2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/447

 

 

   2025         02           10                                          2025/ШЦТ/447

                                                                                               

                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч С.Аюушжав, шүүгч М.Солонгоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,

иргэдийн төлөөлөгч М.Лхагвагарам, Д.Манал,

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн,

шүүгдэгч З нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б, З нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00475 2387 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б , Монгол Улсын иргэн,

2. З , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б  нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 0 тоотод өөрийн төрсөн эцэг М-ийг “гэрээс гарах гэж байхад унт гэлээ” хэмээн маргалдаж, улмаар хохирогч М-ийн хэвлийн тус газар нь ахуйн хэрэглээний хутгаар нэг удаа хатгаж, хутгалсаны улмаас биед нь хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б  нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “0” буудлын ресепшний өрөөнөөс иргэн Э-ийн “Самсунг А-51” маркийн гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б, З нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны Б1 давхарт иргэн Ө-ийн байршуулсан “Х” брендийн мопедыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

Шүүгдэгч Зшүүхийн хэлэлцүүлэгт: “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б-тай хамт явж байгаад мопед аваад дэлгүүрт 30.000 барьцаанд тавьсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн 01 дүгээр гудамжны 08 тоотод эхнэр н.О, хүүхэд Б, Х нарын хамтаар оршин суудаг юм. Одоогийн байдлаар хоёр бага хүүхэд маань цэрэгт явсан гэртээ байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байсан, цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна, том өрөөндөө байж байхад манай хүү Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрийнхээ хаалгаар орж гараад байсан. Тэгэхээр нь би Б ыг унтаж хэвт гэсэн чинь үгэнд орохгүй тэр хавиар яваад байсан. ...Тухайн үед манай эхнэр хоол хийх гээд том өрөөндеө хутгаараа мах хөшиглөөд зогсож байсан. Би том өрөөнөөсөө жижиг өрөөид ороод буцаж өрөөнд орж ирэхэд манай эхнэр “Б ыг хутга авчихлаа” гээд орилсон. Тэгсэн манай хүүхэд Б  миний өөдөөс хүрч ирээд гэдэс рүү хутгатай гараараа нэг удаа дүрчихсэн ба тэр үед Х хүрч ирээд Б ын гарнаас намайг дүрсэн хутгыг нь булаагаад авсан. Ингээд би өөрийн  дугаарын утсаар 102 болон 103 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №5600 дугаар: “...М-ийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын: “...Б  нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох удирдан хянах чадвартай байсан байна. Б  нь үйлдсэн хэргийн үйлдлээ зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай байна...” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас),

Хохирогч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 0 буудлын 203 тоот өрөөнд үйлчлүүлж байсан, н.И гэж бүртгүүлсэн хар өнгийн биеийн тамирын цамц, цэнхэр өнгийн саравчтай малгай өмссөн 30 гаруй насны эрэгтэй хоногоор өрөө аваад өглөө 06 цагийн үед гарч явах үедээ манай буудлын ресепшний өрөөний өрөөг онгойлгон орж, түлхүүр аваад гар утас хулгайлаад гараад явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байгаа. Тэр залуу РД-аа буруу хэлсэн байна лээ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас),

Хохирогч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Х загварын мопедоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны Б1 давхарт байршуулаад хөдөө явсан. Ингээд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирэхэд миний мопед хулгайд алдагдсан байсан тул би хяналтын камер шүүж үзэхэд үл таних хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн залуу хулгайлаад түрээд явж байгаа бичлэг байсан. ...Би мопедоо олж авсан тул ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас),

Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо “0” нэртэй хүнсний дэлгүүр дээрээ ажлаа хийгээд байж байтал гаднаас зүс таних тухайн газрын ойр хавиар архи уугаад яваад байдаг хоёр залуу орж ирсэн. ...Ингээд тэр хоёр залуу надаас “архи зээлээч” гэж гуйхаар нь би өгөхгүй гэсэн. Тэгтэл надад “барьцаанд мопедоо тавьж болох уу” гэж асуухаар нь би хэний эзэмшлийн мопед юм гэж асуухад Б гэх залуу нь “миний эзэмшлийнх” гэж хэлсэн. Ингээд дэлгүүрээс гарч мопедыг нь үзээд 30.000 төгрөгтэй дүйцэх архи болон идэх зүйл авсан. Харин би мопедыг нь хашаандаа оруулж тавьсан. Хар өнгөтэй Х брендийн мопед байсан. ...Тэгтэл 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хулгайн эд зүйл байсныгмрдээд хохирогчид нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 196 дугаар хуудас),

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 214-216 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл(1 дүгээр хавтаст хэргийн 140 дугаар хуудас),

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 166-169 дүгээр хуудас),

Хохирогч М-ийн “... цаашид гомдол, санал байхгүй” гэх гар бичмэл (1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

Б ын СЭМҮТ-өөр үйлчлүүлсэн мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 73, 245 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 83, 100 дугаар хуудас),

Б ын Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 84-99, 101-118 дугаар хуудас), Э хохирлоо барагдуулсан гэх мессежний скрийншот (1 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б  нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 0 тоотод өөрийн төрсөн эцэг М-ийг “гэрээс гарах гэж байхад унт гэлээ” хэмээн маргалдаж, улмаар хохирогч М-ийн хэвлийн тус газар нь ахуйн хэрэглээний хутгаар нэг удаа хатгаж, хутгалсаны улмаас биед нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б  нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “0” буудлын ресепшний өрөөнөөс иргэн Э-ийн “Самсунг А-51” маркийн гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б , З нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны Б1 давхарт иргэн Ө-ийн байршуулсан “Х” брендийн мопедыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б , З нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иргэдийн төлөөлөгч нар “гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан.  

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б  нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 0 тоотод өөрийн төрсөн эцэг М-ийг “гэрээс гарах гэж байхад унт гэлээ” хэмээн маргалдаж, улмаар хохирогч М-ийн хэвлийн тус газар нь хутгалж гэмтэл учруулсан байна.  

Хохирогч М Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5600 дугаар дүгнэлтээр “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Шүүгдэгч Б  нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “0” буудлын ресепшний өрөөнөөс иргэн Э-ийн “Самсунг А-51” маркийн гар утсыг авч, 390.000 төгрөгийн хохирол,

мөн шүүгдэгч Б , З нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны Б1 давхарт иргэн Ө-ийн байршуулсан “Х” брендийн мопедыг авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт байна.

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Ө-ийн эзэмшлийн Honda брендийн мопедыг 1.600.000 төгрөгөөр, хохирогч Э-ийн эзэмшлийн Samsung galaxy a51 загварын гар утсыг 390.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан үйлдэл гаргасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх нь зүйтэй.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б  нь хохирогчийн хэвлийн тус газарт хутгалсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч М Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5600 дугаар дүгнэлтээр “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.

Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Б  нь хохирогч М зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б  нь хохирогч М хэвлийн тус газарт нь хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

Хулгайлах гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Б  ганцаараа хохирогч Ө-ийн эзэмшлийн Honda брендийн мопедыг, шүүгдэгч Б , шүүгдэгч З нар нь бүлэглэн хохирогч Э-ийн эзэмшлийн Samsung galaxy a51 загварын гар утас зэргийг авсан байх бөгөөд тухайн хохирогч Ө-ийн эзэмшлийн Honda брендийн мопедыг 1.600.000 төгрөгөөр, хохирогч Э-ийн эзэмшлийн Samsung galaxy a51 загварын гар утсыг 390.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б  нь хохирогч Э-ийн эзэмшлийн Samsung galaxy a51 загварын гар утсыг, мөн шүүгдэгч З-тай бүлэглэн хохирогч Ө-ийн эзэмшлийн Honda брендийн мопед зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заасан ба шүүгдэгч Б  нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан, мөн шүүгдэгч Б , Знар нь санаатай нэгдэж хохирогч Ө-ийн эзэмшлийн Honda брендийн мопедыг авсан байна.  

Иймд шүүгдэгч Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч нар “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Хэрэг гарах болсон шалгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Б , Знар нь архи согтууруулах ундааны хамааралтайгаас болж гарчээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хохирогч Ө нь өөрийн эзэмшлийн мопедыг мөрдөн шалгах ажиллагаанд эрүүлэн авсан, мөн шүүгдэгч Б  нь хохирогч Э-д д 390.000 төгрөгийг төлсөн, хохирогч М гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Б , З нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэдийгээр хохирогч М нь гомдол, саналгүй гэх боловч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б, З нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч “Шүүгдэгч Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, шүүгдэгч З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял тус тус оноож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай.” гэх саналыг,

Шүүгдэгч Б ын өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Б  нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруу дээр маргаагүй. Хохирогч гомдол саналгүй байгаа. Мопедоо буцааж авсан гомдол саналгүй, Э-ийн гар утсыг төлсөн, хохирол төлбөр төлөгдсөн, 2011 онд 145.2-р эрүүгийн хариуцлага хүлээж дууссан, урьд ялаа эдэлж дуусаад 4 жил өнгөрсөн байна. Хүний биед хүнд гэмтэл учруулсны хувьд шалтгаан нөхцөл байгаа. Миний үйлчлүүлэгчийн СЭМҮТ-д 6 удаа эмчлүүлсэн байдал нь нөлөөлсөн үйлдэл байгаа. Б аав нь гомдол саналгүй, хөдөлмөрийн чадвар алдаагүй байгаа. Хохиролгүй, гомдол саналгүй байгаа байдлыг харж үзээд 3 жил 4 сарын хорих ялыг оноож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-1 сонгох санкцтай байгаа тул үйлдэл тус бүрд нь 480 цаг нийтэд тустай ажил нэмж нэгтгээд 3 жил 6 сарын хорих ялыг оноож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч З “70 гарсан ээждээ тус дэм болдог. Хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б , Знарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Б ын өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүхээс шүүгдэгч Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу төрсөн эцгийн эсрэг үйлдсэн, түүнд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн архи согтууруулах ундааны донтолттой гэх хувийн байдлыг харгалзаад өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хутгаар буюу хүйтэн зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу амь насанд аюултай гэмтэл учруулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч М гомдол, саналгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзээд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 05 жил хорих ял,

мөн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга хэлбэр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч Ө , Э нарт хохирол төлбөрийг барагдуулсан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч З-ны гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга хэлбэр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч Ө т хохирол төлбөрийг барагдуулсан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзээд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 06 жил 06 сарын хугацаагаар тогтоов.  

Шүүгдэгч Б , З нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ын цагдан хоригдсон 63 хоног, шүүгдэгч З-ны цагдан хоригдсон 67 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцов.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б , З нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б , З нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 05 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 06 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Б , З нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ын цагдан хоригдсон 63 хоног, шүүгдэгч З-ны цагдан хоригдсон 67 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хохирогч М нь гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

9. Шүүгдэгч Б , З нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б , З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                              ШҮҮГЧ                                      М.ТҮМЭННАСТ

                    

 

                                         ШҮҮГЧИД                                     С.АЮУШЖАВ

 

 

                                                                                                М.СОЛОНГОО