| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/00933/И |
| Дугаар | 101/ШШ2017/01288 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2017/01288
| 2017 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2017/01288 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 75 дугаар байр, 601 тоот хаягт оршин суух, Толь булаг овогт Хадбаатарын Батбаяр /регистрийн дугаар НШ78062374/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 3 дугаар гудамж, 174 тоот хаягт оршин суух, Хатигин овогт Цэдэнбямбын*******/регистрийн дугаар ЖЬ89072468/-т холбогдох
1,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Ц.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр*******гэх хүнтэй зарын дагуу 99995453 дугаарын утсаар холбогдож уулзахад уг худалдааны төвд байрлах 69 дүгээр лангууг 1,800,000 төгрөгөөр худалдна гэж хэлээд бид 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дархан жонон ХХК-ийн байранд очиж уг байгууллагын 69 дүгээр лангууг нь таны өмч гэж хэлээд түрээсийн гэрээнд гарын үсэг зуруулж 1,800,000 төгрөгийг бэлнээр авсан.
Гэтэл уг лангуугаа ажиллуулах гээд бид 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иртэл өөр хүн ажиллуулж байсан. Дархан жонон ХХК-ийн нябо Мөнхтогтохтой уулзтал бид өөр хүнд түрээслүүлсэн, та 2016 оны 11 дүгээр сарын 04-нд ирж өөр лангуу түрээслэж болно гэсэн. Уг өдөр очиход 69 дүгээр лангуу гэж байхгүй болсон байсан. Одоог хүртэл 69 дүгээр лангуу нь байдаггүй юм. Тус байгууллагын нябо Мөнхтогтох нь одоо та нар 44 дүгээр лангууг ажиллуул гэсэн. Би үгүй бэлэн өгсөн мөнгөө авъя гэхэд Мөнхтогтох нь Эрдэнэчимэгээс ав манайд хамаагүй гэсэн. Эрдэнчимэгээс авах гэхээр өгдөггүй.
Иймд Ц.Эрдэнэчимэгээс 1,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Ц.Эрдэнчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сард лангуу түрээслэнэ гэсэн лангуун дээрх бичгийн дагуу ******* нь Ц.Эрдэнэчимэг надтай утсаар холбогдон давхар түрээслэхгүйгээр үндсэн түрээслэгч болмоор байна хөдөө явахаасаа өмнө хурдхан нэр лүүгээ шилжүүлье гэсэн хүсэлтийнх нь дагуу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр түрээслүүлэгч компани Дархан жонон ХХК-ийн байранд очин үндсэн түрээлэгч байх түрээсийн гэрээгээ *******ын нэр лүү шилжүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг түрээслүүлэгчийн талаас зөвшөөрч 69 дүгээр лангууны түрээсийн гэрээний нэрийг шилжүүлж ******* нь Дархан жонон ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Би уг лангууг 2013 оноос хойш ажиллуулж байсан. Олон жил түрээслэсэн. Түрээсийн мөнгөө цаг хугацаанд нь төлдөг гээд давуу эрх байдаг. Лангууны хувьд байрлал сайтай ашиг орлого олох боломжтой лангуу юм. Би *******тай анхнаасаа 1,800,000 төгрөгөөс сүүлийн 3 сарын түрээс төлнө, 200,000 төгрөгөөр модон лангуу авсан, тэрний мөнгөө авсан. 7, 8, 9 дүгээр саруудын түрээс болох 990,000 төгрөгийг газар дээр нь *******тай байж байгаад нягтланд нь тушаасан, түрээсийн үлдэгдэлгүйгээр 69 дүгээр лангууг хүлээлгэж өгсөн. Лангуу зарсан юм бол байхгүй 600,000 төгрөгийн үнэтэй лангуу гэж хаана ч байхгүй. ******* нь өөрөө Дархан жонон ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан, өөрөө гэрээтэй танилцан гарын үсгээ зурсан. ******* нь өөрийн буруугаас болж лангуугаа алдсан нь надад ямар ч хамаагүй. Иймээс би 1,800,000 төгрөгийг төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.Эрдэнэчимэгт холбогдуулан, лангуу худалдан авахад төлсөн 1,800,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр лангуу худалдана гэх зарын дагуу хариуцагч Ц.Эрдэнэчимэгтэй утсаар ярьж, мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дархан жонон ХХК-ийн байранд очиход таны лангуу гэх хэлээд түрээсийн гэрээнд гарын үсэг зуруулсан, 1,800,000 төгрөгийг бэлнээр авсан, лангууг өөрийн өмчлөлийнх боллоо гэж ойлгосон боловч лангууг Ц.Эрдэнэчимэгийн өмчлөлийнх биш Дархан жонон ХХК-ийн лангуу болохыг сүүлд мэдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбалаж байна.
Шүүх, талуудын худалдсан гэх лангууны өмчлөгчийн талаарх мэдээллийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн газраас лавлагаа гаргуулахаар ажиллагаа хийхэд лавлагаа ирээгүй саатсан боловч зохигчид лангууны өмчлөгчийн талаар харилцан ойлголцож, нэхэмжлэгч уг хүсэлтээсээ татгалзсан.
Хэрэгт авагдсан, Дархан жонон ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/48 дугаар албан бичигт ******* нь Дархан жонон ХХК-ийн Smart phone гар утас худалдааны төвийн 69 дүгээр лангууг түрээслэн ажиллуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 13-нд түрээсийн гэрээ хийсэн боловч уг лангууг гэрээ хийсэн өдрөөс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн болно. Түрээсийн гэрээний 4.2-т заасны дагуу *******тай байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдсан болно гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь лангууны өмчлөх эрхийг худалдан авахаар хариуцагчтай тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Талууд Дархан жонон ХХК-ийн түрээслүүлдэг, гар утасны худалдаа эрхлэх 69 дугаартай лангууг түрээслэн ажиллуулах эрхийг шилжүүлж, хариу төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь өмч хөрөнгө худалдан авсан бус лангууг түрээслэх эрхийг худалдан авсан болох нь дээр дурдсан түрээслүүлэгчийн албан бичгээр тогтоогдож байна. Улмаар нэхэмжлэгч нь тухайн лангууг ашиглаж үйл ажиллагаа явуулаагүйгээс лангууг түрээслэх түрээсийн гэрээ цуцлагдсан байна.
Хариуцагч нь бусдын өмчлөлийн лангууг хуурч мэхлэх буюу төөрөгдүүлэх байдлаар нэхэмжлэгчид шилжүүлж түүнээс 1,800,000 төгрөг авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх, эсхүл дээр дурдсанаар лангууг түрээслэн үйл ажиллагаа явуулж чадаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эрдэнэчимэгээс 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА