Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2017/00372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............................., Х-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......................................... тоотод оршин суух, 46 настай, эрэгтэй, Ц.н Бд /РД: ххххххххххххххххх/ холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 286.116.426,61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир,

Хариуцагч Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б нь тус банктай 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1540000052 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан Ххххххххххххххххххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг барьцаалан 153.414 ам долларыг 15 жилийн хугацаатай зээлж авсан.

Гэрээний дагуу 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үндсэн зээл 44.319 ам доллар, зээлийн хүү 80.862 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 19.39 ам доллар, нийт 125.201 ам долларыг төлсөн.

Ц.Б нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зээлийн төлөлт огт хийгээгүй 243 хоног болсон ба банкны зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан. Банкин дээр Ц.Б ирэхгүй байсан тул шуудангаар гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлэхэд хүлээн авсан бөгөөд гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн баримтаа нэхэмжлэлд хавсаргасан.

Бид Ц.Бод шийдвэр ам доллараар гарлаа, та зээл авах уу гэхэд авна гэж зөвшөөрсөн тул зээлийг олгосон. Ц.Б нь орон сууц худалдан авах гэж байгаа хэмээн материалаа бүрдүүлж манай банкнаас зээл авсан бөгөөд зээлийг зориулалтын бусаар авто машины худалдаанд зарцуулсан байна.

Банкны зүгээс Ц.Бод зээлээ төлөх талаар мэдэгдэхэд хариу өгдөггүй байсан бөгөөд банкинд ам долларын ханшийг зээл авсан үеийн ханшаар тооцон төлөхтэй холбоотой өргөдөл өгөөгүй. Өгсөн бол хариу өгөх бөгөөд банкны зүгээс үүнийг зөвшөөрөх боломжгүй.

Энэ хүнд зээл ав гэж тулгаагүй, монгол төгрөгөөр зээл хүсээд шийдвэр нь ам доллараар гарсан бол тухайн зээлдэгчид мэдэгдээд ам доллараар зээлээ авахыг зөвшөөрсөн тохиолдолд олгодог. Энэ журмын дагуу Ц.Бод зээл олгосон.

2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Ц.Б нь үндсэн зээл 109.094,4 ам доллар буюу 259.824.677,76 төгрөг, зээлийн хүү 10.968,20 ам доллар буюу 26.122.413,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71.10 ам доллар буюу 169.335,32 төгрөг, нийт 120.133,7 ам доллар буюу 286.116.426,61 төгрөгийг төлөхөөр байгаа.

Иймд Ц.Боос зээлийн гэрээний үүрэгт 120.133,7 ам доллар буюу 286.116.426,61 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү. Ам долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 12381.65 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна.

Ц.Бын 120.133,7 ам долларыг зээл авах үеийн буюу 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ханш болох 1285.64 төгрөгөөр тооцон 154.448.690 төгрөг төлнө гэснийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн нь Ц.Бын зээлэнд хамааралгүй гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х нь надад холбогдуулан зээлийн төлбөр 286.116.426,61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж хангуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ц.Б миний бие 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хтай барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулан Хххххххххххххххххххххххххххххххдугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг барьцаалан 153.414 ам долларыг 15 жилийн хугацаатай зээлж авсан.

Уг зээлийн гэрээний дагуу 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үндсэн зээл 44.319 ам доллар, зээлийн хүү 80.862 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 19.39 ам доллар, нийт 125.201 ам долларыг төлсөн.

Ц.Б миний бие авто машины худалдаа эрхэлдэг бөгөөд төгрөгийн ам доллартай харьцах ханш огцом өссөний улмаас худалдан борлуулж байсан авто машинуудын үнэ Хинд төлөх төлбөрт зарцуулагдсан.

Анх зээл авах үед 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ам долларын төгрөгтэй харьцах ханш 1285.64 төгрөг байсан бөгөөд Хны нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн ам долларын төгрөгтэй харьцах ханш 2381.65 төгрөг болж валютын ханш өссөний улмаас огт олгогдоогүй мөнгө төлөх болоод байна.

Хны удирдлагад ам долларын ханшийг анх зээл авах үеийн буюу 1285.64 төгрөгт тооцон төлөх хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сар болон 12 дугаар саруудад гаргасан ч хариуг өгөөгүй.

Би Хнаас монгол төгрөгөөр зээлийн хүсэлт гаргахад зээлийн хороо ам доллараар зээл олгохоор шийдсэн байсан ба Японтой авто машин худалдан авах гэрээ байгуулсан, Японоос эхний ээлжийн авто машинууд ачигдсан, яаралтай мөнгөний хэрэг гарсан байсан тул Хнаас зээл авсан.

Үндсэн зээл 109.094,4 ам доллар, зээлийн хүү 10.968,20 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 71.10 ам доллар, нийт 120.133,7 ам доллар төлөхтэй маргахгүй байгаа бөгөөд энэ мөнгийг зээл авах үеийн буюу үүрэг үүсэх үеийн 1285.64 төгрөгөөр тооцон 154.448.690 төгрөгийг Хинд төлөх хүсэлтэй байна.

Зээлийн төлбөр 120.133,7 ам доллар нэхэмжлэл гаргах үеийн буюу 2381.65 төгрөгт тооцон 286.116.426,61 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Ц.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 286.116.426,61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/үндсэн зээл 109.094,4 ам доллар буюу 259.824.677,76 төгрөг, зээлийн хүү 10.968,20 ам доллар буюу 26.122.413,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71.10 ам доллар буюу 169.335,32 төгрөг, нийт 120.133,7 ам доллар буюу 286.116.426,61 төгрөг/

 

Нэхэмжлэгч нь 1 ам долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 2381.65 төгрөгөөр тодорхойлон нэхэмжилж байна.

 

Хариуцагч Ц.Б нь Ххххххххххххххххххххххххххххххх тоотод байрлах, 152.4 м.кв талбайтай, 242.011.200 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авах зориулалтаар Хтай 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1540000052 тоот зээлийн болон баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж 153.414 ам долларыг жилийн 13.56 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 7-20, 46-52, 75-76 дугаар тал/

 

Зээлийн барьцаанд хариуцагч Ц.Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 44-6 дугаар байр, 196 тоотод байршилтай, 152.4 м.кв талбайтай, 4 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2204038184 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

/ХХ-ийн 7-20, 46-52, 75-76 дугаар тал/

 

Хариуцагч Ц.Бын өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 12-13 дугаар тал/

 

Хариуцагч Ц.Б нь Ххххххххххххххххххххххххххххххх тоотод байрлах, 152.4 м.кв талбайтай, 242.011.200 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авах зориулалтаар 193.608.960 төгрөгийг 15 жилийн хугацаатай зээлэх орон сууц худалдан авах зээлийн өргөдлийг Хинд гаргасан байх ба 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн удирдлагын дэд хорооны тогтоолоор түүнд 153.414 ам долларыг 180 сарын хугацаагаар олгохоор шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 75-76 дугаар тал/

 

Зээлдүүлэгч Х нь зээлдэгч төгрөгөөр зээл хүсэн зээлийн хороо ам доллараар зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тухайн иргэн ам доллараар зээл авахаар зөвшөөрсөн тохиолдолд зээлийг олгодог талаараа тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Х болон хариуцагч Ц.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж зааснаар зээлээр авсан мөнгөний ханш түүнийг эргүүлэн төлөхөөс өмнө өөрчлөгдсөн, өссөн ба буурсан явдал зээлийг буцаан төлөх мөнгөний дүнд хамаарахгүй.

Зээлийн гэрээний талууд ханшны өөрчлөлтийг харилцан тооцохоор тохиролцсон бол гэрээний нөхцлийн дагуу үүрэг биелүүлэх үед ханшны өөрчлөлтийг харгалзан тооцох болох бөгөөд талууд 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээндээ ханшны өөрчлөлтийг харгалзан зээлийг төлөх талаар тохиролцоогүй, гэрээний 1.9 болон 1.14-т зээлийг ам доллараар төлөхөөр, ам долларын ханшийг зээл төлөх өдрийн ам долларын төгрөгт харьцах ханшаар тооцож төлөхөөр харилцан тохирч гэрээг байгуулсан байна.

Гадаад валютын зээлийн үүргийг тухайн валютаар нь гүйцэтгэх ба хэрвээ уг мөнгийг монгол төгрөгөөр гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэх үеийн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох ба тухайн үеийн гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийг ойлгоно.

Иймд зээлийн гэрээний үүргийг зээл байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 1285.64 төгрөгөөр тооцох боломжгүй байх ба харин нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 2381.65 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагч Ц.Б нь зээл, зээлийн хүүнд 2011 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс хойш 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 44.319,60 ам доллар, зээлийн хүү 80.862,07 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 19.39 ам доллар, нийт 125.201,06 ам долларыг төлсөн байх ба тэрээр үүнээс хойш хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байгаа болно.

Ц.Б нь орон сууц худалдан авах зориулалтаар зээл хүсч өргөдөл гаргасныг банк хүлээн зөвшөөрч зээл олгосон атал тэрээр зээлийг зориулалт бусаар буюу авто машин худалдах, худалдан авах хэрэгцээнд зарцуулсан байгааг дурьдлаа.

 

Зээлдэгч буюу хариуцагч Ц.Б нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул гэрээг цуцлах эрх бүхий этгээд болох банк гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрээг цуцлах мэдэгдлийг Ц.Бод хүргүүлсэн байх ба тэрээр олгосон хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй тул банк гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусаж байх ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нэмэгдүүлсэн хүү буюу урьд өмнө төлүүлсэн 19.39 ам доллар, нэхэмжилсэн 71.10 ам доллар, нийт 90.49 ам долларыг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм.

 

Хариуцагч Ц.Б нь үндсэн зээл 109.094,4 ам доллар буюу 259.824.677,76 төгрөг, зээлийн хүү 10.968,20 ам доллар буюу 26.122.413,53 төгрөг, нийт 120.062,6 ам доллар буюу 285.947.091 төгрөгийг төлөх үндэслэлтэй ч үүнээс Ц.Боор гэрээний хугацаанд төлүүлсэн нэмэгдүүлсэн хүү 19.39 ам доллар буюу 46.181 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Ц.Боос 285.900.910,29 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 215.516,32 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар хариуцагч Ц.Боос 285.900.910,29 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 215.516,32 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.588.532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Боос 1.587.454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд Б..................................дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН