2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/534

 

               

 

  2025            02            19                                         2025/ШЦТ/534

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор,

улсын яллагч Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б өд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411 02594 1889 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 0 төвөөс процессор 5 ширхэг, суурин компьютерын дэлгэц 1 ширхэг, процессорын видео график карт 43 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 58.586.950 төгрөгийн буюу их хэмжээний хохирол урчуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани ... төвийг 2023 оны 06 дугаар сард нээсэн, түүний доор В1 давхарт 2024 оны 04 дүгээр сард нээсэн юм. Өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр автомат тоглоомын арын бууны цоожтой модон өрөөнд хураасан байсан процессоруудаас хүнд нэг ширхэг график карт гаргаж өгөх гээд өрөөг нээгээд үзэхэд грфак карт нь байхгүй дахиад өөр хэдэн процессоруудын доторхыг үзэхэд мөн адил алга болсон байхаар нь цагдаа дуудсан. Тухайн өрөөн дотор давхарлаад өрсөн нийт 48 ширхэг процессор байх ёстойгоос 43 ширхэг байсан бөгөөд тухайн 43 процессоруудын график картууд байхгүй, 5 ширхэг процессор алга болсон байна. Арын өрөөнд хяналтын камер байхгүй байхгүй, урд тоглоомын зааланд хяналтын камер байдаг бөгөөд тухайн камер 2024 оны 09-р сарын 22-23-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад тасарсан, манай төв рүү орж ирэхэд заавал CU25 дэлгүүрээр дамждаг бөгөөд тус дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд манай компанийн сантехник хариуцсан засварчин Б  гэх залуу орж ирээд тог таслаад буцаж гараад процессор авч гарч байгаа нь бичигдсэн байсан. Тухайн залууг авсан байх гэж бодож байна, өөр авсан байх магадлалтай хүн байхгүй. Тоглоомын төв рүү урдаасаа ордог байсан ч засвар хийгээд орох хаалгыг битүүлсэн болохоор зүүн тийш харсан CU25 дэлгүүрийн хаалгаар орж ирдэг, ариун цэврийн өрөө дундаа болохоор хаалга өдөртөө онгорхой, ажлын бус цагаар зөвхөн CU25 дэлгүүрийн ажилчид түлхүүрээр ордог. Арын процессор байсан өрөөний нэг түлхүүр касс хэсэгт хананд өлгөөтэй байдаг, нэг нь менежерт байдаг. Одоо манайхаас нийт 5 ширхэг процессор, В1 давхраас нэг ширхэг суурин компьютерын дэлгэц, 43 процессорын видео график карт алдагдсан. Процессоруудыг анх 2024 оны 01 дүгээр сард шинээр нь нэг ширхгийг 3.500.000 орчим төгрөгөөр авсан. Asus intel core i5-12400f, ASUS H610 Motherboard загварын процессор байсан бөгөөд 5 ширхэг нь нийт 17.500.000 төгрөг, дэлгэцийг 2024 оны 01 дүгээр сард 1.100.000 төгрөгөөр авсан. Процессоруудын график карт нь нэг нь 1.200.000 төгрөгийн үнэтэй, Asus ATS-RTX4060 загварын картууд нийтдээ 48 ширхэг карт алдагдсан гэхээр 57.600.000 төгрөг, ингээд нийт 76.200.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн алдагдсан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би энэ залуутай өмнө нь уулзаж байсан. Би хувиараа гэрийн тавилга хийдэг бөгөөд мөн компьютер сонирхдог болохоор засаж сэлбээд зардаг юм. 2024 оны 07-р сард би график карт авахаар өөрийн “ ” нэртэй фэйсбүүкээр график карт авна гэж зар тавьсан. Зарын дагуу энэ залуу скайтелын дугаараас холбогдож өөрийнхөө нэг ширхэг график картыг зарах гэж байна та хэдээр авах вэ гэхээр нь худалдаж авахаар болсон яг хэдэн төгрөгт гэдгийг санахгүй байна. Үүний дараа процессор байна та авах уу гэхээр нь үнэ тохироод 4-5 орчим процессорыг авсан. Нийтдээ 4, 5 орчим график карт, 4 орчим тооны процессор, 2 ширхэг дэлгэцийн хамт авсан. Эдгээр эд зүйлийг нэг дор өгөөгүй 2024 оны 07 дугаар сард анх холбогдож аваад 09 дүгээр сарын сүүл хүртэл хугацаанд цувуулаад өгч авалцсан, ойролцоогоор 8 сая гаруй төгрөг өгсөн байх. Тэр залуу эдгээр эд зүйлийг өөрийнхөө картыг зарж байгаа гэж хэлсэн, сүүлд процессор зарахдаа манай РС тоглоомын газар бууж байгаа гэж хэлсэн. Би өөрийн Хас банкны 0 тоот данснаас Б Худалдаа хөгжлийн банкны 0 тоот данс руу шилжүүлсэн. Хамгийн эхний гүйлгээ 2024 оны 07 дүгээр сарын 19-ний өдөр 200.000 төгрөг шилжүүлж, дараа нь 500.000, 300.000, 07 дугаар сарын 25-ны өдөр 1 сая, 07 дугаар сарын 28-ны өдөр 300.000, 1 сая зэргээр 09 дүгээр сарын сүүл хүртэл хэд хэдэн гүйлгээ хийсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 30 дугаар хуудас),

Гэрч Т-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Монгол Улсын Их Сургуулийн урд байх Кибер захад С-2 дугаартай лангууг компьютерын худалдаа, программ хангамж чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 10 гаруй жил болж байна. Б гэх хүний зургийг харлаа сайн танихгүй юм байна. Би дансны хулгаа шалгахад Худалдаа хөгжпийн банкны 0тоот Б гэх хүний данс руу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1.300.000 төгрөг, 08 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөг, 08 дугаар сарын 15-ны өдөр 2 сая төгөргийг GPU 4060 гэсэн утгатайгаар өөрийн Хаан банкны 0 тоот данснаас шилжүүлсэн байна... Үүнээс хойш бас хэд хэдэн удаа компьютерын график карт, болон 2 процессор авсан санагдаж байна. Нийт 6 карт, 2 процессорыг 5.200.000 төгрөгт авсан. Фэйсбүүк дээр энэ залуу график карт зарна гэсэн зар оруулсан байсны дагуу би холбогдож авсан, зах зээлийн үнээс хямдхан байхаар нь яагаад ийм хямдхан зарж байгаа талаар асуухад ямар ч асуудал байхгүй ахаа, би өөрөө РС тоглоомын газар ажиллуулдаг түрээсийн төлбөрөө өгөх гээд хямд зарж байгаа, та авчих...” гэж хэлсэн, тэр залуутай өмнө нь уулзаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 36 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 4 дүгээр хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 5-20 дугаар хуудас),

Гэрч Б-ийн Хас банкны 0тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтас хэргийн 32-34 дүгээр хуудас),

Т-ын  Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтас хэргийн 38-40 дүгээр хуудас)

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтас хэргийн 41-45 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтэсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баясгалангийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт (хавтас хэргийн 51-55 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн ЧД1-24-1162 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 57-60 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи,  

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар хуудас),

            Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар хуудас),

            Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 0 төвөөс процессор 5 ширхэг, суурин компьютерын дэлгэц 1 ширхэг, процессорын видео график карт 43 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 58.586.950 төгрөгийн буюу их хэмжээний хохирол урчуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 0 төвөөс процессор 5 ширхэг, суурин компьютерын дэлгэц 1 ширхэг, процессорын видео график карт 43 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7/2024 тоот дүгнэлтээр Asus брендийн intel core 12400f маркийн 2024.01 сард шинээр нь дэлгэцийн хамт худалдаж авсан процессор, Asus брендийн суурийн компьютерын 2024.01 сард шинээр авсан дэлгэц, Asus ATS-RTX4060 процессорын график карт зэргийг нийт 58.586.950 төгрөгөөр үнэлсэн байна.

Мөн Б.Бэд зүйлийг авч байгаа нь камерын бичлэгт болон Б өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинж, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Шүүгдэгч Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 0 төвөөс процессор 5 ширхэг, суурин компьютерын дэлгэц 1 ширхэг, процессорын видео график карт 43 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийг “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч Б нь дээрх гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэргийг “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэргийн 65-66 дугаар хуудаст тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Түвшинбаярын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2411025941889 дүгээр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан...” гэсэн байх боловч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 893 дугаар “Яллах дүгнэлт”-ийн тогтоох хэсэгт “...үргэжилсэн үйлдлээр...” гэж дүгнэж, дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан гэдэг заалтыг оруулаагүй байна.

Шүүхээс зүйл, хэсгийг бичээгүй боловч “үргэлжилсэн үйлдлээр” гэж оруулсныг хуулийн заалтыг хэрэглэсэн буюу бичлэглэлийн техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэж, зөвтгөн шийдвэрлсэн болохыг, мөн цаашдаа Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Түвшинбаяр нь анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7/2024 тоот дүгнэлтээр Asus брендийн intel core 12400f маркийн 2024.01 сард шинээр нь дэлгэцийн хамт худалдаж авсан процессор, Asus брендийн суурийн компьютерын 2024.01 сард шинээр авсан дэлгэц, Asus ATS-RTX4060 процессорын график карт зэргийг нийт 58.586.950 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э д олгохоор шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хохирол төлбөр барагдуулахтай холбогдуулан ажлын 5 хоногоор завсарлуулах хүсэлтийг гаргаж, дээрх хугацаанд хохирол, төлбөрийг барагдуулаагүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Б 4 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол, төлбөр барагдаагүй, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 04 жилийн хугацааагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б 04 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-өөс 58.586.950 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э д олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                

 

                                                                     

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                     М.ТҮМЭННАСТ