Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0813

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б****

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 334 дугаар Б**** ХХК-д MV-018764 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, нэхэмжлэгч О.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн О.Б***** нь тус шүүхэд хандан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 334 дугаартай Б... ХХК-д MV-018764 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Гоелоги уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр “Б...” ХХК-д 13713А дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн гол нэртэй газарт 351 гектар талбайг олгосон.[1]

2.2 Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-

ны өдрийн 350 дугаар шийдвэрийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 75 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2015 оны 764 дүгээр шийдвэрийг илт хууль бусад тооцсоныг бүртгэсэн байна.[2]

2.3. Б....ХХК-иас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандаж “13713А дугаар тусгай зөвшөөрөл бүхий 351 га талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2.4. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.... ХХК-ийн эзэмшиж байсан 13713А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий 351 га талбай дээр үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн.[3]

2.5. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 334 дүгээр Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай шийдвэрээр Б.... ХХК-ийн 13713А тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж[4], 2015 оны 387 дугаартай шийдвэрээр MV-013713 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр MV-18764 тоот гэрчилгээ, хавсралтуудыг нөхөн олгожээ.[5]

2.6. Тусгай зөвшөөрлийг сэргээн олгосноос хойш буюу 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 629 дүгээр шийдвэрээр Б... ХХК-ийн MV-018764 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 350.91 гектар талбайгаас 223.47 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 127.44 гектар талбайг MV-018764 дугаар зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэсэн.[6]

2.7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 110 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2015 оны 120, 289 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай Б... ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн 110.97 га талбайн солбицолд өөрчлөлт оруулжээ. [7]

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай” 334 дугаар шийдвэртэй маргаж буй үндэслэлээ “...уул уурхайн компани хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй байдлаас болж агаар, хөрс, гол, гүний ус, ой мод, амьтанд хохирол учруулж байгаа..., Б... ХХК нь голын ай савд тулгаж олборлолд хийж урт нэртэй хууль зөрчдөг, малчин иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг...тусгай зөвшөөрлийн талбайгаас гадна үйл ажиллагаа явуулж байгаа, аюулгүй ажиллагааны норм стандарт байхгүй...” гэх зэрэг агуулгаар маргаж байна

2.9. Хариуцагчийн зүгээс “... Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын зүгээс “...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэ тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн,...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг хуульчилж өгсөн бөгөөд Б... ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна,... маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хуульд нийцсэн...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын иргэн С... овогтой О.Б... миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар баг Бөөрөлжүүтэд оршин сууж амьдардаг. Манай Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар баг. Бөөрөлжүүтийн нутаг "Шар суваг", "Бүрэгтээ" гэх газруудад 20 гаруй жил олон уул, уурхайн компаниуд алтны олборлолтын үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Эдгээр уул уурхайн компаниуд нь хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэн ажиллахгүй, хариуцлагагүй байгаагаас шалтгаалан нутгийн иргэд бидний оршин суугаа газрын бүрэн бүтэн байдал маань жил ирэх тусам улам доройтсоор байна. Үүнээс хамгийн их хэмжээгээр агаар, хөрс, газрын хэвлий, гол, гүний ус, ой мод, ургамал, амьтанд хор уршиг, хохирол учруулж байгаа нь "Б...." ХХК юм. "Б..." ХХК нь дараах ноцтой зөрчлүүдийг гаргаж байна. Үүнд: 1. Зөвшөөрөгдсөн талбайдаа үйл ажиллагаа явуулахгүй голын ай сав тулгаж олборлолтыг өнөөдрийг хүртэл урт нэртэй хуулийг зөрчин явуулж байна. 2. Өөрийн талбай дээрээ бусад ААНБ-ыг хууль бусаар ажиллуулдаг. Ямар ч аюулгүй ажиллагааны норм стандарт мөрддөггүй, харуул хамгаалалтгүй олон тооны нух, үүсгэснээс карьер нурж 4 хүний амь үрэгдсэн. 3. Энэ уурхайг тойроод ойр орчимд 20 гаруй өрхийн 150 гаруй иргэд, малчид малаа маллан амьдарч байгаагийн дийлэнх нь өндөр настан, хүүхдүүд байна. Тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрх болон бодит нөхцөл энд байхгүй болсон.  Тус компани нь нөхөн сэргээлтийг явуулаагүй үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгагдан бүрэн тогтоогдсон хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хариуцлагаас санаатайгаар зайлсхийж ял завшсан. Манай нутаг түүхийн болон байгалийн үзэсгэлэнтэй газруудтай төдийгүй зэргэлдээ сум нутгийн байгалийн цогцолборт газруудыг үзэх гадаад, дотоодын аялал жуулчлалын төвлөрсөн замыг дамжин өнгөрдөг. Тус компанийн уурхайн зүй бус олборлолт, буруутай үйлдлээс шалтгаалан зам харгуйг эвдэж, гэмтээж байгаагаас аялагчдын машин техник эвдрэх, осолд орох тохиолдол эрс нэмэгдэж байгаад нутгийн иргэд бид маш их эмзэглэж байна. Мөн тус олборлолт хийж байгаа газарт нэлэнхүйдээ эрт дээр үеэс уламжлагдан ирсэн нэн ховор эмийн ургамлын эх үндэс болон нэн ховор ан, амьтантай байсан ч одоо бүр мөсөн устаж үгүй болж байна. Түүнчлэн түүхийн үнэт өв болсон дээдэс, ноёдын хиргэсүүр байдаг ч устаж үгүй болж байгааг төр засаг анхаарч үзэхийг хүсэж байна. Байгаль орчны тэнцвэрт байдал эрүүл, аюулгүй орчин гэх зүйлийн энд ярих ямар ч нөхцөлгүй болсон тул хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа "Б...." ХХК-ийн энэхүү байдалд шалгалт дүгнэлт хийж уурхайн үйл ажиллагааг зогcoox. лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авч эх нутгийг минь болон тэнд үе удмаараа амьдарч байгаа энгийн малчин иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж амьдрах нөхцөлийг хангаж өгөхийг хүсэж Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт, өргөдөл гаргаж хариуг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 6/ 2754 дугаартай бичгээр өгсөн... Голын ай сав одоог хүртэл ухаад л байж байна. Энэ жилдээ зогсоолгоё гэж бодсон ч дийлсэнгүй. Соёл-Эрдэнэ энэ талбай дээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа. Аюулгүй ажиллагааны норм стандарт байхгүй. 4 хүний амь нас үрэгдсэн асуудал ч байдаг. Хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж сумын цагдаа нь эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Аймгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Энэ байгууллага 127 га талбайд үйл ажиллагаа явуулаад тэндээ нөөцгүй болчихсон. Лицензтэй талбайгаас гадна үйл ажиллагаа явуулаад байна тиймээс зөвшөөрлийг нь цуцлуулмаар байна. Голын ай сав ухаж, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөрчиж байгаа хүн байгаа юм. Голынхоо голдирлыг ухаад байгаа учраас тусгай зөвшөөрлийг нь цуцалж өгөөч. Иймд "Б..." ХХК нь илтэд хууль бус үйл ажиллагаа явуулж, хуулийг ноцтойгоор зорчиж байна. "Б..." ХХК-д олгогдсон ашиглалтын лиценз бүхий захиргааны акт нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул тус лиценз олгосон актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

3.2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байрлах "Бөөрөлжүүтийн гол-1" нэртэй 351 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хуссан өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 32-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-013713 тоот тусгай зөвшөөрлийг "Б..." ХХК-д олгосон байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 75 дугаар шийдвэрээс Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр / 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг илт хууль бусад тооцсоныг бүртгэсэн байна Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрх шийдвэрлэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 256 дугаар тушаалыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр MV- 018764 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтуудыг нөхөн олгосон байна. Тус компаниас ирүүлсэн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 629 дүгээр шийдвэрээр 350.91 гектар тусгай зөвшөөрлийн талбайгаас 223.47 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 127.44 гектар тэмдэглэсэн байна талбайг MV-018764 тоот тусгай зөвшөөрлийн хавсралтад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг хуульчилж өгсөн бөгөөд "Б...." ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-018764 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэр нь захиргааны ерөнхий хууль болон холбогдох ямар хуулийн зохицуулалтыг хэрхэн зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Дээрх шийдвэрийг гаргахдаа хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 91 дүгээр шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн шийдвэрлэсэн. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны  5 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай 334 дугаартай шийдвэрийн эрх зүйн үндэслэлээс үзвэл голлох үндэслэл нь  Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 91 дүгээр шийдвэр байна.

2.  Маргаж буй захиргааны актыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

3. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 91 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Б....” ХХК-ийн эзэмшиж байсан 13713А дугаар тусгай зөвшөөрөл бүхий 351 га талбай дээр үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.[8]

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэсэн хэм хэмжээ болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 91 дүгээр шийдвэрээс үзэхэд, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуульд заасан чиг үүргийн хүрээнд Б.... ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

5.Түүнчлэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахад энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн хяналтын хүрээ нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 91 дүгээр шийдвэрээр хязгаарлагдана.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад анхан шатны шүүх нь “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан бөгөөд шүүх “захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд (a) маргаан бүхий акт хууль бус байх, (б) түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх, (в) захиргааны акт болон субьектив эрхийн зөрчил шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байх учиртай.

7. Шүүхээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны  5 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай 334 дугаартай шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан гэж дүгнэсэн энэ тохиолдолд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй.

8. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 110 дугаар Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай шийдвэр болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 629 дугаар Тусгай зөвшөөрлийн олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай[9] шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэсэн болно.

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 334 дугаар Б... ХХК-д MV-018764 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Маргаан бүхий захиргааны акт нь Б... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу, түүнийг биелүүлэх зорилгоор гарсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул Б.... ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

11. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасан байх тул мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийн хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Б**** гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дугаартай Б... ХХК-д MV-018764 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 48 дахь тал

[2] Хх 47 дахь тал

[3] Хх 78 дахь тал

[4] Хх 46 дахь тал

[5] Хх 42-43 дахь тал

[6] Хх 41 дэх тал

[7] Хх 35 дахь тал

[8] Хх 86 дахь тал

[9] Хх 41 дэх тал