| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/00282/И |
| Дугаар | 101/ШШ2017/01374 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2017/01374
| 2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2017/01374 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 9-371 тоот хаягт оршин суух, Дураал овогт Буян-Оршихын Төгссувд /регистрийн дугаар БЗ79092707/-ын нэхэмжлэлтэй,
: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгий гудамж, УСУГ-ын харъяа Зөөврийн ус хангах албанд холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Д.Отгонтуяа, Л.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Төгссувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Төгссувд нь УСУГ-ын ЗУХА-ны 4 дүгээр хэсгийн дундын ус түгээгчээр 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр томилогдон ажилд орсон. Ажилтантай байгуулсан 3 сарын гэрээний хугацаанд ажлын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ажилласан болно. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээний хугацаа дуусч гэрээ сунгах гэсэн боловч тухайн үед тушаал гаргаагүй 12 дугаар сарын 20-ны өдөр тушаал гаргаж халсан. Хөдөлмөрийн гэрээний 1.8.3 дахь заалтыг болон бусад заалтуудыг зөрчиж халсан гэж үзэж байгаа тул гомдолтой байна.
Хөдөлмөрийн гэрээний 1.8.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах гэж байгаа тухай мэдэгдэх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэж бодоод ажлаа хийж байсан. Ажлаас халах тушаал хууль зүйн үндэслэлгүй, алдаатай байна. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гэсэн нэртэй байгаа нь хоорондоо ялгаатай. Хөдөлмөрийн хуульд заасн хөдөлмөрийн гэрээг талуудын гэрээ цуцлах санал гаргаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг сунгасанд тооцно гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УСУГ нь Б.Төгссувдтай 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийсэн. Гэвч нэхэмжлэгчийг 12 сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээний дагуу гэрээ цуцлах саналыг аль нэг талаас гаргаагүй. Тийм учраас хөдөлмөрийн гэрээний 1.8-д заасны дагуу гэрээ албан ёсоор сунгагдаад явсан гэж ойлгож байсан. Тэгээд 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажлаа гүйцэтгээд явж байтал халсан. Ажлаас халах тушаал нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтан санаачилсан гэж гарсан, дараа нь энэхүү тушаалаа бичиг хэргийн комиссоор оруулаад хүчингүй болгоод дахиж энэ өдрийн тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх хууль бус үндэслэлээр тушаал гаргасан. Хугацаа дууссан гэж байгаа боловч Хөдөлмөрийн гэрээний 1.8-д бусад тохиолдлоор гэрээний хугацаа дуусч гэрээ байгуулсан талууд гэрээг цуцлах талаар санаачлага гаргаагүй бол гэрээг сунгана гэсэн байгаа. Тэгэхээр энэ гэрээг автоматаар сунгагдсан гэж ойлгож байгаа. Хэрвээ үнэхээр халах байсан бол 12 дугаар сарын 08-нд хоёр талаасаа гэрээгээ дүгнээд алдаа дутагдал туршилтын хугацаанд гаргасан эсэхийг тогтоогоод тушаал гаргах ёстой байсан. Иймд 12 сарын 20-нд хууль бус тушаал гарсан гэж үзэж байна.
Б.Төгссувд нь үйлдвэрчний эвлэлд хандсан боловч амаар тайлбарлаж өгөөгүй. Хэрэгт авагдсан үйлдвэрчний эвлэлийн албан бичигт бөөрөнхий хариулт ирүүлсэн байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Гэхдээ Үйлдвэрчний эвлэл нь ажил олгогчийнхоо талд л шийдвэр гаргаж бичиг ирүүлсэн байна гэж харж, дүгнэж байна.
Б.Төгссувдыг анх ажилд авахдаа хүний оронд авсан гээд байна. Хугацаатай томилсон гэдэг. Ажилд авсан тушаал дээр түр томилсон тухай бичилт байхгүй. Харин байнгын орон тоон дээр ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаанд цуцлах тухай санал гаргахгүй бол гэрээ сунгагддаг. Ажлаа гүйцэтгэсээр байгаа бол гэрээ сунгагдсанд тооцно гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч ажлаа хийсээр байсан. Б.Төгссувд нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдлоо өөрийн харъяа үйлдвэрчний эвлэлд хандаж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 дахь тушаал нь гарсан байдаг гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одонтуяа, Л.Ганболд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсныг туршилтын хугацааны гэрээ гэж нэхэмжлэгч буруу ойлгож байна. 4 дүгээр хэсгийн ус түгээгч н.Ням-Эрдэнэ, н.Эрдэнэ, н.Цолмон нарын өвчтэй ээлжийн амралттай байх хугацаанд Б.Төгссувдыг авч ажиллуулсан.
Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус бичиг баримт барьчихаад нэхэмжлэлийн шаардлага гаргаад яваад байгааг ойлгохгүй байна. Манайх хуулийн дагуу бичиг хэргийн албаны ажилтны алдаатай гаргасан буруу тушаал болох 38.1.1 дэх заалтаар гаргасан тушаалыг тухайн өдрөө хэвлэмэл хуудас хүчингүй болгож тооцох тухай комиссын акт гаргаад 37.1.3-т заасныг барьж тушаалаа гаргасан. Манайх анхнаасаа туршилтын бус 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлийг барьсан. Б.Төгссувд нь 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажлаа хийсэн, 12 сарын 08-ны өдөр эгчтэйгээ ирээд уулзахад нь даргатай уулзуулаад цаашид ажиллуулах боломжгүй, зөөврийн ус хангамж цахим хэлбэрт шилжээд ажилчдыг нэмж авах боломжгүй гэсэн газрын даргын тушаал ирснийг эгч Эрдэнэбулганд нь хэлсэн.
Б.Төгссувд нь анх ажилд орохдоо төрийн албан хаагчийн анкетын төрсөн ах дүү, эцэг, эх, өрх тусгаарласан хүүхэд болон нөхөр, эхнэр гэсэн хүснэгтэд гэр бүлийн хүмүүсийг бичсэн боловч төрсөн эгч Б.Эрдэнэбулганыг огт бичээгүй байсан. Үүгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж багаа. Мөн байгууллагын ажилтан сонгон шалгаруулах комисст орсон ажлын хэсгийн дүгнэлтэд ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдэгднэ гэсэн заалтыг зөрчсөн.
Б.Төгссувд нь 3 сарын хугацаатай гэрээ байгуулж ажилд орсон. Нэхэмжлэгч тал энэ 3 сарын хугацааг туршилтын хугацаа гэж ойлгоод байх шиг байна. Өвчтэй, чөлөөтэй хүний оронд авч ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалснаа мэдэгдээгүй гэж байна. Дарга нь сунгах боломжгүй хөдөлмөрийн гэрээ хугацаа дууссан тухай амаар Б.Төгссувдад мэдэгдсэн. Тушаалын хувьд буруу гарсан тушаалаа хүчингүй болгож засаад 2 дахь тушаал нь гарсан. Буруу тушаалыг няраваас гардаж авсан байсан бөгөөд уг тушаалыг хүчингүй гэдгийг мэдэгдэж, хүчинтэй тушаалаа ав гэхэд ирж аваагүй. Манайх хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Төгссувд нь хариуцагч УСУГ-ын харъяа Зөөврийн ус хангах албанд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Ус сувгийн удирдах газрын харъяа, Зөөврийн ус хангах албаны даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар тус албаны 4 дүгээр хэсгийн дундын ус түгээгчээр томилогдон ажиллаж байсан Б.Төгссувдыг Зөөврийн ус хангах албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/197 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Зөөврийн ус хангах албаны дарга 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг гаргахдаа утга найруулгын алдаа, тушаалын зүйл заалтыг андуурсан хэмээн уг тушаалыг хэвлэсэн 1130300238, 1130300239, 1130300240 дугаартай хэвлэмэл хуудсуудыг комиссын актаар хүчингүй болгож, тушаалын үндэслэл болгосон хуулийн заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг баримтлан өөр тушаал гаргасан байна.
Тушаалыг гаргасан хэвлэмэл хуудсыг хүчингүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Төгссувдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.
Хариуцагч нь Б.Төгссувдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар хуулийн дээрх заалтыг баримтлан тушаал гаргасан, түүнийг өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байсан ажилтнуудын оронд авч ажиллуулсан хэмээн тайлбарлаж, ээлжийн амралт олгох тухай тушаал, тэтгэмж олгох тухай эмнэлгийн хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж мэтгэлцсэн.
Гэвч УСУГ-ын харъяа Зөөврийн ус хангах алба нь Б.Төгссувдыг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар тус албаны 4 дүгээр хэсгийн дундын ус түгээгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үзэхэд Б.Төгссувд нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээг цуцлах үндэслэл бүхий нөхцөл байдал бий болоогүй байжээ.
Тухайлбал, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.8-д Байгууллагаас тогтоосон туршилтын хугацаанд ажлын доголдол, сахилгын зөрчил гаргаагүй цаашид уг ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой гэж ажил олгогч дүгнэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг сунгаж болно, Бусад тохиолдолд гэрээний хугацаа дуусч, гэрээ байгуулсан талууд гэрээг цуцлах талаар санал гаргаагүй тохиолдолд гэрээг сунгана, Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаанд сунгагдсанд тооцно гэж тухайлан заасан байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ус түгээх байрны борлуулалтын бүртгэл болон УСУГ-ын харъяа Зөөврийн ус хангах албаны 2016 оны Б/197 дугаар тушаал зэргээс үзэхэд, нэхэмжлэгч Б.Төгссувд нь гэрээний хугацаа дууссан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажлаа гүйцэтгэсээр байсан нь тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээг сунгагдсанд тооцно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр Б.Төгссувдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Ус сувгийн удирдах газрын Зөөврийн ус хангах албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/197 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.Төгссувд нь тус албанд ус түгээгчээр ажиллаж байхдаа авч байсан нэг сарын дундаж цалин хөлс 449,055 төгрөг, нэг өдрийн цалин 21,181 төгрөг болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан 85 хоногийн цалин 1,800,456 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулах үүргийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б.Төгссувдыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Төгссувдыг урьд эрхэлж байсан Ус сувгийн удирдах газрын Зөөврийн ус хангах албаны 4 дүгээр хэсгийн дундын ус түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 1,800,456 төгрөгийг хариуцагч Ус сувгийн удирдах газрын Зөөврийн ус хангах албанаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Төгссувдад олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Ус сувгийн удирдах газрын Зөөврийн ус хангах албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Төгссувд нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА