Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/35

 

Р.Шагдарсүрэнд холбогдох  

     эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч, шүүгч                         Г.Давааренчин

                        Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                  

                                                                              Д.Буянжаргал

                         Оролцогчид

                          Прокурор                                     Т.Нансалмаа

                          Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэмээчин овогт Рэнцэнгийн Шагдарсүрэнд холбогдох эрүүгийн 1931004220064 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сум 1 дүгээр баг, Зөгийн 1 дүгээр гудамж 10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Тэмээчин овогт Рэнцэнгийн Шагдарсүрэн /РД: МЬ80021114/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.Шагдарсүрэн нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 41 ширхэг, 3.44 метр куб хуурай нарс модыг бэлтгэж, 85-52 СЭА улсын дугаартай “Портер" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Р.Шагдарсүрэнд холбогдох хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тэмээчин овогт Рэнцэнгийн Шагдарсүрэнг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тэмээчин овогт Рэнцэнгийн Шагдарсүрэнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Р.Шагдарсүрэнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Р.Шагдарсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Ялтан Р.Шагдарсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Тэмээчин овогт Рэнцэнгийн Шагдарсүрэнгээс 1.238.400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн их биетэй цахилгаан хөрөөг, битүүмжлэн ирүүлсэн 41 ширхэг 3.44 м3 нарс модыг тус тус хурааж, 85-52 СЭА улсын дугаартай 2005 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2018 онд Монгол улсад орж ирсэн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж 1.238.400 төгрөгийн экологи, эдийн засгийн хохирлыг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг тус тус улсын орлогод оруулсугай.

8.Ялтан Р.Шагдарсүрэнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.Bottom of Form

..” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдсан 85-52 СЭА улсын дугаартай Хьюндай портер машиныг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн . Гэтэл уг тээврийн хэрэгсэл нь Р.Шагдарсүрэнгийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангах, ажил, амьдралаа явуулахад зайлшгүй шаардагдах эд юмсад хамаарч байх тул дээрх тээврийн хэрэгслийг буцаан олгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны 90 дугаартай шийтгэх  тогтоол нь хуульд нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Р.Шагдарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй  бол торгох ялын 15 нэгжийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулж, 1.238.400 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, уг хохирлыг нөхөн төлүүлэхээр 85-52СЭА улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, экологи эдийн засгийн хохирлыг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлогод оруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Р.Шагдарсүрэнд  холбогдох эрүүгийн 1931004220064  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Р.Шагдарсүрэн нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Батсайхан /хх-ийн 31-р ху/, гэрч С.Мөнхзул /хх-ийн 37-38-р ху/, Г.Март /хх-ийн 39-40-р ху/, Г.Энхтүвшин /хх-йн 42-43, 44-р ху/, С.Батсүх /хх-ийн 47, 48-р ху/, Т.Мөнхтуул /хх-ийн 50, 51-53-р ху/, Ж.Алтангэрэл /хх-ийн 54-55-р ху/, Э.Цэнд /хх-ийн 56-р ху/, Ц.Болдбаатар /хх-ийн 55-р ху/, Ц.Ганзориг /хх-ийн 58-р ху/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шинжээч нарын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №18-04-003/09 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 78-81-р ху/, Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ТХҮ/518-043 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-р ху/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-08-р ху/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-10-р ху/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг чанд сахиж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн,   анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн тул хэргийн оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна.

Шүүгдэгч Р.Шагдарсүрэн нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 41 ширхэг, 3.44 метр куб хуурай нарс модыг бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ  85-52 СЭА улсын дугаартай “Портер" маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” тодорхойлжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгслийг ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого... гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн

“1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

4.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасныг баримтлан тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр зарцуулахаар зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Шагдарсүрэн болон түүний өмгөөлөгч М.Гансүх нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Шагдарсүрэн болон түүний өмгөөлөгч М.Гансүх нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

                   ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

                     ШҮҮГЧИД                  Ц.АМАРЖАРГАЛ                                                                                                             Д.БУЯНЖАРГАЛ