Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 205

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч У.Солонго,

          Шүүгдэгч Т.Ууганбаатар,  

          Шүүгдэгч Г.Буян-Өлзий, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батдулам /ҮД:1409/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Харчин овогт Галбадрахын Буян-Өлзий, Нуур боржин овогт Таасайн Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн 201726010737 дугаартай, 188/2017/0246/Э индекстэй  хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт :   

            Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, дүү түүний эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25-25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Харчин овогт Галбадрахын Буян-Өлзий /РД:УВ72061111/,

 

            Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ах, түүний эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 11-221 тоотод оршин суух,

          2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар,

          2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Нуур боржин овогт Таасайн Ууганбаатар /РД:ЧВ74090731/,

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Г.Буян-Өлзий, Т.Ууганбаатар нар архидан согтуурсан үедээ бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Драгон” зочид буудал руу хууль бусаар нэвтрэн орж улмаар 207 тоот өрөөний хананд өлгөөтэй байсан 32 инчийн “Конка” маркийн зурагтыг хулгайлж 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 

          -Шүүгдэгч Г.Буян-Өлзий-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үдээс хойш Ууганбаатартай таараад бид хоёр архи уусан халсан байсан болохоор юм ярьж байгаад тэндээ 0,5 литрийн архи нэг шилийг хувааж уусан. Би согтоод цаашаа юу болсон талаар санахгүй бүдэг бадаг, зарим үйлдлээ л санаж байна. Миний санаж байгаагаар дүү Буянбаатарын ажил дээр ирчихсэн манаачийнх нь байран дотор орж суугаад ардаа 32 инчийн зурагт түшүүлээд тавьсан байсан. Нэг мэдэхэд нэг машинтай хүнд энэ зурагтыг хямдхан аваач, хавтгай зурагт хэдэд өгөхийн гэхэд нь 20,000 төгрөгөөр ав гэхэд 10,000 төгрөг байна гээд зурагтыг 10,000 төгрөгт өгч байсанаа санаж байна. ...Би хар өнгийн брюкен өмдтэй, ногоон цамцтай, улаан өнгийн пүүзтэй явсан. ...Камерын бичлэг дээрх хүн би мөн байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35, 37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            -Шүүгдэгч Т.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Буяа архи ууж согтсон, архины халуундаа Драгон буудал руу орж зурагтыг нь авч гараад зарсан. Бид хоёр их согтсон байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна. Санаж байгаагаар би буудлын шатаар уначих гээд уруудаж байсан, буудлаас гарчихсан Буяа миний дээлэнд зурагт ороогоод тэвэрсэн явж байсан. Буяагийн дүүгийн ажил дээр очоод зурагтыг орон дээр гаргаж тавьж байсан.  Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. ...Надад үзүүлж байгаа бичлэг дээрх хүн би мөн байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            -Хохирогч Ч.Энхчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед ресепшин Наранцэцэг утасдаж 207 тоот өрөөний хананд өлгөөтэй байсан 32 инчийн Конка маркийн зурагт алдагдсан байна, та ирээд хяналтын камер шүүгээд өгөөч гэснээр би ажил дээр ирж буудлын 207 тоот өрөө болон дотор үүд, гадна үүдний камеруудыг шүүж үзсэн. 2017 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 02 цаг 20 минутын орчимд хоёр согтуу үл таних эрэгтэй хүн гаднаас орж ирээд 207 тоот өрөө рүү орж 20 гаруй минут болоод 02 цаг 48 минутын орчим гарч явсан нь бичигдсэн байсан. ...Буудлын өрөөнүүд хүнгүй үед цоожтой байлгадаг. 207 тоотыг захиалж орчихоод захиалгаа цуцлаад гарахдаа надад өрөөний түлхүүрийг үлдээсэн. Би тэр үед өрөөг шалгаагүй тэр чигт нь орхиод, цоожлоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 х/

 

            -Гэрч Б.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ээлжтэй байсан бөгөөд 01 цагийн үед миний нойр хүрээд үүдний ширээний ард 03 цаг хүртэл унтсан. Надаас гадна цэвэрлэгч Ягаанцэцэг хамт хоносон. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 08 цаг 40 минутын үед цэвэрлэгч Ягаанцэцэг 207 тоотод хүн хоносон байна, архи уусан бохир заваан байна та дээшээ гараад хар гэхээр нь би 207 тоот өрөөнд орж харахад хананд өлгөөтэй байсан 32 инчийн Конка маркийн зурагт байхгүй, ширээн дээр хоосон архины шил тамхины хайрцаг байсан. Буудалд хоносон хүмүүсээс хулгайлсан байж магадгүй гэж бодоод зохион байгуулагч Энхчулуун руу утасдаж хэлээд хяналтын камер шалгахаар болсон. Зурагтыг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр захирал Энхээ 550,000 төгрөгөөр худалдан авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 х/

 

            -Гэрч П.Ягаанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ресепшин Наранцэцэгийн хамт ээлжинд гарсан, би шөнө 00 цаг өнгөрөөд унтсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад босч буудлын өрөөнүүдээ цэвэрлэсэн. 207 тоот өрөөний хаалга онгорхой байхаар нь ороод харсан чинь ширээн дээр нь архины шил, шалан дээр угаалгын нунтаг асгасан байдалтай байсан. ...Ресепшин Наранцэцэг эгчийг дуудаад өрөөнд хүн орсон уу гэж асуухад ороогүй гэсэн ба бид хоёр хамтдаа 207 тоот өрөө рүү ороход Наранцэцэг эгч хананд байсан зурагт байхгүй байна гэсэн. ...Би шөнө унтаж байсан болохоор гаднаас хулгайч орж ирж байхыг анзаараагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 х/

 

-Гэрч Г.Буянбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Энхжингийн баруун талд хоёрдогч түүхий эд авдаг. 2017 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ажлынхаа манаачийн байранд ганцаараа хоносон. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө босоод байж байхад 07-08 цагийн үед миний төрсөн ах Буян-Өлзий танихгүй эрэгтэй хүний хамт ирээд хар өнгөтэй 32 инчийн хавтгай зурагт тэвэрсэн байсан. Би юун зурагт яах гэж байгаа юм гэж асуухад зарах гэж байгаа юм намайг авах уу гэхээр нь авахгүй гэж хэлсэн. Буян-Өлзий манай том ах болохоор би нэг шил архи авч өгөөд гурвуулаа ууж сууж байгаад би дэлгүүр лүү тамхинд яваад эргээд ирэхэд тэр хоёр явчихсан байсан. Зурагтаа хаана хэнд зарсаныг мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/

 

  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14 х/
  • Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 х/
  • Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16 х/

зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

           

Г.Буян-Өлзий, Т.Ууганбаатар нарын “Драгон” зочид буудал руу онгорхой байхад нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй орж, хоёрдугаар давхрын өрөөнөөс зурагт нууцаар авч гарсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангаж байгаа тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тэдгээрийн үйлдэлд тохирсон, шүүхээс уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Хувийн байдлын талаарх нотлох баримтууд :

  - Гэрч Г.Буянбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Буян-Өлзий эхээс наймуулаа, айлын том хүүхэд. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж цэцэрлэгээр хүмүүжиж, 7 настайдаа сургуульд орж суралцаад 8 дугаар ангийг төгссөн. Тэгээд шувуун фабрикийн 120-р цэргийн ангид жолоочоор 6 жил гаруй ажиллаж байгаад нийтийн тээврийн автобусны жолоочоор 20 гаруй жил ажилласан. Буян-Өлзий урьд гэмт хэрэгт  холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй, зан чанарын хувьд төлөв даруу, элдэв муу зан авиргүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 х/

 

- Гэрч О.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ууганбаатар ах хүнтэй илэн далангүй, нийтэч, хүний арга эвийг сайн олдог, төлөв даруу, ямар нэгэн муу зан авиргүй, ажилсаг хүн. Ууганбаатар ах ганцаараа амьдарч байгаа, өөрийн гэсэн орох оронгүй, архинд их орсон, ах дүү нарынхаараа хэсэж амьдардаг. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/

            - Т.Ууганбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 х/

            - Т.Ууганбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 х/

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50 х/

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-53 х/

            - Г.Буян-Өлзий-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 х/

            - Г.Буян-Өлзий-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 х/,

- Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 58 х/ зэргээс дүгнэлт хийхэд Т.Ууганбаатар 2004, 2008 онуудад хөнгөн, хүндэвтэр гэмт хэргүүдэд ял шийтгүүлж, сүүлийн хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялаа биечлэн эдлээд 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан тул түүний ялтай хугацаа 2009 оны Өршөөлийн хуульд хамрагдсан, Г.Буян-Өлзий урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хохирлын талаарх баримтууд :

            - Хохирол барагдуулсныг батлах баримт /хх-ийн 72 х/-аар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын төлбөрт өөр зурагт худалдан авч өгсөн, хохирогч талаас хохирол бүрэн барагдсан, гомдол санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Ууганбаатар, Г.Буян-Өлзий нарыг бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэж үзэх боломжтой.

 

          Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг бүрэн арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

        Т.Ууганбаатар, Г.Буян-Өлзий нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанараар их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн болон хувийн бусад байдал зэргийг харгалзан тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

        Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

          Уг гэмт хэргийн хохирогчоор “Драгон констракшн” ХХК-г тогтоох байтал тус компаний ажилтан Ч.Энхчулууныг тогтоосон нь хуульд нийцээгүй боловч, тус хуулийн этгээдээс Ч.Энхчулууныг тухайн байгууллагад ажилд томилсон тушаал /хх-ийн 69 х/, тус компанийн дэд захирлын “зохион байгуулагчийг түр орлон ажиллах” тушаал  /хх-ийн 68 х/ зэрэг баримтуудаар Ч.Энхчулуун тус хэрэгт хохирогч байгууллагыг төлөөлөн оролцох эрхтэй болох нь тогтоогдсон, хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан нь хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан баримтаар тус тус нотлогдож байгаа, дээрх хохирогчийг буруу тогтоосон ажиллагааны улмаас хохирогч, шүүгдэгч талуудын эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй тул шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Харчин овогт Галбадрахын Буян-Өлзий, Нуур боржин овогт Таасайн Ууганбаатар нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Ууганбаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

          Г.Буян-Өлзийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Ууганбаатар, Г.Буян-Өлзий нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Ялтан Т.Ууганбаатар, Г.Буян-Өлзий нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Ууганбаатар, Г.Буян-Өлзий нарт тус бүрт нь оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Ууганбаатар, Г.Буян-Өлзий нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ