гээд, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцэлдээ: ... хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгчийн захирамжид “Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18-04-05/14 тоот, мөн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/03 тоот нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтүүдэд ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож ирүүлсэн байх ба 5.4 м3 модны итгэлцүүрийг 1.8 буюу хэрэглээний модны итгэлцүүрээр бодож ирүүлсэн байна. Харин шүүгдэгч Р.Баярбаясгалангийн бэлтгэсэн мод нь 1.5 метрээр тайрч бэлтгэсэн байдал нь түлээний мод байх боломжтой байх ба байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад зааснаар түлээний хуурай модны итгэлцүүр 1.0 байхаар заасан байна. Энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхүйц байж болохоор байх тул Ойн тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 18.3.4-д “..ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох”' үүргийг сумын ойн ангид олгосны дагуу бүрэлдэхүүнтэй шинжээчид томилж дүгнэлтийг дахин гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн мод бэлтгэх газрын тусгаарлалтыг Хүдэр сумын байгаль орчны байцаагчид хэрхэн хийж мод бэлтгэх эрх бүхий этгээдүүдэд танилцуулсан болохыг холбогдох гэрчүүдээс нарийвчлан асуух замаар шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр санаа сэдэлтийг тогтоох шаардпагатай гэж үзэв” гэжээ.

Р.Баярбаясгаланд холбогдох эрүүгийн 1931004240033 дугаартай хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдзэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтууд гэж үзэж байна. Тодруулбал мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасны дагуу шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл шинжээч М.Ганболд нь нэмэлт шинжилгээг хийхдээ модыг өөрийн биеэр үзэж хэмжилт хийж хэрэглээний мод болохыг тогтоосон талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд ч тодорхой мэдүүлдэг. Тэгэхээр шинжээчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын хэрэглээний модны итгэлцүүрийг 1.8-р тооцож гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн байх тул заавал Ойн тухай хуульд зааснаар Ойн ангиар дахин дүгнэлт гаргуулах гэсэн ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон яллагдагч Р.Баярбаясгалангийн мэдүүлэгээр мод бэлтгэх газрын тусгаарлалтыг эрх бүхий албан тушаалтнаар тодорхой заалгаж мэдэж байсан атлаа зөвшөөрөлтэй газрын түлээний модыг голж өөр газраас хэрэглээний мод бэлтгэж байгаа үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юмаа. Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшеөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд яллагдагч Р.Баярбаясгалангийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах. орчны бохирдол. байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байаа орчны эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/161 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугийн асуудал дээр миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шунахай сэдэлттэй гэж прокурор сая тодорхойллоо. Яллах дүгнэлтэд ийм үг, өгүүлбэр байхгүй. Мод бэлтгэх зөвшөөрөлтэй, бодит байдал дээр миний үйлчлүүлэгч өөртөө амар хялбарыг хараагүй, нойтон мод огтлочих вий дээ гэсэн санааг агуулсан тухайгаа анхнаасаа бүгд мэдүүлдэг. Ойн ангиас зааж өгсөн газар нь нойтон байсан. Нөгөөтэйгүүр бид үүнийг Алтанбулаг сумын хил хязгаар гэдгийг мэдээгүй. Анхнаасаа шүүгдэгч “...бид зааж өгсөн газраас нь аваагүй...” гэж мэдүүлдэг. Хөнгөмсгөөр найдаж байгаа хэлбэр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл заалт нь санаатай байхыг шаарддаг. Эдгээр хүмүүс нэгэнт зөвшөөрөлтэй юм чинь цаад талаас нь хуурай мод авъя гэсэн санаа буюу гэмт хэрэг үйлдье гэсэн зорилгогүй. Маш олон зүйлийн талаар гэм буруугийн хэлэлцүүлэг дээр тодорхой яригдсан. Хөнгөмсгөөр найдсан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал хэлбэрийн төдий л байх. Тиймээс санаатай үйлдэл байхгүй. Шүүхэд тодорхой хэмжээний эргэлзээ төрсөн. Алтанбулаг сумын Засаг даргыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан. Хохирогч мэдүүлэхдээ давааны наана, цаана андуурагдаад очдог. Нэг замаар тийшээ очдог. Прокурор тухайн үед нотлох баримтыг иш татсан. Агаарын солбилцлын зургийг аваад ир гэдэг. Тэгэхээр юуг харуулж байна вэ гэхээр Хүдэр сумын байгаль орчны байцаагч хүрч ирээд солбилцол газрыг заахдаа “...Прокурорын авч ирсэн баримт шиг баримт үзүүлээд, үүнээс цааш явж болохгүй шүү гэж заасан уу үгүй юу мэдэхгүй...” Хэрэв хязгаарласан хашаа байсан бол түүнийг даваад орсон бол би маргахгүй. Гэтэл тийм хязгаар тэмдэглэгээ байгаагүй. Иймд Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Р.Баярбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Р.Баярбаясгаланд холбогдох эрүүгийн 1931004240033  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол болон 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын М.Ганболд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №18-04-015/14 тоот /хх-ийн 49-50-р ху/, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 18-04-015/03 тоот /хх-ийн 63-64-р ху/ дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1-д ....Шүүх, прокурор, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно... гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганболдыг шинжээчээр томилж Төрийн хяналт хяналт шалгалтын тухай хуулинд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбоогүйгээр,  түүний эзэмшсэн  тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь  хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэвч Монгол улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх,  үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-д ...ойг нөхөн сэргээх,...ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох...” гэж Сум дундын болон сум дүүргийн ой ангийн эрх, үүргийг тодорхойлон заасан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэнд ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тшаалын 1-р хавсралтанд заасан итгэлцүүрийг зөв хэрэглэсэн эсэх асуудлаар талууд маргаантай, харилцан эсрэг сонирхолтой, шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн  эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн

1.Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно...,

...1.2.шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн...”; гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийн заалтыг хүлээн авах боломжгүй байна.

Харин Хүдэр сумын ой ангийн инженер болон байгаль хамгаалагч нар шүүгдэгчдийг түлээний мод бэлтгүүлэхээр талбайн тусгаарлалт хийсэн Хүдэр сумын Шанд гэх газар дагуулан очиж, мод бэлтгэх газрыг зааж өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/161 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/161 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосгай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      

                           ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

                           ШҮҮГЧИД                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                     Д.БУЯНЖАРГАЛ