Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/34

 

Г.Буяндэлгэрт холбогдох  

                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                  Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                  

                                                                        Д.Буянжаргал                               

                  Оролцогчид

                  Прокурор                                     В.Батдэлгэр

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/147 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цороос овогт Гэжээгийн Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 1931004230034  дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1978 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг Бүүргийн 3-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай  Цороос овогт Гэжээгийн Буяндэлгэр /РД:М078Ю2918/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Буяндэлгэр нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 77 ширхэг 6.8 метр куб хуурай нарс мод бэлтгэж, 18-35 СЭА улсын дугаартай “Samsung” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 1.468.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.Буяндэлгэрт холбогдох хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/147 дугаартай шүүгчийн захирамжаар:  

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цороос овогт Гэжээгийн Буяндэлгэрт холбогдох 1931004230034 тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Шүүгдэгч Г.Буяндэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй, З.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн их биетэй, цахилгаан хөрөөг хэргийн хамт Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж, 18-35 СЭА “Samsung SY110” маркийн тээврийн хэрэгсэл, 77 ширхэг 6.8м3 хуурай нарс мод зэргийг битүүмжилсэн тогтоол хэвээр болохыг дурдсугай...” гээд, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцэлдээ: ... хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

...Г.Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 1931004230034 дугаартай хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан нотлох баримтууд гэж үзэж байна. Тодруулбал мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор. мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно”, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьчилан тодруулна” гэж заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 11, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганболдыг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгүүлэхээр тус тус тогтоол үйлдсэн байна. /хх-ийн 48, 53 дугаар хуудас / Шинжээчээр томилогдсон М.Ганболд нь мөрдөгчийн тогтоолыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх, үүрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын талаар танилцсаны үндсэн дээр шинжилгээ хийж, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18-04-015/13, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт шинжилгээний 18-04-015/04 дугаартай щинжээчийн дүгнэлтүүдийг гаргажээ.

Дээрх дүгнэлтэд “...Иргэн Г.Буяндэлгэрийн бэлтгэж, тээвэрлэж явсан мод нь нарс төрлийн хуурай 77 ширхэг мод байх бөгөөд эзлэхүүн нь 6.8м3 болж байна БОАЖ сайдын 2009 оны 12 дэдаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг м3 нарс модны үнэлгээг 120.000 төгрөг байхаар тогтоосон байдаг бөгөөд иргэн Р.Баярбаясгалангийн бэлтгэсэн 6.8 м3 нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 6.8 м3 х 120.000 х 1.8 = 1.468.800 төгрөг болж байна. /1.8-хэрэглээний бөөрөнхий мод, гуалингийн итгэлцүүр/” гэсэн байна. Ш.Буяндэлгэрийн үйлдлийн улмаас ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон экологи эдийн засгийн үнэлгээнд үндэслэж Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогтоор 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18-04-003/52 дугаартай акт үйлдүүлж хавтаст хэрэгт хавсаргасан.

Мөн захирамжид “...шинжээчийн дүгнэлтийг яллагдагчид танилцуулалгүй, мөрдөн байцаагч танилцаад хүлээн авсан нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан заалтыг зөрчин Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолгүйгээр мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, мөн 27.7 дугаар зүйлийн 3-т заасан “Шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг оролцогч нарт танилцуулж, энэ тухай оролцогчоос тавьсан хүсэлт, асуулт хариултын талаар тэмдэглэлд тусгана” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нарт танилцуулж, оролцогч нар нь санал хүсэлт байхгүй талаар танилцуулсан тэмдэглэл хавтаст хэргийн 48-51, 54-65 дугаар хуудсанд тус тус авагдсан байна. Иймд шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг танилцуулах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд заасны дагуу хийгдэж, ямар нэг байдлаар оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавараар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын тогтоох хэсэгт Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг прокуро даалгасны дагуу мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Сундуйсүрэн нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Иймд шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/147 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж хуульд нийцсэн. Шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Г.Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 1931004230034 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:   

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол болон 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын М.Ганболд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №18-04-015/13 тоот /хх-ийн 48-49-р ху/, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 18-04-015/04 тоот /хх-ийн 54-55-р ху/ дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1-д ....Шүүх, прокурор мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно... гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганболдыг шинжээчээр томилж Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд заасан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй холбоогүйгээр түүний эзэмшсэн  тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь  хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэвч Монгол улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4-д 3...ойг нөхөн сэргээх, ...ойд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох...” гэж Сум дундын болон сум дүүргийн ой ангийн эрх, үүргийг тодорхойлон заасан, шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18-04-015/04 тоот /хх-ийн 54-55-р ху/ нэмэлт дүгнэлтийг шүүгдэгчид танилцуулаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэнд ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тшаалын 1-р хавсралтанд заасан итгэлцүүрийг зөв хэрэглэсэн эсэх асуудлаар талууд маргаантай, харилцан эсрэг сонирхолтой, шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн  эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно...,

...1.2. шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн...”; гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийн заалтыг хүлээн авах боломжгүй байна.

Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагч шинжээчийн дээрхи дүгнэлтүүдийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18-04-003/52 тоот Модны нөхөн төлбөрийн актаар 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 “...байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах...”,

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 “...хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх...”,

10.12.2 “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн заалтуудыг удирдлага болгон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно..., 1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр...”, гэсэн заалтыг баримтлан нөхөн төлбөр оногдуулж, актыг шүүгдэгчид танилцуулалгүйгээр цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 ”Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана”, 14.2 “Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэсэн  шүүгдэгчийн хяналт шалгалтын талаар гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл болсон байна.  

Харин Г.Буяндэлгэрт холбогдох эрүүгийн хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрүүгийн ахлах мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, улмаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3-д заасныг баримтлан хэргийг эдийн засгийн ахлах мөрдөгчид шилжүүлж улмаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын  прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт даалгаж, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн заалтыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн  2020/ШЗ/147 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн  2020/ШЗ/147 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосгай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

       ШҮҮГЧИД                Ц.АМАРЖАРГАЛ                                                                                Д.БУЯНЖАРГАЛ