Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0764

 

 

                                                                                                                                                                                

 

 

 

  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Ц*******;

Хариуцагч: У***;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г*********;

Гуравдагч этгээд: Б.М******;

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М***** нарын хооронд  “Талст молор” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2”, “Гүйцэтгэх захирлаар Б.М******ийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах  шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*********, Д.Х*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*****, түүний өмгөөлөгч П.Б*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н********* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Д.Ц******* нь У***т холбогдуулан “Талст молор” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2”, “Гүйцэтгэх захирлаар Б.М******ийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

            Хоёр.Нэхэмжлэгч Д.Ц******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:

2.1.Нэхэмжлэгч  Д.Ц******* 2013 онд 5774047 регистрийн дугаартай  “Талст молор” ХХК-ийг 1 үүсгэн байгуулагчтайгаар байгуулж, Гүцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн.

2.2.2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн17/04 дугаартай шийдвэр гаргаж, компанийнхаа 95 хувийг Б.М******д эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн.

2.3.Компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдлөө 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан.

2.4.Улсын бүртгэлийн байгууллагаас өргөдлийг хүлээн аваад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хууль зөрчин бүртгэл хийсэн гэж үзэж байна.

2.5.Үүнд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг биечлэн гаргаагүй, өргөдөлд гарын үсэг зураагүй, өөр этгээд миний өмнөөс зурсан, Ц.Бадамхандад итгэмжлэл өгөөгүй, гарын үсэг зураагүй байхад улсын бүртгэгч хүлээн авч бүртгэсэн.

2.6. Өргөдөлд хавсаргасан хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “Талст молор” ХХК-ийн хувьцааны 95 хувийг Б.М******д “бэлэглэлээр шилжүүлсэн” гэж,  хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, улсын бүртгэл гаргасан мэдүүлгийн өргөдөл зэрэгт “команийн хувьцааны 95 хувийг хувьцаа бэлэглэх гэрээгээр Б.М******д”  гэж хүсэл зоргийн илэрхийлэл нь “бэлэглэх” байхад өөрийн төрлийн гэрээ буюу Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн  эрх шилжүүлэх гэрээ зэрэг зөрчилтэй бримт бичгийг хүлээн авсан.

2.7.Талуудын хооронд хувьцаа бэлэглэх гэрээг бичгээр бус, амаар байгуулан, бодит үйлдлээр биелүүлсэн тул уг гэрээг бичгээр гаргаж өгөх боломжгүй.

2.8.Компанийн шинэчилсэн дүрэм дээр өөрөө гарын үсэг зураагүй, гарын үсгийн илт зөрүүтэй байдлыг нягтлаж шалгаагүй.

2.9.Худалдах, худалдан авах гэрээ, Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуульд зааснаар өөр зохицуулалт, үр дагавар үүсгэдэг.

2.10.Улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 19.1.2-т заасны пагуу бүртгэл хийхээс тагалзах үүрэгтэй байсан.

2.11.Бүртгэлийг үндэслэлгүйгээр хийснээр “Талст молор” ХХК-ийн миний эзэмшлийн хувьцааны 95 хувь, түүнд холбогдох эрхүүд Д.Мөнхтөрд шилжснийг хууль зөрчиж хийснээр Д.Ц******* миний эд хөрөнгө өмчлөх эрх, чөлөөтэй захиран зарцуулах эрх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөж байна.

2.12.Улсын бүртгэгчийн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захирамжилсан шийдвэр үйл ажиллагаа учраас компанийн мэдээлэлд  орох өөрчлөлтийг  бүртгүүлэх өргөдөл, түүнд хавсаргасан 18 хуудас баримтын хамт хүлээн авах эсэхийг шалгаж шийдвэрлэхдээ хууль зөрчсөн тул 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын ерөнхий бүртгэгчид хандаж гомдол гаргасан.

2.13.Д.Ц******* миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Б.М******д холбогдуулан хувьцаа бэлэглэснийг хүчингүй болгуулах, хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, хэрэг яхан шийдвэрлэх ажиллагаа явагдсан талаар тус тус тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн түүний өмгөөлөгч О.М*********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн хувьд геологич мэргэжилтэй, 2013 онд геологи уурхайн үйл ажиллагаа нь хуулийн этгээдийн нэр дээр явагдах учир ирээдүйд надад боломж гарна гэх үүднээс энэхүү хуулийн этгээдийг байгуулсан.  2015 онд Ховд аймгийн Алтай сумд алтны илэрц гараад хүмүүс хууль бусаар олборлосон, сонгон шалгаруулалт зарлах бол оролцоно гэдэг бодолтой байсан. Сонгон шалгаруулалтад оролцохын тулд, уурхайг ажиллуулахын тулд их хэмжээний санхүү хэрэгтэй байсан тул Б.М****** гэх хүнд хандсан.

Б.М******д их хэмжээний мөнгө байгаагүй учир сонгон шалгаруулалт зарлахад Монголд олон жил болсон уурхайн үйлдвэртэй н.Соёл гэх хүн Лю, Жа гэж 2 гадаад иргэнийг авч ирээд газрыг үзүүлсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед мэргэжлийн үйл ажиллагааг хариуцан, санхүүгийн асуудлыг дүү Б.М******дөө даалгаад, намайг хуурахгүй байх гэсэн итгэл үнэмшилтэй, гол нь хөрөнгө оруулагч нь сонгон шалгаруулалтаар авбал хамтарсан компанид байгуулна гэсэн байсан.

Тусгай зөвшөөрлөө 4 хамтарсан байдлаар хуваасан. Б.М******д гүйцэтгэгч захирлаар ажиллаарай, хэдий хөрөнгө гаргаагүй ч гэсэн 25 хувийг нь шилжүүлнэ гэсэн тохиролцоонд хүрээд ажил эхэлсэн байдаг. Сонгон шалгаруулалтад “Талст болор” ХХК-ийн туршлага хүрэхгүй байсан тул өөр компанийн нэр дээр орсон. Ингээд нэг жилийн дараа тусгай зөвшөөрлөө тус компаниас буцааж шилжүүлж авсан байдаг.

Б.М****** нь нэхэмжлэгчид нөгөө хөрөнгө оруулагч нартаа зохих ёсоор 75 хувийг нь шилжүүлэх, надад 25 хувь үлдэх ёстой. Надад 95 хувиа шилжүүл, та мэргэжлийн ажлаа хийгээд уурхайн даргаараа ажил гэсэн итгэл төрүүлсэн гэдэг зүйл ярьсан. Нэхэмжлэгч бүх тохиролцоог мэдэж байсан учир бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн. Учир нь 75 хувь цаашаа хөрөнгө оруулагч нарт очих ёстой байсан. Нэхэмжлэгч нь үүн дээр зөвхөн бэлэглэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээр тус компани нь хөрөнгө оруулагч Б.М******д бэлэглэлээр очихоор шийдвэрлэсэн.

Та улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг хий гэсэн, гэтэл энэ шийдвэрт өөрийн огт гарын үсэг зураагүй, хуурамч итгэмжлэл олгосон. Энэ нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өргөдлөө Улсын бүртгэлд гаргах ёстой, өргөдөл дээрх гарын үсэг нь нэхэмжлэгчийнх биш. Энэ өргөдөлд бэлэглэлийн гэрээгээр гэдэг нь маш тодорхой бичсэн байдаг. Дээрээс нь хувьцаа худалдах гэрээ гэж гарч ирдэг. Энэ гарын үсэг нь гуравдагч этгээдийнх биш, компанийн шинэчилсэн дүрэм дээрх 2 хувьцаа эзэмшигчийн гарын үсэг хуурамч гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, гаргаж өгсөн баримтуудаас болон шийдвэрээс бусад нь хуурамч гарын үсэгтэй байгаа. Баримтууд агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй. Ганц бараа таваар биш, онцгой үнэ бүхий хувьцааг шилжүүлэхийн тулд тодорхой шийдвэр гарсан байх ёстой. Мөн шийдвэрт дээр нь холбогдох гэрээ байх ёстой ба улсын бүртгэл нь буруу бүртгэл хийсэн байна. Энэ талаар 2-3 жил болж байхад гуравдагч этгээд нь цаашаа хөрөнгө оруулагч нартаа хувьцаагаа шилжүүлээгүй ба өөртөө үлдээсэн байдаг. Хятад иргэд нь их хэмжээний мөнгө аваад залилсан гэх агуулгаар Цагдаад хандсан байдаг.

Нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон зүйл удаа дараа гаргасан байсан учир би бэлэглэлээ буцаана гэдэг байдлаар Хан-Уул Дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ гээд улсын бүртгэгч бүртгэсэн худалдах, худалдан авах гэрээ гаргаад ирсэн. Шүүхийн зүгээс хэргийг нь хэрэгсэхгүй орхиод хэргийг нь нээлттэй хэвээр нь үлдээсэн байгаа. Ийм үндэслэлээр бид нэхэмжлэл гаргасан.

Зөрчилтэй баримтуудыг үндэслэж бүртгэл хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн. Улсын бүртгэл нь өөрөө үнэн зөв байх зарчимтай. Гэтэл зөрүүтэй баримтуудыг үндэслэсэн байдаг. Гэх мэтчилэн алдаанууд гаргасан байдаг.Тухайн үед бүрдүүлбэр буюу хэлбэрийн шаардлага хангасан байсан учир бүртгэсэн гэдэг. Гэхдээ агуулгыг нь нягтлан шалгах үүрэгтэй. Нотлох баримт цуглуулах, үнэлэх, нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй байтал хөнгөн гоомой хандсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасан байдаг. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тохиолдлыг хуульчилжээ. Уг зүйлийн 19.1.1.-т улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу түүнчлэн 19.1.2-д үүгсэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус заасан.

Маргаан бүхий бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн гэх “Талс молор” ХХК-ийн нотлох баримтууд нь Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Компанийн дүрэм, УБ-05 маягт, Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Ц.Бадамхандад олгосон итгэмжлэл гэх 6 баримтаас бүрджээ. Гэвч тус 6 баримтын 5 нь гарын үсгийн зөрчилтэй буюу эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус, хуулийн заалтыг зөрчсөн гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр тогтоогдож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан заалт байдаг тул хэргийн материалд авагдсан 2020 оны 10 дугаар сарын 13-ны 3861, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 617, 2020 оны 10 дугаар сарын 16-ны 1026 шинжээчийн дүгнэлтүүд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Дээрх баримт бичгүүд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам-д зааснаар хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд заавал бүрдүүлэх шаардлагатай нотлох баримтууд бөгөөд зөвхөн нэг нь л зөрчилтэй байхад улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах ёстой юм. Хэрэв бүртгэсэн тохиолдолд бүртгэснээс хойш зөрчилтэй гэдгийг мэдсэнээр бүртгэлийг хүчингүй болгох эрх хэмжээг хуульчилсан.

Улсын бүртгэлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар дээд шатны байгууллагад нь хандсан. Эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байгаа учир бүртгэлд шилжилт хийх хөдөлгөөн хаасан тул шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн байдаг. Үүнээс үзэхэд хариуцагчид өөрчлөх эрх нь байсан гэдэг нь харагдана.

Түүнээс гадна 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн 1 дүгээр заалтаар 95 хувийн хувьцааг гуравдагч этгээдэд эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсүгэй гэж заасан байхад улсын бүртгэгч Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүлээн авч бүртгэсэн нь нотлох баримтын зөрчилтэй материалыг үндэслэн бүртгэл хийж хууль зөрчсөн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн хуулийн этгээдээс гаргуулан авах, үүрэгтэй гэж заасан. Улсын бүртгэгч 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн маргаан бүхий бүртгэлийг хийхдээ хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тусгасан гэрээг өргөдөлд хавсарган ирүүлсэн гэрээтэй харьцуулж үзээгүй, энэ тухай тайлбарыг шаардаагүй. Үнэлэлт дүгнэлт хийгээгүй ноцтой зөрчил гаргасан байна. Нэг ёсондоо шийдвэртээ бэлэглэлийн гэрээ гээд заагаад өгсөн. Бүртгэл хийхэд гаргасан 6 баримтын тэргүүн эгнээнд шалгах ёстой байсан баримтыг шалгаагүй. Бэлэглэлийн гэрээ гээд заагаад өгсөн байхад худалдах, худалдан авах гэрээ гэж бүртгэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа юм.

Гуравдагч этгээд нар нь шилжүүлнэ гэсэн хүсэл зориг л байсан гэдэг. Ингэснээр хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэдэг. Гэтэл гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байдаг. Бэлэглэлийн гэрээний үр дагавар нь шал ондоо. Хэрэв шилжүүлье гэдэг байдлаар шилжүүлээд эрх ашиг чинь хөндөгдөхгүй гэж үзэж байгаа бол мөн бэлэглэлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээг адилхан гэж үзэж байгаа юм бол заавал тодорхой тусгах ямар шаардлага байгаа юм. Гэвч бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээнүүд нь худалдах, худалдах авах, бэлэглэх, арилжих, фидукци гэсэн хэдэн төрөлтэй байх бөгөөд эдгээр нь бүгд зохицуулах зүйл, эрх зүйн үр дагавраараа ялгаатай байдаг. Тухайн үед засаж залруулах боломжтой материалууд байсан.

Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4-т хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд иргэний хуульд заасан холбогдох гэрээг заавал бүртгүүлэх талаар хуульчилжээ. Хуулийн үзэл санаа нь компанийн эрх шилжүүлэх бүртгэлийг хийхэд талуудын байгуулсан гэрээ, түүний төрөл, үр дагавар нь чухал ач холбогдолтой гэж үзсэн тул ийнхүү иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэж хуулийг иш татан зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэсэн нь хувьцаа эзэмшигчийн шийдвэртэй шууд холбогдох агуулгыг илэрхийлж байна.

            Бүртгүүлэхдээ гаргаж өгч байгаа УБ-05 маягтдаа бэлэглэлийн гэрээ гээд маш тодорхой заасан. Энэ зөрчлийг хариуцагч хайхрамжгүй хандаад бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд үр дагавар үүсгээд байна. Худалдан авах гэрээ нь эд хөрөнгө шилжүүлэх нөгөө нь төлбөр төлөх харилцаа ба уг гэрэг цуцлах асуудал нь нэг ондоо бол Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүйгээр эд хөрөнгө шилжүүлж байгаа тул цуцлах үндэслэл нь бас ондоо. Хамгийн гол зохицуулалт нь тухайн бэлэглэгчийг ноцтой гомдоосон бол шаардах эрхтэй байдаг. Одоогийн байдлаар шүүх худалдах, худалдан авах гэрээг бүртгэсэн байна. Иймд бэлэглэлийн гэрээгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн байдаг. Бүртгэл нь энэ олон хууль зөрчсөн баримтуудаас болж хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн байгууллагын бүртгүүлсэн баримт бичгийг нэхэмжлэгч хуурамч гэж үзэж байгаа бол эрх бүхий байгууллагаар болон шүүхэд хуульд заасан аргын дагуу шийдвэрлэх гэх байдлаар шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байхад дээрээс нь дахиад хөндөөд байна. Энэ шүүх хуралдаанаар эцэслэх байх гэж үзэж байна.

Шийдвэр гэрээ нь зөрүүтэй байж болохгүй гээд хариуцагч нь хүлээн зөвшөөрөөд байна.  Энэ олон хууль зүйн нотлох баримтын бүрдүүлбэр дотор бичиг баримтын зөрүүтэй байдал нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гурав.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2013 онд үүсгэн байгуулагдсан “Талст Болор” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц*******ээс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухайгаа холбогдох баримт бичгүүдийн хамт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гаргаж өгсөн байдаг. Ингэж гаргаж өгөхдөө 2015 онд батлагдсан Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-т заасан итгэмжлэлээр эрх олгосон этгээд нь эдгээр материалуудыг манайд гаргаж өгсөн байна. Эдгээр материалуудыг харахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23.3 дахь заалт мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2-т заасан бүрдүүлбэрүүдийг хангаж орж ирсэн.

Өөрөөр хэлбэл, холбогдох материалуудыг бүгдээрээ гарын үсэгтэй байсан. Эдгээр материалуудыг улсын бүртгэлийн байгууллага хүлээж авсны дараа улсын бүртгэгч дээр очдог. Итгэмжлэл нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр байсан учир заавал нотариатаар баталгаажуулах албагүй байсан.

Бүртгэлийг хийх явцдаа цорын ганц хувьцаа эзэмшигч нь тус шийдвэртээ Б.М******д 95 хувьцаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж байна. Хоёрдугаарт, гүйцэтгэх захирлыг өөрчилсөн, гуравдугаарт дахин гэрчилгээ авах, 2 гишүүнтэй болгох, 4-т дүрмийг хавсралтаар баталсугай гэсэн драфтуудыг шийдвэртээ тусгаж өгсөн байна. Үүнээс харахад тухайн бүртгэлийг хийхэд холбогдох хууль тогтоомжид нийцсэн бүрдэл нь хангасан байна.

Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт эрх бүхий этгээд нь гаргаж өгсөн нь хуульд нийцэж байгаа. Шийдвэрт тусгагдсанаар бэлэглэлийн гэрээгээр хувьцаа эзэмшигч шилжүүлэх гэсэн нь худалдах, худалдан авах гэрээгээр ороод ирсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрнө. Учир нь холбогдох гэрээ гэж бид бэлэглэлийн гэрээг авч шийдвэрлэх ёстой байсан. Мөн захирал өөрчлүүлэх талаар шийдвэрт нь байдаг. Үүнд цорын ганц хувьцаа эзэмшигч нь Б.М******ийг томилох тухай шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Дахин гэрчилгээ авах гэсэн байдаг. Шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байхад бүхий л гарын үсэг зөрүүтэй гэж үзэж байна.

Тухайн үед надад гарын үсэг илтэд зөрүүтэй гэх мэдрэмж төрөхгүй байсан. Гарын үсгийн тулгалтыг тухайн үүсгэн байгуулж байгаа компанийн шийдвэр болон дүрэм архивд авагдсан байдаг. Тус архивд авагдсан дүрэмтэй нь тулгалт хийж бүртгэл хийдэг. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн драфтаас нь харахад 1 заалт нь бүртгэлийн холбогдох гэрээг аваагүй. Гэхдээ энэ хувьцаа эзэмшигч нь өөрийн хүсэл зоригоороо бусдад хувьцааныхаа 95 хувийг шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Мөн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний шийдвэрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан дүрэм гэж байгаа. Хувийн хэрэгт ийм 01 тогтоолын хавсралт нь байгаагүй. Дахин гэрчилгээ авах болон гүйцэтгэх захирал өөрчлөхтэй холбоотой дүрэм дээр ямар нэгэн тусгах эрх зүйн зохицуулалт байхгүй. Ийм бүртгэл оруулж ирж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Тухайн хуулийн этгээд нь үнэн зөв мэдээллийг өгч, нотариатын үйлдэлд итгэж итгэл үнэмшил төрж бүртгэл хийсэн. Ямар нэгэн шалгах, шинжээч томилох эрх зүйн зохицуулалт бидэнд байхгүй.

Шинжээчийн дүгнэлт нь худлаа гэж гарахгүй байх. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/99983 дугаар албан бичгээр тухайн бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14-т заасан заалтын дагуу баримталж хууль хяналтаар шалгагдаж байгаа бүртгэлд өөрчлөлт оруулахгүй гэсэн албан бичиг өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэв.

Дөрөв.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээдийн Б.М****** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Ц*******  2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Талст молор” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувиар тогтоол гаргасан. Тогтоол нь  тус компанийн хувьцааны 95 хувийг Б.М******д шилжүүлж, компанийн захирлаар томилж, компанийн шинэчилсэн дүрмийг батлах зорилготой гарсан. Энэ өдрөө Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг талууд байгуулж, улсын бүртгэлд өөрчлөлт орсон.

Д.Ц******* улсын бүртгэлийг 2017 оны 01 дүгээр сард хийгдсэнийг мэдэж байсан бөгөөд үүнээс хойш Б.М******ийн тушаалаар  2019 оны 07 сар хүртэл Ховд аймгийн Алтай сум дахь уурхайд даргаар ажиллаж, уурхайгаас цалин хөлс, урамшуулал Ланд круйзер-200 автомашиныг авсан тул хувьцаагаа шилжүүлэх шийдвэр гаргаж, шилжсэнийг мэдээд, компанид ажиллаад ирсэн.

“Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага нь одоогоос 5 жилийн өмнө хийгдсэн улсын бүртгэлийн үйлдэл байгаа. Энэ үйлдэл нь 2015 онд Ховд аймгийн Алтай суманд тендер зарлагдсан байдаг. Энэ тендерт гуравдагч этгээд оролцохдоо “Гиталоги” ХХК-ийн өмнөөс оролцоод өөрийн Хаан банкны данснаас 1.050.000.000 төгрөгийг Ашигт малтмалын газарт тушаасан. Ашигт малтмалын газрын дансанд орсон гэдэг нь хавтаст хэрэгт байгаа. Энэ хайгуулын тусгай зөвшөөрөл аваад өөрийн үеэл болох нэхэмжлэгчийн 2012-2017 оны Х тайлантай явсан Талст болор ХХК-д шилжүүлсэн. Тусгай зөвшөөрлөө шилжүүлээд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчтэй хувьцаа худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулаад талууд гарын үсэг зураад батлуулсан.

Д.Ц*******ийн гаргасан тогтоолд гуравдагч этгээдийг 2015 оны 3 дугаар улирлаас хандив өргөсөн тул өөрийн эзэмшлийн 95 хувьцаагаа шилжүүлсүгэй гэж, хоёрт гүйцэтгэх захирлаар Б.М******ийг томилсугай гэсэн. Энэ өөрчлөлтийг Улсын бүртгэлийг бүртгүүлсүгэй гэсэн гарын үсэгтэй шийдвэр нь гарсан. Талууд хоорондоо гэрээ байгуулаад дууссан байдаг. Энэ хүсэл зоригийг Ц.Бадамханд гэдэг хүн л хүргүүлсэн юм. Ц.Бадамхандын хүсэл зоригийг л улсын бүртгэлийн байгууллагад дамжуулж өгсөн гэсэн үг. Д.Ц******* нь энэ компанийн үйл ажиллагаа жигдрээд ирэхээр заргалдаад байгаа юм. 2017 оны нэгдүгээр сард хувьцаагаа шилжүүлсний дараагаар Б.М******ийн тушаалаар 2 жил геологич уурхайн даргаар ажилласан. Нэхэмжлэгч нь уурхайн даргын хувьд хүн зодсон асуудал гээд л яриад байгаа. Нэхэмжлэгч нь 2017-2019 онд ажиллаж байсан. Өөрийн хувьцаа шилжээд захирал нь болоод явж байгаа гэдгийг мэдээд 2 жил өнгөрсөн.

Д.Ц******* намайг зодсон учир би нэхэмжлэл гаргасан гэдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд нэхэмжлэгч гэж гэдгийг тодорхойлсон,  нэхэмжлэгчийн ямар нэгэн хувьцаа эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг Улсын бүртгэлийн байгууллага нь хохироогоогүй. Нэхэмжлэгч нь өөрөө хувьцаагаа шилжүүлж зөвшөөрөөд 2-3 жил хугацаанд нэхэмжлэгч тал өөрсдийн гэрээнд зурсан гарын үсэг, тогтоол дээрх гарын үсэгтэй огт маргаагүй. Өөрсдийн гарын үсэг биш байсан бол иргэний журмаар хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдоод явна.

Гэрээ тогтоолууд дээр байгаа нь нэхэмжлэгчийн гарын үсэг мөн шүү,  2019 онд хоорондоо зодолдоод байгаа асуудал нь нэхэмжлэгчийн хувьцаа эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл биш. Нэхэмжлэгчийн хувьцаа шилжүүлж байгаа нь 2017 оны үйлдэл. Улсын бүртгэлийн байгууллага нь 2017 онд л зөрчиж байгаа гэсэн үг. Тэгсэн байхад 2019 онд муудалцаад түүнийхээ дараа хувьцаа эзэмших эрхээ шилжүүлсэн үйлдэлтэй маргаад яваад байгаа. Б.М****** нь тусгай зөвшөөрөл авахдаа өөрийн хувийн данснаас төлсөн байдаг. Энэ нь бусдаас зээлэх ч юм уу тийм байдлаар л мөнгө авсан байдаг. Тухайн үеийн бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд байгаа үйлдэл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.Маргаж буй эрх зүйн харилцааны төрөл, маргааны зүйл, хэрэглэх хууль:

1.1.Энэхүү хэрэгт эдийн бус эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн ажиллагаа нь маргааны зүйл байгаа бөгөөд түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцсэн болно.

1.2.Маргаан бүхий улсын бүртгэл нь 2017 онд хийгдсэн, энэ хугацааны үйл баримтад хамаарах тул энэхүү эдийн бус эрхийн улсын бүртгэл хуульд нийцэж хийгдсэн эсэхийг хянахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2009 оны Улсын Их Хурлаас баталсан  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг,  харин шүүхээс тухайг маргааныг шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн үйл ажиллагаа /процесс/-нд  баримтлах одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын Их Хурлаас 2018 онд баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг тус тус хэрэглэж шийдвэрлэнэ.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч Д.Ц******* нь 2013 онд “Талст молор” ХХК-ийг 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байжээ.

2.2. “Талст молор” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Б.М******ийг 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Ц*******ийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас  95 хувийн хувьцааг бэлэглэлээр Б.М******д шилжүүлэхээр, мөн шийдвэрийн 2 дахь заалтаар Д.Ц*******ийг захирлаас чөлөөлж, Б.М******ийг захирлаар томилж тус тус шийдвэрлэсэн байна.

2.3.Энэхүү тогтоолын доторх агуулгын тухайд болон ийнхүү тогтоол гарсан талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар  зөвшөөрч байна.

2.4.Харин компанийн дүрмийн дээрх өөрчлөлтийг бүртгүүлэхээр тус компанийн захирал Д.Ц*******ээс олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Бадамханд гэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандаж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх УБ-05 маягтын дагуу өргөдөл гаргасан байна.

2.5.Өргөдлийг Ц.Бадамханд гэх этгээд гаргасантай талууд маргаагүй.

2.6.Тус компанийн захирал байсан Д.Ц*******ээс  Ц.Бадамханд гэгчид олгосон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Итгэмжлэл /ХХ-1-н 95 дахь тал/ дэх Д.Ц*******ийн гарын үсэг түүний гарын үсгийн хэвтэй тохирохгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3681 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба нэхэмжлэгч Д.Ц*******, түүний өмгөөлөгч нараас энэ итгэмжлэлийг хуурамч талаар шүүхэд маргасан.

2.7.Ц.Бадамханд “Талст молор” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг дээрх итгэмжлэлээр төлөөлөн гаргасан байх бөгөөд өргөдөлд  “Талст молор” ХХК-ийн Д.Ц*******ийн 95 хувийн хувьцааг “бэлэглэлийн гэрээ”-гээр Б.М******д шилжүүлсэн,  үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгдсөн, гүйцэтгэх захирлаар Б.М******ийг томилж, Д.Ц*******ийг чөлөөлсөн, гэрчилгээ шинээр авах хүсэлтэй”  зэрэг мэдээллийг тусгасан байна.

2.8.Энэ өргөдөлдөө Компанийн хувьцаа эзэмшигчийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан компанийн дүрэм, үүсгэн байгуулах шийдвэр болон Компанийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дүгээр Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, мөн өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг тус тус хавсаргажээ.

2.9.Дээрх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, гэрээнүүдэд зурсан Д.Ц******* гэх гарын үсэг Д.Ц*******ийн гарын үсгийн хэвтэй тохирч байгаа болох  нь шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2434 дугаартай  дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд тэрээр уг дүгнэлт болон өөрийн гарын үсгийг үнэн зөвөөр маргаагүй.

2.10.Гэсэн атлаа нэхэмжлэгч Д.Ц*******ийн өмгөөлөгч нараас Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг гуравдагч этгээд Б.М******тэй байгуулаагүй, хувьцааг зөвхөн “Бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлсэн гэж маргасан боловч Д.Ц******* эдгээр гэрээг байгуулсан болох нь нотлогдсон гэж үзлээ.

2.11.Учир нь нэхэмжлэгч Д.Ц******* болон гуравдагч этгээд Б.М****** нарын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдэд зурагдсан гарын үсэг нь Д.Ц*******ийн гарын үсгийн хэвтэй тохирч байгааг шинжээч тогтоосон нь тэрээр уг гэрээнд гарын үсгээ зурсан гэж үзэх нотлох баримт болохоос  гадна,  2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нотариатч  Ж.Мөнхжаргал нь нотариатын үйлдлээр баталгаажуулж, 231 дугаартай нотариатын тамга  дарсан байна.

2.12.Нэхэмжлэгч Д.Ц******* нь нотариатч Ж.Мөнхжаргалын дээрх нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул энэ нотариатын үйлдлийг маргаангүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг нотариатаар баталгаажуулсан болох нь тогтоогдож, уг гэрээг Д.Ц******* байгуулсныг гэрчилсэн нотлох баримт болно.  

2.13.Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3681 дүгээр дүгнэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдэд гэрээ байгуулагч тал болох Б.М******ийн гарын үсэг түүнийхтэй  тохирохгүй болох нь тогтоогдсон. /ХХ-3-н 82, 89 дэх тал/

Гэвч гуравдагч этгээд Б.М******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас энэ гэрээг Б.М****** байгуулсан гэдгийг зөвшөөрч байгаа тул уг гэрээг байгуулаагүй гэж үзэх үндэслэл шүүхэд байхгүй.

2.14.Улмаар Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын  улсын бүртгэгч нь дээрх гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 дүгээр Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус хуулийн этгээдийн дүрмийн өөрчлөлт /гишүүдийн тоо 2, Д.Ц*******ийг 51 ширхэг буюу 5 хувийн, Б.М******ийг 969 ширхэг буюу 95 хувийн хувьцаа эзэмшигч/, гүйцэтгэх захирлаар Д.Мөнхтөрийг бүртгэж, 000137208 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

2.15.Дээрх үйл баримтуудаас харвал нэхэмжлэгч Д.Ц******* нь:

2.15.1.“Талст молор” ХХК-д эзэмшиж байсан 100 хувийн хувьцааныхаа 95 хувийг Д.Мөнхтөрийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байсан, түүнийгээ бичгээр илэрхийлснийг баталгаажуулсан нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэгэнт нотариатаар гэрчлүүлсэн болох нь нотлогдсон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдэд Д.Ц******* гарын үсэг зурсан байгаа тул тэрээр энэ гэрээг байгуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.15.2.Нөгөө талаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Д.Ц******* компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн тул Улсын бүртгэгч компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхдээ Бэлэглэлийн гэрээ шаардах ёстой байсан гэж байгаа боловч Д.Ц*******ээс Д.Мөнхтөртэй Бэлэглэлийн гэрээ байгуулж байгаагүй нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгч талаас хариуцагчийг ийм баримтыг шаардах ёстой байсан гэж буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй.

2.15.3.Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардсанаар “Талст молор” ХХК- ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэх Бэлэглэлийн гэрээг гаргуулж улсын бүртгэлийг хийх ёстой гэж үзвэл улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хуулийн этгээдийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт орохгүй, учир нь улсын бүртгэлд “Бэлэглэлийн гэрээгээр хувьцааны 95 хувийг Б.М******д шилжүүлсэн” гэдэг мэдээлэл бүртгэгдэхгүй, зөвхөн “хувьцааны 95 хувийг Б.М******д шилжүүлсэн”  зэрэг үйл баримт анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

            3.1.Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна” гээд мөн зүйлийн 5.4.7-т “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн” гэж, мөн зүйлийн 5.4.9-д “компани бол түүний хувьцааг эзэмшиж байгаа этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлтийн” гэж зааснаас үзвэл  эдгээр нь бүртгэл хоорондоо ялгаатай хууль зүйн ойлголт байна.

            3.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд мөн зүйлийн 23.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 23.1.4-д “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт” гэж, мөн зүйлийн  23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуулийн этгээдийн эрх  шилжүүлэх  өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж  тус тус заасан байна.

3.3.Эндээс үзвэл нэхэмжлэгч Д.Ц******* нь өөрийн өмчилдөг 100 хувийн хувьцааныхаа 95 хувийг Б.М******д шилжүүлж байгаа тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу “хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг” бүрдүүлж гаргаж өгөх ёстой байна.

3.4.Дээрх хуулиудаар хуулийн этгээдийн эрх  шилжүүлэх  өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд өргөдлийг ямар этгээд гаргасан байхыг тогтоон хуульчлаагүй байгаа тул “Талст молор” ХХК-ийг төлөөлөн хууль ёсны шаардлага хангасан итгэмжлэлгүйгээр Ц.Бадамханд өргөдөл гаргасныг хууль зөрчсөн гэж үзээгүй.

3.5.Харин  тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг тогтоосны дотор мөн зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, мөн зүйлийн 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан байх тул улсын бүртгэл нь “үнэн зөв байх” зарчим, “нотлох баримтад үндэслэсэн байх” зарчмуудад нийцэх ёстой.

3.6.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн эрх шилжүүлэх бүртгэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд бичсэн мэдээлэл нь “бэлэглэлийн гэрээгээр” гэсэн байхад түүнд хавсаргасан гэрээ нь  “Худалдах, худалдан авах гэрээ” байсан тул бүртгэл үнэн зөв биш гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

3.7.Учир нь Д.Ц*******, Д.Мөнхтөр нарын хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” нь хуурамч бөгөөд хуурч мэхлэх замаар хийсэн гэдэг нь нотлогдоогүй буюу гэрээг үнэн зөв биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул уг гэрээнд үндэслэн хийсэн улсын бүртгэлийг “үнэн зөв байх” зарчмыг зөрчсөн гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзлээ.

3.8.Түүнчлэн Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан байна.

3.9.Д.Ц******* нь “Талст молор” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн 95 хувийн хувьцааг Б.М******д шилжүүлэх шийдвэрээ гаргасан, хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээндээ гарын үсэг зурсан байгаа тул энэ үндэслэлээр компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг, өргөдлийг өөрөө, эсхүл өөр этгээдээр төлөөлүүлж гаргах, бүртгэл хийлгэх үүрэгтэй болохоо Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу мэдэж байсан, мэдэх ёстой тул дээрх мэдүүлгийг хэн гаргасныг  мөн л мэдсэн, мэдэх ёстой байна.

3.9.Иймд улсын бүртгэлийн байгууллагад хандан өргөдөл гаргах итгэмжлэлд өөрөө гарын үсэг зураагүй гэх, Ц.Бадамханд компанийг төлөөлөх эрхгүй гэж үндэслэлүүдийг хүлээн аваагүй болно.

3.10.Иймд мэдүүлгийн өргөдөл дэх “бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх” гэх агуулга нь өргөдөлд хавсаргасан Худалдах, худалдан авах гэрээний агуулга хоорондоо зөрчилтэй байгаа ч Д.Ц******* уг гэрээг өөрөө байгуулсан байгаа бөгөөд өөрийгөө төлөөлүүлж байгаа Ц.Бадамхандаар дамжуулж Худалдах, худалдан авах гэрээг хавсаргаж өгсөн байгаа тул эдгээр баримтын “үнэн зөв”-ийг Д.Ц******* өөрөө баталгаажуулж гаргасан гэж үзнэ.

3.11.Мөн дээрх хуулийн этгээдийн эрх шилжүүлснийг бүртгүүлэх, гүйцэтгэх удирдлагын мэдээллийг бүртгүүлэхээр мэдүүлсэн мэдүүлэг, түүнд хавсаргаж ирүүлсэн материалууд дээрх зарим гарын үсэг Д.Мөнхтөрийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа ч энэ гарын үсэг нь Д.Ц*******ийн хүсэл зоригийн үнэн баримтыг гуйвуулсан, худал мэдээлэл агуулсан шинжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Ц*******ийн хүсэлт зориг болох өөрийн өмчлөлд хамаарах 95 хувийн хувьцааг Б.М******д шилжүүлэх хүсэл зоригийн агуулгыг гуйвуулаагүй байна.

3.12.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас хуулийн этгээдийн улсын бүртгэл нь Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн гэдэг мэдээллийг агуулж байгаа учраас нэхэмжлэгч “Бэлэглэлийн гэрээнээс татгалзах, бэлгээ буцаах” иргэний хэргийн маргаанд эсрэг нотлох баримт болж байгаа, зөрчигдсөн эрх нь сэргэхгүй нөхцөл үүсгэсэн гэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

3.13.Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн   23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг тогтоосон”-ны дотор үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж заасан байна.

            Мөн зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэсэн тул улсын бүртгэгч нь уг баримтаас өөр баримт шаардах эрхгүй байна.

            Мөн зүйлийн 23.3-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг жагсаалтаар баталсан”-ны дотор “нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж заасан байна.

            3.14.Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд “компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл, компанийн дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар, бүртгэлийн хураамж төлсөн баримт” гэж заажээ.

            3.15.“Талст молор” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүрдүүлэхдээ дээрх хуулийн заалтуудын дагуу бүрдүүлэх баримтыг ирүүлсэн байгаа тул улсын бүртгэлийн газрыг эдгээр хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

3.16.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “хуулийн этгээдийн хувийн хэрэг" гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр байгаа, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн бүрдлийг” гэж заасан байна.

3.17.Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д хуулийн этгээдийн хувийн хэрэг дотор байх ёстой мэдээллийг хуульчлан жагсаасны дотор мөн зүйлийн 10.1.12-т “хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл” гээд мөн зүйлийн 10.1.14-т “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл” гэснээс үзвэл Худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн этгээдийн хувийн хэрэг дотор байгаа мэдээлэл болохоос бус хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл гэж үзэхгүй учраас уг гэрээг иргэний хэргийн шүүхээс хянахад саад болохгүй юм.

3.18.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан боловч энэ нь эдийн бус хөрөнгөд хамааралгүй гэх хуулийн зохицуулалт байна.

3.19.Түүнчлэн Иргэний хууль, Компанийн тухай хуульд компанийн хувьцааг бэлэглэсэн тохиолдолд бичгээр гэрээ байгуулсан байхыг шаардаагүй байна. Энэ нь Д.Ц******* болон Б.М****** нарын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсныг үгүйсгэх үндэслэл биш гэж үзлээ.

3.20.Хэрэв иргэний хэргийн шүүхийн журмаар уг Худалдах, худалдан авах гэрээ болон нэхэмжлэгчийн байгуулсан гэж байгаа Бэлэглэлийн гэрээний талаар хууль зүйн дүгнэлт хийсэн тохиолдолд “Талст молор” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт байгаа мэдээлэл өөрчлөгдөх ба улсын бүртгэлд өөрчлөлт орох үр дагавар үүсгэхгүй тул улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

3.21.Хариуцагчаас өргөдөлд туссан “бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэх болсон” гэх мэдээлэл байхад “Худалдах, худалдан авах гэрээг хавсарган ирүүлснийг шалгаагүй, зөвтгөх ёстой байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч иргэн Д.Ц******* өөрийнхөө гарын үсэг бүхий Худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй гэдгээ нотолж чадаагүй нь энэ гэрээг байгуулсан, түүнийг улсын бүртгэлд  хавсаргаж өгсөн гэж үзэх үндэслэл болсон бөгөөд дээр дурдсанаар энэхүү зөрчил бүхий баримтууд нь “Талст молор” ХХК-ийн дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн өөрчлөх үр дагавар үүсгэхгүй болох нь нотлогдож байна. 

3.22.Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Д.Ц*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Ирцийн талаар:

5.1.Иргэдийн төлөөлөгч Д.Цэцэгсайханд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч утсаа аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгч Д.Цэцэгсайханыг байлцуулахгүй хийх санал гаргасныг үндэслэн түүнийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.12, 10.1.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц*******ийн “Талст молор” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “гишүүдийн тоо 2”, “Гүйцэтгэх захирлаар Б.М******ийг томилсон” гэх тус компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрмийг бүртгэсэн Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

3.Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

                                  

                                  ШҮҮГЧ                                Г.МӨНХТУЛГА,

                      

                        ШҮҮГЧ                                Т.МӨНХ-ЭРДЭНЭ