| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/01030/И |
| Дугаар | 155/ШШ2021/01290 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2021/01290
| 2021 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2021/01290 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.А-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч С.Ход холбогдох дагавар охин А.Бд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хариуцагч Ж.Агийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч С.Х, хариуцагч Ж.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие С.Х нь 2011 онд Ж.Атай танилцаж үерхэж байгаад 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад том охин Х.И 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, дунд охин Х.С нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, бага охин Х.О нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус төрсөн.
Бид хоёр хөдөө мал маллаж амьдардаг байсан бөгөөд эхнэр Ж.Аптантуяа нь намайг байхгүй хойгуур манай малыг хардаг байсан залуутай дотно харилцаа үүсгэж улмаар 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр мал хардаг байсан залуутайгаа гэрээсээ яваад өнөөдрийг хүртэл дахин иргэж ирээгүй. Эхэндээ миний бие эхнэрээ өөр хүнтэй болсоныг нь мэддэггүй байсан бөгөөд сүүлдээ энэ байдлыг нь гадарлах болж эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэхэд эхнэр маань өөрөөсөө төрүүлсэн 3 охиноо болон гэр орноо орхиж яваад дахин хүүхдүүд болон надтай холбогдоогүй. Энэ байдал нь хүүхдийн эрх, ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй боллоо. Миний бие шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ийг 2021.09.24-ний өдөр сумын шуудангаар дамжуулан гардан авсан болно. Иймд 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бид хоёрыг гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэлтийн гэрчилгээ бүхий Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Х.И, Х.С, Х.О нарыгаа өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж.А нь нөхөр С.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би нөхөр С.Хтой 2011 онд танилцаж, үерхэж байгаад 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр гэр бүл болоход би том охин А.Бгийн хамт очиж хамт амьдарч эхлэх болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Х.И, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин Х.С, 2016 оны 10 дугаар сарын 24-ний бага охин Х.О нар төрсөн. С.Хын нэхэмжлэлд дурдсан шиг мал малладаг байсан залуутай дотно харилцаатай болж, гэр орон, үр хүүхдүүдээ орхиод явсан зүйл байхгүй. С.Х нь 2020 оны 4 дүгээр сарын 28-нд намайг мал малладаг байсан залуутай хардаж, намайг зодож, хөгжлийн бэрхшээлтэй дагавар охины минь хамт гэрээсээ хөөж явуулсан. Харин С.Х нь намайг хөөж явуулчихаад 2 хоногийн дараа гэртээ өөр эхнэр авчирсан байсан. Өөр эмэгтэйтэй харилцаатай болсон байсан тул надаас салахын тулд намайг гэрээсээ зодож хөөсөн байх гэж бодож явдаг. Үүнээс хойш намайг охидуудтай минь уулзуулахгүй өдийг хүрсэн. Намайг явснаас хойш барьж байсан утасны дугаараа сольж холбоо барих боломжгүй болсон. Нэг удаа С.Хын дугаар луу залгатал том охин И утсыг авахад цаана нь хадам аав дугараад наад утсаа тасал гээд яриулаагүй. Би одоо охин Х.И, Х.С, Х.О нарыг эцгийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Миний тухайд эрхэлсэн тодорхой ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй 11 настай охиноо асарч гэртээ байдаг тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломж маш муу байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзнэ үү. Харин би том охиндоо хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх болно. Мөн бид хэдийгээр таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа ч гэсэн хүүхдүүд минь энэ асуудалд ямар ч буруу байхгүй ба бид саллаа ч гэсэн хүүхдүүдийнхээ хувьд эх нь байхаа болихгүй тул намайг хүүхдүүдтэй минь уулзуулах боломж бололцоо олгож байхыг хүсэж байна. Бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэжээ.
Хариуцагч Ж.А шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Би нөхөр С.Хтой 2011 онд танилцаж, үерхэж байгаад 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр гэр бүл болоход би том охин А.Бгийн хамт очиж хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 07- ны өдөр охин Х.И, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин Х.С, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бага охин Х.О нар төрсөн. Би анх С.Хтой гэр бүл болохдоо том охин А.Бг 1 нас гарантай байхад нь очиж үүнээс хойш 9 жил орчим хамт амьдарсан. Миний том охин хэдий С.Хын төрсөн охин биш ч гэсэн бид 1 нас гарантай байхаас нь хойш хамт амьдарч эцэг нь болж байсан тул том охин А.Бдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Алтантуяагийн санцэрэнд гэр бүлийн тухай хуульд зааснаар нөхөр С.Хоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Х нь сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэрээнэндоржийн С.Х миний бие Ж.Агийн шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ж.А нь хариу тайлбартаа /намайг зодож байсан, гэр бүлийн хүчирхийллийн улмаас өөрийнхөө төрсөн хүүхдүүдийг хаяж явсан/ гэж худлаа гүтгэсэн шинжтэй зүйлийг бичжээ. Ж.А нь манай хонийг хариулдаг байсан А гэгч залуутай өөрөө намайг байхгүй хойгуур дотно харилцаатай болж улмаар энэ байдал нь илтэд надад мэдэгдэж өөрсдөд нь хэлэхэд Ж.А нь эхлээд намайг А хүчиндсэн гэж цагдаагийн байгууллагаар шалгуулах явцад харилцан тохиролцож дотно харилцаанд орсон болж, хэргийг хаасан тухай цагдаагийн газрын албан бичгийг миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан байгаа. Миний бие Ж.А болон түүний дагвар охиныг гадуурхаж, зодсон зүйл байхгүй бөгөөд хэрэв энэ талаар шүүхээс тодруулах шаардлагатай гэж үзвэл манай ойролцоо айл байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах юм бол илүү тодорхой болох байх. Ж.А нь гэрээсээ өөрөө сайн дураараа Анхбаярыг дагаад явсан ба миний сонссоноор дараа нь Баянпүрэв гэдэг хүнтэй хамт амьдраад байгаа гэж сонсогдож байсан боловч одоо дахин өөр хүнтэй Арбулаг суманд хамт амьдарч байгаа гэж дуулдсан. Энэ бүгдээс харахад намайг болон төрүүлсэн хүүхдүүдээ илтэд доромжилж бусадтай дотно харилцаа үүсгэж, энэ байдлаа засаж чадалгүй гэрээсээ өөрөө явсан юм. Энэ хүн ингэж гэрээсээ явснаас хойш төрүүлсэн хүүхдүүд минь яаж байгаа бол гэж ганц удаа ч холбогдоогүй. Хүүхдүүдтэйгээ уулзаагүй, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй юм. Утсаар яръя гэж холбогдоогүй бөгөөд хэрэв ярьсан гэж байгаа бол харилцаа холбооны салбараас ярьсан цаг минутын хуулгаа авчирч шүүхэд өгөх нь зүйтэй байх. Миний бие бол Ж.Атай хамт амьдарч байсан утасны дугаараа одоог хүртэл өөрчлөлгүй барьсаар байгаа бөгөөд надаар дамжуулж хүүхдүүдтэйгээ ярих бүрэн боломж байсан. Одоо шүүхийг үл хүндэтгэж ийм худал зүйл бичиж өгснийг ойлгохгүй байна. Шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүрэгтэй байх. ЖАлтанцэцэг нь дагавар охин А.Б дээрээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Ж.Агаар овоглодог Баасанцэрэн нь миний төрсөн хүүхэд биш, хэрэв дээрх асуудал үүсгээгүй хамт амьдарч байсан бол миний бие өөрийн хүүхэд шигээ асран халамжлаад явах байсан. Хамт амьдарч байсан хугацаандаа миний бие энэ хүүхдийг гадуурхсан зүйл огт байхгүй бөгөөд харин ч Ж.А нь өөрийн дагвар хүүхэддээ нөгөө 3 хүүхдээсээ илүү анхаарал хандуулж байсан юм шиг надад харагдаж байсныг би дуугүй л байдаг байсан. Өөрөө гэрээсээ явахдаа төрүүлсэн 3 хүүхдээ орхиод дагавар охиноо аваад явсан ба одоо надаас энэ хүүхдэд тэтгэлэг гаргуулах ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Харин миний бие бол бид хоёрын дундаас гарсан 3 хүүхдэдээ эхээс нь зохих ёсоор хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байгаа.
Иймд шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эцэг эх болсон бол үр хүүхдийнхээ төлөө амьдарч, хариуцлагаа аль аль нь хүлээх ёстой.Би шүүхэд гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэлд хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон, Ж.А ирээгүй.Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд би дагавах охин А.Бд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.харин 3 охиндоо эхээс нь тэтгэлэг гаргуулна.
Би охин Х.Иэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, дагавах охин А.Бд хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар Ж.Атай зохицож болно, татгалзах зүйлгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг миний асрамжид үлдээж, охин Х.С, Х.О нарт эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би 2 хүүхдийнхээ тэтгэлийг төлнө. Гурван хүүхдүүдтэй минь уулзуулж байгаарай гэж хэлмээр байна. Би уг нь устаар залгаад уулзах гэтэл С.Х ээж чинь байна гээд салгаад яриулаагүй. Зун С.Хын хамт амьдарч байгаа гэх эмэгтэй намайг утсаар доромжилсон. Би уг нь хүүхдүүдтэйгээ уулзахыг хүсдэг. С.Х намайг яриулдаггүй юм. Дагавар охин А.Бд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Х нь Ж.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах,
хариуцагч Ж.А нь С.Ход холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Ж.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа охин Х.Иийг хасаж шаардлагаа багасгасан.
Гэрлэгчид болох С.Х, Ж.А нар 2020 оны 4 дүгээр сараас хойш одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
С.Х, Ж.А нар 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь Монгол улсын иргэн, РД:0, овог: Х0, эцэг (эх)-ийн нэр Сэрээнэндорж, нэр: С.Х, Монгол улсын иргэн, РД: 0, овог: Паг, эцэг /эх/-ийн нэр: Ж, нэр: А нар 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 12 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
Тэдний хамтран амьдрах хугацаанд охин Х.И 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн болох нь ургийн овог: Х эцэг /эх/-ийн нэр: С.Х, нэр: И, РД: 0 гэх төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, охин Х.С 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн болох нь ургийн овог: Халиучин эцэг /эх/-ийн нэр: С.Х, нэр: С, РД: 0 гэх төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, охин Х.О нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болох нь ургийн овог: Х эцэг /эх/-ийн нэр: С.Х, нэр: О, РД: РГ гэх төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэл, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх,...харилцан тохиролцож болно гэсэн байх ба нэхэмжлэгч С.Х нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Х.И, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Х.С, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Х.О нарыг өөрийн асрамжид үлдээхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ж.А хүлээн зөвшөөрч байх тул 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Х.И, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Х.С, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Х.О нарыг эцэг С.Хын асрамжид үлдээж, охин Х.С, Х.О нарт эх Ж.Агаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Х нь охин Х.Иэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан учир хариуцагч Ж.А нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ...татан авч болно гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх байна.
Иймд хариуцагч дээрх хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Ж.Агийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 176,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Агаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 70.674 төгрөг, нийт 140.874 төгрөгийг гаргуулан С.Ход, хариуцагч Ж.А нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С.Х (0), А (0) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Х.И, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Х.С, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Х.О нарыг төрсөн эцэг С.Хын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Х.С, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Х.О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эх Ж.Агаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.Агийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эх Ж.Ад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг С.Х нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,211 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Агаас улсын тэмдэгтийн хураамж 140.874 төгрөгийг гаргуулан С.Ход олгож, хариуцагч Ж.А нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ