Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/33

 

Б.Даваанямд холбогдох  

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                        Даргалагч, шүүгч                        Г.Давааренчин

                        Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                  

                                                                              Д.Буянжаргал

                         Оролцогчид

                         Прокурор                                     Т.Нансалмаа

                         Шүүгдэгчийн өмгөөлөгч              *******

                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/150 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Баярмагнайн Даваанямд холбогдох эрүүгийн 1931004250035 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн 42 настай Баяд эрэгтэй бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Дэлгэрхаан 1 дүгээр баг Царамын 2-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагналгүй урьд 21 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогт Баярмагнайн Давааням РД:/М077090516/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Давааням нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр 83 ширхэг, 5.4 метр куб хуурай нарс мод бэлтгэж 11-91 СББ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 3.499.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Даваанямд холбогдох хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/150 дугаартай шүүгчийн захирамжаар:  

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Баярмагнайн Даваанямд холбогдох 1931004250035 тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй...” гээд, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцэлдээ: ... хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

...Б.Даваанямд холбогдох эрүүгийн 1931004250035 дугаартай хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтууд гэж үзэж байна. Тодруулбал мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасны дагуу шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна.

Өөрөөр хэлбэл шинжээч М.Ганболд нь нэмэлт шинжилгээг хийхдээ модыг өөрийн биеэр үзэж хэмжилт хийж хэрэглээний мод болохыг тогтоосон талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд ч тодорхой мэдүүлдэг. Тэгэхээр шинжээчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын хэрэглээний модны итгэлцүүрийг 1.8-р тооцож гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн байх тул заавал Ойн тухай хуульд зааснаар Ойн ангиар дахин дүгнэлт гаргуулах гэсэн ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон яллагдагч Б.Даваанямын мэдүүлэгээр мод бэлтгэх газрын тусгаарлалтыг эрх бүхий албан тушаалтнаар тодорхой заалгаж мэдэж байсан атлаа зөвшөөрөлтэй газрын түлээний модыг голж өөр газраас хэрэглээний мод бэлтгэж байгаа үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юмаа.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан гушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд яллагдагч Б.Даваанямын дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байаа орчны эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/150 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүх хуралдаанд орсон Прокурор бид хоёр нэг зүйл дээр санаа нийлж, ойлгомжтойгоор хэлсэн. Шинжээчийн дүгнэлт гаргаад байгаа шинжээч өөрийн субьектив санаагаар дүгнэлтээ гаргасан гэж тайлбарладаг. Шинжээч шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...Энэ хүмүүсийг хашраах зорилготой...” гэж мэдүүлдэг. Тэгэхээр ийм хүмүүсийг шинжээчээр томилоод байгааг цаанаа нэгийг бодооч гэсэн санаагаар хэлсэн юм. ... Нөхөн төлбөрийн үнэлгээ тогтоогоод байгаа эрх зүйн акт нь өөрөө маш ойлгомжгүй байдлаар гарч байгаа. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар акт тавигдаж байгаа бол акт тавигдсан этгээдийг дуудаад, сонсох ажиллагаа гэх мэт процессын ажиллагаанууд явна. Хэрэв зөвшөөрөхгүй бол энэ нь өөрөө Захиргааны хэргийн шүүхийн маргаан болно. Тиймээс Эрүүгийн хэрэгтэй хамтарч шийдвэрлэж болох уу. Шүүх бодит хохирлыг тогтооно гэсэн хуулийн заалттай зөрчилдөнө. Итгэлцүүрийг нэмж байгаа нь хариуцлага хүлээлгэж байгаа асуудал болохоос биш бодитой хохирол биш. Тэгэхээр өрсөлдөөд байгаа харьяаллын асуудлыг яах ёстой вэ. Нэг зүйл дээр шийдвэрлэж болохоор харагддаг. Хэрэв 3 дахин үржүүлж оруулж  ирж танилцуулаад процессын ажиллагаа зөв юмаа, бид хуульд заасан эрхээ эдлэхгүй. Үүгээр эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлье гэж шүүгдэгчийн зүгээс байр сууриа илэрхийлэх боломжтой.  Захиргааны хэрэг дээр Эрүүгийн хэрэг үүсгээд явбал Эрүүгийн хэрэг нь түрүүлж шийдвэрлэгдээд, нөгөөх нь түдгэлзүүлэх асуудал яригдана. Тиймээс энэ процессын хувьд маш том асуудал болох байх. Хуульчид зөвлөгөөнөө хийхдээ энэ асуудлыг ярих байх гэж бодож байна. Яаж тайлбарлах талаар нэг ойлголттой болох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Б.Даваанямд холбогдох эрүүгийн 1931004250035 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол болон 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын М.Ганболд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №18-04-015/15 тоот /хх-ийн 49-50-р ху/, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 18-04-015/02 тоот /хх-ийн 55-56-р ху/ дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1-д ....Шүүх, прокурор, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно... гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганболдыг шинжээчээр томилж Төрийн хяналт хяналт шалгалтын тухай хуулинд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбоогүйг,ээр,  түүний эзэмшсэн  тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь  хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэвч Монгол улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх,  үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-д ...ойг нөхөн сэргээх,...ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох...” гэж Сум дундын болон сум дүүргийн ой ангийн эрх, үүргийг тодорхойлон заасан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэнд ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тшаалын 1-р хавсралтанд заасан итгэлцүүрийг зөв хэрэглэсэн эсэх асуудлаар талууд маргаантай, харилцан эсрэг сонирхолтой, шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн  эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн

1.Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно...,

...1.2.шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн...”;  гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийн заалтыг хүлээн авах боломжгүй байна.

Харин Хүдэр сумын ой ангийн инженер болон байгаль хамгаалагч нар шүүгдэгчдийг түлээний мод бэлтгүүлэхээр талбайн тусгаарлалт хийсэн Хүдэр сумын Шанд гэх газар дагуулан очиж, мод бэлтгэх газрыг зааж өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/150 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/150 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосгай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      

                               ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

                                   ШҮҮГЧИД                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ