| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 182/2016/01067/И |
| Дугаар | 101/ШШ2017/01735 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2017/01735
| 2017 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2017/01735 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруугийн гудамж, 34-16 тоотод оршин суух, Хаад боржин овогт Нанзаддоржийн Ариун-Эрдэнэ /регистрийн дугаар ХБ83090965/- ,
: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 77 дугаар байрны 1 давхарт байрлах******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5556538/-д холбогдох,
Орон сууцны талбайн хэмжээний зөрүү 5,916,014 төгрөг болон 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Голомт банкинд төлсөн Ипотекийн зээлийн хүүгийн төлбөр болох 1,290,272 төгрөг, нийт 7,206,286 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би,******* ХХК-ийн 2013 оны 10 дугаар сард ашиглалтад орсон Сүхбаатар дүргийн 8 дугаар хороо, Их тойруу гудамж, 34-16 тоотод орших 1 м.кв нь 2,207,468 төгрөгийн үнэ бүхий 50,21 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан. Орон сууцны барилгын явцад тус байрны нийт үнэ болох 110,837,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 51,837,000 төгрөгийг төлж үлдсэн 50,000,000 төгрөгийг Голомт банкны Ипотекийн зээлд хамрагдаж төлж барагдуулсан.
2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус орон сууцны талбайг хөндлөнгийн хэмжилтийг Монгол Улсын мэргэшсэн инженер З.Ганзоригоор хийлгэхэд нийт талбайн хэмжээ нь 47,58 м.кв буюу 2,68 м.кв-ийн зөрүүтэй гарсан.
Иймд талбайн хэмжээний зөрүү болох 5,916,014 төгрөг болон 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Голомт банкинд төлсөн Ипотекийн зээлийн хүүгийн төлбөр болох 1,290,272 төгрөг, нийт 7,206,286 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлттэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа 5,096,190 төгрөг болгон багасгаж байна.
Орон сууцыг захиалсан м.кв-ыг нь 2,200,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа 60,837,000 төгрөгийг өгсөн, үлдсэн 50,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 12-нд Голомт банкнаас 51,837,000 төгрөгийг зээлж үлдэгдэл төлбөрийг барагдуулсан. Тэгээд бид байрандаа талбайн хэмжилт хийлгээд зөрүү тогтоогдсоноор шүүхэд нэхэмжлэл гаргасна. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр 50,21 м.кв байхаас 48,38 м.кв-ыг хасаад 1,83 м.кв-ын зөрүү гарч байгаа тул дахин тооцоо хийснээр нийт 4,026,000 төгрөг гарч байна. Үлдэгдэл төлбөрийг банкнаас зээлсэн тул энэ зөрүүнд гарах м.кв-ын үнийг банкинд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зөрүүнд төлсөн нийт 1,070,190 төгрөг болно. Иймд банкнаас авсан зээлийн хүү 1,070,190 төгрөг, м.кв-ын зөрүү 4,026,000 төгрөг, нийт 5,096,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.
Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* нь тус компанитай 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу, 34 дүгээр байр, 16 тоот орон сууцыг авсан.
Орон сууцны талбайн хэмжилтийг хийхэд ямар метр ашигласнаас хамааран зөрүү гарах, мөн хэмжилт хийсэн этгээд санамсаргүй байдлаар алдаа гаргах магадлал байдаг тул ******* нэхэмжлэл гаргах үндэслэл болсон талбайн хэмжээний зөрүүг баталгаажуулах үүднээс тус орон сууцыг баталгаажсан лазер метр бүхий хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар дахин хэмжилт хийлгүүлэх, мөн хэмжилтийн яцад хариуцагчийн зүгээс хянах хүсэлтэй байна. Ийнхүү хэмжилт хийж баталгаажсан хэмжээг үндэслэн зөрүү гарсан тохиолдолд дээрх гэрээний дагуу талбайн хэмжээний зөрүү болон ипотекийн зээлийн хүүгийн төлбөрийг шийдвэрлэх болно.
Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлттэй танилцаад манай компани нэхэмжлэлийн шаардлагаас 728,464 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах талбайн зөрүү нь 1,83 м.кв байна гэж шинжээч тогтоосон. Гэрээний 1.3-т заасан 1,5 м.кв-аас дээшээ доошоо зөрсөн тохиолдолд гомдол гаргахгүй гээд талууд зөвшөөрсөн. Тэгэхээр 1,83 м.кв-аас зөвшөөрсөн 1,5 м.кв-ыг хасаад 0,33 м.кв-ын зөрүү гарч байгаа. Иймээс бид зөрүү болох 0,33 м.кв-ыг м.кв-ын үнэ 2,207,468 төгрөгөөр тооцож 728,464 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас банкны хүүгийн төлбөр гэх 1,070,190 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт төлбөр болох 55,3 хувьд дүйцэх 50,000,000 төгрөгийг зээлсэн учир талбайн хэмжээний зөрүүгээс хүүгийн төлбөр төлсөн гэж байгаа учир хариуцагч хүүгийн төлбөрийг төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан, худалдан авсан орон сууцны талбайн хэмжээний зөрүү 5,916,014 төгрөг болон ипотекийн зээлийн хүүгийн төлбөр 1,290,272 төгрөг, нийт 7,206,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5,096,190 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 728,464 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороололд орших, 77 айлын орон сууцын байрны 4 давхрын 16 тоот 2 өрөө, 1 м.кв нь 2,200,000 төгрөгийн үнэ бүхий 50,21 м.кв талбайтай орон сууцыг захиалагч буюу нэхэмжлэгчийн хөрөнгөөр бариулж гүйцэтгүүлэхээр 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Г/59 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г талууд байгуулжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд талууд орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцсоныг ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзнэ. Иргэний хуулийн энэхүү заалтаар, ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх тул нэхэмжлэгч ******* нь хүлээн авсан ажлын үр дүнд тохирох хөлсийг гэрээнд заасан үүргийнхээ дагуу төлнө.
Орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагч буюу нэхэмжлэгч ******* нь тухайн орон сууцны өмчлөгч болсон байх бөгөөд, гэрээний дагуу төлөх төлбөр төлөгдсөн эсэх талаар талууд маргаагүй.
Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тухай 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Г/59 дугаартай гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.3-т Орон сууцны талбайн хэмжээ барилгын зурагт үндэслэн хана хоорондын талбайг хэмжиж гаргасан бөгөөд талууд энэхүү хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд заасан талбайгаас 1,5 м.кв хүрэхгүй хэмжээгээр зөрсөн тохиолдолд талууд гомдол гаргахгүй, үнэд өөрчлөлт оруулахгүй. Хэрэв 1,5 м.кв-аас дээш хэмжээгээр зөрсөн тохиолдолд 1 м.кв-д оногдох нэгж үнийг үндэслэн дахин тооцоо хийнэ гэж заасан байна. Гэрээний энэхүү заалт нь орон сууцны талбайн хэмжээнд зөрүү гарахад гомдол гаргахгүй байх м.кв-ын хэмжээ хязгаарыг тогтоож, уг хэмжээнээс дээш гарсан зөрүүтэй тохиолдолд 1 м.кв-д ногдох нэгж үнийг үндэслэн дахин тооцоо хийхээр талууд тохиролцсон байв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5413 дугаар захирамжаар томилогдсон шинжээч Скайлайн дизайн ХХК-ийн гаргасан дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны 16 тоот орон сууцны талбайн хэмжээ 48,38 м.кв болохыг тогтоосон тул маргаж буй орон сууцны талбайн хэмжээ нь талуудын байгуулсан гэрээнд заасан 50,21 м.кв-д хүрэхгүй 1,83 м.кв-аар дутсан болох нь тогтоогдлоо.
Хариуцагч нь Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тухай 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Г/59 дугаартай гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.3-т ...талууд 1,5 м.кв хэмжээтэй талбайн зөрүүнд гомдол гаргахгүй, үнэд өөрчлөлт оруулахгүй... гэж заасныг баримтлан талбайн зөрүү 1,83 м.кв-аас талуудын зөвшөөрсөн хэмжээ гэх 1,5 м.кв-ыг хасч тооцон 0,33 м.кв-д ногдох төлбөрийг буцааж өгөхийг зөвшөөрч буй нь үндэслэлгүй байна. Учир нь гэрээний 1.3-т заасан заалт нь орон сууцны талбайн хэмжээнд зөрүү гарахад гомдол гаргах эсэх хязгаарыг тогтоосноос бус талбайн хэмжээнд гарсан нийт зөрүүгээс 1,5 м.кв-ыг хасч тооцох тохиролцоо биш байна.
Иймд захиалгаар бариулсан орон сууцны талбайн хэмжээний зөрүү болох 1,83 м.кв-д ногдох 4,026,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч ******* нь орон сууцны ипотекийн зээлийн хүүг төлсөн эсэхээ шүүхэд нотлоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус зааснаар Скайлайн дизайн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гаргахдаа гаргасан зардлыг хариуцагч******* ХХК-иас гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан,******* ХХК-иас 4,026,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,070,190 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,251 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 79,366 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан шинжээчийн зардал болох 120,000 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулж, шинжээч Скайлайн дизайн ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА