| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0047/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/75 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/75
2025 02 04 2025/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бад холбогдох эрүүгийн 2525000000030 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/1815 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1,28 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Орхон аймгийн Баян-Өндөр сумын З багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Тоёота приус-30 загварын 00-00 ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Л.Бын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Миний хайхрамжгүй байдлаас ийм болсон,харамсаж байна гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2525000000030 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-Шүүгдэгч Л.Бын согтуурлыг шалгасан драгер багажын хэвлэмэл хуудас 1.44% /ХХ-ийн 9-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анханшатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №1815 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 12-15-р тал/
-Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хйисэн тэмдэглэл /хх-ийн18-19-р тал/
-Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгийг хуулбарласан 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-р тал/
-6202 ..... улсын дугаартай Тоёота Приус маркийн Л.Бын эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /хх-ийн 22-р тал/
-гэрч Б.Бгийн мэдүүлсэн:...2024 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн үед дэд ахлагч Б.Э хамт Орхон аймгийн Баян-Өндөрсум З багийн нутаг S баарны орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 00-00 ..... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгах гээд улаан модоороо дохиход зогсохгүй зугтаачихсан юм. Тэгэхээр нь тус тээврийн хэрэгслийн араас явсан бөгөөд эмнэлгийн хүлээн авахын гадаа очоод тулаад зогсчихоор нь бууж шалгахад жолооч Л.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан байсан. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд тус жолоочийг газар дээр нь драгер багажаар түүний согтолтыг шалгахад 1.44% согтолттой гарахаар нь тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан юм.Тус үйл явдлыг би өөрийн энгэрийн каметраа бичсэн байсан. Тухайн жолооч ганцаараа явсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 24-р тал/
-шүүгдэгч Л.Бын яллагдагчаар мэдүүлсэн:..2024 оны 12-р сарын 24-ний өдөр барагцаагаар 23 цагийн үед би ажлынхантайгаа З багт байрлах S бааранд орсон юм. Тэгэхдээ би өөрийн 6202 ..... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн хар саарал өнгийн машинтай очсон бөгөөд машинаа баарны гадаа зам дагуу байрлуулчихсан юм. Тэгээд бааранд ороод хэсэг байж байтал над руу танихгүй дугаараас залгаж “машинаа холдуулаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа жолоодоод нэгдсэн эмнэлэгийн хашаа руу ороод зогстол замын цагдаа нар машинаас бууж ирээд намайг шалгасан юм. Тэгээд миний согтолтыг багажаар шалгахад 1.44 хувийн согтолттой гарсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй бөгөөд 2024 оны 10 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би урьд өмнө хэрэгт холбогдож байсан ч одоо засарч ажил хийж байгаа юм. Дахин хэрэгт холбогдохгүй..гэх мэдпүүлэг /хх-ийн 31-р тал/
-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6-р сарын 08-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-55-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 09-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-59-р тал/
- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03-р сарын 30-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-59-р тал/
-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437-р нээлттэй хорих ангийн 2024 оны 03-р сарын 06-ны өдрийн 24/163 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 64-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Л.Б нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/1815 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын З багийн нутаг дэвсгэрт Тоёота приус-30 загварын 00-00 ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон ззамын хөдөлгөөнд оролцсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Л.Б нь нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу эрх хассан хугацааны дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, драгерын заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангиийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж, эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж хуульчлан эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.
Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэр нь, болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан,эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой,мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсний улмаас хохирол,хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно”гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.
Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй,шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж хайхрамжгүй хандсан болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээсэн гэж тус тус дүгнэлт санал гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж,3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.Шүүгдэгч өөр санал гаргаагүй.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.Бад шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ