2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/561

 

 

     2025       02           21                                       2025/ШЦТ/561

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,

улсын яллагч Э.Баасанбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Ө, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө-т холбогдох эрүүгийн 2206 03136 0592 дугаартай хэргийг дээд шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө  нь 2022 оны 5 дугаар сарын 11- ний өдөр “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө, гар цайлгах мөнгө хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч А.А-ээс 1.500.000 төгрөгийг өөрийн охин Э-ийн Хаан банкны 0 тоот дансаар шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оноос хойш эхнэр Ө-ийн хамт жижиг дунд үйлдвэрлэл буюу сүлжмэлээр хувцас хийж эхэлсэн. Бид 2021 онд шинэ ажлын байр барьж, тоног төхөөрөмж нэмж авсан юм. Ингээд бидэнд цааш жижиг үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд түүхий эд бараа материалын эргэлтийн хөрөнгө шаардлагатай болсон. Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр таксинд явж байгаад Улаанбаатар зочид буудлын зүүн талд 40-45 орчим насны, шар царайтай, давхраа оёулсан, туранхайвтар, 160-162 см орчим өндөртэй эмэгтэй гар өргөн суусан, тэр эгч ноолууран сүлжмэл цамц өмссөн байсан тул би толиндоо хараад “таны өмссөн шиг хувцсыг би хийдэг юм” гэж хэлсэн. Тэгээд цааш түүнтэй танилцан яриа өрнүүлэхэд тэр эгч өөрийгөө надад “эгчийг нь Ө гэдэг би Төрийн ордонд ажилладаг, ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх хийдэг, эгч нь зээл авахад тусалж өгч чадна шүү” гэж хэлсэн. Тэгээд тэр эгчтэй дугаараа солилцсон. 1-2 хоногийн дараа нөгөө Ө эгч залгаад “чи нөгөө зээл сонирхож байгаа залуу мөн үү, эгчид 2022 оны 5 дугаар сарын 04-нөөс өмнө 100.000.000 төгрөгийн зээл гаргаж өгөх боломж эгчид нь байгаа шүү” гээд Төрийн ордны зүүн хаалган дээр хүрээд ир гэж намайг дуудсан. Цаг товлоод очтол тэр хүн ирээгүй, гадуур ажилтай болчлоо, хоёулаа маргааш болъё гэсэн. Маргааш нь 11 цагийн үед уулзахаар болоод мөн төрийн ордны тэнд уулзахаар болж би очсон ч тэр хүн бас ирээгүй. Тэгээд утсаар яриад Энканто тауны хажууд байх Сакура гэх барилгын кафе бэннэ гэх кофе шопод уулзсан. Тэр эгч надад өөрийн “Ө, Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх” гэсэн улаан хавтастай ажлын үнэмлэх үзүүлсэн. Би өөрийнхөө жижиг үйлдвэрлэл явуулж байгаа талаар ярьж, зээл хөөцөлдөх хэрэгтэй талаараа ч бас дурдсан. Нөгөө Ө гэх эгч “эгч нь ЖДҮ-н зээл, ипотекийн 8 хувийн зээл, БНСУ-руу төрийн ордны батлан даалтаар нэг жилээр гаргаж өгч чадна” гээд МАН болон улсын төрийн талаар олон зүйл ярьсан. Манай МАН засаг барьж байгаа дээр л аваарай, хэрвээ чи зээл авмааргүй байгаа бол зээл авах ах, дүү, найз нөхөдтэйгөө холбоод өгч болно шүү гэсэн. 2022 оны 4 дүгээр сарын 27-нд утсаар тэр хүнтэй яриад “би өөрөө зээл сонирхож байна, та надад хэдэн төгрөгийн зээл гаргаж өгөх боломжтой вэ” гэж асуусан юм. Ө гэх тэр эгч “эгч нь эхний удаад 300.000.000 төгрөг гаргаж өгөх боломжтой, түүнээс дээш мөнгө бол багийнхантайгаа ярилцаж байгаад шийднэ” гэх утгатай зүйл ярьсан. Тийм бол би 300.000.000 төгрөгийн зээл авмаар байна гээд барьцаа хөрөнгө шаардлагатай талаар асуухад би аргалж өгнө гэж байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тэр эгч 00000000 гэсэн дугаараас над руу залгаад “баяртай мэдээ дуулгая, чиний зээл эхний зээлийн хорооны хурлаар дэмжигдсэн” гэсэн. 2022 оны 5 дугаар сарын 11-нд тэр Ө гэх эмэгтэй 00000000 гэсэн дугаараас над руу залгаад цаг товлоод “хүрээд ирээч, уулзах ярих юм байна” гээд хүүхдийн 100-ын замын урд кофе шопод уулзсан. Уулзаад “Эхний удаа зээл чинь дэмжигдлээ гээд Хаан банкны тодорхойлолт үзүүлээд, дараагийн шатанд хурлаар ороход хүмүүсийн гар цайлгах хэрэгтэй байна гээд 20-30 сая төгрөг нэхсэн. Эхнэр бид хоёр боломжгүй гэдгээ хэлтэл “та хоёр ядаж 5 саяыг өг, би үлдсэнийг нь аргалъя” гээд байхаар нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 110 дугаар байрны гадна буюу гэрийнхээ гаднаас интернет банкаар өөрийн нэр дээрх Хас банкны 00000000 дугаартай данснаас Хаан банкны 0Э гэсэн данс руу нөгөө Ө гэх эгч “Ө зээл” гэж хийгээрэй гэсний дагуу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нөгөө Ө гэх эгч 13-н Хаан банкны тэнд очоод хүлээж бай, би захиралтай нь хоолонд орчихоод яваад очъё гэсэн тул эхнэр бид хоёр гэрээсээ гарч Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын Хаан банкны ойролцоо очсон. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 40 минутын үед эхнэр Ө-ийн нэр дээр Хаан банкны 00000000 дугаарын данснаас Хаан банкны 0 Э гэсэн данс руу нөгөө Ө гэх эгч “Ө зээл” гэж хийгээрэй гэсний дагуу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр эгч бид хоёртой ирж уулзаагүй, “Зээлийн хурлаар орж байна” гээд ирээгүй. Маргааш нь тэр хүн залгаад дахиж өмнөх шигээ юм ярьж тэр байтугай “машинаа зараад өгчих” гээд мөнгө нэхсэн. Бид хоёр сэжиг аваад та бичиг баримтаа аваад ир гээд бүрдүүлсэн бичиг баримтаа буцааж авъя гэсэн ч бид хоёроос өмнө сэжиг аваад алга болсон. Утас нь холбогдохгүй байгаа. ...Би 1.500.000 төгрөг нэхэмжилнэ. ...Залилагчийг олж өгнө үү, ахиад өөр хүмүүсийг хохироох вий нилээн зальтай хүн шиг байна лээ. Зөндөө хүний бичиг баримт хавтас тэвэрсэн байна лээ, тухайн үед жижиг бизнесээ өргөжүүлэх боломж гэж бодоод итгэсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Гэрч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр А 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр халтуур хийж яваад “төрийн ордонд ажилладаг хүнтэй танилцлаа, зээл гаргаж өгч чадна гэнэ” гэж ярьж байсан. Тэгээд би нөхөртэйгөө ярилцаад зээл хөөцөлдөхөөр болсон. Тэр өөрийгөө Ө гэж танилцуулсан хүн манай нөхөр А рүү удаа дараа ярьж зээл авахад бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалт өгч бид ч бүрдүүлж өгсөн. 2022 оны 5 дугаар сарын 11-нд тэр Ө гэх эмэгтэй цаг товлоод “хүрээд ирээч, уулзах ярих юм байна” гээд хүүхдийн 100-ын замын урд кофе шопод манай нөхөр А , Ө гэх эмэгтэй бид 3 уулзсан. Уулзаад “эхний удаа зээл чинь дэмжигдлээ гээд Хаан банкны тодорхойлолт үзүүлээд, дараагийн шатанд хурлаар ороход хүмүүсийн гар цайлгах хэрэгтэй байна гээд 20-30 сая төгрөг нэхсэн, эхнэр бид хоёр боломжгүй гэдгээ хэлтэл “та хоёр ядаж 5 сарыг өг, би үлдсэнийг нь аргалъя” гээд байхаар нь би сэжиглээд нууцаар бичлэг хийсэн байдаг. Тэгээд бид хоёр тэр эгчээс салж гэр лүүгээ Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 110 дугаар байр луу явсан. Гэрийнхээ гадаа машин дотроо манай хүн өөрийн нэр дээрх Хас банкны 00000000 дугаартай данснаас Хаан банкны 0 Э гэсэн данс руу нөгөө Ө гэх эгч “Ө зээл” гэж хийгээрэй гэсний дагуу 1.000.000 төгрөг шилжүүлэхэд би хамт байсан. Ингээд нөгөө Ө гэх эгч 13-н Хаан банкны тэд очоод хүлээж бай, би захиралтай нь хоолонд орчихоод яваад очъё гэсэн тул нөхөр бид хоёр гэрээсээ гарч Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын Хаан банкны ойролцоо очсон. 2022 оны 5 дугаар сарын 11-ний 12 цаг 40 минутын үед манай нөхөр миний нэр дээр Хаан банкны 00000000 дугаарын данс руу АТМ-ээс орлого хийж би өөрийн Хаан банкны 0Э гэсэн данс руу нөгөө Ө гэх эгч “Ө зээл” гэж хийгээрэй гэсний дагуу 500.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлсэн. Ө гэх тэр эгч бид хоёртой дахиж уулзаагүй. Маргааш нь тэр хүн залгаад дахиж өмнөх шигээ юм ярьж тэр байтугай “машинаа зараад өгчих” гэж хүртэл мөнгө нэхсэн. Нэхэх үед нь надад сэжигтэй санагдаад мөнгө байхгүй гэж хэлээд орхисон. Тэр хүн за за би өөрөө зохицуулъя гэх утгатай зүйл ярьсан. Тэрнээс хойш утсаа салгаад алга болсон. Манай нөхрийн утсаар л харилцсан байгаа. ...Энэ хүнийг олж өгнө үү, олон хүнийг бас хохироох вий.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар хуудас),  

Гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П-ийн Ө гэх хүнийг би танина. Ө  нь миний төрсөн ээж юм. Намайг 4 настай байхад манай аав, ээж хоёр салсан юм. Түүнээс хойш би аав дээрээ байдаг болсон. Харин ээжтэй уулздаггүй байсан. Надад уншиж танилцуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, эрх үүрэг ойлгомжтой байна. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө. ...Би тухайн дансыг мэднэ. Тус данс нь миний хаан банканд бүртгэлтэй данс юм. ...Тухайн дансыг хамгийн анх манай ээж нээлгэж миний хүүхдийг мөнгийг авах зорилгоор нээлгэж байсан. Мөн тус дансанд дээр манай ээж интернет банк нээлгэж ээж ашиглаж байсан. ...Энэ талаар би мэдэхгүй байна. Тухайн үед би ашиглаагүй манай ээж Ө  ашиглаж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Дансны хуулганд 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Э-ийн эзэмшлийн Хаан банкны 0дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар хуудас),

Хохирогч А.Аийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

2022 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 01 дүгээр хуудас),

2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 90-144 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр хуудас), Ялын тооцооны тодорхойлолт (1 хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ө  нь 2022 оны 5 дугаар сарын 11- ний өдөр “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө, гар цайлгах мөнгө хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч А.А-ээс 1.500.000 төгрөгийг өөрийн охин Э-ийн Хаан банкны 0тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ө  нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө, гар цайлгах мөнгө хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч А.А-ээс 1.500.000 төгрөгийг өөрийн охин Э-ийн Хаан банкны 0тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ө ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Ө  нь 2022 оны 5 дугаар сарын 11- ний өдөр “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө, гар цайлгах мөнгө хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч А.А-ээс 1.500.000 төгрөгийг өөрийн охин Э-ийн Хаан банкны 0тоот дансаар шилжүүлэн авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Шүүгдэгч Ө ын нь үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ө ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан ба шүүгдэгч Ө  нь хохирогчид хохиролыг барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Ө т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх ял дээр нэмэгдүүлж тоолох, цагдан  хоригдсон хоногийг хасах саналтай байна...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож байгаа. Хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оноож өгнө үү. Үйлчлүүлэгчийн хувьд хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. хамгийн өндөр ял буюу 12 жилийн ял авсан эдэлж байгаа.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд, нөгөөтэйгүүр эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх ёстой.

Шүүгдэгч Ө ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тэрээр урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял эдэлж байх хугацаандаа дахин эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, яллах дүгнэлт үйлдэгдэж орж ирсэн байна.

Өөрөөр хэлбэл тус зүйл, хэсэгт заасан “торгох” болон “нийтэд тустай ажил хийлгэх ял”-ыг шүүгдэгч Ө т оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцэхгүй байхаас гадна биелэгдэх боломжгүй байна.

Иймд улсын яллагчаас гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “торгох ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ө ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хохирлыг барагдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж байгаа гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Мөн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас шүүгдэгч Ө ын ялын тооцооны тодорхойлолтыг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон 09 жил 01 сар 01 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй гэж ирүүлжээ.

Уг хэрэгт шүүгдэгч Ө  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 359 дүгээр захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр хаалттай хорих байгууллагад шилжүүлэн хорьжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 жил 01 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 09 жил 09 сар 01 хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө ын цагдан хоригдсон 301 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ө т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө-ыг Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө т Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 жил 01 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 09 жил 09 сар 01 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө ын цагдан хоригдсон 301 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ө т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                                          ШҮҮГЧ                                      М.ТҮМЭННАСТ