Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 208

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Оюунчимэг /томилолтоор/,

хохирогч Б.Цогт-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Цэрэнтогтох, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэйгээр хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Долгорын Цэрэнтогтох-д холбогдох 201626012031 дугаартай, 188/2017/0247/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эгч, дүү, хүргэн нарын хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын Далан багт оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 81 дүгээр гудамжны 3 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй Боржгон овогт Долгорын Цэрэнтогтох /РД:ДМ78032218/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Д.Цэрэнтогтох нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 20 дугаар гудамжны 18 тоотод иргэн Б.Цогт-Эрдэнэтэй хамт архидан согтуурч, улмаар хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан ноцолдож байгаад Б.Цогт-Эрдэнэ нь  гараад зугтаах үед гэрээс хутга аван араас нь очиж түүний нуруун тус газар хутгалж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь :

 

            Шүүгдэгч Д.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн : “...2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ нутгийн найз Пүрэвбазартай боргоцой чанангаа нэг шил архи авч уугаад сууж байсан чинь манай хүргэн Цогт-Эрдэнэ над руу яриад  гэртээ байвал яваад очьё гэхээр нь би хүрээд ир гэж дуудсан. Удаагүй гаднаас Цогт-Эрдэнэ үл таних нэг ахтай хамт орж ирээд бид дөрөв архи уунгаа хэсэг юм ярисан. Цогт-Эрдэнэ намайг чи муу хэзээ ийм баян болчихсон юм бэ, барилга дээр ажилладаг гуйлгачин боол байсан биз дээ гээд хэл амаар доромжлоод байхаар нь би Цогт-Эрдэнийг чи болио, гэртээ харь, чамтай хэрүүл хиймээргүй байна дуугүй яв гэсэн чинь чи намайг гэрээсээ хөөлөө, гуйлгачин минь чи ахынхаа гэрт амьдарч байж намайг хөөлөө гээд баруун талын орон дээрээс босч ирээд намайг заамдаж аваад боогоод газар унагасан. Би хэвтээ байрлалаас өөрийг нь адилхан заамдаж бариад дээшээгээ өндийгөөд босох гэхэд Цогт-Эрдэнэ намайг орхиод гэрээс гараад зугтаасан. Би араас нь босоод шургуулгатай ширээн дээр байсан хар өнгийн иштэй хутгыг авч гарахад Пүрэвбазар намайг боль хэрэггүй гэхээр нь би суган доогуур нь гараад гэрээс гарахад Цогт-Эрдэнэ жорлонгийн хажууд зогсож байхаар нь би очоод нуруун тус газар нь нэг удаа хатгасан. ...Цогт-Эрдэнэ согтчихоороо хүний дургүй, зэвүүцлийг зэрэг хөдөлгөдөг ааштай, араншингийн хувьд доголдолтой хүн байгаа юм. Нэгэнт миний буруугаас хойш би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Цогт-Эрдэнэд 2016 оны 11 сард эмчилгээний мөнгө гээд бэлнээр 100,000 төгрөг өгсөн.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Б.Цогт-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын овооны ойролцоо байдаг гэрт нь очиход Цэрэнтогтох, Пүрэвбазар гэж залуутай боргоцой чанаад байж байсан ба архи хувааж уугаад сууж байсан. Болд ах бид хоёр нэмэгдээд тэр хоёртой хамт ууж байсан архинаас нь хувааж ууцгаасан. Бид дөрөв яриа өрнүүлээд байж байтал Цэрэнтогтох намайг хэл амаар барилга дээр боол, зарц хийдэг гэх мэтээр доромжлоод байхаар нь би ч гэсэн түүнийг гуйлгачин, боолын боол гэж хэлсэн. Миний уур хүрээд Цэрэнтогтох дээр очоод заамдаад авахад Цэрэнтогтох босч ирээд намайг зөрүүлээд заамдаад авсан. Би Цэрэнтогтохыг газар унагаагаад дээр нь гараад хэсэг ноцолдсон. Цэрэнтогтох намайг дийлээд босч ирэх гээд байхаар нь би гэрээс нь зугтааж гараад жорлонгийн наана нь очоод эргээд хартал Цэрэнтогтох араас гарч ирж харагдсан. Би тухайн үед гайгүй байх гэж бодоод зогсож байтал миний нуруу луу хутгаар нэг удаа хутгалсан.

...Би гэмтлийн эмнэлэгт 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлсэн төлбөрт 120,000 төгрөг төлсөн. Би эмчилгээндээ нийт 300,000 төгрөг зарцуулсан. Цэрэнтогтох өмнө нь надад 100,000 төгрөг өгсөн, одоо 300,000 төгрөг өгчих юм бол надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цэрэнтогтох миний төрсөн дүү. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 3 хүүхдээ аваад Говь-Алтай аймаг руу амрах гэж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 10-28 тоот гэрээ төрсөн дүү Цэрэнтогтох-д захиж үлдээгээд явсан. 2016 оны 08 дугаар сарын 20-нд хөдөөнөөс ирэхэд гэр эзгүй байхаар нь Цэрэнтогтохын утас руу залгахад холбогдохгүй байсан, төрсөн дүү Амарзаяа над руу утсаар яриад Цэрэнтогтох Цогт-Эрдэнэ нар хоорондоо маргалдаад нэгнийгээ хутгалсан юм шиг байна лээ гэж хэлсэн. ...Манай гэрт төмс ногоо арилгадаг хар өнгийн иштэй хутга байсан. Уг хутга намайг хөдөө яваад ирэхэд алга болчихсон байсан. Манай гэрт тухайн үед 2 хутга байсан, хар өнгийн иштэй хутга нь алга болчихоод байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 52 х/

 

            Гэрч Т.Пүрэвбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Цогт-Эрдэнэ гаднаас үл таних нэг залуутай хамт орж ирсэн. Цэрэнтогтох бид хоёрын ууж байсан архийг дөрвүүлээ үргэлжлүүлж уунгаа ойр зуурын юм яриад сууж байтал Цогт-Эрдэнэ архиныхаа халуунд Цэрэнтогтохыг чи хэзээ ийм баян болчихсон юм бэ, чам шиг гуйлгачин хүн хэзээ ийм болчихсон юм, чи гуйлгачин байсан биз дээ гэх мэтээр хэл амаар өдөөд байсан. Цэрэнтогтох ч гэсэн Цогт-Эрдэнийн өөдөөс хэрэлдээд тэр хоёрын хэрүүл нь улам даамжраад Цогт-Эрдэнэ баруун талын орон дээрээс босч ирсэн, нөгөө талын орон дээрээс Цэрэнтогтох ч босоод ирэх гэхэд нь Цогт-Эрдэнэ очоод Цэрэнтогтохыг заамдаж аваад газар унагаагаад дээр нь гараад тэр хоёр дээр доороо гарчихсан хэсэг ноцолдсон. Цэрэнтогтох Цогт-Эрдэнийг дийлээд өндийгөөд босоод ирэхэд Цогт-Эрдэнэ хаалгаар гараад зугтаасан бөгөөд араас нь Цэрэнтогтох босож ирээд шүүгээний шургуулганаас хутга аваад Цогт-Эрдэнийн араас нь гарах гэхээр нь би Цэрэнтогтохыг гаргахгүй гээд гэрийнх нь хаалган дээр 2 гараараа хаалга алдлаад хорисон чинь Цэрэнтогтох миний суган доогуур гараад Цогт-Эрдэнийн араас гарсан. Цогт-Эрдэнэтэй хамт ирсэн танихгүй ах намайг наад хоёроо орхи, хоорондоо учраа олно биз гэхээр нь хэсэг тайвшраад зог хийгээд юмыг яаж мэдэх вэ араас нь гаръя гээд хаалгаар гартал жорлонгийн наана Цогт-Эрдэнэ газар доошоо хараад хэвтэж байсан, хажууд нь Цэрэнтогтох зогсож байсан. Би очоод юу болсон бэ гэтэл Цогт-Эрдэнэ нуруугаа дараад хэвтэж байсан ба Цогт-Эрдэнийн нуруун тус газраас нь цус гарч байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 х/

 

            Гэрч С.Чанцалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр Цогт-Эрдэнэ хуурай ах Болдтой хамт манай ээж Саранцэцэгийн бага дүү Цэрэнтогтохтой уулзаад ирье гээд гараад явсан. Орой 19 цагийн үед над руу нэг цагдаа яриад танай нөхөр хүнд хутгалуулсан байна хүрч ирээд уулз гэж дуудаад би Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст очиж байцаагчаас болсон асуудлын талаар мэдсэн. Гэмтлийн эмнэлэгт очиход манай нөхөр эмнэлгийн хүлээн авах дээр орон дээр ёолоод хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад Цэрэнтогтохыг хутгалсан гэж хэлсэн. Болд манай Говь-Алтай аймгийн хүн байгаа юм, одоо хаана байгааг нь мэдэхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59 х/

           

Шинжээчийн №11316 тоот дүгнэлт

            1.Цогт-Эрдэнэ-н биед бүсэлхийн 3-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийд шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Отгонбаатар /хх-ийн 20 х/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн сэдэлт, шалтгааны талаар

           

Шүүгдэгч Д.Цэрэнтогтохын : “... Цогт-Эрдэнэ намайг чи муу хэзээ ийм баян болчихсон юм бэ, барилга дээр ажилладаг гуйлгачин, боол байсан биз дээ гээд хэл амаар доромжлоод байхаар нь би Цогт-Эрдэнийг чи болио, гэртээ харь, чамтай хэрүүл хиймээргүй байна дуугүй яв гэсэн чинь чи намайг гэрээсээ хөөлөө, гуйлгачин минь чи ахынхаа гэрт амьдарч байж намайг хөөлөө гээд баруун талын орон дээрээс босч ирээд намайг заамдаж аваад боогоод газар унагасан.. ...Цогт-Эрдэнэ согтчихоороо хүний дургүй, зэвүүцлийг зэрэг хөдөлгөдөг ааштай, араншингийн хувьд доголдолтой хүн байгаа юм.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Б.Цогт-Эрдэнийн : “... Бид дөрөв яриа өрнүүлээд байж байтал Цэрэнтогтох намайг хэл амаар барилга дээр боол, зарц хийдэг гэх мэтээр доромжлоод байхаар нь би ч гэсэн түүнийг гуйлгачин, боолын боол гэж хэлсэн. Миний уур хүрээд Цэрэнтогтох дээр очоод заамдаад авахад Цэрэнтогтох босч ирээд намайг зөрүүлээд заамдаад авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 51 х/

            Гэрч Т.Пүрэвбазарын : “… Цэрэнтогтох бид хоёрын ууж байсан архийг дөрвүүлээ үргэлжлүүлж уунгаа ойр зуурын юм яриад сууж байтал Цогт-Эрдэнэ архиныхаа халуунд Цэрэнтогтохыг чи хэзээ ийм баян болчихсон юм бэ, чам шиг гуйлгачин хүн хэзээ ийм болчихсон юм, чи гуйлгачин байсан биз дээ гэх мэтээр хэл амаар өдөөд байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 х/ зэргээс дүгнэлт хийхэд уг гэмт хэрэг нь хохирогчийн зүгээс эхэлж шүүгдэгчийг “ ... чи хэзээ ийм баян болчихсон юм бэ, чам шиг гуйлгачин хүн хэзээ ийм болчихсон юм, чи гуйлгачин байсан биз дээ гэх ..” гэх зэргээр хэл амаар доромжилсон буруутай асуудлаас болж хоорондоо маргалдан улмаар хохирогчийг хутгалсан нь тэдгээрийн хоорондын таарамжгүй харилцаа, хохирогчийн зүй бус үйлдэл зэргээс үүдэлтэй хувийн сэдэлттэй болох нь нотлогдон тогтоогдож байгаа.

 

Д.Цэрэнтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хувийн байдлын талаар

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 х/‑аар Д.Цэрэнтогтох нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.

 

Хохирлын талаар :

 

Хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан хохирол төлсөн баримтаар хохирогч Б.Цогт-Эрдэнийн эмчилгээний зардалд нийт 400,000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний дээрх баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.  

 

Д.Цэрэнтогтох нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

Д.Цэрэнтогтох нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа зохих хэмжээгээр нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хуульд заасан хянан харгалзах хугацаа тогтоож өгөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржгон овогт Долгорын Цэрэнтогтохыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэрэнтогтохыг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Цэрэнтогтох-д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Д.Цэрэнтогтох-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирлын 400,000 төгрөгийг бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д.Цэрэнтогтох-д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Цэрэнтогтох-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДАШДОНДОВ