2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/444

 

                                                  

   2025         02          10                                          2025/ШЦТ/444

                                                                                               

                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,

иргэдийн төлөөлөгч Ч.Анхбаяр,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Э.Туул нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 01865 1279 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Б, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 43  дугаар хороо “0” хотхоны 112 дугаар байрны 30-4 тоотод М.Ш-ны  гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ хохирогч Д.Э-тай тодорхой шалтаг шалтгаангүй маргалдаж улмаар тухайн байрны гал тогооны өрөөнд байсан ахуйн хэрэглээний хутгыг ашиглан Д.Э-ын эсрэг хүч хэрэглэн халдаж, түүнийг 2 удаа цээж, нуруу хэсэгт нь хутгалж, биед цээжний ар талд зүүн дал орчим цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдэж нэвтэрсэн шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, зүүн мөрний урд дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Баянзүрх дүүргийн 43  дугаар хороо “0” хотхон буюу хойд хананы буланд 145  гэж дугаарласан 10  давхар улаан өнгийн ертөнцийн зүгээр баруун тийш хандаж байрласан байр байна,.. ширээний хажуу талд шар өнгийн 2  ширхэг сандал дээш доош харсан байдалтай эвдэрсэн байна,... Уг шүүгээний хажуу талд цагаан өнгийн хаалга байх ба уг хаалгыг нээхэд цагаан өнгийн угаалгын ванн, хажуу талдаа цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, Өрөөний урд хана дагуу хүрэн бор өнгийн савхин материалтай буйдан байх ба буйдан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хэсгийг шинжээч 7, 4 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан.,... Уг унтлагын өрөөний 2 м х 2 м хэмжээтэй модон ор байх ба  орны дээд талд цус мэт улаан хүрэн өнгөөр бохирлогдсон, ягаан даавууны хэсгийг шинжээч хайчлан авч 10  гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.”гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-24 дүгээр хуудас),

Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “0” хотхоны 145 дугаар байрны 30-04 тоот найз М.Ш-ны  гэрт амьдардаг байсан ба 2023 оны 03 дугаар сарын 12-ны 21 цагийн орчимд тус тоотод найз М.Ш-ны  хамт байхдаа мөн найз болох Э.О-ыг дуудахад 22 цагийн орчимд ирэхэд М.Ш би архи уухгүй гэж аав ээжийнхээ гэрт очихоор явахад нь “Хараа”  нэртэй 0.75 литрийн архийг Э.О-ттай  хамт хувааж уучхаад дэлгүүр хаахаас өмнө архи худалдаж авахаар гарсан. Тэгээд дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.75 литрийн архийг худалдаж авчхаад байр луу орох гэж байхдаа хүрээд ир гэж дуудсан найз Б-той тааралдаж хамт орж архи уусан. Тухайн сүүлд худалдаж авсан архийг ууж байхад найз Э.О гарч явсан байсан ба намайг нөгөө өрөөнд орж утсаар яриад гарч ирэхэд Б намайг “яасан их уддаг юм хаашаа алга болчихов” гэж  уурлахад нь “юу яриад байгаа юм бэ утсаар ярьчаад ирлээ”  гэхэд өөдөөс 2 удаа алгадаж авахад нь “одоо дахиж алгадаж авах юм бол би зүгээр байж чадахгүй шүү битгий давраад байгаарай” гэж хэлэхэд дахин 1 удаа алгадаж авахаар нь цамцны захаар нь хоолойг нь боож хавирч унагаад цохих гэж байгаад болиод “зүгээр бай” гэж хэлээд тавьсан чинь босож гал тогоо руу гүйж очоод шургуулгад байсан шар өнгийн модон иштэй хутгыг бариад хүрээд ирэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд “шаая” гэж хэлэхэд нь за гэхэд шууд зүүн мөрийн урд эгэм хэсэг рүү 1 удаа хатгаж хутгалахад нь эргэж хараад зугтах гэхэд хойноос зүүн дал хэсэг рүү дахин 1 удаа хатгаж хутгалахад нь цус алдаж буйдан дээр суухад найз Б сандарч түргэн дуудах гэж оролдоход нь адилхан түргэн дуудах гэж оролдоход залгаж болохгүй байсан учраас найз Б-ны 0 дугаарын утас руу залгаж болсон асуудлын талаар хэлж дуудахад шөнө байсан болохоор удалгүй ирэхэд нь хамт гэмтлийн эмнэлэгт орсон. Тэгээд намайг гэмтлийн эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байхад цагдаа ирж мэдүүлэг авсан ба үүний дараа цэргийн төв эмнэлэгт шилжин эмчлэгдсэн. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан зодоон цохион болсон зүйл байхгүй. Би өмнө эмнэлэг дээр мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй хоорондоо тохиролцож шийднэ гэж хэлж байсан бөгөөд найз Б нь эмчилгээ зардал болох 5.000.000 төгрөгийг миний дансаар шилжүүлж өгсөн. Намайг Б-ыг заамдаж хавирч унагасны улмаас түүний биед учирсан ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Тухайн асуудал болсны дараа Баярсайхан намайг ирж авсан учраас намайг ямар байдалтай байсан болон дараа нь эмчилгээ хийлгэж байхад хамт байсан болохоор ямар байдалтай байсан болохыг сайн харсан. Би уг асуудлаас үүдэн Гэмтэл согог судлалын төв эмнэлэгт оёдол тавиулж, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад цус төлжүүлэх эмчилгээг “Э” сувилалд 2.000.000 орчим төгрөгөөр хийлгэж байсан. Тухайн үед эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэсэн баримт бичиг байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ба тухайн үед нь хоорондоо учир зүйгээ олсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03  дугаар сарын 20-ны өдрийн 1383  дугаар: “... ДҮГНЭЛТ 1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 21,5см урттай, бор шаргал өнгийн модон иштэй хутган дээр цус илрээгүй, бусад объектууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О(1) бүлгийн харъяалалтай хүний цус байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01  дүгээр  сарын 24-ний өдрийн 1606  дугаар: “...Ерөнхий үзлэгт: Биеийн байдал дунд, ухаан санаа саруул, арьс салст хэвийн, амьсгал 1 минутанд 16 удаа, уушиг чагналтаар цулцангийн амьсгалтай, судасны цохилт 1 минутанд 64 удаа, АД 119/80, 100/80...

2023-03-13-ны 06:10-н яаралтай тусламжийн хуудаст: зовуурь: цээжээр өвдөнө Бодит үзлэгт: Биеийн байдал дунд, зүрхний хэм тод, жигд, АД 104/71, пульс 110 уушги зүүн талд сулавтар. Хэвлий тойм үзлэгт зөөлөн, эмзэглэлгүй, хэсэг газрын үзлэгт: цээжний ар хэсэгт далны түвшинд болон зүүн мөрний урд дотор хэсэгт 2 см орчим гүн хатгагдаж зүсэгдсэн шархтай, онош: $21 Цээжний ил шарх. 2023-03-13-ны 04:33-н цээжний рентген харалтад: Уушиг, цээжний хэлбэр зөв.  Хоёр уушгины агааржилт хэвийн. Хоёр талын уушгинд нэвчдэст болон голомтот өөрчлөлтгүй. Уушигны зураглал: Уушгины бронх судасны зураглал хоёр талд олширсон. Уушигны уг, угууд өргөсөөгүй. Гуурсан хоолойн салаалалт хэвийн. Синусууд: Хоёр талд синусууд чөлөөтэй. Өрц: Хоёр талдаа тод, жигд голт шилжилтгүй. Гол судасны нум хэвийн, судасны багц хэвийн зүрхний сүүдэр: томролгүй.  Цээжний яс:  зурагт багтсан ясны хэсгүүдэд гэмтэл болон эмгэг өөрчлөлтгүй.

2023-03-13-ны 06:28-н цээжний рентген харалтад: Уушиг: Цээжний хэлбэр зөв. Зүүн талдаа 3-4 хавирганы завсраар шингэнтэй. Зүүн уушиг унасан. Хоёр уушгинд нэвчдэст болон голомтот сүүдэргүй. Уушигны зураглал: Уушгины бронх судасны зураглал хоёр талд хэвийн. Уушигны уг угууд өргөсөөгүй. Гуурсан хоолойн сапаалалт хэвийн. Синусууд: Зүүн синус хаалттай. Өрц: Хоёр талдаа тод, жигд. Голт шилжилтгүй,  гол судасны нум хэвийн, судасны багц хэвийн. Зүрхний сүүдэр: томролгүй Цээжний яс: Зурагт багтсан ясны хэсгүүдэд гэмтэл болон эмгэг өөрчлөлтгүй.

2023-03-13-ны 07:39-н цээжний хөндийд хатгалд хийсэн тухай: Өвчтөнийг боолтын өрөөнд оруулан хагас суугаа байрлалд байрлуулан мэс ажилбарын талбай болох цээжний зүүн талыг 7,5% повиодын уусмалаар 3 удаа арчиж ариутгаад ариун даавуугаар тусгаарлан суганы арын шугамаар 5-6 хавирганы түвшинд 1%-20 ml новокайны уусмалаар арьс болон зөөлөн эдийг нэвчүүлж мэдээ алдуулан 1 см орчим шулуун зүслэг хийж зөөлөн эдийг хурц болон мохоо аргаар чөлөөлөн intsercostales булчинг ширхэгийн дагуу цуулан зориулалтын 32 G гуурс плеврын хөндийн байрлуулж соруулхад 1000 мл орчим улаан хүрэн өнгийн шингэн гарав. Гуурсыг арьсанд бэхлэх Evag самбарт холбож ариун боолт хийв. Ажилбарын явцад гарсан хүндрэл байхгүй. 2023-03-14-ний 10:00-н эмчийн тэмдэглэлээс: Биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул орчиндоо харьцаатай байрлал идэвхтэй. Зовиур: Цээжний шархаар өвдөнө амьсгал авхад илүү өвдөлт ихсэнэ Үзлэгт: Арьс салст цэвэр чийглэг хэл цайвар өнгөртэй чийглэг, зүрхний авиа тод хэм жигд ад 110/80 мм.муб 1 мин пульс 80 удаа уушиг 2 талд чагналтаар цулцангийн амьсгалтай амьсгал 1 мин 18 удаа хэвлий зөөлөн эмзэглэлгүй шээс өнгө гарц хэвийн. Хэсэг газрын үзлэгт цээжний ар хэсэгт зүүн дал орчим 2-3 см орчим гүн хатгагдаж зүсэгдсэн шархтай, зүүн мөрний урд дотор хэсэгт 2-2,5 см орчим гүн хатгагдаж зүсэгдсэн шархтай, цээжний зүүн талд суганы арын шугамаар 6-7 хавирганы түвшинд цээжний хөндийд гуурстай гуурс EVAG самбарт холбогдсон 500 мл орчим улаан хүрэн өнгийн шингэн гарсан байна шархыг антисептик уусмалаар сайтар угааж ариун боолт хийв.

2023-03-15-ны 02:39-н цээжний рентген харалтад. Уушиг: Цээжний хэлбэр зөв,  Хоёр уушгины агааржилт хэвийн,  Хоёр талын уушгинд нэвчдэст болон голомтот өөрчлөлтгүй. Уушигны зураглал: Уушгины бронх судасны зураглал хоёр талд бага зэрэг олширсон. Уушигны уг:  Угууд өргөсөөгүй. Гуурсан хоолойн салаалалт хэвийн.  Синусууд: Хоер талд синусууд чөлөөтэй. Өрц: Хоёр талдаа тод, жигд.  Голт: шилжилтгүй. Гол судасны нум хэвийн судасны багц хэвийн. Зүрхний сүүдэр томролгүй.  Цээжний яс: Зурагт багтсан ясны хэсгүүдэд гэмтэл болон эмгэг өөрчлөлтгүй. Цээжний зүүн талд гуурстай.

Клиникийн оношийн үндэслэлээс Зовиураас: Цээжний шархаар өвдөнө. амьсгал авхад өвдөлт ихсэнэ. Бодит үзлэгээс: Биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул орчиндоо харьцаатай байрлал идэвхтэй A trauma 2023,03, 13нд 00:35 цаг орчим гэртээ БЗД-н  6 хороо “Н” хотхонд бусдад хутгалуулж гэмтэж ГССҮТ-д анхны тусламж авч ЦТЭ-ХАЯТТ-т хүргэгдэж ирсэн.  Зовиур: Цээжний шархаар өвдөнө амьсгал авахад илүү өвдөлт ихсэнэ Үзлэгт: Арьс салст цэвэр чийглэг хэл цайвар өнгөртэй чийглэг, зүрхний авиа тод хэм жигд ад 110/80мм муб 1 мин пульс 80 удаа уушиг 2 талд чагналтаар цулцангийн амьсгалтай амьсгал 1 мин 18 удаа хэвлий зөөлөн эмзэглэлгүй шээс өнгө гарц хэвийн. Хэсэг газрын үзлэгт цээжний ар хэсэгт зүүн дал орчим 2-3 см орчим гүн хатгагдаж зүсэгдсэн шархтай зүүн мөрний урд дотор хэсэгт 2-2.5 см орчим гүн хатгагдаж зүсэгдсэн шархтай, цээжний зүүн талд суганы арын шугамаар 6-7 хавирганы түвшинд цээжний хөндийд гуурстай гуурс EVAG самбарт холбогдсон 500 мл орчим улаан хүрэн өнгийн шингэн гарсан байна. Шархыг антисептик уусмалаар сайтар угааж ариун боолт хийв. Үйл оношийн шинжилгээ: Уушиг: Цээжний хэлбэр зөв Хоёр уушгины агааржилт хэвийн. Хоёр талын уушгинд нэвчдэст болон голомтот өөрчлөлтгүй. Уушигны зураглал:  Уушгины бронх судасны зураглал хоёр талд бага зэрэг олширсон. Уушигны уг. Угууд өргөсөөгүй. Гуурсан хоолойн салаалалт хэвийн Синусууд: Хоёр талд синусууд чөлөөтэй. Өрц: Хоёр талдаа тод, жигд Голт шилжилтгүй. Гол судасны нум хэвийн судасны багц хэвийн Зүрхний сүүдэр: томролгүй Цээжний яс: Зурагт багтсан ясны хэсгүүдэд гэмтэл болон эмгэг өөрчлөлтгүй. Цээжний зүүн талд гуурстай. Үндсэн онош S27.2 Гэмтлийн хемопневмоторакс 2023-03-17-ны 09:27-н цээжний рентген харалтад: Зүүн талын гялтангийн хөндийд гуурстай. Плеврт хийгүй, шингэнгүй.

2023-03-22-ны эмчийн тэмдэглэлээс: Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул орчиндоо харьцаатай байрлал идэвхтэй. Асуумж: 2023,03,13-нд 00:35 цаг орчим гэртээ БЗД-н 6 хороо “Н” хотхонд бусдад хутгалуулж гэмтэж ГССҮТ-д  анхны тусламж авч ЦТЭ-ХАЯТТ-д хүргэгдэж ирсэн Зовиур: Цээжний шархаар өвдөнө амьсгал авахад илүү өвдөлт ихсэнэ Үзлэгт: Арьс салст цэвэр чийглэг хэл цайвар өнгөртэй чийглэг, зүрхний авиа тод хэм жигд, ад 110/73мм.муб 1 мин пульс 62 удаа уушиг 2 талд чагналтаар цулцангийн амьсгалтай амьсгал 1 мин 18 удаа хэвлий зөөлөн эмээглэлгүй шээс өнгө гарц хэвийн. Хэсэг газрын үзлэгт цээжний ар хэсэгт зүүн дал орчим 2-3 см орчим гун хатгагдаж зүсэгдсэн шархтай зүүн мөрний урд дотор хэсэгт 2-2,5 см орчим гүн хатгагдаж зүсэгдсэн шархтай шархыг антисептик уусмалаар сайтар угааж ариун боолт хийв. Эмийн эмчилгээ хийгдэж өвчтөний биеийн байдал сайжирсан тул харьяа дүүргийн гэмтлийн эмчийн хяналтанд зөвлөгөө өгч эмнэлгээс гаргав.  Төгсгөлийн, эмнэлгийн гарах үеийн онош: S27.2 Гэмтлийн хемопневмоторакс гэжээ. ДҮГНЭЛТ: 1.Д.Э-ын биед цээжний ар талд зүүн дал орчим цээжний хөндийрүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, зүүн мөрний урд дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 89-92 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би  өөрийн гэм буруутай байдлыг хүлээн  зөвшөөрч байна. Би шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан 1606 дугаартай дүгнэлтийг уншиж танилцсан. Уг шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Уг шүүх эмнэлгийн дүгнэлтэд заагдсан Д.Э-ын биед учирсан цээжний ар талд зүүн дал орчим цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн уушигны уналт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, зүүн мөрний урд дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг миний бие гал тогооны шургуулганд байсан бор өнгийн иштэй хутгаар цээжний урд болон ард хэсэг рүү нь тус бүр нэг удаа айлгах зорилготой хатгаж учруулсан ба ямар нэгэн алах санаа сэдэл байгаагүй. Уг асуудлыг болох үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний хувьд өөрийн гэм буруутай байдлыг бүрэн ухамсарлаж найз Д.Э-д нийт 5.000.000 төгрөгийг хохирол төлбөрийг өөрийн “Хаан” банкны 0 тоот данснаас түүний одоо санахгүй байгаа “Хаан” банкны данс руу шилжүүлж хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул надад холбогдох хэргийг хялбаршуулан журмаар шийдэж өгнө үү. Одоо бид хоёрын хувьд учир зүйгээ олсон ямар нэгэн маргаангүй байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх 23я/00821 (хавтаст хэргийн 67-89 дүгээр хуудас),

Д.Б ын Хаан банкин дахь дансны хуулга (хавтаст хэргийн 104-109 дүгээр хуудас),

Хохирогч Д.Э-ын гомдол, саналгүй гэх гар бичмэл (хавтаст хэргийн 135, 137 дугаар хуудас),

Яллах дүгнэлтийг гардуулж өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 160 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 96 дугаар хуудас),

Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 100 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 102 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дугаар хуудас),

Д.Б ын Хаан банкны 0 тоот данснаас Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 1.345.550 төгрөгийг шилжүүлсэн Шилжүүлгийн мэдээлэл, тус шүүхэд хохирогч Д.Э-аас хандаж гаргасан “...гомдол, саналгүй, хамгийн хөнгөн ялыг өгөөсэй...” гэх гар бичмэл (2 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Б  нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 43  дугаар хороо “0” хотхоны 112 дугаар байрны 30-4 тоотод М.Ш-ны  гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ хохирогч Д.Этай тодорхой шалтаг шалтгаангүй маргалдаж улмаар тухайн байрны гал тогооны өрөөнд байсан ахуйн хэрэглээний хутгыг ашиглан Д.Э-ын эсрэг хүч хэрэглэн халдаж, түүнийг 2 удаа цээж, нуруу хэсэгт нь хутгалж, биед цээжний ар талд зүүн дал орчим цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдэж нэвтэрсэн шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, зүүн мөрний урд дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан.  

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Б  нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 43  дугаар хороо “0” хотхоны 112 дугаар байрны 30-4 тоотод М.Ш-ны  гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ хохирогч Д.Э-тай тодорхой шалтаг шалтгаангүй маргалдаж улмаар тухайн байрны гал тогооны өрөөнд байсан ахуйн хэрэглээний хутгыг ашиглан Д.Э-ын эсрэг хүч хэрэглэн халдаж, түүнийг 2 удаа цээж, нуруу хэсэгт нь хутгалж гэмтэл учруулсан байна.

Хохирогч Д.Э-т Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1606 дугаар: “биед цээжний ар талд зүүн дал орчим цээжний хөндийрүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, зүүн мөрний урд дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Д.Б  нь хохирогчийн цээж, нуруу хэсэгт нь хутгалсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Д.Э-т Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1606 дугаар: “биед цээжний ар талд зүүн дал орчим цээжний хөндийрүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, зүүн мөрний урд дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд дээрх биед цээжний ар талд зүүн дал орчим цээжний хөндийрүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, зүүн мөрний урд дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн зэрэг  тогтоох журмын 3.1.11-т заасан хүнд амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.

Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Д.Б  нь хохирогч Д.Э-т зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Э-ын цээж, нуруу хэсэгт нь хутгалсан  гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Хэрэг гарах болсон шалгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Д.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай таарамжгүй харилцаа үүсгэснээс болж гарчээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж,

мөн 513.2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч Д.Э нь шүүхэд “хохирол, төлбөргүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 1.345.550 төгрөг төлөгдсөн байх тул шүүгдэгч Д.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Б  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Д.Б од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт  зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн хүнд ялын доод хэмжээгээр багасгах заалт байгаа. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Хохирогчийн анхны мэдүүлэг гэхэд 1 жил 1 сарын дараа өгсөн байдаг. Шүүх эмнэлэгт хохирогч бас үзүүлэхгүй гээд явж байгаад үзүүлсэн байдаг. Хохирол төлбөр төлсөн. Прокурорын зүгээс 4 жилийг нээлттэй эдлүүлэх санал хэллээ. Ялыг багасгаж эдлүүлэхэд хууль зөрчих зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд 3 жил 4 сар байснаа яагаад 4 жил болгосон нь ойлгомжгүй байна. Шууд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн, хохирол төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл бас нөлөөлсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа тул харгалзаж өгнө үү. Хорих ялыг 3 жил 4 сар болгож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хутгаар буюу хүйтэн зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу амь насанд аюултай гэмтэл учруулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч гомдол, саналгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөршөөрч маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан үзээд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгав.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д 03 жил 04 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э-т төлөх төлбөргүй, Эрүүл Мэндийн Даатгалын Санд 1.345.550 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ

                                              ШҮҮГЧ                                      М.ТҮМЭННАСТ

                    

 

                                         ШҮҮГЧИД                                     П.АРИУНБОЛД

 

 

                                                                                                Д.СУВД-ЭРДЭНЭ