| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/80 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/80
2025 02 10 2025/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Л.Т,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бөд холбогдох эрүүгийн 2425000000773 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Орхон аймгийнын Д багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Х' баарны гадаа хохирогч Д.Бийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа эрүүн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ц.Бийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээнэ гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.Бийн мэдүүлсэн: Эмчилгээ хийлгэсэн, 2 сая орчим төгрөг болсон. Шүүгдэгчийг 5 сая төгрөг өгчих гэсэн. 2-3 сар болсон, боломжгүй байна, та миний “амьжиргаа” машиныг авчих гээд гуйгаад байхаар нь би машиныг нь шилжүүлээд авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425000000773 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
- Хохирогч Д.Бийн мэдүүлсэн: ...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн орчимд Д багийн нутаг дэвсгpэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” гэдэг нэртэй бааранд дуулах гээд орсон. Тэгээд бид 5 тус бааранд ороод 0,75 граммын экс нэртэй архи хувааж уугаад дуулаад байж байсан чинь гаднаас 7-8 хүмүүс орж ирээд тэндээ архи согтууруулах ундаа угаад байж байсан. Тэгээд бид 5 гадаа тамхи татах гээд гарсан чинь бид 5-ын араас 7-8 залуучууд гарч ирээд бид 5-ыг саарал хувцастай хүмүүстэй андуураад бид нар луу дайраад байсан. Тухайн үед бид нар тэр саарал хувцастай хүмүүс чинь бишээ гээд тайлбарлаад ойлгуулаад хэлсэн чинь тэр залуучууд буцаад орсон. Тэгээд удалгүй нэг халзан толгойтой залуу намайг та гараад ирээ гээд дуудаад байхаар нь гараад очсон чинь тэр халзан залуу чи Дийн иргэн үү, чи Увсын хүн үү? гээд асуугаад байхаар нь би үгүй гээд хариулсан чинь чи Дийн атмануудыг мэдэх үү гэж асуухаар нь би мэдэхгүй гээд хариулсан чинь удалгүй араас нь 2 үл таних******* хүн гарч ирээд шууд над руу дайраад... Тэгээд сүүлд гарч ирсэн 2 залуугийн нэг болох буржгар үстэй намхан нуруутай залуу нь наад гөлөг чинь юугаа чаддаг юм гээд халзан толгойтой залуутай яриад байхаар нь би “за за та 3 зүгээр ор битгий надаас хэрүүл гуйгаад бай” гэж хэлээд байж байсан чинь тухайн 3 залуугийн зүүн талд байсан өндөр нуруутай залуу нь намайг шууд цохиод унагаасан. Тэгээд би ухаан балартаад хэсэг хугацааны дараа сэрсэн чинь би гадаа газар ганцаараа хэвтэж байсан... удалгүй цагдаа ирээд намайг зодсон гэх залуу зугтаасан байсан учир хамт байсан халзан толгойтой залуу, буржгар үстэй залуу хоёрыг надтай цуг аваад цагдаагийн газар руу явсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Би тэр залуучуудыг танихгүй тухайн үед анх удаа харж байсан... Миний зүүн шанаа хэсэг өвдөөд шүд хугарсан юм шиг санагдаад миний амнаас цус гарч байсан...Би тэр хүмүүстэй хэрүүл маргаан хийгээгүй. Би зүгээр зогсож байхад миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохиж байсныг би санаж байна цаашаа юу болсныг санахгүй байна. Би тухайн хүмүүст гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна. Би Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжид тэр зодуулсан шөнө үзүүлэхэд миний эрүү хугарсан байна гэсэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр намайг эмнэлэгт хэвтэж яаралтай хагалгаанд оруулна гэсэн. ... Намайг цохисон залуу нь бор царайтай залуу нэрийг нь Б гэж байсан. Тэр залуутай маргалдаагүй байхад намайг цохисон... Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй, нэхэмжлэх шаардлагагүй... Эрүүндээ хагалгаанд орсон, 15 хоног боолт хийлгэсэн. Эм тариа хэрэглэсэн зэрэг эмчилгээ хийлгэсэн… гэх мэдүүлэг, /хх-ийн 26-28, 83-р тал/
- гэрч С.Тын мэдүүлсэн: ...2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн, Д багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” бааранд нөхөр С.Б, П.Б, Л, О, А нарын хамт орцгоосон. Ороод сууж байтал манай хөрш Ц.Б тус бааранд таараад манай ширээнд цуг суусан...Тэгээд хоёр гурван минутын дараа Б нь зодуулсан байдалтай амнаас нь цус гарчихсан зодуулчихлаа гээд ороод ирсэн. Бийн эхнэр нь гэх үл таних эмэгтэй манай нөхөр Б дээр ирснээ чи манай нөхрийг зодсон гээд заамдаж аваад тэнд байсан стакан, архины шил авч шидсэн. Би нөхрөө салгаж авсан. Хэл амаараа ойлголцоно гэхэд бөөндөө гадагш гараад хаана зодуулсан талаар асууж лавлахад нэг өндөр залуу намайг цохисон гэж хэлсэн. Тэр үеэр хөрш Ц.Б нь нэг мэдсэн байхгүй байсан. Тэгээд бид хэд бөөндөө Орхон аймгийн цагдаагийн газар дээр ирсэн. Б нь манай нөхрийг зодоогүй өөр залуу байсан гэж өөрөө хэлсэн. Амнаас нь цус гарчихсан байдалтай орж ирсэн...Өндөр залуу байсан гэж Ц.Бийг хэлсэн. Ц.Б өөрөө ч хохирогчийг цохисноо хүлээн зөвшөөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/
-гэрч П.Б мэдүүлсэн: “.... Тэгсэн Б тамхи татахаар гадагш гарсан. Араас нь гарахад үл таних залуутай юм яриад зогсож байсан. Тэгээд би зайдуу зогсож тамхи татаж байтал Б тэр залуутай муудалцаад байх шиг байсан. Зайдуу байсан болохоор яг ямар маргаан үүсээд байгааг ойлгохгүй байсан. Би тэгээд С.Бийг хүнтэй муудалцаад маргалдаад байсан болохоор ямар нэгэн юм болчих вий гэж бодоод баар луу аваад орох гэтэл хажуугаас Ц.Б гэх залуу тэр үед Бийг цохиод авсан. Би ч тэр залууд одоо болио хөөе гэж хэлээд С.Бийг агсрах гээд байхаар нь аваад орсон. Хохирогч Бийг цохисон Ц.Б гэх залуу хувцсаа өмсөөд баарнаас гараад яваад өгсөн... Харин бид нарыг цагдаа руу доош явж байхад манай хөрш Б байхгүй болохоор нь би гар утас руу нь залгаад чи хаана байна бид цагдаа явж байна. Чи арай зодчихоод яваад өгсөн юм биш үү гэхэд” танай нөхөр Б ахыг хэл амаар доромжлоод байхаар нь би араас нь татаад хацар луу нь цохиод газар унагаасан” гэж ярьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,
- гэрч С.Я мэдүүлсэн: ...Тэгээд бид нар дуугаа дуулж дуусаад байж байсан чинь гаднаас халзандуу толгойтой үл таних******* хүн түрүүлээд ороод ирсэн. Удалгүй араас Б ороод ирсэн чинь хамаг хувцас нь шороо болоод амнаас нь цус гарсан байдалтай орж ирээд үл таних 6-7 залуучууд байсан тэр хэд дээр очоод халзандуу толгойтой залуу руу чи яагаад намайг зодож байгаа юм бэ? чи цохиж унагаагаа биз дээ гээд орилоод байхаар нь бид нар очоод юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Б намайг ухаан алдтал цохиод унагаасан гээд орилоод байхаар нь бид нар тэр хүмүүстэй хэрүүл маргаан хийж байгаад манай ах Батдэмбэрэл цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн....гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р тал/,
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 970 дугаартай “...Д.Бийн биед эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 1 шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.1 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. ...гэх дүгнэлт /хх-ийн 39-45-р тал/
-Шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Уг өдөр эмийн сан ороод харих гээд явж байхад*******,, Д багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” баарны гадаа ах, эгч нартай таараад тус баар луу орсон. Б ахын төрсөн өдөр болж байсан. Тэгээд согтууруулах ундааны зүйл болох архи пиво захиалаад хамт ууцгаасан... Тэгээд гарахад хохирогч Б, Б ахтай муудалцаж байсан.Хохирогч Б, Б ахыг толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөөд авахаар нь Б ах очиж салгаж авч байсан. Тэгсэн Б нь Б, Б ах нарыг заамдаад авсан. Тэгээд би очиж салгасан. Б, Б ах нарыг аваад дотогш оруулах гэтэл Б нь Б ахын юүдэнтэй цамцнаас хүчтэй татаж газар унгаасан. Тэгээд би хохирогч Бийг болиоч дээ гэж хэлээд нүүрэн тус газар нь гараараа нэг л удаа цохисон. Б нь тухайн үед нутаг ус яриад Увсын хазгай хэлтэй амтай гэж доромжилж байсан. Б ах хэл усаар доромжиллоо гэж тэр хоёр маргалдсан. Ийм л үйл явдал болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол мөнгө төгрөг барагдуулна. Хохирогчоос уучлалт гуйсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/
-Хохирогч Д.Бийн гаргаж хэрэгт хавсаргасан хохирлын баримтууд /хх-ийн 86-91-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12-р сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 119-131-р/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08-р сарын 07-ны өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 119-131-р/ зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Орхон аймгийнын Д багийн нутаг дэвсгэрт “Х” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баарны гадаа үүдэнд үл таних Д.Бийг ялихгүй зүйлээр шалтаглан гараараа эрүүн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Үйл баримтын талаар дүгнэхэд, шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Орхон аймгийнын Д багт “Х” баарны гадаа үүдэнд Д.Бийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохисоны улмаас “эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлсэн...Тэр үед бол миний зүүн талд зогсож байсан өндөр нуруутай хар хувцастай залуу намайг нэг цохиж байсан. Тэрнээс хойш юу болсныг би санахгүй байгаа. Миний ухаан балартаад ухаан алдаад унасан байсан. Миний зүүн шанаа хэсэг өвдөөд шүд хугарсан юм шиг санагдаад миний амнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Тын:..Тэгээд би уур амьсгал эвгүй байхаар нь нөхөр Бийг дуудаад орцгооё гэж хэлээд түрүүлээд орчихсон. Араас манай нөхөр Б, Б хоёр ороод ирсэн. Б, Б хоёртой зөрөөд хөрш Ц.Б нь ганцаараа гарч харагдсан. Тэгээд хоёр гурван минутын дараа Б нь зодуулсан байдалтай амнаас нь цус гарчихсан зодуулчихлаа гээд ороод ирсэн... гэх мэдүүлэг, гэрч П.Бн:..Би тэгээд С.Бийг хүнтэй муудалцаад маргалдаад байсан болохоор ямар нэгэн юм болчих вий гэж бодоод баар луу аваад орох гэтэл хажуугаас Ц.Б гэх залуу тэр үед Бийг цохиод авсан... Хохирогч Бийг цохисон Ц.Б гэх залуу хувцсаа өмсөөд баарнаас гараад яваад өгсөн… гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 970 дугаартай “...Д.Бийн биед эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 1 шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.1 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. ...гэх дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг “гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлон заасан ба тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг зааж хуульчлан тогтоосон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх дүгнэв.
Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 970 дугаартай дүгнэлтээр “...Д.Бийн биед эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 1 шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.1 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. ...гэж дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтийг шүүгдэгч эсэргүүцэж гомдол гаргаагүй,шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь, Эрүүгийн хуулиар хамгаалсан, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, өөрийнх нь үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол хор уршигт учирч болохыг мэдэх боломжтой санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ц.Бийн бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, хохирогч хохирол төлбөрөө төлүүлж авсан, нэхэмжлээгүй тул гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: гэм буруугаа хүлээж байна, намайг уучлаарай гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ,шүүгдэгч хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар*******ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ялын зорилгод нийцнэ гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Ц.Б нь******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2023 оны 12-р сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2024 оны 08-р сарын 07-ны өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжаар 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 04 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан байх бөгөөд шүүгдэгч тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн,...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”гэж,
6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж тус тус зааснаар 02 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 04 хоногийн хорих ял дээр
энэ тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 сар 04 хоногийн хугацаагаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 04 хоногийн ял дээр нэмж нэгтгэн нийт 9 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, шүүгдэгчээс гаргуулах төлөх төлбөргүй гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж гаргасан саналдаа: Би 4 дүү, ээжийн хамт амьдардаг, дахин ийм зүйл гаргахгүй, тэнсэж өгнө үү гэж тус тус санал гаргасан.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч Д.Бт, шүүгдэгч өөрийн эзэмшлийн автомашин төлбөрт тооцож эзэмшилд нь шилжүүлж өгсөн талаар шүүгдэгч хохирогч нар мэдүүлсэн, хохирогч нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар заалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймагын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бөд******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2023 оны 12-р сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 04 хоногийн хорих ялд, энэ тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар О аймаг Б сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 сар 04 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ