| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2024/1410/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/508 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/508
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
улсын яллагч М.Билгүүтэй (томилолтоор),
хохирогч М.О , түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,
шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч Г.Мөнхбат,
шинжээч Э.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С т холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***********” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл **, **** нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Б-ийн С (РД:*******************).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.С нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа 6 дугаар гудамжны замд Тоёота приус маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам гарч байсан явган зорчигч М.О ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.С болон түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбатаас: Хавтаст хэрэгт 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлсэн тогтоолоор энэ хэрэгт цагдаагийн дэслэгч Э.Батжаргал гэх мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бөгөөд хэрэгт өөр мөрдөгч томилсон тогтоол байхгүй. Гэтэл энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй цагдаагчийн ахлах дэслэгч Б.Балжиннямын ажиллагаа хийсэн “хохирогчоос гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтууд /хх-21-40/, иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-48/, иргэний хариуцагч Э.Мөнхзаяагийн мэдүүлэг /хх-50/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-51/, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхзаяагийн мэдүүлэг /хх-53/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-92/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-100/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-101/, гэрч Б.Э-гийн мэдүүлэг /хх-111/, гэрч Т.Т гийн мэдүүлэг /хх-114/, мөрдөгчийн магадлагаа /хх-116/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-121/ зэргийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан.
2. Шүүгдэгч Б.С нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа 6 дугаар гудамжны замд Тоёота приус маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам гарч байсан явган зорчигч М.О ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
2.1. 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас “**** *** дугаартай цагаан өнгийн Т.Приус-30 машинаар хүн мөргөөд ГССҮТ рүү аваад яюж байна С” (хавтаст хэргийн 5 дахь тал),
2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт “... Осол гарсан замын байдал: Асфальтан, шулуун тэгш, хуурай, уулзвар дээр, зохицуулагддаггүй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй ...” (хавтаст хэргийн 6-11 дэх тал),
2.3. Хохирогч М.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр автобусны эцсийн буудал дээр буугаад зуслангийн байшин руугаа замынхаа зүүн талаас явган хүний гарцаар гарч байхад жижиг цагаан машин ирж байсан. Намайг харж байгаа байх гэж бодоод замынхаа голд явж байхад гэнэтхэн хурдаа аваад миний баруун талын ташаа руу мөргөсөн. Би 2-3 метр зайд зүүн талаараа унасан. Би хэсэг ухаан алдаж байгаад сэрээд харахад тухайн машинаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирээд “эмээ уучлаарай, хурдан гэмтлийн эмнэлэг орж үзүүлье, дараа нь цагдаа дуудаж болно” гэж хэлээд намайг аваад явсан. Би ослын дараа хагас сарын хугацаанд маш их өвдөж, өвчин намдаах эм уусан ч намдахгүй, өдөр болгон эмнэлэг орж үзүүлж байсан. Эрүүл мэндэд учирсан 2,914,855 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байгаа... ...Автобуснаас буугаад ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний замаар лагер руу өгсөөд явж байгаад машин замын яг дунд хэсэгт ирэхэд миний баруун гар талаас машин зөөлөн өгсөөд гарч ирж байсан. Би тухайн үед барьж байсан цүнхээрээ далласан. Намайг харсан байх гэж бодоод явж байтал нөгөө машин гэнэт урагшаа хаазалж ирээд намайг баруун тал руу мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11653 дугаартай “...М.О ийн биед зүүн богтос ясны залаа сэртэнгийн далд хугарал, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 71-73 дахь тал),
2.5. Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1720 дугаартай Мөрдөгчийн магадлагаа: “... А.жолооч Б.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. ... гэснийг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Б. Явган зорчигч М.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн чмар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” (хавтаст хэргийн 89 дэх тал)
2.6. Шүүгдэгч Б.С ын “... миний өөдөөс нар гялбаад зам дээр хүн явж байгааг харалгүй машинаар мөргөсөн гэм буруу дээрээ маргахгүй ...” гэх мэдүүлэг (хатаст хэргийн 100 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэргээр нотлогдон тогтоогдсон.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:Шүүгдэгч Б.С нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа 6 дугаар гудамжны замд Тоёота приус маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь: Жолооч Б.С ын зорчиж явсан зам нь гэр хорооллоос гол зам руу нийлсэн туслах зам болох нь хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудаст авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 07 дугаар хуудас дахь осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 08 дугаар хуудас дахь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мөрдөгч Э.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би ослын газар дуудлагаар очоогүй мөрдөгч Анхбаяраас хэргийг хүлээж аваад үргэлжлүүлэн шалгасан. Гэр хорооллын гудамжнаас төв зам руу нийлж байгаа замыг туслах зам гэж үзнэ. Гэхдээ тухайн зам дээр замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй. Явган зорчигч уулзвараар нэвтрээгүй, явган хүний зам дууссан учраас чигээрээ гудамжны замыг хөндлөн гарч явсан. Явган зорчигч зам хөндлөн гарч байхад С-ын хувьд заавал зогсож аюулгүй байдлаа хангах ёстой. ... С-ын хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөн...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон.
4. Өмгөөлөгч Г.Мөнхбатаас: Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт уулзвар гэж тэмдэглэсэн, уг осол болсон газар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дэх хэсгийн 1.2.40-д заасан уулзварт хамаарна, явган зорчигч Г.О уулзвар дээр явж байсан тул буруутай гэх тайлбарыг гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, шинжээчийн тайлбар зэргээр явган хүний зам дуусаад автомашины замын зорчих хэсэг рүү нэвтэрч зам хөндлөн гарч байсан явган зорчигч М.О ийг туслах замаас гол зам руу орохоор автомашин жолоодож явсан Б.С нарны гялбаанд харалгүй мөргөсөн болох нь тогтоогдсон.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
6. Мөрдөгч Э.Батжаргал нь магадлагаа гаргах тусгай зөвшөөрөлтэй, хуульд заасны дагуу магадлагаа гаргасан бөгөөд тухайн үед өөр ажилтай байсан учраас магадлагааг Б.Балжинням мөрдөгч танилцуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах ёстой, нэг хэрэгт хэд хэдэн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг, Б.Балжинням мөрдөгч яллагдагч Б.С т магадлагааг уншиж танилцуулсан, Э.Батжаргал мөрдөгч 2023 онд сертификат авсан, магадлагааг гаргахдаа Замын хөдөлгөөний дүрэмд суурилж гаргасан зэргээс дүгнэхэд өмгөөлөгч Г.Мөнхбатын мөрдөгч Б.Балжиннямын энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Өмгөөлөгч Г.Мөнхбатын хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас хасуулах тухай асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Учир нь уг зохицуулалт нь талууд өөрийн байр суурийн үндэслэл болгож шинжлэн судлуулахаар танилцуулсан нотлох баримтыг шинжлэн судлуулахгүй байх, татгалзах тухай ойлголт болохоос уг нотлох баримтыг бусад талууд тухайлбал, улсын яллагч, бусад өмгөөлөгч, хэргийн оролцогч нар шинжлэн судлах эрхтэй бөгөөд нотлох баримтыг нэг талын хүсэлтээр шүүх шинжлэн судлахгүйгээр урьдчилж дүгнэлт хийж хавтаст хэргээс хасах тухай ойлголт байх хууль зүйн үндэслэлгүй болно.
7. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
8. Шүүгдэгч Б.С ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Хохирол-хор уршиг:
9.1. Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.О ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 2,910,855 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,600,560 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.С төлж барагдуулаагүй байна.
9.2. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан. Хүснэгтээр тогтоосон зэрэглэл нь “Гуравдугаар” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан.
Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шүүгдэгч анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан, цаашид эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай байгаа гэх хохирогчийн тайлбар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлж буюу 13х660,000=8,580,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.С нь хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан боловч уг хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс нийт 13,091,415 төгрөгийг гаргуулж, хохирогч М.О т 11,490,855 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,600,560 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
9.3. Хохирогч нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
10. Эрүүгийн хариуцлагын талаар:
10.1. Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Ял шийтгэлийн талаар тусгайлан гаргах саналгүй...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хуулиар олгогдсон эрхийн дагуу 5 хоногийн завсарлага авсан боловч уг хугацаанд машинаа борлуулж амжаагүй. Машинаа өгье гэх саналыг хохирогч талд тавьсан боловч авахгүй гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж болно гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргаагүй, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгчээс “Цалин буухаар хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэсэн саналыг тус тус танилцуулав.
10.2. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй боловч төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэсэн болно.
11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-гийн С-рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.С т мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Б.С аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан эмчилгээний зардлын 2,910,855 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн 8,580,000 төгрөг гаргуулж хохирогч М.О т, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар 1,600,560 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ