| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/01084/И |
| Дугаар | 155/ШШ2021/01294 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2021/01294
| 2021 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2021/01294 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Н-ийн,
Хариуцагч: Б.А-д холбогдох, гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Аын хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Нт холбогдох сөрөг нэхэмжлэлтэй 155/2020/01084/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч Б.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Атай 1992 онд үерхэж танилцаад 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас охин Н.Д 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, хүү Н.М 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, бага охин Н.С 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус төрсөн. Миний эхнэр Б.А намайг ажил төрөл хийлгэхгүй, үндэслэлгүйгээр бусадтай хардаж сэрддэгээс нь болж миний хувьд байнгын сэтгэл санааны дарамтад байдаг. Гэр бүлийн хүрээнд олон жил байнгын хэрүүл маргаантай болж цаашид Б.Атай хамтран амьдрах боломжгүй болсон. Бид хоёр 2020 оны 11 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байна.
Иймээс гэрлэлтийн баталгаагаа цуцлуулна. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй. Охин Н.Сын төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн гэрчилгээ Б.Ад өөрт нь байгаа гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь М.Нээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. М.Нтэй 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 1994 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас охин Н.Д 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, хүү Н.М 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, бага охин Н.С 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус төрсөн. Н.Д, Н.М нар маань одоо насанд хүрсэн. Бага охин Сондор нь одоо 9 настай, сургуулийн сурагч байгаа. Нөхөр М.Н нь 1995 оноос эхлэн намайг гэр бүлийн хүчирхийллийн бүхий л хэлбэрээр дарамтанд оруулж ирсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, нүдэн байнгын дарамтанд 25 жил амьдарч ирлээ. Цаашид энэ хүнтэй амьдрах ямар ч боломжгүй болж байнгын зодуур хүчирхийлэл, айдас дарамтнаас салах цаг болсон гэж бодож байна. Байнга намайг үхээч гэж дарамталж сэтгэл санааны дарамтанд оруулж олон жил боллоо. Энэ хүний хажууд байхдаа би маш их айдастай амьдарч байсан. Ингээд гэр орондоо байх нөхцөлгүйн улмаас 2020 оны 11 сарын дундаас ах дүү, аав ээжийнхээрээ охин Сондорыгоо дагуулан одоог хүртэл амьдарч байна.
Гэрлэлт цуцлуулах асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Охин Н.Сыг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа. Хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаантай байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргаж өгнө гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь М.Нтэй 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 1994 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас охин Н.Д 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, хүү Н.М 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, бага охин Н.С 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус төрсөн. Н.Д, Н.М нар маань одоо насанд хүрсэн. Бага охин Н.С нь одоо 9 настай сургуулийн сурагч байгаа. Нөхөр М.Н нь 1995 оноос эхлэн намайг гэр бүлийн хүчирхийллийн бүхий л хэлбэрээр дарамтанд оруулсны улмаас энэхүү шийдвэрийг аргагүйн эрхэнд гаргаж байна. Найз нөхөдтөйгөө уулзахаар хардаж, эрүүл үедээ үргэлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, нүдэн байнгын дарамтанд 26 жил амьдарч ирлээ. Толгой тархи, нүүр ам, нүд, гар хөлөндөө маш олон удаа гэмтэл авч хөх булдруу болж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 12 сарын 12-ны өдөр тархи толгойгүй нүдэж, цохиж, өшиглөж зодсон. Ухаан алдтал зодчиход нь сэргэж ирэхэд арц уугиулсан сууж байсан удаа ч байгаа. Энэ хүнтэй цаашид амьдрах ямар ч боломжгүй болж байнгын зодуур хүчирхийлэл, айдас дарамтнаас салах цаг болсон гэж бодож байна. Сард 2-3 удаа шалтгаангүйгээр зодож байсан. 2 том хүүхдээ хүртэл байнга зодож байсан. Одоо сүүлд бага охин Сондорыг хүртэл зодох болсон. Миний ээжийг, эгчийг, дүү нарыг хүртэл зодож гэмтэл учруулж байсан. Төрсөн ахтайгаа хүртэл хардаж өдөр болгон хэрүүл маргаантай байдаг байсан. М.Н нь гэр бүлээс гадуурх харилцааг байнга үүсгэж, утсаар ярьж, мессэж бичиж суудаг, одоо ч энэ байдал нь байгаа. Байнга намайг үхээч гэж дарамталж сэтгэл санааны дарамтанд оруулж олон жил боллоо. Энэ хүний хажууд байхдаа би маш их айдастай амьдарч байна. Байнга намайг ална гэж заналхийлдэг боллоо. Намайг байнга ална гэж заналхийлээс болж сэтгэл санааны хямралд орж миний бие ходоодны шархтай болж, элэгний хатууралтай юлсон. Ингээд гэр орондоо байх нөхцөлгүйн улмаас 2020 оны 12 дугаар сарын дундаас ах, дүү, аав ээжийнхээрээ охин Сондорыгоо дагуулан одоог хүртэл амьдарч байна. Энэ хүн миний амь нас, эрүүл мэндэд маань байнга заналхийлж байна. 2 том хүүхдийн хувьд насанд хүрсэн боловч тусдаа гараагүй, манай ам бүлд багтаж явдаг. Миний амь нас, эрүүл мэндэд болон охин М.Сондорын хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байгаа тул гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Охин Н.Сийг өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа учир хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжпэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч М.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ааас танай шүүхэд хандаж гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох гэснийг нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй. Охин Н.Сыг эх Б.Аын асрамжид үлдээж, хуульд заасны дагуу охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
|
|
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. М.Н, бид хоёр 1992 онд танилцан, үерхэж байгаад 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамт амьдарч байх хугацаанд 1995 онд охин Н.Д, 1997 онд хүү Н.М, 2011 онд бага охин Н.С нар төрсөн. М.Н 2011 оноос хойш том машин жолоодож нүүрс тээврийн жолоочоор Өмнөговь аймагт ажиллах болсон. Тэр цагаас эхлэн ажиллаж буй газраа гэр бүлтэй болсны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Ажиллаж байгаа газар нь ажил хэр их байна түүнээс шалтгаалаад ажилладаг байсан. Ажилгүй үедээ ирдэг. Би эхэндээ эр хүн ингэж яваад засрах байх гэж хүлээсэн боловч намайг зодож, дарамтлах нь улам ихэссэн. Би гэрээсээ 2020 оны 11 дүгээр сард явсан. Одоо гэрлэлтээ цуцлуулна. Бага охин Н.Сыг өөрийн асрамжид үлдээж, эцэг М.Нээс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Охин Н.Д, хүү Н.М нар насанд хүрсэн, Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүхэд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Б.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу өмнөх шүүх хуралдаанд хариуцагч Б.А хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Нт холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч М.Нийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
Гэрлэгчид болох М.Н, Б.А нар 2020 оны 11 дүгээр сараас хойшхи хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна. (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)
М.Н, Б.А нар 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нөхрийн: Монгол улсын иргэн, регистрийн дугаар: 0, овог: Элжигэн, эцэг (эх)-ийн нэр: М, өөрийн нэр: Н, эхнэрийн: Монгол улсын иргэн, регистрийн дугаар: 0, овог: Т, эцэг (эх)-ийн нэр: Б, өөрийн нэр: А, анхны, 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг А сумын 25-т 1992 оны 2 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа... гэх бичилттэй 115/009416 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
тэдний дундаас охин Н.Д 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, хүү Н.М 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, охин Н.С 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус төрсөн болох нь Н.Сын №0000691645 Г-827 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Д, Н.М нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, охин Н.Сын эрүүл бойжиж буй тухай Дэлгэрмөрөн өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Овог: Н, нэр: С, нас: 10, хүйс: эмэгтэй, хаяг: 5-9-5, онош: sanus, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 23, 34, 36-37 дугаар хуудас)
Иймд М.Н, Б.А нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Б.Аын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.Сын асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй харилцан тохиролцсон байдал, хүүхдийн нас, амьдарч дассан орчин, нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан түүнийг төрүүлсэн эх Б.Аын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг М.Нээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Охин Н.Д, хүү Н.М нар насанд хүрчээ.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Охин Н.С төрүүлсэн эх Б.Аын асрамжид үлдэж байгаа нь эцэг М.Нийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Н.Стой эцэг М.Н хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Иймд охин Н.Сыг төрсөн эх Б.Аын асрамжид үлдээж, нэхэмжлэгч М.Нээс охин Н.Ст сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.С 10 нас 01 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213,800 төгрөгийн 50 хувь болох 106,900 төгрөгийг охин Н.Ст сар бүр эцэг М.Н төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Н.Ст сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,282,800 төгрөг болж байна.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч М.Нийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хариуцагч Б.Аын эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлэг 1,282,800 төгрөгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 35,337 төгрөг, бүгд 105,537 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Нт, нэхэмжлэгч М.Нээс улсын тэмдэгтийн хураамж бүгд 105,537 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Ад тус тус олгох нь зүйтэй болно.
Нэхэмжлэгч М.Н шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н, Б.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.Сыг эх Б.Аын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.Сыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг М.Нээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Нт, нэхэмжлэгч М.Нээс улсын тэмдэгтийн хураамж бүгд 105,537 төгрөг гаргуулан, хариуцагч Б.Ад тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг М.Нт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.А нарт тус тус даалгасугай.
6. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА