| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/1025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/424 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шинжээч М.Э,
хохирогч С.Г, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Л.Лдорж,
шүүгдэгч Ё.П, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар,
шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
шүүгдэгч, иргэний хариуцагч “ЭЭХ” ХХК-ийн төлөөлөгч Ж.П, түүний өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208025541989 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овогт Ж-ийн П, Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ЭЭХ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, ялыг нэмж нэгтгэн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1043 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
2. Х овогт Н-ын С, Монгол Улсын иргэн, 1960 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын материалын үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
3. Ц овогт Ё-ийн П, Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.П, Ё.П, Н.С нар нь хохирогч С.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч С.Г, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Л.Лхагвадорж нараас хохирол нөхөн төлүүлэх байр суурьтайгаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан, шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудыг;
Шүүгдэгч Ж.П, түүний өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар хавтаст хэргийн 1-р хавтаст хэргийн 24-28, 206-211 дэх талд авагдсан нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Ё.П, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нараас хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нараас хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах зүйлгүй гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.П нь “ЭЭХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа:
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт, “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.” гэж, мөн зүйлийн 35.2 дахь хэсэгт “Ажил олгогч дотоодын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.” гэж тус тус заасныг зөрчиж хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас;
Шүүгдэгч Н.С нь “ЭЭХ” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженерээр ажиллаж байхдаа:
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг “Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
27.3.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” гэж,
28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.8 дахь заалт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж,
15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж тус заасныг зөрчиж хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас;
Шүүгдэгч Ё.П нь “ЭЭХ” ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа:
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл 18.2 дахь хэсэг “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна:
18.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;
18.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх;
18.2.6. ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших…
18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж,
Хөдөлмөрийн гэрээний 3.1 “...хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөх...” гэж тус тус заасныг зөрчиж хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЭЭХ” ХХК-ийн ажлын талбайд жолооч Ё.П нь базагчтай экскаватороор хаягдал төмөр трубаг ачааны машин дээр ачих явцад тухайн ачааны машин дээр өрж тавьсан хаягдал труба дээр байсан хохирогч С.Г нь трубанд даруулан унаж эрүүл мэндэд нь “давсгийн урагдал, шээсний сүвний тасрал, умдаг ясны хугарал, өсгий ясны хугарал, зүүн гуянд зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Хохирогчоос цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1-р хавтаст хэргийн 6 дахь тал),
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 7-11 дэх тал),
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 12-15 дахь тал),
- Хохирогч С.Г-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, Э ХХК-д жолоочоор 2022 оны 05 дугаар сарын 04-ний ажилд орсон юм. Э ХХК нь хаягдал түүхий эд буюу хаягдал төмөр авдаг компани байгаа юм. Ингээд би ажиллах хугацаандаа жолооч болон туслах ажилтан ачигч гэх зэрэг ажлуудыг хийж байсан. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр экскаваторын жолооч П-ийн ажил нь базагчтай экскаватораар ачааны машин дээр 100, 200 өргөнтэй, 10-12 см урттай төмөр трубаг ачихаар болоод намайг машин дээр гараад труба ачихад туслаарай гэхээр нь би труба ачиж байгаа машин дээр гараад ачааны машины тэвш дүүртэл 30 гаран трубаг экскаватораар өргөж ачсан юм. Тухайн үед экскаватораар Пийн авч ирсэн трубаг эмх цэгцтэй машин дээр ачиж байсан чинь хамгийн сүүлийн 200 өргөнтэй, 12 урттай том трубаг экскаваторын жолооч П нь надад хэлэхгүй ямар нэгэн анхааруулах дохио өгөхгүйгээр шууд ачааны машин дээр шидсэн чинь хураалгаастай байсан төмөр труба нь нураад би труба дунд бүсэлхий орчмоор дарагдаад машины тэвшин дээрээс газарт унасан. Тэгсэн чинь экскаваторын жолооч П миний дээр байсан төмөр трубаг түлхэж холдуулаад намайг өргөж босгох гэсэн чинь миний хоёр хөл ямар ч мэдээгүй би хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгээд намайг төмөрт даруулан унахыг харсан Л гэдэг залуу гүйж ирээд 103 дуудаж яаралтайгаар Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт яаралтайгаар давсагт цус хуралтай, шээсний сүв тасарсан, аарцаг задарсан, хөлийн өсгий бяцарсан, зүүн ташааны урд хэсэгт төмөрт дарагдаад няцарсан хөхөрсөн байдалтайгаар хагалгаанд орсон юм. Тухайн үед миний ажиллаж байсан компанийн захирал П байхгүй, гадагшаа явсан байсан. Тухайн үед захирлыг орлож байсан ХАБХА-ын инженер С, жолооч экскаваторын жолооч П нар захирлыг гадаадаас ирэхээр бүх асуудлыг шийдэж өгнө цагдаад битгий хэлээч гэж гуйгаад байхаар нь цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэгээд бас хагалгаа хийлгээд бие муу, ухаан орж гадаадад байсан учраас Гэмтлийн эмнэлэгт 2022 оны 05 дугаар сарын 25-аас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гарсан чинь захирал П, экскаваторын жолооч П нар надтай нэг ч удаа уулзахгүй эмчилгээний төлбөрт мөнгө өгөхгүй залгахаар утсаа авахгүй ганц нэг утсаа авахаар чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлээд миний эмчилгээний төлбөрийг өгөхгүй байна. ...Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Э ХХК-д жолоочийн албан тушаалд ажилд орсон. Анх жолоочоор ажилд орсон. Би ажиллах хугацаандаа жолооч болон туслах ажилтан ачигч гэх зэрэг ажлуудыг хийж байсан. Яг үнэндээ жолоочийн ажлыг хийгээгүй. Э ХХК нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер С гэдэг хүн байдаг. Надад 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ХАБ-ын зааварчилгаа өгөөгүй. Намайг ажиллах хугацаанд 1 удаа С аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр зуруулж байсан. ...Миний биеийн байдал хүнд байгаа. Босож явж ч чадахгүй, байнгын гуурстай байгаа. Яаралтай шээсний сүв залгуулах хагалгаанд орох шаардлагатай байна. Энэ хагалгааг Монгол улсад хийх боломжгүй гэсэн. Бүгд Найрамдах Солонгос улс руу материалаа явуулаад хариу нь ирсэн. Хагалгаа хийх боломжтой ч амь насанд аюултай, хүнд хагалгаа гэсэн. Хагалгааны зардалд 40 гаран сая төгрөг шаардлагатай гэж хариу ирсэн. Яаралтай л хагалгаанд ормоор байна. Улсын төв нэгдүгээр эмнэлгийн байнгын хяналтад байгаа. Биеийн байдлаас шалтгаалаад ажил хийх боломжгүй эдийн засгийн байдлаар ч хохирч байна. ЭЭХ ХХК-иас ч надтай холбогдохгүй байгаад гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 19-20, 2-р хавтаст хэргийн 183-184 дэх тал),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10832 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.С.Г-ийн биед давсгийн урагдал, шээсний сүвний тасрал, умдаг ясны хугарал, өсгий ясны хугарал, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх (1-р хавтаст хэргийн 32-33 дахь тал),
- “ЭЭХ” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, тус дэвтрийн хуулбар (1-р хавтаст хэргийн 40-67 дахь тал),
- “ЭЭХ” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа болон хувийн хэргийн хуулбар (1-р хавтаст хэргийн 156, 159-170 дахь тал),
- Шүүгдэгч Н.С, Ё.П нарын ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын газрын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 223-233 дахь тал),
- Хохирогч С.Г нь “ЭЭХ” ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 05-аас 25-ны хооронд жолооч болон ачигчаар ажиллаж байсан тухай тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 234 дэх тал),
- 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Асуулт 2. Хэрэв хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журам зааврыг зөрчсөн бол яг хэддүгээр зүйлийн хэдийн хэдэд заасан заалтыг зөрчсөн болохыг заалт нэг бүрээр нь тусгах?
Хариулт 2. MNS 4969-2000 “Сургалт зохион байгуулалт” стандартын 3.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэж заасныг,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 / аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, ...шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэсэн заалтыг тус тус хэрэгжүүлээгүй байна гэж үзэж болно.
Асуулт З. Хохирогч С.Г болон *** улсын дугаартай базагч экскаваторын жолооч Ё.П нь тухайн байгууллагын албан ёсны үндсэн ажилтан мөн эсэх? Эсвэл гэрээт ажилтан эсэх, ажилд орохдоо гэрээ байгуулсан эсэх?
Хариулт З.Хохирогч С.Г, жолооч Ё. П нар нь тухайн компанийн үндсэн ажилтан мөн байна.
"ЭЭХ” ХХК-ийн захирал Ж.П-ийн гарын үсэг бүхий 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10/48 дугаартай албан бичигт “С овогтой Г нь .... жолооч болон ачигчаар түр хугацаагаар ажиллахаар тохиролцон 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь үнэн болно" гэсэн байх ба хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.
Монгол улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-д “..Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн гаргуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно” гэснийг баримтлан С.Г-тай хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж болно.
Харин Ё.П нь тус компанийн захирал Ж.П-ийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0/1 дугаартай тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажилласан байна.
Асуулт 4. Тухайн үед талбай дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан хохирогч С.Г, жолооч Ё.П нарт хөдөлмөр хамгаалал аюулгүй, эрүүл ахуйн дүрэм журмын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан эсэх?
Хариулт 4.Тус компанийн эд мөрийн баримтаар хураагдсан “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр” гэсэн нэртэй саарал өнгийн дэвтрээс үзэхэд *2022 оны 05 дугаар сар” гэсэн хуудсанд С.Г, Ё.П нарын нэр бичигдэж, зааварчилгаа авсан хүний гарын үсэг гэсэн хэсэгт нэр бүхий ажилчдын гарын үсэг зурсан. Гэхдээ уг зааварчилгааг 05 дугаар сарын хэдний өдөр өгсөн нь тодорхойгүй байна.
Харин осол гарсан өдөр зааварчилга өгөөгүй байна гэж үзэж болно.
Асуулт 5.Тухайн нөхцөл байдалд ажил үүрэг гүйцэтгэж ажиллаж болох байсан эсэх?
Хариулт 5.Тус компанийн эд мөрийн баримтаар хураагдсан “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр” гэсэн нэртэй саарал өнгийн дэвтэрт “2022.05.25-ны 14,30 үед хашаанд бетондох талбай бэлтгэх зорилготой 500-ийн труба ачиж байсан. С.Г ачаан дээрээс унаж, бэртэл авсан. /Ф500 урт 1,5 см орчим урттай/ гэсэн байна.
Асуулт 6. Хохирогчийн бэртэж гэмтсэн шалтгаан нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнтэй холбоотой эсэх?
Хариулт 6. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар 30-ны өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 1.1-д /Энэхүү дүрэм нь ачаа өргөх кран болон ачаа өргөхөд зориулагдсан төхөөрөмж хэрэгсэл, сав баглаа, ослоос хамгаалах хэрэгслийг зохион бүтээх, үйлдвэрлэх, засварлах, шинэчлэлт хийх, ашиглахад тавигдах шаардлагыг тодорхойлно/ гэж заасан байх боловч мөн дүрмийн 1.3-д/ Дүрэмд доорх ачаа өргөх машин хамаарахгүй.
Үүнд: а) Далайн болон гол мөрний усан онгоц, бусад хөвөх байгууламж дээр суурилуулсан тусгай дүрмийн дагуу ажилладаг ачаа өргөх машин; б) Газар ухах төхөөрөмж, грейфертэй ажиллах зориулалтын экскаватор/ гэж заасан тул энэ дүрэм үйлчлэхгүй болно.
Тус компанийн эзэмшиж буй экскаватор нь техник ашиглалтын паспортгүй, “Огторгуйн бүтээл” ХХК-ийн өмчлөлийнх байна.
Гэхдээ тухайн үед автомашинд тухайн ачааг ачихдаа зориулалтын грейфер хэрэглэх өөрөөр хэлбэл базагч хошуу хэрэглэсэн нь осол гарахад нөлөөлсөн байж болно. /Хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын фото зураг/
Шинжээчид тавьсан асуулт 8,10-ын хариултыг үзнэ үү.
Асуулт 7. Тухайн ажил явагдаж байсан талбай дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хэвийн явагдаж байсан уу? Уг талбай дээр аюулгүйн зурвас, хамгаалалт байх ёстой юу?
Хариулт 7. Тухайн ажил явагдаж байсан талбай дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хэвийн явагдаж байсан эсэхийг одоо тогтоох боломжгүй байна. Уг талбай дээр аюулгүйн зурвас, хамгаалалт хийх эсэх талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалтгүй байна.
Асуулт 8. Хохирогч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмтэж бэртсэн үү?
Хариулт 8. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д "Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх",
18.2.2 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх” гэсэн заалтыг хохирогч хэрэгжүүлэх үүрэгтэй.
Тухайн үед хохирогч автомашинд ачаа ачих үед тэвшин дээр зогсож байсан байна.
Асуулт 9. Хохирогч, жолооч нарт хамгаалах малгай, хувцас зэргээр хангагдсан уу? Аюулгүй ажиллагааг өөрөө сахих үүрэгтэй байсан уу?
Хариулт 9. “Хөдөлмөрийн аюулгүй байдал.эрүүл ахуйн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтны түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй", НХХС-ын 2002 оны 122 дугаар тушаалаар баталсан” Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгох үлгэрчилсэн дүрэм”-д заасны дагуу ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгох бөгөөд осолдогчид ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Харин жолооч Ё.П-д улирлын хувцас олгосон гэж үзэж болно.
Асуулт 10.Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан *** улсын дугаартай экскаваторын жолооч Ё.П нь аюулгүй ажиллагааг сахин хангаж ажил үүрэг гүйцэтгэж байсан уу?
Хариулт 10. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/ гэснийг,
Мөн хуулийн 18.2.1./хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ.
Түүнчлэн “ Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.1-д “Ажилтан хөдөлмөрийн хууль тогтоомж болон компанийн Дотоод журам, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн тулд Хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн ажиллах, тухайн өдрийн ажлаас шалтгаалан ажил олгогчоос даалгасан ажил үүргийг гүйцэтгэж ажиллана” гэж заасан байх ба Ё.П нь аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үүргийг хүлээнэ.
Асуулт 11. Хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг С.Г, Ё.П нарт ажил үүргийн хувьд хэн өгөх ёстой байсан бэ?
Хариулт 11. Тус компанийн захирал Ж.П-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/26 дугаартай “Ажилд авах” тухай тушаалаар Н.С-г ХХАБ-н инженерийн ажилд томилж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байх ба мөн өдрийн 0/12 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2 дахь хэсэг “Ажил олгогчийн хүлээх үүрэг” гэсний 2.2-д “Ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс нь гэрээнд заагдсан ажлаар нь хангах, ажлын талаар зайлшгүй шаардлагатай зааварчилга өгнө” гэж заасан байна.
Тус компанийн эд мөрийн баримтаар хураагдсан “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр” гэсэн нэртэй саарал өнгийн дэвтрээс үзэхэд Н.С ажилчдад зааварчилга өгч байсан байна.
Асуулт 12. Хохирогчийн ажил үүрэг нь аюултай, эрсдэлтэй ажил мөн эсэх? Хэрэв тийм бол тухайн үед хөдөлмөр хамгааллын ямар дүрэм, журам стандартыг мөрдөх ёстой байсан болон хөдөлмөрийн ямар нөхцөлд ажиллаж байсан бэ?
Хариулт 12. Хэвийн нөхцөл. Шинжээчид тавьсан асуулт 10-ын хариултыг үзнэ үү.
Асуулт 13. Тус осол нь тээврийн хэрэгслийн механизм, тоноглол бүрэн бүтэн байдал, эсхүл жолоочийн буруутай үйлдлийн улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйлдлээс учирсан алин болох?
Хариулт 13. Уг экскаваторын бүрэн бүтэн байсан талаар хариулт өгөх боломжгүй байна.
Харин “ЭЭХ” ХХК-ийн захирал Ж.П болон Ё-н П нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 01/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3 дахь хэсгийн 3.1-д / хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллах, тухайн өдрийн ажлаас шалтгаалан ажил олгогчоос даалгасан ажил үүргийг гүйцэтгэж ажиллана/ гэж заасан байна...” гэсэн (2-р хавтаст хэргийн 33-37 дахь тал),
- 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/05 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “...Асуулт 2.1. Хохирогч С.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх?
Хариулт 2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 / “ажлын байр’’ гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/, Мөн 3.1.20 / “үйлдвэрлэлийн осол’’ гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/, 3.1.21 / “үйлдвэрлэлийн орчин’’ гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг/, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 / “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/ Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг/, 4.1.3 /"ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг/ гэж тус тус томьёолсон байдаг.
ЭЭХ ХХК-ийн ажил олгогч буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар 28 дугаар зүйлийн 28.1.11-д /Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх”/ заасан үүргээ биелүүлээгүй, тухайн ослыг мэдээлээгүй байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар ЭЭХ ХХК-ийн ажил олгогч нь 29 дүгээр зүйлийн 29.2 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна/-т заасны дагуу жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-ийн ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтсэн ослыг холбогдох газарт мэдээлэх, ослыг судлан бүртгэх, ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулах үүргээ тус тус биелүүлээгүй байна.
ЭЭХ ХХК-д жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байран дээрээ гэмтсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д хамаарагдах үйлдвэрлэлийн осол мөн болно.
Асуулт 2.2. Осол болох үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журам, заавар, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ, актын ямар зүйл, хэсэг, заалт зөрчигдсөн эсэх? Хэрэв зөрчигдсөн бол ямар зүйл, хэсэг, заалт зөрчигдсөн эсэх?
Хариулт 2.2. ЭЭХ ХХК нь хуулиар хүлээсэн дараах үүргээ биелүүлээгүйгээс осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Үүнд:
1. Эрүүгийн хэргийн 2208025541989 дугаартай хавтаст хэргээс үзэхэд ЭЭХ ХХК нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-т ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулаагүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг;
2. ЭЭХ XXК нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-т ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй./-ыг
3. ЭЭХ ХХК нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-ийг ажиллуулахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалтыг;
4. ЭЭХ ХХК нь үйл ажиллагааны болон ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм журам заавар боловсруулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалт /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх;/-ыг
5. ЭЭХ ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа байнгын хяналт тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина./-ыг, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй нь осол гарахад нөлөөлсөн.
Асуулт 2.3. Хэрэв Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам, заавар, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ, акт зөрчигдсөн бол ямар ажилтан, албан тушаалтан зөрчсөн бэ?
Хариулт 2.3. ЭЭХ ХХК-ийн ажил олгогч буюу захирал Ж.П нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-ийг ажиллуулахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй ажиллуулсан, ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтсэн ослыг холбогдох газарт мэдээлэх, ослыг судлан бүртгэх, ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулах үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
ЭЭХ ХХК-ийн ажил олгогч буюу захирал Ж.П нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/-т заасны дагуу 2020 оны 05-р сарын 25-ны өдрийн 01/26 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр Н.С-г томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна.
ЭЭХ ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Н.С нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-т ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулаагүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан, үйл ажиллагааны болон ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм журам заавар боловсруулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, 27.3.3, 27.3.4, 27.3.5, 27.3.6-т тус тус заасан үүргээ биелүүлж ажиллаагүй байна.
ЭЭХ ХХК-ийн жолооч Ё.П нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 8.2.16. /Автомашины бүхээг, тэвшинд хүмүүс байх нөхцөлд ачааг машины тэвш дээр буулгах, өргөхийг хориглоно./-д заасныг зөрчсөн байна.
ЭЭХ ХХК-ийн жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ зэрэг заалтуудыг зөрчсөн байна.
Асуулт 2.4. Тухайн осол нь ажил олгогч болон ажилтан нарын аль нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам, заавар, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ, акт зөрчсөний улмаас үйлдэгдсэн бэ?
Хариулт 2.4. ЭЭХ ХХК нь хуулиар хүлээсэн дараах үүргээ биелүүлээгүйгээс осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Үүнд:
1. Эрүүгийн хэргийн 2208025541989 дугаартай хавтаст хэргээс үзэхэд ЭЭХ ХХК нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-т ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулаагүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг;
2. ЭЭХ ХХК нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-т ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй./-ыг
3. ЭЭХ ХХК нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-ийг ажиллуулахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 /Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй/, 48.2 /Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй/ дахь заалтуудыг;
4. ЭЭХ ХХК нь үйл ажиллагааны болон ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм журам заавар боловсруулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалт /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх;/-ыг
5. ЭЭХ ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа байнгын хяналт тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина./-ыг, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй нь осол гарахад нөлөөлсөн.
Асуулт 2.5. ЭЭХ ХХК-ийн захирал Ж.П нь тус байгууллагын өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ерөнхий чиг үүрэг, удирдлагаар хангах, гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолтод хэрхэн тусгагдсан, гүйцэтгэх үндсэн үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдлыг хэрхэн хангасан болох?
Хариулт 2.5. ЭЭХ ХХК-ийн захирал буюу ажил олгогч Ж.П нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-т заасны дагуу байгууллагынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй.
ЭЭХ ХХК-ийн ажил олгогч буюу захирал Ж.П нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанаар Н.С-г 2020 оны 05-р сарын 25-ны өдрийн 01/26 дугаартай тушаалаар томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан байна.
Асуулт 2.6. Осол болох үед биедээ гэмтэл авсан С.Г-т ажил олгогчийн зүгээс ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах үүрэг хүлээх эсэх?
Хариулт 2.6. ЭЭХ ХХК нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-т ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй./-ыг зөрчсөн байна.
Асуулт 2.7. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Я.Д-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/02 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх?
Хариулт 2.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг дүгнэх талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд шинжээч Я.Д-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/02 дугаартай шинжээчийн дүгнэлт нь тухайн үед хавтаст хэрэгт авагдсан баримт материалд тулгуурлан өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлт байна.
Асуулт 2.8. Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолд асуулт болгон тавигдаагүй ч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал шинжилгээний явцад тогтоогдвол шинжээч дүгнэлтдээ нэмж тусгах?
Хариулт 2.8. Жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г нь ЭЭХ ХХК-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 /үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин/-т заасны дагуу нөхөн төлбөр гаргуулан авах эрхтэй.
Оролцогчоос асуусан нэмэлт асуулт:
Асуулт 2.9. Ажил олгогч нь Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан албан тушаалтныг томилон ажиллуулж цалин хөлс төлж байгаа тохиолдолд тухайн ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллуулах шууд үүргийг хэн хариуцах талаар тодорхойлох.
Хариулт 2.9. ЭЭХ ХХК-ийн захирал буюу ажил олгогч Ж.П нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-т заасны дагуу байгууллагынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй.
ЭЭХ ХХК-ийн ажил олгогч буюу захирал Ж.П нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар Н.Сг 2020 оны 05-р сарын 25-ны өдрийн 01/26 дугаартай тушаалаар томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан байна.
Асуулт 2.10. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр хангах үүрэгтэй боловч тухайн ажлыг гүйцэтгэхэд тусгайлан зориулагдсан хамгаалалтын хувцас хэрэглэл байдаг эсэх, байдаг бол энэ талаар мэргэжлийн зүгээс ажил олгогчид танилцуулах, хангуулахаар шаардах үүрэг нь хэнд байгаа, энэ үүргээ биелүүлсэн эсэх талаар тодорхойлох боломжтой эсэх?
Хариулт 2.10. ЭЭХ ХХК нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-т ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй./-ыг зөрчсөн байна.
ЭЭХ ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Н.С нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-т ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулаагүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан, үйл ажиллагааны болон ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм журам заавар боловсруулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, 27.3.3, 27.3.4, 27.3.5, 27.3.6-т тус тус заасан үүргээ биелүүлж ажиллаагүй байна.
Асуулт 2.11. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг танилцуулсан, танилцсанаа баталж гарын үсэг зурсан нь тухайн ажилтны хувьд уг дүрэм журмыг мөрдөж ажиллах шууд үүрэг үүссэнийг нотлох тул танилцуулсан дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд ажилтны буруутай үйлдэл байгааг тогтоох баримт болох эсэх. /Жич: Энэ талаар нийтлэг байдлаар хэрэгжүүлдэг талаар тайлбарлах/,
Хариулт 2.11. Эрүүгийн хэргийн 2208025541989 дугаартай хавтаст хэргээс үзэхэд ЭЭХ ХХК нь жолооч туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г-т ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамруулаагүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг зөрчсөн байна.
Асуулт 2.12. Шалгагдаж буй тохиолдлын хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам, дүрмийг зөрчсөн буруутай этгээдийг шууд тодорхойлон заах боломжтой эсэх?
Хариулт 2.12. Буруутай этгээдийг шууд тодорхойлон заах боломжгүй...” гэх (3-р хавтаст хэргийн 3-9 дахь тал),
- Шүүгдэгч Н.С-ийн яллагдагчаар өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЭЭХ” ХХК-д 2020 оноос хойш одоог хүртэл Хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж байна. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай ажилтан П, Г нар компанийн хашаанд талбай чөлөөлөх зорилгоор хаягдал төмрийг машин дээр П нь базагч машин жолоодон ачаад Г П-д туслаад байж байсан юм. Ингээд тухайн өдрийн 14 цагийн орчимд байх манай ажилтан Л Г төмөрт даруулан гэмтсэн талаар хэлэхээр нь би өрөөнөөсөө яаралтай гараад гүйгээд очсон чинь Г газар бүсэлхий хэсэгт нь бүдүүн трубад даруулсан байдалтай байхаар нь өргөж аваад 103 түргэн тусламж дуудсан юм. Тэгээд түргэн тусламжийн машин ирээд Гийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би араас нь өөрийнхөө хувийн машинтай гэмтлийн эмнэлэг явсан, эмнэлэгт очоод Г яаралтай хагалгаанд орсон юм. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г, П нарын ажил бага байсан болохоор би Г, П нарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Гэхдээ тухайн сарын зааварчилгааг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим өгсөн. Тухайн өдөр бол аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байсан. Гийг бэртэх үед би ажлаа хийгээд өрөөндөө сууж байсан. Би өөрийн гэм буруутай үйлдэл дээрээ маргахгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 71-72 дахь тал),
- “ЭЭХ” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам (2-р хавтаст хэргийн 74-78 дахь тал),
- “ЭЭХ” ХХК-ийн ХАБЭА-н инженерийн ажлын байрны тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 81-82 дахь тал) зэрэг болно.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” бол гэж гэмт хэргийн шинжийг заасан.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10832 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Г-ийн биед амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Хохирогч С.Гийн биед учирсан давсгийн урагдал, шээсний сүвний тасрал, умдаг ясны хугарал, өсгий ясны хугарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ гэсэн байх тул трубанд даруулсан үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл нь өөр хороондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ж.П нь “ЭЭХ” ХХК-ийн үүсгэсэн байгуулагч, гүйцэтгэх захирал, шүүгдэгч Н.С нь тус компанийн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер, шүүгдэгч Ё.П нь жолооч, хохирогч С.Г нь жолооч болон ачигч ажилтай байсан нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн:
4.1.1-т “ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг;...хэлнэ” гэж,
4.1.3-т “ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;...хэлнэ” гэж,
4.1.15 "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг” ойлгоно гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ажилтан, ажил олгогч нар байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна.
1-р хавтаст хэргийн 234 дүгээр талд “ЭЭХ” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10/48 дугаар тодорхойлолтод “С овогтой Г нь тус компанид 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс жолооч болон ачигчаар түр хугацаанд ажиллахаар тохиролцон 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь үнэн болно.” гэсэн баримт авагдсан ба “ЭЭХ” ХХК хохирогч С.Г нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь тэдгээрийн хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ж.П, Н.С, Ё.П нар нь “ЭЭХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер, жолоочоор тус тус ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчиж, хөдөлмөрийн аюултай орчин, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлээгүйн улмаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЭЭХ” ХХК-ийн ажлын талбайд жолооч Ё.П нь базагчтай экскаватороор хаягдал төмөр трубаг ачааны машин дээр ачих явцад тухайн ачааны машин дээр өрж тавьсан хаягдал труба дээр байсан хохирогч С.Г нь трубанд даруулан унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь өөр хоорондоо шалтгаан холбоотой байна.
Шүүгдэгч Ё.П нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд аюултай ажил буюу базагчтай экскаватороор хаягдал төмөр трубаг ачааны машин дээр ачих ажлыг хийж гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагаа зааварчилгаа аваагүй, хохирогч С.Г нь ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүй ажил үүргээ гүйцэтгэж байгааг мэдсээр байж хамт ажиллаж, компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг чанд мөрдөлгүй үйлдвэрлэлийн осол гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хангаж байна.
Шүүгдэгч Ё.П гэмт хэрэг гарсан өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан гэх боловч түүний мэдүүлэг нь шүүгдэгч Н.С, хохирогч С.Г, “ЭЭХ” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, дэвтрийн хуулбар зэргээр няцаагдаж байгаа болно.
Шүүгдэгч Н.С нь “ЭЭХ” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер буюу тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан атлаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, ажилтан Ё.П, С.Г нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, шинээр ажилд орсон С.Г-т компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журамд заасны дагуу шинэ ажилтны сургалт, урьдчилсан болон анхан шатны зааварчилгаанд хамруулахгүйгээр, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олголгүйгээр ажлын талбарт гаргаж, үйлдвэрлэлийн осол гарахгүй байх гэж хөнгөмсгөөр найдсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг мөн адил хангаж байна.
Шүүгдэгч Ж.П-ийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...Ж.П нь байгууллагын захирал, ажил олгогчийн хувьд хийх ёстой үйлдлээ хийж байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг баталж, цалин хөлсийг нь өгч ажиллах нөхцөлөөр хангаж байсан, тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд гадаад улсад байсан нь гэмт хэргийн талаар мэдэх боломжгүй байсан…” гэх агуулгаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар мэтгэлцсэн болно.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.П нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ажилд авах тушаалаар Н.С-г байгууллагын ХХАБ-ын инженерийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг баталж ажиллах нөхцөлөөр хангаж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг батлуулж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн байна.
Мөн шүүгдэгч Н.С нь инженер мэргэжилтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан болох нь 1 хавтаст хэргийн 247 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд өмгөөлөгчөөс гаргасан санал нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүхээс шүүгдэгч Ж.П-ийг яллах дүгнэлтэд дурдсанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заасан үүргээ зөрчсөн гэж гэм буруутайд тооцоогүй болно.
Мөн шүүгдэгч Ж.П нь хохирогч С.Г-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн, үйлдвэрлэлийн осолтой шалтгаант холбоотой байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Харин шүүгдэгч Ж.П нь “ЭЭХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ажил олгогч байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина.” гэж 35.2 дахь хэсэг “Ажил олгогч дотоодын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан “ЭЭХ” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, тус дэвтрийн хуулбар (1-р хавтаст хэргийн 40-67 дахь тал), шүүгдэгч Н.С-ийн “5 дугаар сард 1 удаа л зааварчилгаа өгсөн” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд “ЭЭХ” ХХК нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өдөр тутам, тогтмол өгдөггүй, зарим сард нэг, хоёр удаа, зарим сард 2-3 удаа хамтад нь гэх мэтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахин биелүүлдэггүй алдаа зөрчил байнга гарч байсан, уг алдаа зөрчил нь байнгын хэвшил болсон шинжтэй байна.
Гэтэл шүүгдэгч Ж.П нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй, дээр дурдсан алдаа зөрчлийг ирүүлэх, арилгах арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүйн улмаас үйлдвэрлэлийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Ж.П нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд гадаад улсад байсан нь түүний хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүйгээс гадна дээр дурдсан алдаа зөрчил нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө ч байсан, байнгын хэвшил болсон байсныг дурдах нь зүйтэй.
Үүнээс үзвэл шүүгдэгч Ж.П нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол, хор уршиг учрах ёстойг мэдэх ёстой байсан боловч уг үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол, хор уршиг учирсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.П, Н.С, Ё.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Г-ийн биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч С.Г, түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.
1. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хохирлын тухайд:
2-р хавтаст хэргийн 91-125 дугаар талд авагдсан 3,628,271 төгрөгийн баримтаар хэрэгт хамааралгүй, эмчилгээний тусламж үйлчилгээтэй холбоогүй хоол, ундаа, хүнс, тамхи, зарлагын баримт зэрэг нийт 240,090 төгрөгийн баримтыг хасаж тооцов.
Мөн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудыг нэг бүрчлэн шалгаж хэрэгт хамааралгүй, эмчилгээний тусламж үйлчилгээтэй холбоогүй цахилгаан бараа, өдөр тутмын хүнс, тамхи, хийжүүлсэн ундаа, кофе, кино үзвэрийн төлбөр, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр, татварын төлбөр, замын хөдөлгөөний торгуулийн хураамж зэрэг баримтуудыг хасаж, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нийт 479,163 төгрөг, шатахууны 2,277,110 төгрөгийн зардлыг тус тус хангаж шийдвэрлэв.
Үүнээс үзвэл хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралтай нийт 6,144,454 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Гадаад улсад хийгдэх эмчилгээний зардал, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд:
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.
Хохирогч С.Г нь шээсний сүвний тасралыг Монгол улсад хийлгэх боломжгүй, хэд хэдэн удаа хагалгаанд орсон, гадаад улсад зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн.
Гэвч хэрэгт авагдсан гэрч Д.Ж-ийн мэдүүлэгт “...С.Г нь шээдэг сүвний гэмтэлтэй, манай урологийн тасагт хяналтад байдаг өвчтөн. ...хагалгааг манай эмнэлэгт хийдэг хагалгаа...” гэж мэдүүлсэн байна. Мөн хохирогч С.Г Монгол улсад хэд хэдэн удаа хагалгаанд орсон, сүүлд орсон хагалгаа амжилтгүй болсон гэх боловч энэ талаар холбогдох баримтгүй байна.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10832 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэжээ.
Хохирогч С.Г нь тухайн хүнд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон шийдвэргүй буюу хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан тодорхойгүй байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.5 дахь хэсэгт “Ажил олгогч ...29.2-т заасан үүргээ биелүүлээгүй ...бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд хохирогч С.Г-ийн гадаад улсад хийгдэх эмчилгээний зардал, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй, нотлох баримтын бүрдэл хангагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхив.
Харин хохирогч С.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “ЭЭХ” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд байх тул “ЭЭХ” ХХК-иас 6,144,454 төгрөг гаргуулж хохирогч С.Гт олгох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөрийг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд хохирогч С.Гт шүүхээс тогтоосон 6,144,454 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Ё.П, Н.С, Ж.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дараах сонгох санкцтай. Хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай гэдгийг танилцуулж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх, хамгийн чухал нь зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, мөн дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Н.С-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Ё.П-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Үндэслэл нь, тухайн хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал авагдаагүй гэж үзэж байна. Шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулсан байна. Цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байгаа. ...Оногдуулбал зохих ялын торгох шийтгэлийн хамгийн доод хэмжээгээр санал гаргаж байна. Шүүгдэгч нарт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн, улаан өнгийн хүрээтэй Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр 50 хуудас, ЭЭХ ХХК-ийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам гэх 12 хуудас зэргийг хэргийг хавсаргах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хөдөлмөр аюулгүй ажиллагаатай холбоотой ажил хөдөлмөр эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэг ялыг шүүгдэгч нарт оногдуулах саналтай байна. ...Ё.П-ийн өмгөөлөгчийн зүгээс “М” ангиллын жолоодох эрхийг хасах санал гаргаж байна. Хэрэв үнэхээр жолоодох эрхийг хасвал ангиллаар нь хасах боломжгүй гэж үзэж байна. Жолоодох эрхийг л хасна. Тиймээс улсын яллагчийн зүгээс Ё.П-д холбогдуулан нэмэлт ялыг жолооны эрхийг хасах саналтайгаар өөрчилж байна...” гэв.
Хохирогч С.Г-ийн өмгөөлөгч Л.Лхагвадорж: “...Манай үйлчлүүлэгчийн хувьд цэл залуу нас буюу 35 насандаа амьдралгүй болсон. Амьдрал нь там болж байна. Шүүгдэгч нар 6 сая төгрөг төлсөн гэж байгаа боловч хохирогчийн амьдрал орвонгоороо эргэсэн. Бүтэн 3 жил цалин хөлс байхгүй. Сэтгэл гаргаад эмчилгээний зардал гаргаад өгч болох байсан. Та нарын хандаж байгаа хандлага ийм шүү дээ. Дээр нь Ж.П-ийн хувьд гэмт хэрэг дээрээ маргасан, хүлээн зөвшөөрөөгүй асуудал байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү. Хохирогч амьдралаараа хохироод дууссан. Үнэхээр гомдолтой байна. Шат шатны шүүх байна. Бас иргэний журмаар нэхэмжилнэ. Хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ё.П-ийн өмгөөлөгч С.Төмөрбаатар: “...Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Мөн нэмэгдэл ялын санал гаргаж байна. Сайн ойлгосонгүй. Өмгөөлөгчийн зүгээс жолооны “М” ангиллын эрхийг хасах саналтай байна. Улсын яллагчийн нэмэгдэл ялын саналыг ойлгосонгүй. Дахин тайлбарлах байх. Манай зүгээс “М” ангиллын жолооны эрхийг хасаж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд бага насны хүүхдүүдтэй. Тиймээс торгох ял биш тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. ...Жолооны эрхийг бүхэлд нь хасах дээр гомдолтой байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн бол өөр хэрэг. Хамгийн гол нь энэ хэрэг нь машин тэрэг зогсож байгаа үед, хашаанаасаа ч гардаггүй техник дээр л болсон үйл баримт. Тиймээс зөвхөн “М” ангиллаар нь хасах саналтай байна... ” гэв.
Шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн: “...Шүүхээс гэм бурууг тогтоосон. Хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлсөн гэж сая хэллээ. Н.С-ийн хувьд гараар үйлдсэн хэрэг байхгүй. Иймд торгуулийн ялыг оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ж.П-ийн өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн: “...Шүүх гэм буруутайд тооцсон тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Улсын яллагчийн зүгээс торгох санал, эрх хасах санал, торгох ялын биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар гаргаж байгаад эсэргүүцэх зүйл байхгүй. Шүүхээс хохирол төлбөртэй холбоотой асуудлыг эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул шийдвэр гарсан тохиолдолд төлж барагдуулна гэдгээ иргэний хариуцагчийн зүгээс илэрхийлж оролцоно...” гэв.
Хохирогч: “...Би маш их гомдолтой л байна. Өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэв.
Шүүгдэгч Ж.П: “...Маш их гэмшиж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.С: “...хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ё.П: “...энэ хэрэг гарсанд гэмшиж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч С.П-ийн хувийн байдалт холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 137 дахь тал, 3-р хавтаст хэргийн 25 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 145 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 213-220 дахь тал), асап сангийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 26-33 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.02-ны өдрийн 2019/ШЦТ/1043 дугаартай шийтгэх тогтоол (3-р хавтаст хэргийн 35-39 дэх тал), Баянгол дүүргийн шүүхийн 2011.04.06-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоол (3-р хавтаст хэргийн 40-45 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Н.С-ийн хувийн байдалт холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 36, 237 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 139 дэх тал), Хур системийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 135-202-203 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 238 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 239 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 240 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 241 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 242-246 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 248 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ё.П-ийн хувийн байдалт холбоотой Хур системийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 135-136 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 138 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 149 дэх тал, 2-р хавтаст хэргийн 1 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хавтаст хэргийн 233 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 2 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (2-р хавтаст хэргийн 3 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2-р хавтаст хэргийн 4 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 5 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 6 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 7-9 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хавтаст хэргийн 10-26 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Н.С, Ё.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн гэмт хэрэг гарахад хохирогч С.Г нь мөн адил аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй болохоо мэдсээр байж, хамгаалах хэрэгсэлгүйгээр аюултай ажил үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзсэн болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:
Шүүгдэгч Ж.П-д нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Ё.П-д “М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Н.С-д Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжлээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар гүйцэтгэж байсан үүрэг, оролцоо, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан эрх хасах нэмэгдэл ялын төрөл, торгох ялын хэмжээг өөр өөрөөр тогтоосон болно.
Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, Ё.П, Н.С нарт оногдуулсан эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт диск, “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дэвтэр” гэх бичиглэлтэй 50 хуудас, “ЭЭХ ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам” 12 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.П, Ё.П, Н.С нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овгийн Ж-ийн П, Х овгийн Н-ын С, Ц овгийн Ё-н П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д нийтийн албанд томилогдох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ял,
- шүүгдэгч Ё.П-д “М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
- шүүгдэгч Н.С-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжлээр ажиллах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 4,500 /дөрвөн сая таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, Ё.П, Н.С нарт торгох ялыг тус бүр 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, Ё.П, Н.С нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, Ё.П, Н.С нарт оногдуулсан эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт диск, “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дэвтэр” гэх бичиглэлтэй 50 хуудас, “ЭЭХ ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам” 12 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.П, Ё.П, Н.С нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Г нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.П, Ё.П, Н.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР