Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0746

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э********* ХХК;

Хариуцагч: Б******* дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Э********* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З*****, Ү.Ч**********, Н.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл:

1.1.Энэ хэргийн маргааны зүйлээр газар эзэмших эрх дуусгавар болгосон захиргааны албан тушаалтны шийдвэрт хамаарах үйл баримт, хууль зүйн үндэслэл хэлэлцэгдсэн болно.

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/*** дугаар захирамжийн Э********* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйл байхгүй болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараахь үйл баримтыг дурдсан байна.Үүнд:

2.1."Э " ХХК нь Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/***дүгээр шийдвэрийг үндэслэн Б******* дүүрэг /Гачуурт Их ам/-ийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18************** дугаар бүхий 39969 м /га/ газрыг 15 жилийн хугацаатай, ажилчдын зуслангийн зориулалтаар эзэмшиж, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 00********* дугаар бүхий гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр авсан.

2.2."Э " ХХК нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа, ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд 2020 онд гэрээг шинэчлэн байгуулан газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж ирсэн.

2.3.Мөн тухайн газрыг ашиглаж, хөрөнгө оруулалт хийн Б******* дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны "Их-Ам"-д байрлах газарт "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1836/2012 тоот техникийн нөхцөлтэй трансформатор суурилуулж, 224м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг хууль ёсоор эзэмшдэг.  Газрын тухай хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй учир 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тухайн газрыг эзэмших 01110-2020/02112 дугаар гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан.

2.4.Нийслэлийн Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу бидэнд мэдэгдээгүй.

2.5.Газар эзэмших эрхийг хүчингүй болсныг 2021 оны газрын төлбөрөө төлөхөөр Б******* дүүргийн Татварын хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хандсанаар мэдэж, мөн өдрөө А/*** дугаар захирамжийн хуулбарыг Б******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны архивт хүсэлтээ гаргаж авснаар захирамжийг анх удаа харсан.

2.6.Б******* дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа "Э " ХХК-д мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд тус тус заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулаагүй, эрх нь шууд хөндөгдөж байгаа манай компанийн эрхээ хамгаалах хууль зүйн боломжийг олгоогүй учир Б******* дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хандан "А/*** дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул А/*** дугаар захирамжийн "Э " ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү" гэх гомдлыг гаргасан.

2.7.Өнөөдрийг хүртэл Засаг даргын зүгээс бидний гаргасан гомдолд хариу ирүүлээгүй тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандах нь зүйтэй гэж үзсэн юм.

2.8.Иймд Б******* дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа "Э " ХХК-д мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд тус тус заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулж оролцогчийн эрхийг хангаагүй төдийгүй Засаг даргын А/*** дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул "Э " ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Э********* ХХК нь Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/***дүгээр шийдвэрийг үндэслэн Б******* дүүргийн Гачууртын их амын 20 дугаар хороонд байрлах 39,969 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ажилчдын зуслангийн зориулалтаар эзэмшиж, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр авсан. Э********* ХХК нь Газрын тухай хууль тогтоомж болон Газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй.

Мөн 2020 онд гэрээг шинэчлэн байгуулан, гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

Тухайн газрыг ашиглан хөрөнгө оруулалт хийж, Б******* дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоны Их аманд байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр техникийн нөхцөлөөр трансформатор суурилуулж ажилласан.

Б******* дүүргийн Засаг дарга нь газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24-27 зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа явуулаагүй.

Эрх ашиг нь шууд хөндөгдөж байгаа этгээд болох нэхэмжлэгч компанид тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй учир Б******* дүүргийн Засаг даргын А/*** дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй тул энэхүү захирамжийг хүчингүй болгуулахаар Б******* дүүргийн Засаг даргад гомдол гаргасан. Гомдлын хариуг хүлээж авсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дугаар захирамж нь дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх 3 үндэслэлийг заасан.

Үгэн хэлбэрээр хуулийн заалтын хүрээн дэх газрын тухай хуулийг ашиглахдаа 40.1.1, 40.1.5, 40.1.6 гэсэн заалтуудыг үндэслэсэн байна.

40.1.6-д заасан үндэслэл нь Э********* ХХК-ийн эзэмшиж байгаа 40 мянган м.кв талбай нь зуслангийн зориулалттай, гэр бүлийн хэрэгцээнээс гадуур гэсэн зориулалтын дагуу 2015 онд сүүлийн байдлаар захирамжаар баталгаажсан газар юм.

Нэхэмжлэгчийн зүгээс уг газарт тодорхой хэмжээний бүтээн байгуулалтуудыг хийчихсэн учраас хэрэглээний хувьд ашиглалтад оруулж байгаа, нөгөө талаас харахад дээд шүүхийн тайлбар ч байдаг. Зориулалтын дагуу гэдэг нь гэрээ болон гэрчилгээний үндсэн дээр олгогдсон зориулалтын дагуу хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаалаад ашиглалт байна уу үгүй юу гэдгийг тогтооно.

Нэхэмжлэгч бодитоор тухайн газрыг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа бөгөөд энэ хугацаанд хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа тайлбар нь уг агуулгаар няцаагдаж байна.

Газрын төлбөрийн асуудал нь нэхэмжлэгч нь эзэмшиж эхэлснээсээ хойш 5 удаагийн газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан. 2005 оны гэрээ дээр газрын нэг м.кв-ын дүн 40 төгрөг, 2010 онд 32 төгрөг, 2015 онд 32 төгрөг, 2019 онд 26 төгрөг, 2020 онд 26 төгрөгөөр тус тус бичигдсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс газар ашигласны төлбөрийг тухай бүрд нь төлж ирсэн. Татвараас ирсэн баримт, манайхаас гаргаж өгсөн тооцоолол, банкны баримтууд зэргээр 2020 оны 3 дугаар улирал хүртэл татвараа нэг бүрчлэн төлсөн нь харагдана.

2020 оны 4 дүгээр улирлын татварыг хугацаа хоцроож төлсөн, гэхдээ одоогоор төлбөрийн асуудалгүй. Цар тахал болон бусад ээдрээ төвөгтэй асуудлууд байсан үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг удаа дараагийн асуудал гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэхгүй байна.

Дуудлага худалдааны анхны үнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтаар тайлбарлах боломжгүй ба гэрээнд заасан үүргийг удаа дараа зөрчсөн асуудлыг Газрын тухай хуулийн дээрх зүйл заалтад хамааруулан тайлбарладаг. Үүнээс биш дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэсэн байдлаар уг заалтыг ашиглах боломжгүй юм.

Дуудлага худалдааны анхны үнэ төлөх үүрэг нь Э********* ХХК-д байна гэж үзэхгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх зохицуулалтыг харвал газар эзэмшүүлэх ажиллагаанд нэг авагдана, эсхүл газрын зориулалтад өөрчлөлт ороход үүнээс төлүүлэх эрх нь хариуцагчид байгаа.Энэ байдлыг хариуцагч өөрөө биелүүлээгүй.

Захиргааны байгууллага өөрөөс шалтгаалах үүргээ биелүүлээгүйгээ газар эзэмшигчид оногдуулж, уг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах нь хууль бус юм.

Энэ бүх ажиллагааны явцад 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн албан тоот дээрх гурван үндэслэлийг заасан. Гэтэл энэ албан бичиг нь Э********* ХХК-д хүргэгдээгүй бөгөөд хүргэгдсэн баримт нь хавтас хэрэгт байхгүй. Энэ бичиг баримтыг нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сард газрын төлбөр төлөхөөр нэхэмжлэл үүсгүүлэхээр Газрын албанд очихдоо мэдсэн.

Эхний удаад төлбөр төлөхөөр очиход Э********* ХХК-ийн төлөөлөгчийг буцаасан, хоёр дахь удаа очиход нь газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гарсан гэдгийг мэдэгдсэн учраас Газрын албанд хүсэлт гаргасан.

2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах хүртэлх, цуцалснаас хойших бусад асуудлын алийг нь ч нэхэмжлэгч мэдээгүй. Мэдсэн даруйдаа буюу 11 дүгээр сарын 29-ний өдөр Б******* дүүргийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан. Үүний дагуу 01 дүгээр сард нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэ бүх ажиллагаа нь Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу буюу шийдвэр гаргах ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2.10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Зуслангийн зориулалттай ашиглана гэдэг нь тухайн хашаа татсан байгаа газартаа ажилчдаа амраах майхан, гэр барих зэрэг хэлбэрийн зориулалтаар ашиглах байсан. Хариуцагчийн зүгээс байшин бариагүй мэтээр тайлбарласан.

Төслийн хүрээнд ердийн боломжит хэлбэрээр байшин барьчихсан байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдана. Сонсох ажиллагааны хувьд мэдэгдэл хүргүүлсэн, мэдэгдлээ авчхаад аваагүй мэтээр тайлбарлаж байгаагаар ойлгогдох тайлбарыг хариуцагчийн зүгээс ярьж байна.

Захиргааны байгууллага мэдэгдсэн бол мэдэгдсэнийгээ өөрөө нотолно гэсэн хуульд заасан үүрэг байдаг. Уг үүргийнхээ дагуу мэдэгдсэн бол өөрөө нотлох ёстой. Хэрэгт авагдсанаар мэдэгдсэнд тооцно гэж тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм.

Акт гаргаж байгаа Засаг дарга хууль ягштал биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаагаар харагдаж байна. Нэхэмжлэгчийг төлбөр төлөх боломжоор хангаагүй буюу Засаг даргын шууд удирдлагад байдаг ажилчид нь төлбөрийн асуудлаа тооцоолоод нэхэмжлэл явуулдаг. Үүнийг тухайн байгууллагын төлөөлөгч очиж төлдөг. Гэтэл актаа гаргачхаад өгөлгүй сүүлд нь өгдөг асуудал байдаг гэв.

2.11.Хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь "Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Э********* ХХК нь Б******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын 2005 оны 10 сарын 18-ны өдрийн 294 дүгээр захирамжаар эзэмшиж эхэлсэн бөгөөд 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/***дүгээр захирамжуудаар тус тус зориулалтыг өөрчлүүлж, газар эзэмших хугацааг сунгуулсан байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг заасан бөгөөд 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг тус тус баримтална гэж заасан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол" гэж тус тус заасан.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн ба 35.3-т "Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх-ийг үүрэг болгосон байна. Харин хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болон зорилттойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ.

Дээрх хуулийн хүрээнд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.5-д "Газрын төлбөрийг газрын ашигт ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх", 4.6-д "Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх" заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна.

Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь 2019 онд 5,235,133 төгрөг, 2020 онд 5,495,133 төгрөг, 2021 оны нэгдүгээр улиралд 1,831,711 төгрөгийг тус тус төлөөгүй зөрчил гаргасан бөгөөд нийт 12,561,977 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Нэхэмжлэгч нь 2005 оны 10 сарын 18-ны өдрийн 294 дүгээр захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар захирамжаар зориулалт өөрчилж, хугацааг сунгах хүртэл 4,5 жил, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Засаг даргын А/***дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгах хүртэл 9 жил, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарах хүртэл 15 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг бүрдүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д "Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна" гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан.

Харин 33.1.2-т "энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн.

Мөн хуулийн 36 дугаар зүйлд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөхөөр зохицуулсан бөгөөд 36.2-т "Дуудлага худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна" гэж заасан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан "Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай" А/697 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэгт "Нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг" Нийслэлийн газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон. Мөн дуудлага худалдааны үнийг нөхөн төлөх асуудал хүчингүй болгоход төлөгдөөгүй байсан.

Сонсох ажиллагааны тухайд "Э " ХХК-д дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 13/*** дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар тайлбар, саналаа ирүүлээгүй бөгөөд энэ ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасантай нийцсэн гэж үзэж байна.

Хэрвээ уг сонсох ажиллагааны мэдэгдлийг аваагүй гэж үзэж байгаа бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон актыг хэрхэн, яаж мэдэгдэх вэ гэдгийг тусад нь зохицуулж өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдлийг хүлээн аваагүй гэж үзэж байгаа нь хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд саад болохгүй. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг тухайн шатны Засаг даргад үүрэг болгосон. Засаг дарга нь хууль хэрэгжүүлэх үүднээс шийдвэрийг зайлшгүй гаргах шаардлагатай.

Мөн уг үндэслэлээр Засаг даргын гаргасан 05 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

2.12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Зориулалтын дагуу ашигласан гэж тайлбарлаж байна. Шүүхээс үзлэг хийхэд ажилчдын зуслангийн дагуу ашиглаж байгаа эсэх нь тогтоогдоогүй. Ганц байшин байгаа нь ажилчид очоод зуслангийн хэлбэрээр амардаг гэхэд боломжгүй юм.

Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд барилга байгууламж, зам талбай, тариалан эрхлээгүй гэж энэ тайлбарт ганц байшин хамаарагдахгүй байна.

Хэрвээ ажилчдыг зусланд амраахаар гаргадаг бол ганц байшин биш нэлээн олон байшин байх ёстой. Амардаг болов уу гэмээр чөлөөт цагаа өнгөрөөдөг тоглоомын талбай, зам талбай байхгүй байна. Зориулалт бол эхний ээлжид байх шаардлагатай бөгөөд энэ нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Газрын төлбөр төлсөн гэх тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д хугацаанд нь бүрэн төлөөгүй бол гэсэн 2019 онд 6,275,133 төгрөг төлөхөөс 1,040,000 төгрөг төлсөн үлдэгдэл 5,235,133 төгрөг. 2020 онд мөн жилд төлөх нь 6,275,133 төгрөгөөс 780,000 төгрөг төлж 5,495,135 төгрөг үлдсэн. 2021 онд 05 сарын 03 хүртэл ногдох татвар нь 2,091,711 төгрөг байсан үүнээс төлөөгүй. 2005 оноос хойш нийт 26,161,977 төгрөг төлөхөөс 13,340,000 төгрөгийг төлөн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоход 12,821,977 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон 40.1.5 нь тус тусдаа газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл. Тухайн газар нь зайлшгүй дуудлага худалдаа болон төсөл шалгаруулах зарчмаар эзэмших газар юм. Хуулийн шаардлага ийм байхад хууль зөрчиж эзэмшүүлсэн байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болж байгаа юм.

Дуудлага худалдааг Б******* дүүргийн Засгийн дарга явуулалгүй шууд эзэмшүүлсэн. Дуудлага худалдааны үнийг төлөх боломжит хугацааг олгосон ч төлөөгүй бөгөөд хуульд заасан журмыг зөрчиж газар олгосон байхад үүнийг зөвтгөх боломжгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гурав.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

3.1.Энэхүү захиргааны хэргийн маргааны зүйл нь Э********* ХХК-ийн газар эзэмших эрхийг Б******* дүүргийн Засаг дарга дуусгавар болгосонтой холбоотой хууль зүйн үйл баримт хэлэлцэгдэв.

3.2.Маргаан бүхий газар нь анх Б******* дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар захирамжаар Х и ХХК-д тус дүүргийн 20 дугаар хороо, Гацууртын их аманд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлснээр газрын эрх зүйн харилцаа үүсч, дүүргийн Газрын албатай байгуулсан 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр газрын төлбөрийг улиралд 480,000 төгрөг, жилд 1,920,000 төгрөг байхаар тогтоож /ХХ-2-н 71 дэх тал/, гэрээнд хамаарах хугацаанд тус компани газрын төлбөрөө бүрэн төлж байжээ /ХХ-1-н 120-129 дэх тал/.

3.3. Б******* дүүргийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Х и ХХК-иас Э********* ХХК-д шилжүүлснээр тус компани уг газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрх үүсч /ХХ-1-н 49-50 дахь тал/, мөн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр дахин сунгаж, газрын зориулалтыг ажилчдын зуслангийн болгож өөрчилж /ХХ-1-н 52, 54 дэх талд/ шийдвэрлэсэн байна.

3.4.Нэхэмжлэгч Э********* ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дүүргийн Газрын албатай байгуулж, уг гэрээгээр газрын төлбөрийг 1 улиралд 320,000 төгрөг, жилд 1,280,000 төгрөгийг газрын төлбөр төлөхөөр тогтсон /ХХ-1-ийн 62 дахь талд/ байна.

3.5.Энэ нь өмнөх гэрээгээр тогтоосон газрын төлбөрийг улирал тутам 160,000 төгрөгөөр, жилд 640,000 төгрөгөөр бууруулсан байсан бөгөөд Б******* дүүргийн тухайн үеийн болон одоогийн Засаг дарга нараас энэ талаар маргаж байгаагүй, одоо ч маргахгүй байна.

3.6.Үүний дараа Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/***дүгээр захирамжийг үндэслэн Э********* ХХК нь тус дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын аманд 39969 метр квадрат /3,9 га/ газрыг 15 жилийн хугацаатай, ажилчдын зуслангийн зориулалтаар үргэлжлүүлэн эзэмших эрх үүсч, 00********* дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /ХХ-1-н 7 дахь тал/ авч, мөн оны 05 дугаар сарын 26-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Уг гэрээний 2.2-т зааснаар тус компани 1 улиралд 320,000 төгрөг, жилд 1,280,000 төгрөгийг газрын төлбөр төлөхөөр тогтжээ.

3.7.Дээрх гэрээнүүдийн дагуу газрын төлбөрийг 2005-2018 оныг дуустал бүрэн төлж ирсэн байна. Талууд энэ талаар маргаагүй болно.

3.8.Улмаар нэхэмжлэгч нь дүүргийн Газрын албатай 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-2015/00279 дугаартай гэрээг байгуулж, уг гэрээгээр 1 улиралд 260,000 төгрөг, жилд 1,040,000 төгрөг төлөхөөр /ХХ-2-н 108 дахь тал/, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01*****-****/******дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр тус компани 1 улиралд 259,798 төгрөг, жилд 1,039,192 төгрөгийг газрын төлбөр төлөхөөр /ХХ-1-н 9 дэх тал/ тус тус тохирчээ.

3.9.Ийнхүү дахин уг газрын төлбөрийг улирал тутам 60,202 төгрөг, жилд 240808 төгрөгөөр бууруулж тогтоосон байна.

3.10.Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ийнхүү 2010, 2015 оны гэрээгээрээ 2010-2015 онд төлж байсан төлбөрийг 2020 онд байгуулсан гэрээгээр бууруулж тогтоосон үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс компьютерын программын алдаанаас тус компанийн газрын зориулалтыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай гэж үзэж ийнхүү бууруулсан байна гэж тайлбарласан тул захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас үүдэлтэй Э********* ХХК-ийн газрын төлбөрийг жилд 1,039,192 төгрөг төлөхөөр буруулж тогтоосон гэдэг нь шүүхэд нотлогдсон болно.

3.11.Нэхэмжлэгч нь дүүргийн Газрын албатай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.2-т зааснаар тус компани төлөх ёстой 1 улиралд 320,000 төгрөг, жилд 1,280,000 төгрөгийг 2015-2018 онд бүрэн төлсөн байна.

3.12.Мөн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-2015/00279 дугаартай гэрээгээр 1 улиралд 260,00 төгрөг, жилд 1,040,000 төгрөг төлөх төлбөрийг мөн оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 320,000 төгрөг, 04 дүгээр сарын 17-ны өдөр 320,000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 400,000 төгрөг төлснөөр тус онд нийт 1,040,000 төгрөг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01*****-****/******дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр 1 улиралд 259,798 төгрөг, жилд 1,039,192 төгрөгийг газрын төлбөрөөс 1, 2, 3 дугаар улиралд тус бүр 260,00 төгрөг, нийт 780,000 төгрөг төлсөн байна.

3.13.Ийнхүү нэхэмжлэгч Э********* ХХК нь 2004, 2010, 2015, 2019, 2020 онуудад байгуулсан гэрээгээрээ төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн болох нь эдгээр гэрээ болон тус компанийн санхүүгийн төлбөрийн баримтын хуулга /ХХ-1-н 121-152 дахь тал/, Б******* дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 4/3148 дугаар албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтаар /ХХ-2-н 12, 14 дэх тал/ тус тус тогтоогдлоо. /Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн төлбөрийн баримтын хуулган дахь төлбөрийн дүнг шүүхийн ажиллаагаагаар нэгтгэн хүснэгтэд оруулан Хавтаст хэрэг 2-ийн 47-49 хуудсанд хавсаргасан болно/

3.14.Нэхэмжлэгч Э********* ХХК нь өөрийн эзэмшиж байсан тус газар дээрээ 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1836/2012 дугаартай техникийн нөхцөл авч, трансформатор суурилуулж, 224 м.кв орон сууцны зориулалттай, дүнзэн материалтай 1 барилга, дүнзэн материалтай, жижиг хэмжээтэй 1 орон сууцны барилга барьж байгуулсан болох нь шүүхийн үзлэгээр нотлогдсон.

3.15.Харин хариуцагчаас Э********* ХХК-ийг 2010 оноос хойш өөрийн эзэмшиж байсан уг газар дээрээ ажилчдын зуслангийн зориулалтаар барилга байгууламж барих ёстой энэ нь олон тооны барилга байх ёстой, гэрийн буурь байгаа нь зуслангийн зориулалтаар ашигласан гэж үзэхгүй гэж маргасан.

3.16.Нийслэлийн Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж, эзэмшээгүй гэх 3 үндэслэлүүдийг зааж хүчингүй /ХХ-1-н 10-11 дэх тал/болгожээ.

3.17.Э********* ХХК нь Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр татварын албанаас мэдсэн талаараа дурдаж, уг захирамжийг хүчингүй болгохыг хүссэн гомдол Б******* дүүргийн Засаг даргад хандан 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж /ХХ-1-н 13-14 дэх тал/ байжээ.

3.18.Уг гомдлын хариуг Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/4201 дугаар албан бичгээр ... тус дүүргийн 20 дугаар хороо байрлах зуслангийн зориулалтаар эзэмшиж буй 40,000 мгазрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын анхны үнийг төлж газар эзэмших эрхийг сэргээх боломжтой гэх хариуг өгсөн /ХХ-1-н 22 дахь тал/ байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны хөөн хэлэлцэх хугацааг тусалдуулсан, мөн зүйлийн 33.14-т Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх  хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно гэж заасан, нэхэмжлэгч нь Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/4201 дугаар албан бичгээр хариуг авсан хугацаанаас тоолж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно.

3.19.Нэхэмжлэгчээс Б******* дүүргийн Засаг дарга нь газрын дуудлага худалдаа явуулаагүй, дуудлага худалдааны үнэ төлөхийг шаардсан аливаа мэдэгдэл ирүүлээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргаж байна.

Дөрөв.Маргаан бүхий захиргааны актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

А.Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон газрын төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тухайд:

4.1.Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1-т заасныг баримтлан тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй гэх үндэслэлээр 27 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Э********* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй /ХХ-1-н 23-24 дэх тал/ болгожээ.

4.2.Дээр захирамжид заасан үндэслэлүүдээс нэхэмжлэгч Э********* ХХК-д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан газраа 2 жилээс дээш хугацаагаар зориулалтаар нь ашиглаагүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, 2020 оны газрын төлбөрийн үлдэгдэлтэй, 2021 оны төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлд хамааруулсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон.

4.3.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ гээд мөн зүйлийн 35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд мөн зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байна.

4.4.Монгол Улсад 2019 онд хүчин төгөлдөр мөрдөж байсан Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд [1] газрын төлбөр төлөх хугацааг хуульчлан тогтоогоогүй байх тул газар эзэмшигчээс захиргааны байгууллагатай байгуулсан гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг мөрдөх ёстой байна.

4.5.Үүнээс гадна Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар тогтоол, мөн 2020 оны12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоожээ.

4.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Э********* ХХК-ийг 2020, 2021 оны газрын төлбөрөө дутуу төлсөн, ийнхүү дутуу төлсөн гэж буруутгаж байгаа үндэслэлээ Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар болон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай аргачлалын дагуу тооцож гаргасан, энэ хэмжээгээр төлөөгүй тул газар ашиглах эрхийн гэрчилгээг нь цуцалсан гэж тайлбарлаж байна.

4.7.Анхан шатны шүүхээс хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга, түүний төлөөлөгч болоод дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд удаа дараа хандан газрын төлбөрийн тооцооллыг хийсэн аргачлал, задаргааг гаргаж ирэхийг шаардсан, шүүхээс дээрх Газрын албанд бичиг баримтын үзлэг явуулахдаа энэ талаар тайлбарлахыг шаардсан боловч шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж***********аас Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 15/1373 дугаар албан бичиг, 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15/1582 дугаар албан бичгээр тайлбар гаргачихсан, шүүх дахин дахин адилхан баримт шаардаж байна, өөрөөр гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан тул нэгэнт хариуцагчаас өөрөөр нотлох баримт гаргахгүй гэсэн тохиолдолд байгаа нотлох баримтын хүрээнд үйл баримтыг дүгнэж байна. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/

4.8.Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчийг төлөх ёстой гэж гаргасан төлбөрийн дүнг Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар болон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай аргачлалын дагуу тооцож гаргасан гэж үзлээ.Үүнд:

-2019 онд 5,858,872 төгрөг төлөхөөс 1,040,000 төгрөг төлж, төлөх ёстой зөрүү нь 4,818,872 төгрөг төлөөгүй гэж;

-2020 онд 6,275,133 төгрөг төлөхөөс 779,196 төгрөг төлж, төлөх ёстой зөрүү нь 5,495,937 төгрөг төлөөгүй гэж;

-2021 онд 6,275,133 төгрөг төлөхөөс, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гарсан өдөр болох 2021 оны 05 дугаар сарын 02ны өдрийн хүртэлх хугацаанд төлөх ёстой байсан 1,866,573 төгрөгөөс 260,000 төгрөг төлсөн, төлөх ёстой зөрүү нь 1,606,573 төгрөг гэж үзэж, нийт төлөх ёстой төлбөрийг 12,183,382 төгрөг төлөөгүй гэж тооцоолжээ.

Шүүхийн тооцсоноор дээрх аргачлалаар бодоход нийт төлөх ёстой дүн 11,921,382 төгрөг байгаа ч талууд тооцооллоор маргаагүй болно.

4.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээгээр газрын төлбөрийг газрын алба бууруулж тогтоосон нь хамаагүй, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тогтоосон хэмжээгээр газрын төлбөрийг төлөх ёстой гэж маргасныг анхан шатны шүүх хүлээн аваагүй ба дараахь дүгнэлт өгч байна.

4.10.Дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2020, 2021 онд дээрх итгэлцүүрээр газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж өөрчилсөн бол газрын алба болон татварын албанаас энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдэх үүрэгтэй.

4.11.Учир нь бодит байдал дээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар тогтоол, мөн 2020 оны12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг мэдэх боломжгүй, хэзээ газрын үнэ төлбөрийн итгэлцүүрт өөрчлөлт орох талаар мэдсэн байх үүрэг хуулиар хүлээлгээгүй тул мэдээгүй газрын төлбөрийн хэмжээг тухайн цаг хугацаанд дагаж мөрдөх боломжгүй байжээ.

4.12. Иймд Б******* дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар тогтоол, мөн 2020 оны12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоол гарч, мөрдөгдөж эхэлсэн талаар, мөн уг тогтоолын дагуу газрын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн талаар газар эзэмшигч нарт мэдэгдэх нь төрийн үйлчилгээг үзүүлэгч төрийн байгууллага, албан тушаалтаны албан үүргийнхээ дагуу заавал хийх ёстой ажиллагаа бөгөөд төрийн үйлчилгээний мөн чанар, чиг үүрэгт хамаарах, салшгүй хэсэг юм.

4.13 Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж, мөн зүйлийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж, 43.8.Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй тус тус заасан байна.

4.14.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар газрын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн үр дагавар бүхий тогтоолыг мэдэгдэхийн хамт, газрын төлбөрийг уг тогтоолын дагуу нэмж төлөхгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан шийдвэр гаргах тухай заавал урьдчилан мэдэгдэх, мэдэгдлээ өөрт нь гардуулах ёстой. Энэ бол хуулиар тогтоосон хууль зүйн шаардлага юм.

4.15.Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан захиргааны актыг өөрт нь гардуулах гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтан нь гаргасан шийдвэрээ бусдаар дамжуулахгүй буюу иргэн бол өөрт нь, хуулийн этгээд бол түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд нь гардуулах гэсэн ойлголт бөгөөд шаардлагатай тохиолдолд гэдэг нь ердийн журмаар гардуулах боломжгүй, зайлшгүй нөхцөлд утас, факс, цахим хэлбэрээр мэдэгдэх гэж ойлгохоор байна.

4.16.Ийнхүү Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.8-д заасны дагуу Б******* дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Татварын алба нь Э********* ХХК-д газрын төлбөрийн үнэ өөрчлөгдөж, нэмэгдүүлсэн талаарх мэдэгдлээ өөрт нь, эсвэл зайлшгүй тохиолдол байсан гэдгээ нотолж чадвал цахим шуудангаар хүргүүлсэн байх нь хуулиар тогтоосон шаардлага юм.

4.17.Гэтэл Б******* дүүргийн газар зохион байгуулалтын алба, татварын алба зэрэг байгууллагууд нь Э********* ХХК-д газрын төлбөрийн үнэ өөрчлөгдөж, нэмэгдүүлснээ албан ёсоор гардуулаагүй, Нийслэлийн Б******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12/660 дугаар албан бичгээр Э********* ХХК-д гэрчилгээ хүчингүй болгох болсон талаар бичиг үйлдэж байсан /ХХ-1-н 12 дахь тал/ боловч тус компани уг албан бичгийг хүлээн аваагүй болох нь доорхи нотлох баримтаар нотлогдлоо.

4.18.Тухайлбал, шүүхээс Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд явуулсан баримт бичгийн үзлэгээр бичиг хэргийн ажилтан нь тус компанид албан бичиг явуулсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болон төлбөрийн байцаагчийн татварын албанаас лавлаад байвал өгье гэх тайлбар, Б******* дүүргийн Татварын хэлтэст хийсэн үзлэгээр тус алба нь Э********* ХХК-д татварын өрийг 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр үүсгэсэн байгаа боловч, хариуцсан байцаагчаас тус компанид бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй, харин нягтлан бодогчийнх и-мэйлээр захидал явуулсан, нягтлан бодогчоос нь мэйлийг гаргуулж ав гэх тайлбараар энэхүү газрын төлбөрийг шинэчилсэн талаар тус газрын албатуудаас мэдэгдээгүй болох нь нотлогдсон болно.

4.19.Б******* дүүргийн татварын алба хэрэв шаардлагатай буюу зайлшгүйгээр цахим шуудангаар илгээх болсон гэж үзвэл тухайн компанийн албан ёсны цахим шуудангаар явуулж болох байсан боловч зайлшгүй шаардлагаар гэдгээ нотолж чадаагүй, тэр тусмаа зайлшгүй шалтгаанаар тус компанийн нягтлан бодогчийн хувийн и-майл хаягаар явуулсан гэдгээ нотлоогүй тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл биш байна.

4.20.Тодруулбал, шүүх хуралдаан дээр Э********* ХХК-ийн нягтлан бодогч гэх н.Дүүрэнжаргалын [email protected] гэх хаягтай и-мэйлд явуулсан шүүхийн үзлэгээр дүүргийн татварын албанаас Таны газрын төлбөр болох null нэхэмжлэлийн дугаартай 3765079 төгрөгийн дүнтэй нэхэмжлэх үүссэн байна. Хуулийн хугацаандаа багтааж төлөхийг анхаарна уу гэсэн бичиглэлтэй майл явуулжээ.

4.21.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас манай нягтлан бодогч энэ и-мэйлыг олж үзээгүй байсан, энэ нь хувь хүний майл хаяг тул албаны харилцаанд ашиглах ёсгүй гэх тайлбарыг шүүх энэхүү үндэслэлээр нь хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

4.22.Учир нь Б******* дүүргийн Татварын албанаас хүргүүлсэн мэйлын агуулгаас үзвэл Э********* ХХК-ийн газрын төлбөрийг нэхэмжилсэн гэж ойлгогдох мэдээлэл огт агуулаагүй, тус компанид ажилладаг ч хувь хүний и-майл хаяг руу явуулсан байх тул зохих ёсоор мэдэгдэл хүргүүлсэн гэж үзээгүй болно.

4.23.Газар эзэмшигч нь газрын төлбөрийг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан итгэлцүүрийн хэмжээгээр төлнө гэдэг нь хууль зүйн зарчим мөн боловч ийнхүү төлбөрийн хэмжээ нэмэгдсэнийг мэдээгүй, зохих этгээдээс мэдэгдээгүй нь хариуцагчийн буруутай үйлдэл байх тул хариуцагчаас Э********* ХХК-ийг яг тухайн цаг хугацаандаа төлсөн байхыг шаардсаныг зөвтгөх үндэслэл байхгүй гэж дүгнэж байна.

4.24.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонсох ажиллагаа явуулаагүй байсан ч Засаг даргаас газрын төлбөрөө төлөөгүй тул шийдвэр гардгаараа гарна гэх тайлбар нь хууль зүйн үндэслэл огт биш болно.

4.25.Түүнчлэн Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Татварын хэлтсээс 2020, 2021 онд нэхэмжлэгч компанид төлбөр шинэчлэн ногдуулсан талаар нэхэмжлэх, мэдэгдэл хүргүүлж байгаагүй боловч тус Татварын хэлтсээс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/040 дугаартай албан бичгээр Э********* ХХК-д хандан 2021 оны газрын төлбөрт 6,275,133 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн /ХХ-2-н 13 дахь талд/, уг бичгийг нь үндэслэн нэхэмжлэгчээс газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна /ХХ-2-н 14-16 дахь тал/.

4.26.Өөрөөр хэлбэл, Б******* дүүргийн Татварын хэлтсийн энэ мэдэгдлийн дагуу Э********* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2,510,054 төгрөг, 3,765079 төгрөг, нийт 6,275,133 төгрөгийг төлсөн болох нь тус албаны ирүүлсэн баримт болон нэхэмжлэгчийн төлбөр төлсөн хуулгаар /ХХ-1-н 151, 152 дахь тал/ нотлогдсон тул 2021 оны төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бүрэн төлсөн болох нь тогтоогдлоо.

4.27.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2020, 2021 оны дээрх итгэлцүүрээр Э********* ХХК-д ногдох газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж, төлбөр төлөгчид мэдэгдэх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй, Э********* ХХК нь Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар тогтоол, мөн 2020 оны12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоосны дагуу газрын төлбөрийг шинэчлэн тогтоосон үнээр төлөх нь хууль зүйн үндэслэлтэй боловч, тэрээр дээрх 2 тогтоол гарсныг мэдээгүй, мэдэх боломжгүй тул уг үнээр нь тухайн цаг хугацаанд төлсөн байх бодит боломж байгаагүй, энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бус, хариуцагчийн өөрийнх нь болон түүний газрын болон татварын албаны буруутай болсон тул нэхэмжлэгчийг газрын төлбөрийг шинэ итгэлцүүрийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхгүй болно.

4.28.Тодруулбал, эрх зүйн харилцаанд гэрээгээр үүссэн эрх, үүргийг өөрчилж байгаа бол гэрээний талдаа заавал мэдэгдэх үүрэгтэй бөгөөд өөрчилсөн үүргийг гэрээнд тусгаснаар мөрдөх зарчимтай. Талууд гэрээний үнийг нэмэгдүүлсэн энэ зарчмаар нэхэмжлэгчид заавал мэдэгдсэн байх шаардлагатай бөгөөд мэдэгдээгүй тохиолдолд үүрэг өөрчлөгдсөнийг биелүүлээгүй гэж үзэх нь гэрээний талуудын тэгш байдалд нийцэхгүй болно.

4.29.Иймд нэхэмжлэгч Э********* ХХК-ийг газрын төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж буруутгах үндэслэл нь нотлогдоогүй тул маргаан бүхий актын энэ хэсэг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нийцээгүй, хууль бус байна.

Б.Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон газрыг зориулалтаар нь 2-оос дээр жил ашиглаагүй гэж үзсэн үндэслэлийн тухайд:

4.30.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд мөн зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байна.

4.31.Маргаан бүхий актыг гарах үед нэхэмжлэгч Э********* ХХК нь эзэмшиж байсан газар дээрээ 224 м.кв орон сууцны зориулалттай 1 барилга, хэмжээ нь тодорхойгүй 1 орон сууцны барилга, 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1836/2012 дугаартай техникийн нөхцөл авч трансформатор суурилуулж, гүний цэвэр усны худаг, уулыг хүрхрээ болгож зассан зэрэг байгууламжийг барьж байгуулсан байна. /ХХ-1-н 207-220 дахь тал/

4.32.Энэ үйл баримтыг хариуцагчаас эс зөвшөөрч Э********* ХХК эзэмшиж байсан газар дээрээ ажилчдын зуслангийн зориулалтаар барилга байгууламж барих ёстой, ажилчдын зуслангийн зориулалттай байшин гэдэг нь олон тооны зуслангийн барилга байх ёстой, 1 том байшинг ажилчдын зуслангийн зориулалттай гэж үзэхгүй, гэрийн буурь байгааг зуслангийн зориулалтаар ашигласан гэж үзэхгүй гэж маргасан.

4.33.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилчдын зуслангийн зориулалтаар гэдэгт олон тооны барилга байгууламж байх ёстой гэж маргаж байгаа хууль зүйн үндэслэлээ нотолж чадахгүй байна.

4.34.Учир нь Э********* ХХК нь Б******* дүүргийн Засаг даргын шийдвэрээр ажилчдын зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх олж авахдаа, түүнчлэн түүний харьяа агентлаг Газар зохион байгуулалтын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулахдаа олон тооны, тодруулбал заавал 2-оос дээш зуслангийн барилга барих талаар амлаагүй, байгуулсан гэрээндээ ингэж тусгаагүй, анх газрын зориулалтыг өөрчлөхдөө ийм төсөл хөтөлбөрийг нэхэмжлэгчээс танилцуулаагүй, хариуцагч өөрөө шаардаагүй байгаа тул анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг тайлбарыг хүлээн авч заавал олон тооны байшин байх ёстой байсан гэж дүгнэх нь нотлох баримтад үндэслээгүй, хийсвэр дүгнэлт болох юм.

4.35.Өөрөөр хэлбэл, нэгэнт нэхэмжлэгч нь Дүүргийн Засаг дарга болоод дүүргийн Газар зохион байгуулалтын албатай олон тооны байшин барьсан байна гэж тохироогүй байхад шүүхэд ажилчдын зуслангийн зориулалттай газар гэдгийг заавал олон тооны байшин баригдсан байх ёстой гэж хийсвэр дүгнэлт хийх боломжгүй бөгөөд маргаан бүхий газар дээрх 2 жижиг, том хэмжээний байшинг ажилчдынхаа амралтад зориулж байгаа гэж нэхэмжлэгчийн тайлбарласныг хариуцагч нотлох баримтаар няцааж чадаагүй тул нэхэмжлэгчийн энэ тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх хүлээн авсан.

4.36.Харин нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт байгаа гэрийн буурийг зарим тохиолдолд ажилчид гэр, майхан барьдаг байсан гэж тайлбарласан боловч ийнхүү гэр, майхан барьж байснаа нотлох баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүхээс гэрийн буурийг гэр барьдаг гэж, хүмүүс ирж майхан барьж амардгийг газрыг зориулалтаар нь ашигласан гэдэгт хамааруулаагүй болно.

4.37.Харин нэхэмжлэгч Э********* ХХК-ийг эзэмшиж буй газар дээрээ бодитой хөрөнгө оруулж буюу 2 тооны барилга барьсан, өндөр хүчдэлийн цахилгааны байгууламж /трансформатор/ барьж, гүний цэвэр усны худаг гаргаж, газрыг бүтэн хашаажуулж, орчныг тохижуулсан /уулын хүрхрээ/-ыг нь газрын зориулалтаар нь ашигласан гэдэгт хамаарна гэж дүгнэлээ.

4.38.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э********* ХХК-ийг эзэмшиж байсан газраа 2005 оноос маргаан бүхий захиргааны актыг гаргах хүртэлх хугацаанд 15 жилийн хугацаанд зориулалтаар нь огт ашиглаагүй гэж тооцсон болохоо тайлбарлаж байгаа бөгөөд шүүхээс маргаан бүхий захиргааны акт гарах үед нэхэмжлэгчийн газар дээр барилга байгууламж баригдсан байсан нөхцөлийг харгалзан ийнхүү дүгнэж байна.

4.39.Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э********* ХХК-ийг газрыг зориулалтаар нь 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзсэн хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

В.Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэж үзсэн тухайд:

4.40.Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/4201 дугаар албан бичгээр ... тус дүүргийн 20 дугаар хороо байрлах зуслангийн зориулалтаар эзэмшиж буй 40,000 мгазрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын анхны үнийг төлж газар эзэмших эрхийг сэргээх боломжтой гэх хариуг өгсөн /ХХ-1-н 22 дахь тал/ байгаа нь Б******* дүүргийн Засаг дарга нь тухайн үед дуудлага худалдааны үнэ төлөхийг зөвшөөрсөн гэж гэж үзнэ.

4.41.Гэвч хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга нь энэхүү шийдвэрээсээ үндэслэл нь тодорхойгүйгээр татгалзсан байна.

4.42.Нөгөө талаас маргаан бүхий газрын анхны эзэмшигч Х и ХХК нь 1998 онд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дотоодын аж ахуйн нэгжээр бүртгэгдэж, 2009 онд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээр статус нь өөрчлөгдөн бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа учраас 2004 онд тус компани уг газрыг эзэмших эрх олж авсан нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан зөрчигдөөгүй байна.

4.43.Улмаар Б******* дүүргийн Засаг даргаас 2004 онд Х эХХК-д газар эзэмшүүлж шийдвэрлэхдээ өөрөө газрын дуудлага худалдаа огт явуулж байгаагүй байна.

4.44.Нийслэлийн Засаг даргын 2013 оны Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай А/307 дугаар захирамжийн дагуу 2013 оноос хойш дуудлага худалдааны үнийг төлүүлэх талаар Э********* ХХК-д мэдэгдэж байгаагүй, 2016 оны А/697 дугаар захирамжийн дагуу явуулаагүй дуудлага худалдааныхаа үнийг нөхөн төлүүлэх ёстой бол, маргаан бүхий актыг гаргахдаа 2022 онд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой тул ийнхүү явуулаагүй гарсан захиргааны актыг хууль зөрчиж гарсан захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох үндэслэл болно.

4.45.Нөгөө талаас төр болон Х иХХК, дараагийн эзэмшигч Э********* ХХК-ийн хооронд газрын эрх зүйн харилцаа гэрээ, гэрчилгээний үндсэн дээр бүрэн үүсчихсэн, энэ эрх зүйн харилцаагаар талууд эдлэх эрх, хүлээх үүргээ харилцан тохиролцсон байхад захиргааны байгууллага өөрийн санаачилгаар уг эрх, үүргийг өөрчлөн нийтийн эрх зүйн хүрээнд шинээр акт гаргаж, газар эзэмшигчээр шинээр дуудлага худалдааны үнэ төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүнд Газрын тухай хуулиар олгоогүй эрх хэмжээг эдэлсэн, Иргэний хуульд заасан үүргийг эрх зүйн үндсэн зарчим зөрчсөн гэж үзнэ.

4.46.Учир нь Газрын тухай хуульд заасан дуудлага худалдаа гэдэг нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан үнэ хаялцуулах иргэний эрх зүйн харилцаа-ны хэлбэр бөгөөд аливаа этгээд дуудлага худалдаа зарлаж, түүнд оролцсон бол энэ нь гэрээний оролцогч болсон буюу иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэн дуудлага худалдаа явуулсан этгээдээс ялагчаас газрын дуудлага худалдааны үнийг төлөхийг шаардах эрх, нөгөө талаас дуудлага худалдааны үнийг төлөх үүргийг харилцаа үүснэ.

4.47.Гэтэл Б******* дүүргийн Засаг даргаас Э********* ХХК-ийн эзэмшиж буй газар дээр өмнө ямар нэг хэлбэрээр дуудлага худалдаа огт зарлаагүй учир дуудлага худалдааны үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу ямар нэгэн шаардах эрх үүсэхгүй юм.

4.48.Иймд Б******* дүүргийн Засаг даргаас Э********* ХХК-ийн эзэмших газар дээр дуудлага худалдаа огт явуулаагүй, ийм үнэ төлөхийг 2004, 2005, 2010, 2015, 2020 онд байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ндээ тусгаж байгаагүй атлаа газрын дуудлага худалдааны үнэ гэгчийг төлөхийг тус компаниас шаардаж, үүнийгээ гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн захиргааны акт гаргаж, шийдвэрлэж байгаа хууль зүйн болоод бүр эрх зүйн үндэслэлгүй тул маргаан бүхий актад заасан энэ үндэслэл хууль бус болно.

4.49.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар шийдвэрийн Э********* ХХК-д холбогдох хэсгээс тус компанийг тухайн газраас 39269 метр квадрат газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасанд нийцээгүй, нэхэмжлэгчийн газрыг хуульд заасан журмыг дагуу эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, эрхийг нь зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/*** дугаар захирамжийн Э********* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Тав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

5.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

5.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр шүүгчийн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар шаардсан зарим асуултад хариулахгүй, мэдэхгүй гэж байгаа нь уг асуудлыг мэтгэлцээнээр нотолж чадаагүй гэж шүүхийг үзэхэд хүргэсэн.

5.3.Тухайлбал, Э********* ХХК-ийн газрын төлбөрийг бууруулж тогтоосон программын алдааг хэн хариуцах талаар хариулт байхгүй гэсэн, уг газар дээр дуудлага худалдаа явуулсан эсэхийг тодруулахад мэдэхгүй гэж байгаа нь уг асуудлыг няцааж чадаагүй, нотлоогүй, түүнчлэн маргаагүй гэж үзэх үндэслэл болсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Э********* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б******* дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/*** дугаар захирамжийн Э********* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Э********* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ