Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/01438

 

 

 

 

 

 

 

2022 03 30

101/ШШ2022/01438

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин суух, Тайж овогт Д.Х /рд:0/,

 

Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б.Э /рд:0/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах,*******-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 101/ШШ2021/09834 дүгээр захирамжаар Д.Х, Б.Э нараас 83,894,778 төгрөгийг гаргуулж Монголын ногоон санхүүгийн корпораци ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд Д.Х /0/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 тоот хаягт байрлах 153 м.кв талбайтай хувийн сууц, гараж мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын 99,876,000 төгрөгөөр, 0 м.кв талбайтай /гэрчилгээгүй/ үл хөдлөх эд хөрөнгө, хувийн өндөр хүчдэлийн шугам тогны КТП, гүнийн худаг, хаягдал ус хадгалах нөөцийн бетонон хийц бүхий бүрэн цутгамал сав /танк/ эдгээрийг 531,054,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байгаа тул гомдол гаргаж байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах зарим хөдлөх эд зүйлийг үнэлгээнд оруулаагүй. Иймд бидний хөрөнгийг хэт доогуур үнэлж бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа уг үнэлгээг гаргасан Виннэр вэй ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний 2 ширхэг тайлан буюу үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож, 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 101/ШШ2021/09834 дүгээр захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 101/ШШ2021/09834 дүгээр захирамжаар Д.Х, Б.Э нараас 83,894,778 төгрөгийг гаргуулж Монголын ногоон санхүүгийн корпораци ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21260592 дугаартай тогтоолоор үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Х, Б.Э нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн бүртгэлийн 0 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 мкв талбайтай эзэмших эрхтэй газар түүний бүрдэл болон дагалдах хэсэг, 2018 онд баригдсан 64 мкв талбайтай /гэрчилгээгүй/ үл хөдлөх эд хөрөнгө, 0 мкв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байрлах 700 мкв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 21260592/03, 21260592/04 дугаартай тогтоолоор тус тус битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21260592/03, 21260592/04-161 дугаартай хураах тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч хуулийн этгээд хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/17 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Виннэр вэй ХХК- ийн шинжээч О.Б-Эийг томилоход 0 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө 99.876.000 төгрөгөөр, 0 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 531,054,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4-161/1479, 4-161/1480 дугаар албан бичгээр барьцаа хөрөнгүүдийн үнэлгээний тайланг, мэдэгдлийн хамт гардуулан өгч, тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 4-161/2134, 4-161/2136 тоот мэдэгдлүүд, 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 4-161/1480, 4-161/1479 тоот мэдэгдлүүд, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03673 дугаар шийдвэр, фото зураг,

- хариуцагчаас гаргасан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2021/08026 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03673 дугаар шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2021/09834 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсанд өөрчлөлт оруулах тухай захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00370 дугаар магадлал, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнлэгээний тайлан, мэдэгдлүүд зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Д.Х, Б.Э нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03673 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00370 дугаар магадлалаар Д.Х, Б.Э нараас 83,250,376 төгрөг гаргуулж Монголын ногоон санхүүгийн корпораци ББСБ ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох

-Д.Х-гын эзэмших эрх бүхий, №0 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 0, 0 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,

-Д.Х-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн, 0 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,

-Д.Х-ын эзэмших эрх бүхий, №0 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 0, 0 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар,

-Д.Х-гын өмчлөлийн, 0 м.кв талбайтай, хувийн сууц гараашийн зориулалттай, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 84-88, 91-94 дүгээр тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 574 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна. /хх-ийн 82-83, 89-90, 128, 129 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээр дурдсан нэр бүхий хөрөнгүүдийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21260592/03, 21260592/04 тоот тогтоолуудаар битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21260592/03, 21260592/03-161 тоот тогтоолуудаар хураажээ. /хх-ийн 96-102 дугаар тал/

 

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нар биелүүлээгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй буюу үнийн үлэмж зөрүүтэй, харилцан адилгүй санал ирүүлжээ. /хх-ийн 103-105 дугаар тал/

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/17 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 106-107 дугаар тал/

 

Битүүмжлэгдэж, хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа төлбөр төлөгч болон өмчлөгч нар нь өгөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн гэж үзнэ.

 

Шинжээч В В ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үнэлсэн байна. Үүнд, 0 м.кв талбайтай, хувийн сууц гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 99,876,000 төгрөгөөр үнэлсэн байна. Нэхэмжлэгч нар уг үнэлгээнд маргаагүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан. /хх-35-58, 108 дугаар тал/

 

Харин 0 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар, уг хаягт байршилтай, 462 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх хөрөнгүүдийг 531,054,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч маргаж байна. /хх-ийн 11-34, 109 дүгээр тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар В В ХХК-иас гаргасан үнэлгээг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4-161/1479, 4-161/1480 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат баталгаат шуудангаар хүргүүлж, мөн төлбөр төлөгч Б.Э-тэй 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр биечлэн уулзаж тус тус мэдэгджээ. /хх-ийн 7-8, 110 ар тал, 111 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Х, Б.Э нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч В В ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч нараас хэрэгт баримтаар гаргасан фото зургуудыг үндэслэн шинжээчийг үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь 0 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай эзэмших эрхтэй газар, уг хаягт байршилтай, 462 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх хөрөнгүүдэд байгаа цэвэр бохир усны эд зүйлийг үнэлээгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд үнэлж буй хөрөнгийн төлөв байдалд ...462 м.кв хувийн сууц нь 3 давхар, уг барилга нь цутгамал бетон суурьтай, холимог бетон бус зүрхэвчтэй блок, тоосгон ханатай, склад болон үйлдвэрийн заал ган төмөр хийцлэлтэй сендвичэн хучилттай, оффисийн хэсэг цутгамал бетон хучилттай...нам даралтын халаалттай, цэвэр бохирын бие даасан системтэй, 150 метр гүн гүний худаг, 120 м.куб багтаамжтай бохирын цооногтой болохыг тодорхой тусгаж үнэлсэн байна.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үндсэн хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх орчны шинжилгээ, өртгийн хандлагын үнэлгээний тооцоо, орлогын хандлагын үнэлгээний тооцоо, зах зээлийн хандлагын тооцоо зэргийг судалж, үнэлгээ гаргахтай холбоотой Монгол Улсын хууль, стандарт зэргийг мөрдлөг болгон дүгнэлтээ гаргасан байна.

 

Мөн нэхэмжлэгч нар нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний хөрөнгийн үнэлгээг үнэлсэн В В ХХК-ийн дүгнэлтийг мэдсэн атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулагдахыг нэхэмжлэгч нарт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-161/2134, 4-161/2136 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

Шүүхэд нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдэд анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөрөнгийн үнэлгээний В В ХХК-иас гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч В в  ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох В В ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Х, Б.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ