Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/01196

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/01196

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, БХТН-ийн байр, 24 тоот хаягт оршин суух, Жороо овогт Хишигнэмэхийн Шинэцэцэг /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Энхтайваны өргөн чөлөө-28,*******ХХК /хуулийн этгээдийн регистрийн /-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие*******ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 96 дугаар тушаалаар тус компанид Захиргаа, Хүний нөөцийн менежерээр томилогдон хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Би ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэн ажиллаж байсан ба сахилгын болон захиргааны зөрчил гаргаж байгаагүй.

Гэтэл тус компанийн Стратеги төлөвлөлтийн менежер Д.Нармандах нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажлаа хүлээлгэх өгөхийг шаардаж, миний ажлыг хүлээн авсан ба маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн ерөнхий захирал Күк Жүнг Ёл 128 дугаартай тушаал гаргаж ажлаас гэнэт чөлөөлсөн нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн төдийгүй, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

Ажлаас чөлөөлөх үндэслэлээ орон тоог цомхотгох болсон гэж тайлбарласан ба энэ тухайгаа надад хуулийн хугацаанд мэдэгдээгүй, ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсанд гомдолтой байна. Тэгээд ч ажлын байрны тодорхойлолтод зааснаар компанийн нийт ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг хангах, хүний нөөцийн бүрдүүлэлт хийх, сонгон шалгаруулалт зарлах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ажилтнуудаас ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, байгууллагаас гарч буй бүх албан бичиг, тушаал шийдвэрийн төслийг боловсруулах, бүртгэл хөтлөх, архивлах, хадгалах, компанийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагаас авах, хугацааг нь сунгуулах зэрэг тус компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай салшгүй холбоотой үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг Захиргаа, Хүний нөөцийн менежерийн ажлын байрыг хасах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан*******ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин, хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч*******ХХК шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан *******ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд бодит байдлаас хол зөрүүтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бодит зүйл гэвэл, компаний ерөнхий захирал 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орон тоо хасагдсан тухай мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийг Захиргаа, Хүний нөөцийн менежер ******* хүлээн авсан бөгөөд танилцаж гарын үсэг зурж, ажлаа хүлээлцэхээр хариуцаж байсан ажил, бичиг баримтаа цэгцэлж эхэлсэн. Ингээд ажил төлөө хүлээлцээд, бичиг баримтаа цэгцэлчихвэл энэ сарын хугацаанд ажил дээрээ ирэхгүй байж болох тухай захирлын шийдвэрийг Стратеги төлөвлөлтийн менежер Д.Нармандах /Компанийн ерөнхий захирал Күк Жүнг Ёл Солонгос хүн учраас орчуулагчаар дамжуулсан/ хэлсэн байдаг. Үүний дараа Захиргаа, Хүний нөөцийн менежер ******* /өөрийн хариуцаж байсан ажил/ өөрөө 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаар тушаалыг боловсруулж захирлаар гарын үсэг зуруулсан байдаг. Үүнийг залруулж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргах тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Компанийн ерөнхий захирал 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон тоо хасагдсан тухай мэдэгдэл өгсний дагуу *******т 12 дугаар сарын цалин графикийн дагуу тухайн сарын 15, 30-ны өдөр буух ёстой графикийн дагуу буусан.

Нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж ч гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бодогдож олгогдсон байдаг.

Мөн ажлаа хэвийн зохих ёсоор хийж байсан хүнийг манай компани ажлаас чөлөөлөөгүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлдэггүй, зан харилцааны хувьд хүмүүстэй таарамж муутай, ажилдаа эзэн болж ахиц, үр дүн гаргаагүй учраас ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Үүнийг албажуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэн мөн хуулийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл өгч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмжийг олгосон нь компанид тодорхой хугацаанд ажиллаж байсан ажилтныхаа цаашдын ажил, амьдралын нэр хүнд, нийгмийн байдлыг нь бодолцсон, харилцан ойлголцсон шийдвэр байсан.

Энэ хугацаанд нэхэмжлэгч *******ийн хувьд компанийн хүмүүстэй удаа дараа холбогдож, цалин болон тэтгэмжийн талаар асууж лавлаж байсан зэргээс үзэхэд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нью энержи стар ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 96 дугаар тушаалаар Захиргаа, Хүний нөөцийн менежерээр томилогдон ажиллаж байсан *******ийг тус компанийн ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаар тушаалаар ажлаас чөлөөлжээ.

 

Хариуцагч нь *******ийг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгосон байна.

 

Нью энержи стар ХХК нь эдийн засгийн хувьд бизнессийн үйл ажиллагаа ашиггүй явагдаж байгаагаас орон тоо цомхотгох болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д зааснаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон цуцлах болсон мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажилтан *******т гардуулан өгч, *******ийн ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан 16/03 дугаартай мэдэгдэл,*******ХХК-ийн Хүний нөөцийн менежер *******ээс Д.Нармандахад хүлээлгэн өгсөн баримт бичгүүдийн жагсаалтаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь дээр дурдсанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцлах мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажилтан *******т гардуулан өгч, ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч ******* нь*******ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн менежерээр томилогдон ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээнд зааснаар үндсэн цалин 800,000 төгрөг, ирцийн нэмэгдэл 70,000 төгрөг, борлуулалтын нэмэгдэл 1-100 хувь, илүү цагийн нэмэгдэл 1,5 дахин, тогтвортой ажилласан жилийн нэмэгдэл 6 сар тутам 10,000 төгрөг, албан тушаалын нэмэгдэл 50,000 төгрөгийн цалин хөлстэй байсан бөгөөд түүний сарын дундаж цалин хөлс 1,216,544 төгрөг, нэг өдрийн цалин 55,297 төгрөг болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан 4 сар 4 өдрийн цалинг 5,087,365 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. /сүүлийн 3 сарын цалин 3,649,634 төгрөг/3=1,216,544төгрөг,/

 

Нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сард авсан цалингийн хэмжээг тогтооход цалингийн бусад нэмэгдэл 2,270,680.01 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй. Учир нь энэхүү нэмэгдэл мөн хугацаанд бодитоор олгогдоогүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулах үүргийг хариуцагчид даалган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч *******ийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан*******ХХК-ийн Захиргаа, Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 5,087,365 төгрөгийг хариуцагч*******ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

2.     Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч*******ХХК-д даалгасугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА