| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/0246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/376 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/376
2025 02 04 2025/ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,
улсын яллагч Н.Дамбадаржаа,
шүүгдэгч Ч нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч-т холбогдох эрүүгийн 2409 03479 2199 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудлын автобусны буудлын Жи-Эс 25 сүлжээ дэлгүүрийн гадна талд хохирогч Б ий автомашин дотроос айфон 13 загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.325.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “0” гэх нэртэй угаалгын газрын ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч Н эзэмшлийн Самсунг эс-23 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 990.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэж бусдад нийт 2.945.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би яг он сараа сайн мэдэхгүй байна. бүдэг бадаг санаж байна. анх би 7 буудлын 24 цагаар ажилладаг цагаан өнгөтэй машинаас нэг утас авсан. Дараа нь угаалгын газраас бас нэг утас авсан. Сүүлд нь цай авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би БНХАУ-аас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бараагаа татаад ирсэн байсан юм. Тэгээд Хятад улсаас ирсэн бараагаа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудлын Ч хоолны газрын коридор хэсэгт хураасан байсан юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 ширхэг ногоон дөрвөлжин хайрцагтай 180 ширхэг жимстэй сүүтэй цайгаа хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Улаан өнгийн хайрцагтай дотроо 30 ширхэгтэй, Монгол улсад 1 ширхгийг нь 3500 төгрөгөөр зардаг. Шуудай дотроо нийт 6 хайрцаг байсан ба 1 хайрцаг дотроо 30 ширхэгтэй савтай жимстэй сүүтэй цай нийт 180 ширхэг алдагдсан, нийт 630.000 төгрөгийн үнэ бүхий зүйл алдсан ... ...яг дотроо бол хяналтын камер байхгүй, гадна камерын бичлэг байгаа. Манай савтай жимстэй цайг хулгайлсан хүн нь нүүрнийхээ зүүн талын чамархай хэсэгт шивээстэй 7 буудлаар архи уугаад яваад байдаг Ч гэдэг хүн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 33 дугаар хуудас),
Хохирогч Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудлын GS25 дэлгүүрт бараа буулгаж байх үед 00 00 цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хаалга нь онгорхой түгжээгүй байсан, тухайн үед тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод үл таних хүн миний гар утсыг хулгайлсан байсан. Хөх өнгийн Айфоне 13 маркийн гар утас 2024 оны 04 дүгээр сард хувь хүнээс 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо гар утсаа 1.100.000 төгрөгөөр үнэлж байна. Имей код мэдэхгүй. Камер байсан GS25-ийн хяналтын камерын оичлэгийг шалгахад хар куртик, хар өмд, цагаан пүүзтэй 40 орчим насны согтуу гудамжны юм шиг хүн байсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-126 дугаар хуудас),
Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 09 цагийн үед 6 буудлын лиг хувцас угаалгын төвд ажил дээрээ ирээд өрөөндөө гар утсаа орхиод душ цэвэрлэх ажил хийчхээд буцаад өрөөндөө ирэх үед миний гар утас алга болсон байсан. Тэгээд ажлын газрын хяналтын камерыг даргаар шүүлгэж үзэхэд нэг танихгүй цэнхэр хувцастай эрэгтэй хүн миний өрөө лүү ороод гарч байгаа дүрс бичигдсэн байсан. Иймээс цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 162-167 дугаар хуудас),
Шүүгдэгч Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би энэ зун хүнд зодуулснаас хойш архи уугаад согтохоороо өөрийнхөө хийсэн үйлдлээ санахгүй болоод байгаа юм аа, ямар ч байсан миний санаж байгаагаар тэр хайрцагтай цайг аваад хүмүүст тараачихсан юм шиг байсан. Би өөрийгөө яг сайн мэдэхгүй байна, надаас тэр цайнаас авсан хүн нь энэ чинь хугацаа нь дууссан цай байна шүү дээ гэж хэлээд надад буцаагаад өгчихсөн. Би тэр цайг хаанаас яаж авснаа сайн мэдэхгүй байгаа, нэг дэлгүүрээс л авчихсан юм шиг байсан, камерын бичлэгийг нь харахад би аваад гарж байгаа бичигдсэн байсан. Би сүүлийн үед архи уугаад согтчихоороо болсон зүйлийг санахгүй байгаад байгаа, их мартамхай болсон. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би тэр цайг зараад архи уух л зорилготой авсан байх аа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-40 дугаар хуудас),
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлбан (хавтаст хэргийн 131-140 дугаар хуудас),
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 114-118 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 161-162, 172-179 хуудас),
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас),
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 785 дугаар “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 63-94, 188-192 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Ч нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч ” нэртэй түргэн хоолны газраас 180 ширхэг бүхий хайрцагтай жимстэй цайг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудлын автобусны буудлын Жи-Эс 25 сүлжээ дэлгүүрийн гадна талд хохирогч Б ий автомашин дотроос айфон 13 загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.325.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “0” гэх нэртэй угаалгын газрын ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч Н эзэмшлийн Самсунг эс-23 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 990.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэж бусдад нийт 2.945.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч ” нэртэй түргэн хоолны газраас 180 ширхэг бүхий хайрцагтай жимстэй цайг авч 630.000 төгрөгийн хохирол,
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудлын автобусны буудлын Жи-Эс 25 сүлжээ дэлгүүрийн гадна талд хохирогч Б ий автомашин дотроос айфон 13 загварын гар утсыг авч 1.325.000 төгрөгийн хохирол,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “0” гэх нэртэй угаалгын газрын ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч Н эзэмшлийн Самсунг эс-23 гар утсыг авч, 990.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.
“Дамно Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т-ын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 180 ширхэгтэй нэг хайрцаг жимстэй цайг 630.000 төгрөгөөр, хохирогч Б ий эзэмшлийн I phone 13 загварын гар утсыг 1.325.000 төгрөгөөр, хохирогч Н эзэмшлийн Samsung s23 маркийн гар утсыг 990.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Ч нь хохирогч Т-ын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 180 ширхэгтэй нэг хайрцаг жимстэй цай, хохирогч Б ий эзэмшлийн I phone 13 загварын гар утас, хохирогч Н эзэмшлийн Samsung s23 маркийн гар утас зэргийг авсан байх бөгөөд тухайн хохирогч Т-ын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 180 ширхэгтэй нэг хайрцаг жимстэй цайг 630.000 төгрөгөөр, хохирогч Б ий эзэмшлийн I phone 13 загварын гар утсыг 1.325.000 төгрөгөөр, хохирогч Н эзэмшлийн Samsung s23 маркийн гар утсыг 990.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч нь хохирогч Т-ын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 180 ширхэгтэй нэг хайрцаг жимстэй цай, хохирогч Б ий эзэмшлийн I phone 13 загварын гар утас, хохирогч Н эзэмшлийн Samsung s23 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч Ч нь дээрх гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь Ч нь амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлтээс болж гарчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ч-ээс 2.945.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т-т 630.000 төгрөг, хохирогч Б д 1.325.000 төгрөг, хохирогч Н-д990.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Ч-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч дүгнэлтдээ: “Хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байна, хохирол төлөгдөөгүй байгаа тул хорих ял оногдуулах боломжгүй байна. Мужаан мэргэжилтэй тул ажил хийх боломжтой гэж үзэж, 11 сар 20 хоногийн хугацаанд хорих ял оногдуулах саналтай байна, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 62 хоногийг хасаж, хэрэгт нотлох баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди-г хадгалах саналтай байна.” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” гэж заасан.
Шүүгдэгч Ч-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд 9 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд, нөгөөтэйгүүр эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх ёстой.
Шүүгдэгч Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдөөгүй, урьд 9 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй зэрэг хувийн байдлыг үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журмалан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-т оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурван ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ч-т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-т оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ээс 2.945.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т-т 630.000 төгрөг, хохирогч Б д 1.325.000 төгрөг, хохирогч Н-д990.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурван ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Ч-т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ