| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/0092/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/529 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/529
2025 02 18 2025/ШЦТ/529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,
улсын яллагч А.Марал,
хохирогч Д, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,
шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн 2403 00654 0885 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Д нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “08 дугаар сарын 19-ний өглөө гарцаар гарахад 2 дугаар эгнээнд байсан машин намайг хараад зогссон байхад 3 дугаар эгнээнээс Э намайг мөргөсөн. Тэгээд намайг суучих гээд “Гялс” төв дээр очоод хүн үзүүлэх гээд явсан. Би дотроо яарч байсан учраас 100.000 шилжүүлье гэсэн болохоор нь би өөрийн эмнэлэгтээ үзүүлье гэж бодоод тэгье гэхэд өөрөө явчих гэсэн. Тэгээд би чиний оронд байсан бол хүргэж өгнөө гэсэн чинь за за гээд хүргэж өгсөн. Тэгээд ажил дээрээ хурлаа хийгээд сууж байтал хавдаад эвгүй болоод эхэлсэн. Тэгээд зураг авхуулахад энэ рентген зураг 3:04:22 пм гээд байж байгаа. П гэдэг нь үдээс хойш гэсэн тэмдэглэгээ. Би 3 дугаар эмнэлэг дээр ирээд Э руу залгаад за хөл хугарсан байна, чи хаана байна гэхэд 22 товчоон дээр байна гээд орой ирснээ прокурор, шүүх, мөрдөгчийг нийлээд өөрийг нь хулхидлаа гээд байгаа. Хөл хугарснаас үүдээд хэвтрийн байдалд орсон. Дагаад би баруун хүзүүний өвчнөө хөндөөд, зүрхэндээ стэнттэй хүн би, хувийн эмнэлэгт хэвтээд, цэргийн эмнэлэгт хэвтээд бие махбодын хувьд зүв зүгээр байсан хүн 3 сарын хугацаанд шаналсан. Орой бүр хөл хавддаг, өвддөг болсон. Сэтгэл санааны хохирлын хувьд энэ хүн хүнийг үл тоодог, хайхрамжгүй, эрхий хуруу хавдаад хумс нь унасан байхад би биш гээд, уучлалт гуйх нь битгий хэл манай дүү нарт наад хүн чинь чихэвчтэй гүйж ирээд өөрөө зогсож байсан машин ирж мөргөсөн гэж хэлсэн байсан. Эх маань намайг гипстэй байхад нас барсан. Уур цухал хүрсэн. Намайг шүүх цагдаагаараа яв гэж тавласан. Би бичсэн мессежнүүдийг нь баримтжуулаад авсан. Уучлаарай миний буруу гэдэг үг нэг ч байхгүй. Энэ хүн хүнийг өөр шигээ санаад бүх хүнийг хардаад байгаад харамсалтай байна. Мөн 3 сарын цалин бүтэн авч чадаагүй. Хувийн дээд сургуульд цагийн багш хийдэг, Хонг конг руу хуралд явах гэж байснаа явж чадаагүй, бүх орлого хаагдсан. Хүн алдаж болно, гэтэл намайг байнга дарамталдаг. Намайг цэргийн эмнэлгийг эзэгнэсэн гээд байгаа. Би гавьяат, ахмад настан хүн. Хэдэн сарын дараа миний гомдол аажимдаа арилж байхад энэ хүн ерөөсөө л гүтгэсэн хэвээрээ л байсан. Яасан их жүжигчин хүн бэ би тэгвэл пм-ийг ялгахгүй хүнийг тэнэг л гэж хэлнэ. Цөхрөл, уур цухал бүх юм хүрч байна. Надад дотроо зөөлөн сэтгэл орж ирж байсан боловч ирсэн өдрөөсөө эхлээд л доромжлоод гүтгээд эхэлсэн. Тиймээс би шүүхэд итгэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний орой 07 цагийн үед гэрээсээ гараад 100 айл руу алхаж байсан. Тэгээд Арслантай гүүрний зүүн талын явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлд гарч байх үед автобусны зам чөлөөтэй 2 дугаар эгнээнд явж байсан машин гарц дээр зогссон чинь цаана явж байсан нэг машин намайг мөргөсөн. Тэгээд тэр машины жолооч машинаасаа бууж ирэхгүй намайг “гайгүй юу гэж асуучхаад машйнд суучих таныг эмнэлэгт хүргээд өгье” гэсэн. Тэгэхээр нь би машины ард талын суудалд суугаад Гялс төв рүү очсон. Тэгээд би Гялс төв хүү очоод нэг найз руугаа залгаад хүү нь ажилладаг болохоор нь гялс рентгенд харуулчихъя гээд ярьсан чинь хүү нь ажил дээрээ байхгүй гэхээр нь би өөрийнхөө ажил руу очоод рентгенд харуулъя гэж бодоод намайг ажил руу хүргээд өг гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг “та эндээс такси бариад явчих би 100.000 төгрөг өгье гээд миний данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд би машинаас нь буугаад явах үед миний хөл нэг л эвгүй байгаад байсан болохоор нь би ер нь явж чадахгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэр хүнд “би чиний оронд байсан бол би энэ хүнийг хүргэж өгнө гээд хүргэж өгөх байсан” гэж хэлсэн чинь тэр хүн за тэгвэл суучих гээд намайг ажил дээр хүргэж өгсөн. Тэгээд машинаас нь буухдаа би жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэхийн зургийг нь авчихъя гэсэн чинь байхгүй гэсэн. Тэгээд би ажил руугаа орсон чинь манай дээр тог тасарсан гээд рентген ажиллахгүй байсан. Тэгээд би өрөөндөө хурал хийгээд байж байсан чинь хөл бүүр хавдаад гишгэж чадахгүй болсон. Тэгээд би Нэгдүгээр эмнэлэгт очоод хөлийн зургаа авхуулсан чинь хугаралтай байна гэж гарсан. Тэгээд Цэргийн Госпиталиас тэтгэвэрт гарсан болохоор тэндээ очиж эмнэлэгт хэвтсэн. Тэгээд дараа нь би цагдаад дуудлага өгсөн... Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна. Ер нь нэлээн их эмчилгээ хийлгэж байгаа маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
Иргэний хариуцагч, нэхэмжлэгч Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “0 маркийн 00-00 УУУ тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. Гэр бүлийн хэрэгцээнд унадаг. Манай нөхөр байнга унадаг. Гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 19 дүгээр хуудас),
Иргэний нэхэмжпэгч С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжпэл гарган оролцож байна. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Хөдөө аж ахуйн яамны урд замд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 30 минутын үед 0 маркийн 00-00 УУУ улсын дугаартай автомашины жолооч Э нь явган зорчигч Д ийг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.570.440 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Эоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №11179 дугаар: “... 1. Д ийн биед баруун талын хашлага ясны далд, зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. З. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Золбоогийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1664 дугаар: “... 0 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э нь Монгол улсын замын хөдөлгөөний “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно." гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Б.Явган зорчигч Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх магадалгаа (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),
Шүүгдэгч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад Гялс төв орж хүний бие үзүүлэх гээд явж байсан. Тэгээд Хөдөө аж ахуйн яамны гарц дээр миний хажуу талд явж байсан машин зогсохоор нь би дагаад зогсох үед гарцны цагаан шугам жоохон даваад зогссон Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дугаар хуудас),
Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын төвийн шинжээч Ө.Мөнхнастын 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-49 дүгээр хуудас),
Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 71-85, 106-114 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 96-100 дугаар хуудас), Дүрс оношилгооны зураг, Флюорограмм, УНТЭ-Дүрс оношилгооны төв (4 хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч Э нь 2024 оны 08 сарын 19-ний өдөр 07 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Хөдөө аж ахуйн яамны урд замд 0 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойргон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол төлбөрийн хувьд Эрүүл мэндийн даатгалын санд 1.570.440 төгрөг, эмчилгээ, ажилгүй байсан цалин 5.024.440 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 8.580.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч: “Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл болсон. Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шинжээч эмчийн дүгнэлтэд рентген зурагт үндэслэн гарсан нь нотлогдож байгаа. Хохирлын талаар 5.024.440 төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусдаа нэхэмжилнэ. Баримтаар гаргаж өгсөн байгаа. Сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон. Үүнийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжилнэ. Прокурорын саналаар бол 13 дахин нэмэгдүүлнэ гэж байна. Хохирогч маань хөгшин настай хүн, сахартай, зүрхэндээ стенттэй хүн байгаа. Иймд шүүх хуульд заасны дагуу 13-22.99% гэж заасан байдгийг анхаарч үзнэ гэж итгэж байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгсөн. Шинжээчийн дүгнэлт дээр л бага зэрэг эргэлзсэн зүйл байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлын тухайд төлж барагдуулах хүсэлтэй байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э нь 2024 оны 08 сарын 19-ний өдөр 07 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Хөдөө аж ахуйн яамны урд замд 0 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Д ийг мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Д ийн эрүүл мэндэд Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 11179 дугаар дүгнэлтээр “баруун талын хашлага ясны далд, зөрөөгүй хугарал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Э нь 2024 оны 08 сарын 19-ний өдөр 07 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Хөдөө аж ахуйн яамны урд замд 0 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойргон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Д ийн эрүүл мэндэд Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 11179 дугаар дүгнэлтээр “баруун талын хашлага ясны далд, зөрөөгүй хугарал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Э нь Монгол улсын замын хөдөлгөөний “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойргон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно” гэсэн заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж,
230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж,
513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан бодит хохирлын зардалд 6.599.441 төгрөг тогтоогдсон.
Мөн Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын Дөрөв: Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын Гуравдугаар зэрэглэлд “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэжээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг Гуравдугаар зэрэг байх тул хохирогчид учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролыг хохирогчид учирсан гэм хорын хохирол /хохирогчийн насны байдал, бусад өвчин сэдэрсэн сөрөг нөхцөл байдал/ зэргийг харгалзаж 10.560.000 /660.0*16/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч нь 1.545.440 төгрөг, 25.000 төгрөгийн үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э оос нийт 17.159.441 төгрөгийг гаргуулан хохирогч Д ид, 1.570.440 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгчээс хохирол, төлбөр барагдуулахтай холбогдуулан шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг хангасан ба, уг хугацаанд шүүгдэгчээс хохирогчид 2.000.000 төгрөгийг барагдуулсан байх ба үлдсэн хохирлыг 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж төлнө гэсэн байх тул хохирогчид олгох хохирлын мөнгөн дүнгээс 2.000.000 төгрөгийг хасаж 15.159.441 төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Э-од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаатай хасах ял оногдуулах, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч “2.000.000 төгрөг өгөөд үлдэгдлийг 05 сард төлөхөө илэрхийлж, хохирогч гомдол саналгүй гэсэн тул тусгайлан гаргах санал байхгүй.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Тохиолдлын чанартай анх удаа хэрэгт холбогдсон, маш их харамсаж байгаа, ам бүл 8, 4 хүүхэд 2 зээгийн хамт амьдардаг, залуу насандаа спортын өндөр амжилт гаргаж улсын нэрийг гаргаж, сүүлийн 20 жил барилгын салбарт хөдөлмөрлөж байгаа. Хохирогчтой тохиролцоод үлдсэн хохирлыг 05 сард төлж барагдуулахаар тохиролцсон. Үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү. Санаа, зорилго байхгүй, тохиолдлын чанартай, архи дарс хэрэглээгүй ажилдаа явж байгаад л асуудалд орсон байгаа. Хувийн байдлыг нь харгалзаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Ар гэрээ залгуулж явдаг хүн байгаа.” гэх дүгнэлтийг тус тус гарсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заажээ.
Шүүгдэгч Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид хохирол төлбөрөөс 2.000.000 төгрөгийг төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдол, саналгүй, “0” ХХК-д барилгын инженер ажилтай гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э од оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эод оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эод оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Эоос 15.159.441 төгрөгийг гаргуулан хохирогч Д ид,
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар шүүгдэгч Эоос 1.570.440 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эод оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ