Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

2025       02         05                                            2025/ШЦТ/76

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дашням

Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цид холбогдох эрүүгийн 2405018840402 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Х Ард Улсын Г боомтод байрлах Ж гэх нэртэй зочид буудлын өрөөнд хохирогч Т.Гийн толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь дагз ясны далд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

-2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Ө аймгийн Г сумын Бага-Овоо 5 дугаар баг М суурьшлын бүсэд иргэн М.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж чулуу шидэх, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Бсум Ш 00-00 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Жтэй маргалдаж, хүзүү, нуруун тус газарт нь хутгаар зүсэж, хүзүү, нуруунд шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

        -Шүүгдэгч Н.Цийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Т.Гийг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Г боомтод 3 сар ажиллахдаа ийм юм болсон. Архи уухаараа л ийм юм болдог. Дахин архи уухгүй гэж өөртөө тангараг тавьсан. Гт 500,000 төгрөг, урьд нь 180,000 төгрөг өгсөн. Жт 150,000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405018840402 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан: 

-хохирогч Т.Гийн мэдүүлсэн “...Миний бие 2021 оноос хойш 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ө аймгийн Ханбогд суманд тээврийн үйл ажиллагаа явуулдаг "С" компанид жолоочийн ажил хийдэг байсан. Энэ Ц гэдэг хүн 2024 оны 2 дугаар сарын сүүлээр манай компанид жолоочоор орж ирсэн. ...урагшаа Бүгд Найрамдах Х Ард улсын Г боомтоор хил нэвтэрч гарсан. Тухайн өдөр ачаагаа буулгаж амжаагүй юм. Би тэгээд орой 19 цагийн орчим байх Гны зочид буудалд Б, С, Ц нар архи, Х пиво ууж байхад нь гаднаас З бид хоёр орж ирсэн. Би Х архи уугаагүй, пиво уусан. Б орон дээрээ хэвтээд унтчихсан, С, Ц хоёр нэлээн согтуу уугаад сууж байсан. З бид хоёр гаднаас орж ирэхдээ 10 орчим хайрцагны тал Х пиво авч орсон. Тэгээд бид нар юм яриад сууж байхад Ц Зтай муудалцаад маргалдаад унахаар нь С дундуур нь орж болиулаад Зыг яв гээд би гадагшаа буудлаас гаргаж өгсөн. З буудал руугаа буцаж ороод буудлын дэлгүүрээс 4, 5 ширхэг шилтэй пиво, шампунь аваад өрөө рүүгээ ороход Ц орон дээр суучихсан, С ванны өрөөнд бөөлжөөд байж байсан.Би өрөөнд ороод Цид зүгээр байгаа хүнтэй яагаад муудалцаад байгаа юм гэж хэлээд орон дээрээ суугаад авсан пивоо шалан дээр тавьсан. Намайг орон дээр суухад Ц шалан дээр тавьсан шилтэй задлаагүй пивыг авахаар нь уух гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь шууд миний толгой руу шилтэй пивоор цохисон. Цохиход би орилоод толгойгоо бариад унасан чинь С ванны өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд гаднаас буудлын эзэн Х хүн орж ирээд мөн хажуу талын өрөөнд байрлаж байсан манай компанийн Б, Ү хоёр орж ирээд наад Цаа хая гээд намайг аваад гарсан. С бас цуг гарсан. ...Намайг Ц орон дээр сууж байхад задлаагүй пивоор толгой руу цохисон, дахин цохиход нь С ванны өрөөнөөс орж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-16 69-71, 74-75, 78-79-р тал/

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6186 дугаартай “...Т.Гийн биед дагз ясны далд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 19-20-р тал/

-хохирогч Т.Гийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 24-33-р тал/

-хохирогч Т.Гийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /1-р хх-ийн 81-р тал/

- гэрч Г.Бын: ...Гийн биед ил харагдах гэмтэл байгаагүй. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өглөө уулзахад толгой өвдөж байна гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р тал/

- гэрч Ц.Бийн: “...буудлынхаа өрөөнөөс гарч Гтой уулзсан. Бид хоёр хоорондоо ярилцаж байгаад нүүрс тээврийн машин байрлуулсан газартаа очиж  хонохоор болоод хамтдаа такси бариад явсан. Гтой хамт явж байхад Цтай зодолдсон, толгой хэсэгтээ пивоны шилээр цохиулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92-р тал/

-гэрч П.Үгийн мэдүүлсэн:..Т.Гтой хамт нүүрс тээврийн машин руугаа явж байхад Г нь Цид зодуулсан гэж ярьж байсан, юугаар зодуулсан талаараа надад хэлээгүй. Ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдан зодолдсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р тал/

-гэрч Э.Зын мэдүүлсэн:..Г, Ц нар хоорондоо маргалдаж муудалцан зодолдсон талаар би мэдэхгүй байна. Тухайн үед би гараад явчихсан байсан. Сүүлд Г утсаар өрөөнд байсан залуутайгаа зодоон хийсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-р тал/

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1204 дугаар шинжээчийн:.. Т.Г /РД:0000000/-ийн сэтгэцэд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэлзүйн онцлог, эмчилгээ эдгэрэлт, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй... гэх дүгнэлт /1-р хх-ийн 120-122-р тал/

-шүүгдэгч Д.Цийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Би тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын хооронд Ө аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-нд би ажиллаж байх хугацаандаа Гтой танилцсан. Би нүүрс тээврийн машинтайгаа 2024 оны 04 дүгээр сард яг өдрийн сайн санахгүй байна Гашуун сухайт боомтоор Бүгд Найрамдах Х Ард Улсын Г боомтоор хилээр гарсан. Х руу ороод ачаагаа буулгачхаад буудалд өрөө авсан. Буудлын өрөө нь 3 ортой байсан учраас Б, Г бид цуг орсон. Тэгээд Г бид хоёр нэлээн их пиво уусан. Энэ өдөр Б буудлаас гараад явсан. Г бид хоёр пиво ууж хоноод маргааш мөн үргэлжлүүлж уусан юм. Хажуу талын өрөөнд байсан С орж ирж пиво уусан. Г гадагшаа гарч яваад танихгүй З гэдэг найзыгаа дагуулж орж ирсэн. З нь архи уучихсан согтуу жаахан агсам залуу байсан. З пиво унагааж асгаад байхаар нь би унтаж амармаар байна, наадахаа боль гэж хэлж орноос босож ирж маргалдсан чинь З нь намайг орон дээр үүрээд унагаачихсан. Тэгээд орон дээр байж байхад Г хажуу талаас орж ирээд баруун билүү зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохиод авахаар нь би Гтой орон дээр барилцаж аваад орны хажуу талд байсан пивоны шилээр толгой руу цохичихсон юм. Пиво бол талаараа байсан, шил нь хагараагүй. Толгой тархинаас цус гараагүй. Гаднаас хажуу талын өрөөнд байсан манай компанийн Ү, Б хоёр орж ирж салгасан юм. Зыг намайг үүрч шидэхэд хажууд Б байсан. Тэгээд Ү, Б, Г эд нар бүгдээрээ өрөөнөөс гараад явсан. Би ганцаараа буудалдаа үлдээд унтаж амарсан. Би Гийн толгой хэсэгт пивоны шилээр 1 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 138-140-р тал/

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 188-192-р тал/

-хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 194-р тал/

-хохирогч Т.Жын мэдүүлсэн:.. 2024 оны 11 дүгээр сарын 01-ны орой 17 цагийн орчим найз Ц утсаар залгаад хүрээд ир гэхээр нь Ш 1-34 тоотод нэг шил 0,5 гр архи авч очсон. Бид хоёр хувааж уугаад дахин нэг шил архи дэлгүүрээс авч уугаад согтсон байсан. Тухайн үед маргалдаад Ц миний араас мөр лүү жижиг хутгаар зүссэн. Би яаж байна гээд эргээд хартал миний хоолойн тус газар зүссэн. Манай найз Ц орж ирээд хажууд байдаг манай ахын гэрт орж эмнэлэг дуудсан. Миний хоолойноос цус алдаад эмнэлэг орж 6 оёдол тавиулсан. Бид хоёр архи уугаад авсан архи дуусаж байхад Ц гаднаас орж ирсэн. Гэтэл Ц, Ц луу дайраад цохиж авах гээд байхаар нь би наадхаа цохиж байхаар намайг зод гэсэн чинь барьж байсан хутгаараа миний хоолой, мөрийг зүссэн. Миний сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-р тал/

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11-р сарын 06-ны өдрийн №978 дугаар шинжээчийн:..Т.Жын биед хүзүү, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн хоёр, мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хүзүү, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /1-р хх-ийн  201-202-р тал/

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11-р сарын 08-ны өдрийн №136 дугаар шинжээчийн:.. Шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулын зүүн болон баруун талын хэсэгт гарын мөр илрэхгүй байна. Тогтоолд дурдсан Н.Ц /000000000/ 53401 дугаартай, Т.Ж /000000000/ МИ000000000000 дугаартай гарын хээний дардас “Гарын хээний нэгдсэн сан”-д бүртгэлтэй эсэхийг хувийн мэдээллээр шалгахад санд бүртгэлтэй байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 209-210-р тал/

-шүүгдэгч Н.Цийн яллагдагчаар мэдүүлсэн:...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн үед Ш 00-00 тоотод гэртээ ганцаараа байж байгаад таньдаг дүү Жыг утсаар залгаад ганц шил архи аваад хүрээд ир гэсэн чинь удалгүй манай гэрт ирээд архи авч уусан. Бид хоёр согтсон байсан. Би төмс арилгадаг жижиг хутгаар тоглоод орон дээр хэвтэж байхад нь зүүн мөр лүү нь хатгасан чинь уурлаад босоод миний хоолойноос боогоод авахаар нь хутгаараа хоолой руу нь санамсаргүй зүссэн. Бид хоёр маргасан зүйл байхгүй тоглож байгаад хутгаар зүссэн байсан. Тиймээ би Т.Жын хоолой, мөрөн тус газар нь хутгаар зүссэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-р тал/

-хохирогч М.Хгийн мэдүүлсэн:.. 2024 оны 07 сарын 13-ны өдөр Ө аймгийн Г сумын М гэх суурьшлын бүсэд өглөө Дөрвөлжин уулзварын SН250 гаалийг дугаартай жолооч согтуу машинаа хөдөлгөөд түр зогсох хооронд нь би нэг хүний хамт хийн шланкыг нь сугалж авсан. Тэгээд машины түлхүүрийг Д.Б авсан. Орой 20 цаг 45 минутын орчимд SН250 машины хажууд Приус 30 маркийн машин зогсож түлшийг авах гэж байсан. Би зургийг нь дархад яваад өгсөн. Тэр жолооч “Алтан стандарт” компанийн БҮ161 гаалийн дугаартай машины хажууд архи уугаад байж байсан. Би очоод “энэ машины түлшийг зарж болохгүй ээ намайг менежер нь энэ машиныг харж бай гэж хэлсэн. Та нар одоо 2 зараад буцаад компанид 3 төлнө шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл “чамд ямар хамаатай юм бид нар угаасаа ингэж зарж хоолны мөнгөө гаргаж авдаг” гэж хэлсэн. Тэгээд би явах гэж байхад тэр SН250 гаалийн дугаартай машины жолооч намайг “ Алаа захирч яв” гэж хэлэхэд нь би “юу гээд байгаа юм ална шүү чамайг алгадчих уу”гээд маргалдаж байхад над руу чулуу газраас аваад шидэж араас нь нүд хэсэг рүү цохисон юм. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү... Урд өгсөн мэдүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй. Би тухайн үедээ эмчилгээ дусал, тариа жаахан хийлгүүлсэн, үүний баримт байхгүй. Миний зүүн талын нүдийг 1 удаа цохисны улмаас нүд, нүүр хэсэг хавдаж хөхөрч, хойшоо толгойгоороо газарт унаж, толгой хагарч цус гарсан. Нүд хөхөрч хавдсан учраас ажлаа хийхэд хүндрэлтэй байсан. Эмчилгээний зардал, ажлаа хагас дутуу хийсэн, сая Өмнөговиос өөрийнхөө 4262 УАУ улсын дугаартай приус-30 маркийн машиндаа 40 литр шатахуун хийж ирсэн, 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ талаар надад баримт байхгүй. Би Ө аймагт ажилладаг учраас дахиж ирж чадахгүй, хэргийн материал танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй. Надтай энэ Ц гэдэг хүн ерөөсөө уулзаагүй, надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 8-13-р тал/

-гэрч Ц.Д мэдүүлсэн:... Би 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед ажлын шугамаар таньдаг эгч болох Х хорхог ид гэж урихаар нь гэрт нь очсон. Хорхог идээд 21 цагийн үед гэрийн гадна нь утсаар ярьж байхад эгч гэрээсээ гараад явсан. Удалгүй 05-аас 10 минутын дараа гэрээс 10-аас 20 метрийн цаана байсан давхар чиргүүлтэй машины хажууд эмэгтэй хүн орилохоор нь гүйгээд очсон. Очиход эгч Х газар унасан байдалтай байсан. Эгчийн хажууд 1******* зогсож байсан, хоёр алхмын цаана 3******* хүн архи уугаад сууж байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд байхаар нь би болиулах гэж оролдсон. Эгчийн нүүрний зүүн нүдний харалдаа хэсгээр хавдсан, толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Эгч босож ирээд цагдаад дуудлага өгсөн. Би цагдааг иртэл эгчийн хажууд байсан. Эгчийг цохисон гэх залуу цагдаа ирэхээс 1 минутын өмнө зугтсан. Ер нь их согтолттой байсан. Цагдааг иртэл архи уусаар л байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-17-р тал/

-Ө аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №389 дугаартай шинжээчийн:...М.Хгийн биед толгойд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. М.Хгийн биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 32-33-р тал/

-шүүгдэгч Н.Цийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Хгээс уучлалт гуйсан. Өөрийнхөө бурууг хүлээж байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99-р тал/

-хохирогч Т.Гт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж Эрүүл мэндийн даатгалын санд нийт 1,682,550 төгрөгийн зардал гарсан талаарх баримт /2-р хх-ийн 79-80-р тал/

-хохирогч Т.Жт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж Эрүүл мэндийн даатгалын санд нийт 170,550 төгрөгийн зардал гарсан талаарх баримт /2-р хх-ийн 79-80-р тал/зэрэг нотлох баримтуудыг  нотлох баримтаар шинжлэн судалсан.

 

           Шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Н.Ц нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Х Ард Улсын Г боомтод байрлах “Ж” зочид буудлын өрөөнд согтууруулах ундаа хэрэглэж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан Т.Гийн толгойн тус газарт пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь дагз ясны далд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

-2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Ө аймгийн Г сумын Бага-Овоо 5 дугаар баг М суурьшлын бүсэд иргэн М.Хтэй маргалдан биед халдаж чулуу шидэж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Бсум Шанд 00-00 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Жтэй маргалдаж, хүзүү, нуруун тус газарт нь хутгаар зүсэж, хүзүү, нуруунд шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нар, яллагдагчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирол төлбөр,эм эмчилгээний талаархи баримтууд, зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

Үйл баримтад дүгнэлт хийхэд: Шүүгдэгч Н.Цийн үйлдлийн улмаас хохирогч Т.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Т.Г болон ялладагч,гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6186 дугаартай “...Т.Гийн биед дагз ясны далд шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, эмчилгээ,эмийн зардлын баримтууд,гомдол мэдээлэл хүлээн авсан баримт зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Н.Цийн үйлдлийн улмаас хохирогч Т.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Т.Жын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг,Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11-р сарын 06-ны өдрийн №978 дугаартай..Т.Жын биед хүзүү, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн хоёр, мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хүзүү, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт,гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлх баримтаар,

шүүгдэгч Н.Цийн үйлдлийн улмаас хохирогч М.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч М.Хгийн мэдүүлэг,яллагдагчийн мэдүүлэг,гэрчүүдийн мэдүүлэг, Ө аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №389 дугаартай шинжээчийн:...М.Хгийн биед толгойд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. М.Хгийн биед учирсан гэмтлүүд нь хОхирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна..”гэх дүгнэлт, хохирогчийн гомдол зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.Шүүгдэгч Н.Ц нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй,

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тус тус тодорхойлсон.        

   Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдийг агуулжээ.

 Шүүгдэгч Н.Ц нь 2 хүний  эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол, мөн 1 хүний эрүүл мэндэд халдаж учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл хохирол тус тус учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн эдгээр үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, өөрийнх нь үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд аюултай хохирол хор уршиг учрах боломжтойг мэдэж  хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай шинжтэй үйлдэл байна.

Прокурор, шүүгдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 2 үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж хүндрүүлэх шижнээр зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх шинж нь гэм буруутай этгээд нэг цаг хугацаанд нэг үйлдлээр, нэг орон зайд, нэг сэдэлтээр халдсан байх шинжийг агуулдаг тул өөр өөр цаг хугацаанд, өөр орон зайд, өөр сэдэлтээр үйлдэгдсэн шүүгдэгчийн 2 үйлдлийг дээрхи шинжид хамааруулан хүндрүүлэн зүйлчлэх нь буруу тул хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Н.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Х Ард Улсын Г боомтод байрлах Ж гэх зочид буудлын өрөөнд хохирогч Т.Гийн толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Ө аймгийн Г сумын Бага-Овоо 5 дугаар баг М суурьшлын бүсэд иргэн М.Хтэй  маргалдан биед халдан зодож толгойд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Бсум Шанд 00-00 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Жтэй маргалдаж, хүзүү, нуруун тус газарт нь хутгаар зүсэж, хүзүү, нуруунд шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. шүүгдэгч НДС-д төлөх төлбөрийг бүрэн төлсөн. Хохирогч Т.Г 9 сая төгрөг нэхэмжилсэн боловч баримтгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхээс татгалзсан гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогч Т.Г 10 хоног эмчлүүлээд ажилдаа орсон байдаг, гэмтлийн зэрэг эргэлзээтэй гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Шүүгдэгч хохирол төлсөн. Нийгмийн даатгалын сангаас гарсан хохирогч нарын эмчилгээний зардлыг төлсөн гэж,

-шүүгдэгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. гэм буруугаа хүлээж байна, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж тус тус дүгнэлт гаргажээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:                

       Шүүгдэгч Н.Цийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд,хохирол төлбөр төлсөн баримтууд зэргийг шинжлэн судалж,

 -шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хорих ял оногдуулах нь хэргийн нийгмийн аюулын шинж, ял шийтгэлийн зорилгод нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв. Шүүгдэгч урьд 2 удаа шүүхээр шийтгүүлж байсан ба сүүлд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан байна.

 Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, урьд удаа дараа хүний эрүүл мэндэд халдаж ял шийтгүүлж байсан хувийн байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан энэ хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн, нийгмийн аюул хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 4 жил 2 сар 20 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл хангагдсан байна. Гэм буруугаа хүлээсэн, эрхэлсэн ажилтай, архи уухгүй болсон, хохирогч нарт цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулна уу гэж,

-шүүгдэгч Н.Ц: хөнгөн ял оногдуулна уу, би гэм буруугаа маш сайн ойлгож гэмшиж байна гэж тус тус санал гаргасан.

Эрүүгийн хуулийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

3.Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Н.Ц хохирогч Т.Гт нийт 500,000 төгрөгийг мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас Т.Гийн эмчилгээний зардалд гарсан 1,682,550 төгрөгийг, хохирогч Т.Жын эмчилгээний зардалд гарсан 170,550 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Т.Ж болон М.Х нар нь шүүхэд хохирлын баримт нэхэмжлэл гаргаагүй, шүүх хуралдаанд оролцохгүй, Т.Г сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэж мэдэгдсэн байна.

Хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурьдлаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И ургийн овгийн Н.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч И ургийн овгийн Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймаг Бсумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 3 / гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Н.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15.7 см урттай, 2 ширхэг хадаасаар бэхэлсэн модон бариултай, 8.1 см урт ажлын хэсэгтэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтын комисст даалгаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ